Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00441

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00442

 

 

 

Ц.Х-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2021/03855 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Х-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Г-т холбогдох,

37,904,960.25 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, хариуцагч Ц.Г-, түүний өмгөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1.        Нэхэмжлэлийн шаардлага

Байрыг зээлийн барьцаанд тавьсан гэж хэлээд надаас авсан 10,000,000 төгрөг,

Байрыг 35,000,000 ам.доллар гэж хэлж надаас илүү авсан. 19,127 ам.долларыг ээж аавд зарцуулсан гэж тайлбарладаг. Энэ мөнгийг 4 хүүхэд нь гаргах байсан гэвэл Ц.Г-т ногдох 4741.75 ам.долларыг нэхэмжлэл анх гаргасан өдрийн ханш 2788.93 төгрөгөөр үржүүлэхэд 13,335,966.02 төгрөг,

Ц.Г-ийн иргэн А-ээс аваад надад өгөхгүй байгаа 2,300 ам.долларыг анх нэхэмжлэл гаргах үеийн ханш 2788,93 төгрөгөөр үржүүлэхэд 6,414,539 төгрөг,

Миний мөнгөөрөө авсан гал тогооны тавилга, хөргөгчний мөнгө 2,800,000 төгрөг,

Орон сууцны зардалд төлсөн 354,455 төгрөг,

Орон гэргүй 2,135 хоног гадуур явсан сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг нийт 37,904,960.25 төгрөгийг Ц.Г-аас гаргуулна.

1.2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

Ц.Х- нь 1999 оноос 2013 оны 5 дугаар сарыг хүртэл Солонгос улсад ажилласан. Эх нэгтэй дүү Ц.Г-ийн санаачилгаар 2008 онд надад 35,655 ам.доллараар 2 өрөө байр авахаар боллоо гэсэн тул Солонгос улсаас 35,655 ам.долларыг хэсэгчлэн шилжүүлж, 2010 оноос ээж, аав минь тухайн байранд миний 2 хүүхэдтэй, бусад дүү нар маань ч гэсэн амьдарч байгаад ээж маань нас барсан.

Ц.Г- сүүлд нь эхнэрээсээ салаад, орох оронгүй болж энэ байранд амьдарч эхэлсэн. Ц.Г- намайг хуурч, залилан мэхэлж 16,528 ам.долларын үнээр худалдаж авсан байраа 35,655 ам доллар гэж хэлж, 19,127 ам.долларын хохирол учруулсныг мэдсэн.

Энэ илүү авсан мөнгийг дүү бид нар 4-үүлээ аав, ээжийгээ тэжээн тэтгэх үүргийн дагуу гаргах ёстой байсан гэж үзээд 4 хуваахад Ц.Г- илүү авсан мөнгөний 4-ний нэг хувь болох 4,781,75 ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 4781,75* 2788,93 ханш = 13,335,966.02 төгрөг надад буцаан төлөх үүрэгтэй.

Мөн 2012 оноос эхлэн дүү маань утасдаж таны байрыг барьцаанд тавьж зээл авсан, байрыг чинь алдах нь мөнгө өгөөч гээд эхлээд надаас 10,000,000 төгрөг зээлээр авсан ба зээлээ төлчихлөө гэсэн.

Ц.Г- нь байрыг барьцаанд тавьсан гээд 10,000,000 төгрөг, мөн 6,000 ам доллар надаас хүлээн авснаа шүүх хурал дээр байнга мэдүүлсэн.

Ц.Г- байнга дарамтлаад байсан тул би байраа худалдаж авахаар тохиролцож, худалдах, худалдан авах гэрээг 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулж, нотариатаар батлуулсан. Энэ гэрээний дагуу Ц.Г- нь үнэн хэрэг дээрээ 30,000,000 төгрөгийг надаас тоолж аваад явсан билээ.

Би анх шилжүүлсэн 35 мянган ам.долларыг 70,000,000 төгрөг гэж тооцоод, Ц.Г-ийн зээлсэн 10,000,000 төгрөг дээр нэмээд 30,000,000 төгрөг өгөхөд тухайн байр маань 110,000,000 төгрөг болсон. Хотын төвд Спортын төв ордны ард талд байрлах 2010 оны 5 сард ашиглалтад орсон 2 өрөө байр 110-120 орчим сая төгрөгийн үнэтэй байна гэж тооцоолоод, байр шинээр авч чадахгүй тул 30,000,000 төгрөг өгөөд байраа нэг мөр өөрийн болгосон нь надад хамгийн зөв сонголт байсан.

Гэвч Ц.Г- нэхээд байсан 50,000,000 төгрөгөө авч чадаагүй 30,000,000 төгрөг авмагц намайг залилж намайг хохироосон. Энэ мөнгийг шүүхээр тогтоолгож чадаагүй, надад ямар ч баримт байхгүй тул би хохироод үлдсэн.

Намайг Солонгост байхад хойд эцэг утасдаж чи байраа тохижуулах мөнгө явуул, гал тогооны тавилга хийлгэнэ гэж хэлсэн. Би 2,000 ам.доллар шилжүүлсэн. Надад гал тогооны иж бүрэн тавилга хийлгэж, хөргөгч худалдаж аваад 2,800,000 төгрөг зарцуулсан тухай хэлж байсан. Монголд гэртээ ирэхэд гал тогооны иж бүрэн тавилга хийлгэсэн, хөргөгч авсан миний мөнгийг зохих ёсоор зарцуулсан байсан. Би мэдээж яг хэд болсон үлдсэн мөнгийг өг гэж ааваасаа шаардахгүй тул авсан үнэ 2,800,000 төгрөг гэж ойлгож мэдсэн.

Ц.Г- нь 2019 оны 11 дүгээр сард байр суллаж өгөхдөө гал тогооны тавилгыг миний аавын гал голомт гэж хэлээд буулгаад аваад явсан.Миний мөнгөөр авсан зүйлийг Ц.Г- өөртөө авсан, бусдад шилжүүлж, захиран зарцуулсан тул 2,800,000 төгрөгийг Ц.Г-аас нэхэмжилнэ.

Шүүхээр 2013 оны 8 дугаар сараас эхлэн нэхэмжлэл гаргаж явсаар 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр маргаж байгаа байрны 90 хувийг Ц.Х- өмчлөх эрхтэй болохыг шүүхээс тогтоосон.Орон гэргүй 6 жил тэнэмэл нохой шиг гадуур явж сэтгэл санаагаар маш их хохирсон. Энэ үеийн зовлон ямар ч мөнгө төгрөгөөр үнэлэгдэхгүй юм. Байрандаа ортол Ц.Г- амьдран суух хугацаандаа байрны мөнгө, СӨХ-ийн мөнгө төлөөгүйгээс цахилгаан таслагдсан байсан. Энэ байрны хөлс болох 354,455 төгрөгийг Ц.Г-аас нэхэмжилнэ.

Ц.Г- миний шилжүүлсэн 5000 ам.долларыг иргэн А-т шилжүүлсэн гэдэг ба үүнийг би одоо хүртэл авч чадахгүй, А- нь надад нийт 1,500,000 төгрөгийг 2016 оны 7 сар хүртэл шилжүүлсэн. Сүүлдээ дүүгээсээ үлдсэн мөнгөө аваарай гээд мөн өгөхөө больсон. Энэ 5000 ам.доллараас 2,300 ам.долларыг Ц.Г- хүлээж аваад надад өгөхгүй байна. Ц.Г- нь энэ мөнгийг нэхэхээр та миний байрыг өгөөд аваарай гэдэг болно. Иймд 2300 ам.долларыг 2788,93 ханш = 6,414,539 төгрөг нэхэмжилнэ.

 

2. Хариуцагчийн тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү мөнгө шилжүүлдэг байсан данс нь аавын данс байгаа юм. Ц.Х- нь аав руу мөнгө шилжүүлж хэрхэн зарцуулах талаар нь хэлж өгдөг байсан. Би 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Монгол улсад байгаагүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр Ц.Х- нь 10,000 ам.доллар, Ц.Г- 6,000 ам.долларыг байр авахад өгсөн гэдгийг аав маань гэрчийн мэдүүлэг болгож хэлж байсан. Сүүлийн шатны шүүх хуралдаан дээр би 50/50 хувиар эвлэрэх санал тавьсан. Хэрэв эвлэрсэн бол миний хувьд 6,000 ам.долларыг төлж болно гэж бодож байсан ч эвлэрээгүй. Одоо энэ хүний нэр дээр байр шилжиж өөрөө дотор нь амьдарч байгаа тул би энэ мөнгийг төлөхгүй. 30,000,000 төгрөгийн тухайд худалдах, худалдан авах гэрээн дээр нотариат дээр очоод 30,000,000 төгрөгөө залилаад авчихсан. Үүн дээр хэлэх тайлбар байхгүй. Гал тогооны тавилгын тухайд аав ээж хоёр маань тэтгэврийн мөнгө нэмэрлээд тавилга авч байсан. Ц.Х- нь 2006 онд Солонгос улсаас Монгол Улсад ирж жил гаран амьдарч байгаад 2007 онд буцаад Солонгос явсан. Энэ хугацаанд ээж аавтайгаа амьдардаг байсан. Иймд энэ хөргөгчийг өөрийн мөнгөөр авсан юм шиг ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн 2010 онд аав бид нар руу утасдаад охиныгоо Засгийн газрын тэтгэлгээр Хятад улс руу явуулах гээд тохирчихлоо 5,000 ам.долларыг гадаад явдлын яамны хүнд өг гэж хэлж байсан. Ингээд би охинтой нь цуг тэр хүнд мөнгө аваачиж өгч байсан. Ц.Х- нь тэр хүнтэй өөрөө Солонгос улсаас холбогддог байсан. Би огт холбогдож байгаагүй. Гэтэл тэр хүн нэг л болохгүй байна чи очоод уулз гэж хэлсэн би хоёр удаа очиж уулзсан. Гэтэл удалгүй Цагдаад гомдол гаргасан байсан. Ц.Х- аав хоёрын данс нэг байсан. Гадуур хоног төөрүүлдэг байсан гэж ярьж байна. Ц.Х-ийн хувьд хүүхдүүд нь амьдралын боломжтой хүмүүс байдаг. Нэхэмжлэгч нь төрсөн аавыгаа нас барснаас хойш хойд эцэг гэж хэлж байгаа нь ойлгомжгүй байна.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Г-аас 6,768,994 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Х-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 31,135,966 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 123,253 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Х-т олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.А. 10,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон талаар:

Шүүхээс нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн хугацааг буруу тооцоолсон. Талуудын маргаж байгаа 10,000,000 төгрөг нь сайн дурын үндсэн дээр зээлүүлсэн мөнгө болох, эсвэл байраа зээлийн барьцаанд алдахгүйн тулд арга буюу хариуцагчийн мэдэлд шилжүүлсэн мөнгө эсэхэд дүгнэлт өгөөгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийн байраа алдахгүй гэсэн аргагүй байдлыг ашиглан өөрийнхөө өрийг төлүүлж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэхэд дүгнэлт өгөөгүй. Хэргийн 28 дугаар хуудаст Ц.Г- нь Нотариатын газарт мөнгө үзүүлсэн.10,000,000 төгрөгийг ордероо барьцаалж авсан нь үнэн гэж мэдүүлсэн. Хэргийн 37 дугаар хуудаст авагдсан тэмдэглэлд байрыг чинь барьцаанд тавьчихсан, 10 000 000 төгрөг өгөх шаардлагатай байна гээд орон сууцыг барьцаалсан хүнд өгсөн байдаг. Үүнийг Ц.Г-хүлээн зөвшөөрсөн гэж мэдүүлсэн. Хэргийн 40 дүгээр хуудасны магадлалд нэхэмжлэгч талаас: Байрыг барьцаанд тавьсан гэж 10,000,000 төгрөг нэхэж авсан тухай өмгөөлөгч нь ч мэдүүлсэн. Ц.Г- нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар зээлж авсан гэх мөнгийг буцаан төлөхийг зөвшөөрч байсан

4.Б. 2,800,000 төгрөгийн шаардлагын тухайд:

Шүүх хурлын явцад Ц.Г- нь гал тогооны тавилгыг Ц.Х-ийн мөнгөөр аваагүй гэж маргаагүй бөгөөд эвдэрчихсэн хэнд ч хэрэггүй болсон тул нүүхдээ ачаад авч явсан гэж мэдүүлсэн. Нэгэнт эвдэрхий юм бол орхиод явахгүй яасан юм бэ гэж нэхэмжлэгчээс асуухад хариулаагүй орхисон.

4.В. Хариуцагч нь 2014 оноос маргаж эхэлсэн бүх хугацаанд нэхэмжлэгчээс байрны мөнгө илүү авсан гэж ярихаар өвчтэй ээждээ зарцуулсан, эм тарианд зарцуулсан гэж ярьдаг байсан. Харин 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр болсон шүүх хурал дээр өмнө нь нэхэмжлэлд ямарч тайлбар гаргахгүй байж байгаад гэнэт би энэ мөнгийг мэдэхгүй аав л мэднэ гээд илт үндэслэлгүй худлаа ярьсан.Иймд 13,335,966.02 төгрөгийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү.

4.Г. Гэм хорын хохиролд 5,000,000 төгрөг нэхэмжилсэнг ханган шийдвэрлэж өгнө үү.

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нийт 21,135,966.02 төгрөгийг Ц.Г-аас нэмж гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон тул хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч Ц.Х- нь хариуцагч Ц.Г-т холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Үүнд:

1.1 Зээлийн барьцаанаас орон сууцыг чөлөөлүүлэхээр авсан 10, 000,000 төгрөг,

1.2. Орон сууцыг 35,000,000 ам.доллар гэж залилж, илүү авсан мөнгө 19,127 ам.доллар. Үүнээс Ц.Г-т ногдох 4,741,75 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах өдрийн ханш 2 788,93 төгрөгөөр үржүүлэхэд 13,335,966 төгрөг,

1.3. Ц.Г-ийн иргэн А-ээс авсан 2,300 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханш 2788,93 төгрөгөөр үржүүлэхэд 6,414,539 төгрөг,

1.4. Гал тогооны тавилга, хөргөгчний үнэ 2,800,000 төгрөг,

1.5. Ц.Г-ийн өмнөөс төлсөн орон сууцны хэрэглээний зардал 354,455 төгрөг,

1.6. Орон гэргүй 2,135 хоног гадуур явсан сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг

нийт 37,904,960 төгрөгийг Ц.Г-аас гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хх1-6,144/

 

А. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон.

 

А.1. Нэхэмжлэлээс /1.3/ буюу хүүхдээ гадаадад улсад сургах зорилгоор А-т өгсөн мөнгийг Ц.Г- буцаан авсан боловч нэхэмжлэгчид өгөхгүй байгаа гэх 6,414,539 төгрөгт холбогдох шаардлагыг хангаж, хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг хариуцагч зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй.

 

А.2. Орон сууцны ашиглалтын зардалд нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнөөс төлсөн гэх 354,455 төгрөгийг буцаан нэхэмжлэгчид төлөхийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн. /хх144-148/

 

Харин нэхэмжлэгч Ц.Х- нь нэхэмжлэлийн шаардлагаас

1.1.Зээлийн барьцаанаас орон сууцыг чөлөөлүүлэхээр авсан 10, 000,000 төгрөг

1.2. Орон сууцыг 35,000,000 ам.доллар гэж залилж, илүү авсан мөнгө 19,127 ам.доллар. Үүнээс Ц.Г-т ногдох 4,741,75 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах өдрийн ханш 2 788,93 төгрөгөөр үржүүлэхэд 13,335,966 төгрөг

1.4. Гал тогооны тавилга, хөргөгчийн үнэ 2,800,000 төгрөгт холбогдох шаардлага

1.6. Орон гэргүй 2,135 хоног гадуур явсан сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөгт холбогдох шаардлагуудыг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч маргаантай байна.

 

1.1.Зээлийн барьцаанаас орон сууцыг чөлөөлүүлэхээр авсан гэх 10, 000,000 төгрөгийн тухайд:

 

Дээрх 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь 2012 онд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол Бага тойруу гудамж 43 дугаар байрны 54 тоот 2 өрөө орон сууцыг барьцаанд тавьчихсан алдах гээд байна гэснийх нь дагуу 10,000,000 төгрөгийг хариуцагчид өгч, барьцаанаас сууцыг чөлөөлж авсан талаар тайлбарласан бол хариуцагч нь 10 гаруй жилийн дараа энэ мөнгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

/хх142-149/

 

Анхан шатны шүүхээс зохигчийн хоорондын иргэний эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээ гэж дүгнэж, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил өнгөрсөн гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Хариуцагч Ц.Г- 10,000,000 төгрөг Ц.Х-ээс авсан талаар тайлбарласан баримт хэрэгт авагдсан, уг 10,000,000 төгрөгийг авах болсон шалтгаан нь орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлсөн, энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч няцаасан баримт гаргаагүй.

 

Талуудын тайлбараас үзэхэд хариуцагч Ц.Г- зохигчийн маргааны зүйл болсон орон сууцыг барьцаанд алдах гэж байхад Ц.Х- 10,000,000 төгрөг төлж чөлөөлсөн тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болох юм.

 

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан үүрэг нь хуулийн дагуу үүсэх үүрэг бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна.

 

Дээрх шаардлагын хувьд нэхэмжлэгч 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг хангаж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

1.1 Орон сууцны үнэд залилж, илүү авсан 4,741,75 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар 13,335,966 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Анхан шатны шүүхээс нотлох баримтыг харьцуулан үнэлж, нэхэмжлэгчийн Солонгос улсаас шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг эцэг н.Цэгмидийн дансанд шилжүүлж байсан нь тогтоогдсон, Ц.Г-ийг үндэслэлгүй хөрөнгө олж авсан гэж үзэх үндэслэлгүй гэж зөв дүгнэсэн.

 

1.4. Нэхэмжлэгчийн мөнгөөр авсан гэх гал тогооны тавилга, хөргөгчийн үнэ 2,800,000 төгрөгт холбогдох шаардлагын талаар:

Хэрэгт талуудын маргааны зүйл болох орон сууцад гал тогооны тавилга, хөргөгч байсан гэх үйл баримт тогтоогдож байх боловч уг гал тогооны тавилга, хөргөгчийг нэхэмжлэгч Ц.Х-ийн мөнгөөр авсан, түүний өмч гэх байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлээс энэ шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

 

1.6. Орон гэргүй 2,135 хоног гадуур явсан сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн орон сууцандаа амьдарч чадахгүй 2,135 хоног болсон шалтгаан нь сууцны өмчлөлтэй холбоотой маргаан шүүх дээр хянан шийдвэрлэгдэж байсантай холбоотой талаар зөв дүгнэсэн. Мөн Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын 4.А буюу 10,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хангаж үлдэх хэсгүүдийг хүлээн авах, хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2021/03855 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 281 дүгээр зүйлийн 281.1 гэснийг 496 дугаар зүйлийн 496.1 гэж, 6,768,994 гэснийг 16,768,994 гэж, 31,135,966 гэснийг 21,135,966 гэж,

 

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 123,253 гэснийг 241,795 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,630 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ш.ОЮУНХАНД