Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар  2024/ДШМ/786

 

 

 

    2024          07            04                                           2024/ДШМ/786

 

                                           Б.Х  холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Цэнгэлбаяр /томилолтоор/,

шүүгдэгч Б.Х  /цахимаар/, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,   

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн 2024/ШЦТ/365 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Х гаргасан давж заалдах гомдлоор Б.Х ад холбогдох 2405 00379 0424 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ариунхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч Б.Х  нь 2023 оны ** дугаар сарын **-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” зочид буудлын *** тоот өрөөнд хохирогч Г.Х өмчлөлийн булган шуб, Самсунг Эс-8 загварын гар утсыг хууль бусаар, нууцаар авч 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокуророос: Б.Х ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Х “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х ад урьд цагдан хоригдсон 34 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг булган шубийг шүүгдэгч Б.Х  буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х аас 4.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Х олгож  шийдвэрлэжээ.

 

Хохирогч Г.Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “…би 20** оны ** дугаар сарын **-ны орой Б.Х  (гуанжу улсаас захиалгаар авчруулсан сор ихтэй) булган шуб болон 8 плас Samsung маркийн гар утсаа буудаллаж байсан өрөөн дотроосоо алдсан. Х  би 20** оны ** сард булган шуб захиалж авсан тухайн үед үслэг эдлэл өмсөхөд тохиромжгүй. 20** оны ** дугаар сарын **-аас 20** оны ** дугаар сарын **-ыг хүртэл хугацаанд ** удаа өмссөн * удаа өмсөхдөө ** цаг өмссөн. Б нь олон удаагийн давтамжтай үйлдэлтэй мөн уг асуудлаар шалгагдан оргон зайлж байсан бөгөөд надаас хулгай хийсэн гар утас болон шубний асуудлаар мөн л оргон зайлж эрэн сурвалжлагдсан. Миний гар утсаар маш олон хүнтэй ярьж, мессеж бичиж мөн миний гар утас кодгүй учир фейсбүүк хаяг руу минь нэвтэрч хувь хүний орон зайд халдаад зогсохгүй фейсбүүк код сольсон байсан. Мөн миний ******** гэх гар утасны дугаараар ажилд орж тухайн ажилдаа бичиг баримт шалгуулаагүйн дээр нэрээ М гэж худлаа хэлж цемент хулгай хийсэн байсан. Уг асуудал хүндэрсэн бол хариуцлагыг хэн үүрэх ёстой байсныг гайхаж байна. Хуурч орсон ажилчдадаа миний фейсбүүк болон зургуудыг харуулж эхнэр гэж худлаа танилцуулж хулгай хийсэн байсан. Байцаагч миний фейсбүүкээр Б руу чат бичээд ир мэдүүлэг өг гэхэд хөдөө ажилтай байна завгүй энэ 7 хоногт зав гарахгүй ирэх 7 хоногийн амралтаар юм уу 2, 3 дахиас очно гэж хуулийн байгууллагыг үл хүндэтгэсэн. Мөн Б нь “би хулгай хийх зорилгогүй байсан, хэрвээ тийм бол Х дансанд 5.000.000 сая төгрөг байсан үүнийг нь авах байсан” гэж өөрийгөө хаацайлсанд гайхаж байна. Миний виза картын нууц үг болох 6 оронтой тоог мэдэхгүй мөн АТМ ороод бэлэн мөнгө авч чадахгүй. Супермаркетад уншуулаад хүнс болон ахуйн хэрэглээ авах байсан учраас виза карт авч яваагүй. Хулгай хийх зорилгогүй бол яах гэж өвөл 9 эхэлсэн байхад эмэгтэй хүний гадуур хувцас болон ар гэртэйгээ холбоо барьдаг гар утсыг авч явсан юм бэ, гомдолтой байна. (Нимгэн цамцтайгаа харьсан болно). Б нь миний эд зүйлийг хулгай хийхээс өмнө өөрийн танил болох М гэх фейсбүүк хаягтай найзынхаа машиныг согтуу унаж яваад аваар гаргаж юм мөргөөд асуудлаас зугтаж, тухайн найз нь машин засварт өг гэж дарамтлаад эцэст нь миний булган шубийг хулгай хийн найздаа өгч өр цайрсан байсан. Нэг хүний хохирлыг барагдуулаад ахин 1 хүн хохироох нь үнэнд нийцэхгүй зүйл. Х  надад харуулсан булган шубийг 4 сарын дараа харахад хуучраад сор үс нь унаад зогсохгүй маш олон газраа халцарсан байсан. Мөн хооронд нь чагталж холбодог төмөр товчны өнгө хараар сольсон байсан. Энэ үед би болон манай гэр бүл хөгшин тэтгэврийн эцэг, эх минь асар их сэтгэлийн шаналалд орж даралт нь хэлбэлзэж эхэлсэн. Би хүндээр ханиад хүрч хатгаа авч 40 градус хүртэл халуурч, дэмийрч хий ярьж ариун цэврийн өрөө орох замдаа ухаан алдсан тул ээж, аав минь түргэн дуудсан байсан. Миний хохирлоос нэг ч төгрөг барагдуулаагүй мөн эм, тарианы зардал өгөөгүй, сэтгэл санааны хохирол зэргийг алийг нь ч төлөөгүй байхад зөвхөн авсан нь үнэн гэж 6 сарын хугацаатай хорих ял өгсөнд маш их гомдолтой байна. Батхандын ээж гэх хүн миний хүү гэртээ жилд 2 л үзэгддэг хаана юу хийж явааг мэдэхгүй бид хоолны ч мөнгөгүй чиний өрийг төлж чадахгүй, 6 сарын дараа гарч ирээд дахин 1 иргэн хохироогоод хохирлыг чинь барагдуулахын байгаа биз чадахгүй гэж хэлсэн. Батханд амаар 6 сарын дараа төлнө гэж байгаа боловч гарч ирээд өгөхгүй эсвэл дахин 1 гэмгүй иргэнийг хохирооно.  Х  миний Шар хадны эмнэлгээс гаргасан сэтгэл санааны асуудлыг хөндөөгүй би Б сэтгэл санааны хохирол болон эм, тарианы зардал мөн алдсан эд зүйлсийнхээ хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бидний зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Миний үйлчлүүлэгч Б.Х  нь гэм буруугийн асуудлаар маргадаггүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Х   давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ...” гэв

Прокурор Н.Цэнгэлбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Г.Х  “Булган шуб минь маш их хуучирсан байх тул хүлээн авахгүй” гэдгээ илэрхийлсэн тул тухайн шубийг шүүгдэгч Б.Х ад буцаан олгох шийдвэр гаргасан. Зах зээлийн үнэлгээгээр булган шубийг 4.000.000 төгрөгөөр үнэлж төлбөрийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хохирогчийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлээгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Г.Х ы гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Б.Х  нь 20** оны ** дугаар сарын **-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын *** тоот өрөөнд хохирогч Г.Х ы өмчлөлийн булган шуб, Самсунг Эс-8 загварын гар утсыг хууль бусаар, нууцаар авч 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-10/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15-18/, “Хас үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх 53-56/,

хохирогч Г.Х: “...Б найз Б хонох газаргүй байна гэж ярьсан чинь Б Быг хүрээд ир гээд дуудсан. Б ирээд хамт ууцгааж байгаад шөнө унтаж байх хойгуур миний Самсунг Эс-8 загварын гар утас болон өмсөж явсан шубыг хулгайлаад аваад явсан байсан. Тэгээд цагдаад хандсан. ...” /хх 41/,

гэрч Я.Б: “...20** оны ** дугаар сарын **-ны өдөр ** цагийн үед * эмэгтэй * эрэгтэй орж ирээд * давхрын *** тоот өрөөнд орж архи ууж байх шиг байсан. ...өглөө эмэгтэй нь миний булган шубийг хүн хулгайлаад аваад явчихсан байна гэж байсан. ...” /хх 45/,

гэрч Б.Б: “...Би 20** оны * дугаар сарын **-ний орой найз М, эхнэр Г.Х  нарын хамтаар Баянгол дүүргийн “***” зочид буудалд өрөө аваад архи ууж хоноод 20** оны ** дугаар сарын **-ны орой манай найз гээд Б.Х  /********/ гэх хүнийг дуудсан. Тэгээд хамт 2 шил архи болон 3 ширхэг пиво хувааж уугаад тасарч унаад өглөө сэрэхэд Б эхнэр Г.Х  булган шуб, Самсунг Эс-8 загварын гар утсыг аваад гарсан байсан. ..." /хх 47/,

шүүгдэгч Б.Х ын яллагдагчаар өгсөн “...Би Х  булган шуб, гар утсыг авч явсан нь үнэн, гэхдээ хулгайлах бодол байгаагүй. ...учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” /хх 75/ гэх мэдүүлгүүд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Х ын өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж анхан шатны шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүхээс Б.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл ангид заасан 6 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байх тул ял хөнгөдсөн талаарх хохирогчийн гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Ялын зорилго нь тухайн хүнийг нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүмүүжүүлэх зорилготой тул анхан шатны шүүхээс Б.Х ын гэм бурууд тохирсон ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хохирогч Г.Х  “...Б.Х аар сэтгэл санааны хохирол болон эм, тарианы зардал мөн алдсан эд зүйлсийнхээ хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэргийн 62 дугаар талд Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар авагдсан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас Г.Х-д сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалаар нэгдүгээр зэрэглэлийг тогтоож, хохирогч Г.Х  зөвшөөрч гарын үзэг зурсан байх тул шийтгэх тогтоолын 7 дахь заалтад хохирогч сэтгэл санааны хохирлоо Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Х ын гэмт хэрэг үйлдэж олсон булган шуб, гар утасны үнийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, харин тухайн булган шубийг шүүгдэгчид буцаан олгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байна гэж үзэн шийтгэх тогтоолын 6 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “....Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна...” гэж, 3 дахь хэсэгт “...Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ...” гэж тус тус хуульчилсан байх бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан шубийг хохирогч “... шубийг хуучирсан муу болсон байсан тул буцааж авахгүй...” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгчид буцаан олгож шийдвэрлэснийг зөвтгөж шийдвэрлэв.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон булган шубийг хураан авч, учирсан хохирлыг нөхөн төлөх, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Х  нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/365 дугаар шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 58 /тавин найм/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/365 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон булган шубийг хураан авч, учирсан хохирлыг нөхөн төлөх, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж,

7 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х аас 4.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Х д олгож, хохирогч Г.Х  нь сэтгэл санааны хохирлоо шүүгдэгч Б.Х аас Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х ын 20** оны**дугаар сарын **-ны өдрөөс 20** оны ** дугаар сарын **-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон ** хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Л.ДАРЬСҮРЭН

 

 

                      ШҮҮГЧ                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                      ШҮҮГЧ                                           Б.АРИУНХИШИГ