Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00467

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00467

 

 

 

О.Ч-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2021/02099 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч О.Ч-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ИХ ХХК-д холбогдох,

ИХ ХХК-ийн хөрөнгөөс өөрт ногдох Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 46 дугаар байрны 69 тоот орон сууцны үнэ болох 113,000,000 төгрөг гаргуулах, ХХАА ХХК-ийн 45 хувийн хувьцааг ИХ ХХК эзэмшдэг тул уг хувьцаанаас 20 хувийн хувьцааны эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, хариуцагчийн өмгөөлөгч Ч.М, гуравдагч этгээд Д.Э, хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.1 ИХ ХХК-ийн хөрөнгөөс өөрт ногдох Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 46 дугаар байрны 69 тоот орон сууцны үнэ болох 113,000,000 төгрөг гаргуулах,

1.2 ХХАА ХХК-ийн 45 хувийн хувьцааг ИХ ХХК эзэмшдэг тул уг хувьцаанаас 20 хувийн хувьцааны эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах.

Нэхэмжлэгчийн төрсөн дүү О.Э- нь 2000 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ИХ ХХК болон түүний охин компаниудыг үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байгаад 2006 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нас барсан. О.Э-ыг нас барсны дараа түүний эхнэр Д.Э- 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ИХ ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлыг хуралдуулж хүн тус бүрт ногдох хувь хөрөнгийг хуваан өгөхөөр тохиролцсон. Хуралдаанаас Хувьд ногдох хөрөнгө хуваах тухай 01/2007 тоот тогтоол гарсан. Тогтоолын нэгийн 2Г.Н-ад Баянгол дүүрэг 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 46 дугаар байрны 69 тоот 3 өрөө орон сууц, мөн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 3 дугаар хороолол, 20 дугаар байрны 89 тоот орон сууц, мөн ХХАА ХХК-д ИХ ХХК-ийн эзэмшдэг 45 хувийн 20 хувийг эзэмших эрхийг шилжүүлж өгөхөөр шийдвэрлэсэн. Ийнхүү 2007 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн. Дээрх 2 сууц болон эрхийг 2007 оны 7 дугаар сарын 20-ны дотор шилжүүлж өгөхөөр тохиролцсон боловч үүргээ биелүүлэхгүй байсаар Г.Н- өөрт ногдох хөрөнгийг хүлээж авч чадалгүй 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нас барсан. Дээрх гэрээний шаардах эрх Г.Н-ын охин буюу нэхэмжлэгчид 2011 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 06 тоот өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр олгогдсон. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 978/3002/Б шийдвэрээр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 3 дугаар хороолол, 20 дугаар байрны 89 тоот орон сууцыг шилжүүлэн авсан. Д.Э- нь хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоолыг биелүүлээгүйн улмаас Баянгол дүүрэг 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 46 дугаар байрны 69 тоот 3 өрөө орон сууц нь хэд хэдэн өмчлөгч дамжин худалдаалагдаж бусдын өмчлөлд шилжсэн, мөн ХХАА ХХК-д ИХ ХХК-ийн эзэмшдэг 45 хувийн 20 хувийг ч өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөлгүй хохироосон.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

ИХ ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлаас 2007 оны 07 дугаар сарын 06-ны 01/2007 дугаартай тогтоолоор Г.Н-ад охин О.Ч-ийн амьдардаг Баянгол дүүргийн 12 дугаар хороо 3 дугаар хороолол 20 дугаар байрны 89 тоот 3 ороо байрыг олгосныг хүлээн авсан гэдгээ О.Ч- гаргасан нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрсөн. Мөн Г.Н-ад хүү О. Баярсайханы амьдардаг Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 46 дугаар байрны 69 тоот 3 өрөө байрыг өгсөн. Г.Н- 2007 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн итгэмжлэлийг ач хүү Б. Эрдэнэбаярт өгч ЗП ХХК-ийг төлөөлж Д.Э- нь 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр Б.Э-т Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 46 дугаар байрны 69 тоотын 3 өрөө байрыг шилжүүлж өмчлүүлсэн.

Иймд Г.Н- амьд ахуйдаа ач хүүдээ өгсөн байрыг ИХ ХХК-аас нэхэмжлэх үндэсгүй. Уг маргаан бүхий байранд О.Ч огт амьдарч байгаагүй. Төрсөн ах О.Б-ы хүү талийгаач Б.Э-т эмэг эх Г.Н- нь итгэмжлэл өгч өмчлүүлсэн байдаг. Иймд уг сууцыг ИХ ХХК нь захиран зарцуулаагүй. Маргаан бүхий сууц нь ЗП ХХК өмчлөлөөс ирсэн. Б.Э-т шилжсэн талаар лавлагаа авагдсан. ИХ ХХК-ийн 2007 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Эрх шилжүүлэх гэрээ-ний 1 дэх заалтад Г.Н- хувьд оногдох хөрөнгөө 2007 оны 07 дугаар сарын 20-ны дотор шилжүүлэн авах үүрэг хүлээсэн. Гэтэл Г.Н- нь уг заалтаар хүлээсэн үүргээ нас барах хүртлээ буюу 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 2 жил гаруйн хугацаанд хэрэгжүүлээгүй нь охин Э.З-д насанд хүрээд нэр дээрээ аваарай гэж захисантай холбоотой. Мөн ХХАА ХХК-ийн 20 хувийг эмэг эх Г.Н-ад шилжүүлэн өгсөн дээрх шийдвэр нь Компанийн тухай хуулийн 5 дугаар бүлгийн 5.3 дахь заалт, ХХАА ХХК-ийн дүрмийн 6 дугаар бүлгийн 6.9 дэх Ногдол хувь эзэмших эрхээ гуравдагч этгээдэд худалдах буюу шилжүүлэх бол энэ тухайгаа хувь нийлүүлэгчдэд бичгээр мэдэгдэнэ гэх заалтыг ноцтой зөрчсөн нь тогтоогдож уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл тогтоогддог .

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 6913 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т Захигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг, эрх залгамжлагчид шилжээгүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэх заалтаар Г.Н-ын шаардлага гаргах эрх нь эрх залгамжлагчид шилжсэн нь тогтоогдоогүй, нотариатаас 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдөр олгосон 08 тоот өв залгамжлах эрхийн гэрчилгээнд Г.Н-ын Голомт банкин дахь мөнгийг өвлөх эрх О.Ч-т олгогдсон. Нэхэмжлэгч О.Ч-ийг төрсөн эх Г.Н-ын бусдаас орон сууц, бусад эд хөрөнгийг нэхэмжлэх эрхийг залгамжлан авсан гэх үндэслэлгүй.

ХХАА ХХК-ийн 20 хувийн эзэмшигчээр тогтоолгох, 3 өрөө орон сууцны үнэ 70,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгаа. Эмэг эх Г.Н- 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нас барсан тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 528.3 дахь заалтын дагуу хуульд заасан хугацаанд өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй, хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй тул ХХАА ХХК-ийн 20 хувийг хүлээн авахаас татгалзсан гэж үзэх үндэслэлтэй. Өвлөх эрхийн 2006 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 001 дугаартай гэрчилгээгээр ХХАА ХХК Д.Э-, Э.З-, Э.Энхзул нар өвлөсөн.

 

3. Гуравдагч этгээд тайлбар гаргаагүй.

 

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар О.Ч-ийн ИХ ХХК-д холбогдуулан гаргасан ИХ ХХК-ийн хөрөнгөөс өөрт ногдох Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 04 дүгээр хороолол, 46 дугаар байрны 69 тоот орон сууцны үнэ болох 113 000 000 төгрөг гаргуулах, ХХАА ХХК-ийн 45 хувийн хувьцааг ИХ ХХК эзэмшдэг тул уг хувьцаанаас 20 хувийн хувьцааны эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Ч-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 793 950 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Хариуцагч ИХ ХХК-ийн хувьцаа эзэмшигч, түүний охин компани ЗП ХХК-ийн захирал Д.Э- нь хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоолоор хувь нийлүүлэгч Г.Н-ад өгөх ёстой хөрөнгийг хууль бусаар гуравдагч этгээдэд Г.Н-ын зөвшөөрөлгүйгээр бэлэглэсэн.

Б.Э-т уг сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авах эрхийг Г.Н-аас албан ёсоор олгоогүй. Уг хөрөнгийн үнэ буюу хохирлоо хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заалтыг буруу тайлбарлан 69 тоот сууцны өмчлөх эрхийг Б.Э-т шилжүүлэх зорилгоор итгэмжлэл олгосон, орон сууцны эзэмшил, өмчлөх эрхийн талаар маргаан үүсгээгүй Г.Н-ын эс үйлдэл нь орон сууцны өмчлөх эрхийг Б.Э-т шилжүүлсэнтэй холбоотой байсан гэж үзэх үндэслэлтэй гэж илт буруу дүгнэсэн.

Дараах нотлох баримтууд байгаа. Үүнд:

Б.Э- 2007 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ЗП ХХК-ийн захирал Д.Э-д бичгээр тус компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, ажиллах хугацаанд 2000 онд талийгаач ах О.Э- надад байр авч өгсөн, тухайн үед би иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн байсан тул ЗП ХХК-ийн нэр дээр авсан. Үүний дараа О.Э- ах иргэний үнэмлэхээ олмогцоо нэр дээрээ ав гэж хэлж байсан билээ. Гэтэл шилжүүлж авч чадаагүй байсаар өнөөг хүрсэн юм гэсэн өргөдөл гаргасан. Б.Э-т уг хөрөнгийг өмчлөх, эзэмших ямар ч хууль ёсны эрх үүсээгүй.

Хувь нийлүүлэгч Г.Н- нь уг 69 тоот байрыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авах хэлцэлд төлөөлөх итгэмжлэлийг Б.Э-т олгоогүй. Г.Н- нь өндөр настай хүний хувьд бичиг баримтаа өөрийн нэр дээр шилжүүлж авах ажлыг хөөцөлдүүлэхээр Б.Э-т 2007 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ЭХЭУБГазарт өмчлөл шилжүүлэхтэй холбогдсон материал хүлээлгэж өгөх, хүлээн авах эрхийг олгосон байдаг юм.

ИХ ХХК, түүний охин компани ЗП ХХК нь 2007 оны 10 дугаар сарын 29-ны өдөр уг 69 тоотыг Б.Э-ын нэр дээр шилжүүлэх тухай албан тоотыг ЭХЭУБГ-т хүргүүлсэн байдаг. Энэ нь уг компани өөрийн дураар хийсэн үйлдэл болно.

Хувь нийлүүлэгчдийн хурлын 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолын гурав дахь заалтаар Хувь нийлүүлэгчдэд эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдох баримт бичгийг бүрдүүлэх, холбогдох эрх бүхий байгууллагад уламжпан компанийн дүрэм, гэрчилгээнд өөрчлөлт оруулах ажлыг хариуцан гүйцэтгэхийг хуулийн зөвлөх /С.Оюунцэцэг/-д үүрэг болгосугай. гэж заасан. Энэ заалтыг хариуцагч тал огт биелүүлээгүй.

Г.Н- нь 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нас барсан, нэхэмжлэгч О.Ч- нь 2011 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №06 тоот Өвлөх эрхийн гэрчилгээг хүлээн авсан. Гэрчилгээгээр Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5, 515 дугаар зүйлийн 515.1-ийг үндэслэн ИХ ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн протокол, 01/2007 тоот тогтоол, 2007 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн эрх шилжүүлэх гэрээний дагуу талийгаач Г.Н-ад олгогдох байсан хөрөнгийг шаардах эрх буюу шаардлагыг өвлөх эрхийн гэрчилгээг олгов гэсэн байдаг.

5.2. Мөн анхан шатны шүүх О.Ч- нь 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ИХ ХХК-д холбогдуулж гаргасан ХХАА ХХК-д ИХ ХХК-ийн эзэмшдэг 45 хувийн хувьцаанаас 20 хувийг шилжүүлэн авах нэхэмжлэлээ татан авснааас хойш шүүхэд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргах хүртэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлийг зөвшөөрөхгүй.

Хувь нийлүүлэгчдийн хурлын 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолоор хувь нийлүүлэгч Г.Н-ад ХХАА ХХК-д ИХ ХХК-ийн эзэмшдэг 45 хувиас 20 хувийг шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэснийг хариуцагч биелүүлээгүй.

О.Ч- нь Г.Н-ын эрх залгамжлагчаар тогтоолгох нэхэмжлэлийг гаргаж, Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2201 тоот захирамжаар О.Ч-ийн эрх залгамжлагчаар тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг нотариатад хандаж шийдвэрлүүлэх боломжтой гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан.

О.Ч- нь 2010 онд БГД-ийн шүүхэд хандаж 69 тоот байр, ХХАА ХХК-ийн хувьцаатай холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргасныг 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 6913 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан.

Дараа нь 2012 онд О.Ч- Сүхбаатар дүүргийн шүүхэд уг сууцтай холбоотой нэхэмжлэл гаргасан. Шаардаж буй Идэр холдинг" ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоолд дурьдсан сууц, хувьцаа нь хуулийн этгээд болох ИХ ХХК-ийн байгаа нь баримтаар тогтоогдсон, хуулийн этгээдийг хариуцагч Д.Э- дангаар төлөөлөх эрхгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Уг хэрэгт Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 628 тоот магадлал , мөн Улсын дээд шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 636 тоот тогтоол гарч шийдвэрийг хэвээр үлдээсэн.

О.Ч- нь хариуцагчаар И, З ХХК- ийг татаж 2013 онд дүүргийн шүүхэд нэхэмжлэлээ дахин гаргасан. Шүүхээс Хараат болон охин компани нь толгой компанийн өрийг хариуцахгүй тул ЗП ХХК нь ИХ ХХК-ийн үүргийн дагуу бусдад төлөх өрийг хариуцах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 784 дүгээр шийдвэрт ИХ ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоолд дурдсан сууц, хувьцаа нь хуулийн этгээд болох ИХ ХХК-аас шаардахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдсан.

Уг хэргийг шүүхээр шийдвэрлэх явцад хариуцагч ИХ ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх захирал Э.З- нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваагүй, 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Монгол улсаас гарч явсан нь тогтоогдсон тул нэхэмжлэлээ татан авсан. Э.З-ыг Монголд ирснийг мэдээд 2018 онд нэхэмжлэл гаргасан боловч, ИХ ХХК нь хаягтаа байгаагүй учраас 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагчийг шүүхийн журмаар эрэн сурвалжлуулсан. Хариуцагч ИХ ХХК-ийн албан ёсны хаягийг тодорхой болгож, 2020 оны 9 дүгээр сард шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй. Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасан нас барагчийн хууль ёсны өвлөгчид эд хөрөнгийг олгох, хүлээлгэж өгөх эрх, үүргийн асуудал юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга:

Хөөн хэлэлцэх хугацаа 4 жил 6 сар өнгөрсний дараа гаргаад сая гарсан нэхэмжлэлийг шүүх дүгнэхдээ нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэрэгсэхгүй болгосон үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч О.Ч- нь хариуцагч ИХ ХХК-д холбогдуулан

1.1. ИХ ХХК-ийн хөрөнгөөс өөрт ногдох Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 04 дүгээр хороолол, 46 дугаар байрны 69 тоот орон сууцны үнэ болох 113 000 000 төгрөг гаргуулах,

1.2. ХХАА ХХК-ийн 45 хувийн хувьцааг ИХ ХХК эзэмшдэг тул уг хувьцаанаас 20 хувийн хувьцааны эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1хх1-2, 47-49/

 

А.Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

А.1. Нэхэмжлэгчийн төрсөн дүү О.Э- нь 2000 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс ИХ ХХК болон түүний охин компаниудыг үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байгаад 2006 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нас барсан нь нас барсаны гэрчилгээ, талуудын тайлбараар тогтоогдсон.

 

А.2. О.Э-ыг нас барсны дараа түүний эхнэр Д.Э- нь 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ИХ ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлыг хуралдуулж хувь нийлүүлэгч хүн тус бүрт ногдох хувь хөрөнгийг хуваасан агуулгатай 01/2007 тоот тогтоол гаргасан. Уг тогтоолоор О.Э-ы эх Г.Н-ад Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 46 дугаар байрны 69 тоот 3 өрөө сууц, мөн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 3 дугаар хороолол, 20 дугаар байрны 89 тоот орон сууц, ХХАА ХХК-д ИХ ХХК-ийн эзэмшдэг 45 хувийн хувьцааны 20 хувийг эзэмших эрхийг шилжүүлж өгөхөөр шийдвэрлэсэн нь дээрх тогтоол, талуудын тайлбараар тогтоогдсон.

/1хх9-10/

 

А.3. Улмаар 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ИХ ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 01/2007 тоот тогтоолыг хэрэгжүүлэхээр 2007 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн. Уг гэрээнд дээрх 2 сууц болон хувьцааны эрхийг 2007 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор шилжүүлж өгөхөөр тохиролцсон.

/1хх11-12/

 

А.4. Г.Н- нь 2007 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ач хүү Б.Э-т бичгээр итгэмжлэл олгосон. Уг итгэмжлэлийн агуулгаас үзэхэд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 46 дугаар байрны 69 тоот сууцыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт өмчлөл шилжүүлэхтэй холбогдсон материал хүлээлгэн өгөх, хүлээн авах эрхийг олгожээ. /1хх77/

 

А.5. Маргааны зүйл болох 69 тоот сууц нь 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Б.Э-, ЗП ХХК-ийн захирал Д.Э- нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээгээр Б.Э-ын өмчлөлд шилжсэн.

2008 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Б.Э- нас барсан.

2008 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээгээр дээрх сууц Б.Э-ын эх Б.Э-ийн өмчлөлд, 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б.Э-, Т.О- нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээгээр Т.О-ийн өмчлөлд тус тус шилжсэн байна. /1хх144-160/

 

А.6. Г.Н- нь 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нас барсан үйл баримт нас барсаны гэрчилгээгээр тогтоогдсон.

 

А.7. Өв залгамжлалын зүйл болох 89 тоот 3 өрөө сууцыг хүлээн авсан гэдгээ О.Ч- хүлээн зөвшөөрсөн, талууд маргаангүй.

 

А.8. Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 46 дугаар байрны 69 тоот сууцанд Г.Н-ын хүү О.Б- амьдарч байсан үйл баримт талуудын тайлбараар тогтоогджээ.

 

А.9. Хэрэгт дараах хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд болон өвлөх эрхийн гэрчилгээ авагдсан. Үүнд:

О.Ч- нь Г.Н-ын өвлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг гаргасныг Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2201 тоот захирамжаар хүлээн авахаас татгалзсан.

 

Мөн О.Ч- нь Г.Н-ын өвлөгчөөр 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 08 тоот өвлөх эрхийн гэрчилгээ авахдаа Г.Н-ын Голомт банк дахь дансанд хадгалагдаж буй мөнгөн хөрөнгийг өвлөхөөр уг гэрчилгээнд заагдсан. /1хх74/ Мөн О.Ч- нь Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 6913 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. /1хх180-181/ Улмаар О.Ч- нь 2011 оны 03 дугаар сарын 29-ний өдөр №06 тоот өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Уг гэрчилгээгээр ИХ ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолын дагуу Г.Н-ад ногдох байсан хөрөнгийг өвлөхөөр заасан. /1хх11/ Үүний дараа О.Ч- 2012 онд Сүхбаатар дүүргийн шүүхэд дээрх сууцтай холбоотой нэхэмжлэл гаргасан. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 784 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. /1хх22-24/ ИХ ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоолд дурдсан сууц, хувьцааг ИХ ХХК-аас шаардахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдсан. Уг шийдвэрийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 628 тоот магадлал, мөн Улсын дээд шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 636 тоот тогтоол гарч хэвээр үлдээсэн./1хх25-27/

 

О.Ч- нь хариуцагчаар Идэр холдинг, ЗП ХХК-ийг татаж 2013 онд дүүргийн шүүхэд нэхэмжлэлээ дахин гаргаж, улмаар 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлээ татан авсан. /1хх31-32/ Мөн 2018 онд нэхэмжлэл гаргасныг 2019 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон./1хх30-31/ Хариуцагчийг шүүхийн журмаар эрэн сурвалжлуулсан шүүхийн шийдвэр гарсан. /1хх5/ Улмаар 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ./1хх1-2/

 

Б. Зохигч дараах асуудлаар маргаантай байна. Үүнд:

Б.1. Нэхэмжлэгч О.Ч-ийн ...69 тоот сууц нь Г.Н-ааас хүлээн авбал зохих өвийн зүйл байсан бөгөөд уг сууцны үнэ 113,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэсэн байр суурийг хариуцагч эс зөвшөөрч Г.Н- амьд ахуйдаа сууцыг захиран зарцуулсан тул өвийн зүйл биш гэж маргасан. /1хх117, 2хх28-29/

 

Мөн нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гаргасан гомдлын 5.1-д хариуцагч нь Г.Н-ад өгөх хөрөнгийг хууль бусаар, гуравдагч этгээдэд Г.Н-ын зөвшөөрөлгүйгээр бэлэглэсэн, анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлээгүй гэх үндэслэл заасан.

 

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө. Мөн хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгдэх юм. Хэргийн баримтаас үзэхэд Г.Н- 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нас барж өв нээгдэх үед дээрх 69 тоот сууц бусдын өмчлөлд шилжсэн, өвлөгдвөл зохих эд хөрөнгөд байгаагүй байна. Иймд 69 тоот сууц өвлөгдөх эд хөрөнгөд байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хэргийн баримтаас ИХ ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 01/2007 тоот тогтоолын дагуу сууц болон хувьцааны эрхийг 2007 оны 07 дугаар сарын 20-ны дотор шилжүүлж өгөхөөр талууд гэрээгээр тохиролцсон. /1хх12/ Маргааны зүйл болсон 69 тоот сууц Г.Н-ын амьд ахуйд буюу 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ач хүү Б.Э-ын өмчлөлд шилжиж, Г.Н-аас өмнө Б.Э- нас барсан. Нас барагч Г.Н-ын зүгээс Б.Э- 2009 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл буюу нас барахаасаа өмнө уг сууц, хувьцааны талаар маргаан үүсгэсэн гэх баримтгүй байна. Иймд уг 69 тоот сууц өвийн зүйл биш байна. Иймд анхан шатны шүүх нас барагч Г.Н-ын амьд ахуйдаа илэрхийлсэн итгэмжлэл, түүний үндсэн дээр өмчлөх эрх шилжсэн хэлцлийн хүсэл зоригийг тайлбарлаж нэхэмжлэлийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн тухай /5.1/ гомдлыг хангах боломжгүй.

 

Б.2. Нэхэмжлэгчийн ... 69 тоот сууц болон ХХАА ХХК-ийн хувьцаанаас 20 хувийн хувьцааг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх байр суурийг хариуцагч эс зөвшөөрч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.

 

Г.Н- 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нас барснаар өв нээгдэж 89 тоот 3 өрөө сууцыг хүлээн авсан гэдгээ О.Ч- хүлээн зөвшөөрсөн. Мөн О.Ч- нь Г.Н-ын өвлөгчөөр 2010 оны 05 дугаар сарын 19-ны өдөр 08 тоот өвлөх эрхийн гэрчилгээ авсан./1хх74/ Хэргийн баримтаас үзэхэд О.Ч- нь 2010 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс шүүхэд хандсан.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.

 

Нэхэмжлэлээ хуульд заасан журам зөрчиж гаргах, улмаар нэхэмжлэлээ татан авах зэрэг нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Аливаа шаардах эрх нь хугацаатай байна. Хэдий 69 тоот сууц, ХХАА ХХК-ийн хувьцааны 20 хувийг Г.Н- өвийн журмаар хүлээн авч байгаа ч уг шаардах эрхийг 2007 оны 07 дугаар сарын 20-ны дотор хэрэгжүүлэхээр талууд гэрээ байгуулсныг дурьдах нь зүйтэй. Энэ талаар анхан шатны шүүх компанийн хувь нийлүүлэгч нарын тохиролцооны үндсэн дээр харилцан хөрөнгө, эрхийг шилжүүлэх үүргийг тогтоосон тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчлэхээр байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

ХХАА ХХК-ийн хувьцааны 20 хувь нь өвийн зүйл байж болох ч түүнийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар ч дуусгавар болсон. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэх гомдлыг /5.2/ хангах үндэслэлгүй.

 

Дээрх дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2021/02099 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 794,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ш.ОЮУНХАНД