| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярмагнайн Хишигзаяа |
| Хэргийн индекс | 193/2025/00787/И |
| Дугаар | 193/ШШ2025/00846 |
| Огноо | 2025-09-09 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 193/ШШ2025/00846
| 2025 оны 09 сарын 09 өдөр | Дугаар 193/ШШ2025/00846 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, ******* хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, хаягт байрлах /РД:/-т холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 14,645,642 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дэлгэрмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* миний бие Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа хариуцлагатай ханддаг байсан бөгөөд сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар тушаалаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27.4.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн тайлан 2024 оны автомашины торгуулийн төлбөр болох 339.2 мянган төгрөгийг тээврийн хэрэгслийн зардлаас шилжүүлсэн мөн тус байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлгүй тээврийн хэрэгслийн зардал болох 12,595.0 төгрөгийг зарцуулсан, тайлант 2024 онд зарлагын 5,032.5 төгрөгийн 1 гүйлгээг мэдээлээгүйн улмаас аудитын байгууллагаас төлбөрийн акт тогтоож, зөрчил арилгуулах, сахилгын хариуцлага тооцуулах албан шаардлага ирүүлсэн гэдэг үндэслэлээр 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн. Миний бие тушаалын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
Учир нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ээлжийн амралтаа авч, үргэлжлүүлэн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөөгөө авсан. Ингээд 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүүхэд асрах чөлөөнөөсөө эргэн орсон. Ажил олгогч зөрчил гаргаснаас хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулах ёстой. Тушаалын үндэслэл болгоод байгаа зөрчил 2024 оны 06 дугаар сард гарсан зөрчилд 2025 оны 04 дүгээр сард шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй. Тушаалын үндэслэл болсон 3 зөрчлийг харахад автомашины торгуулийн төлбөр 339,000 төгрөгийг гүйцэтгэх удирдлагын зөвшөөрлөөр гүйлгээ хийсэн нь харагддаг. Хугацааг тодруулахад 2019, 2020, 2021, 2022, 2023 оны нийлбэр дүн байдаг. 12,295,000 төгрөгийн авто машины сэлбэг хэрэгслийг өмч хамгаалах комиссын шийдвэрийн дагуу гүйцэтгэх захирлын тушаалаар авсан байдаг. Нягтлан бодогч удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх субъект болохоос биш үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байх субъект биш. 3 зөрчил бүгд удирдлагын эрх хэмжээнд хамаарах бөгөөд Б.*******ын өөрийн дур мэдэж хийсэн гүйлгээ биш. Үндэсний аудитын шаардлага 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ирдэг. Гэтэл Б.*******ыг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ажлаас нь халсан Аудитын албан шаардлага нь ирээгүй, зөрчил нь тогтоогдоогүй байхад 2 хоногийн өмнө урьдчилан мэдээд, таамаглаад халаад байгаа нь үндэслэлгүй. Үндэсний аудитын газраас тухай байгууллагатай холбоотой хариуцлага болохоос биш Б.*******той холбоотой хариуцлага биш юм.
Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тайлбарын 15 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад хуулийн үндэслэлийг заавал баримталсан байвал зохино гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсгээс 80.1.6 дахь зүйлийн аль нэгийг ажил олгогч баримтлах ёстой байсан. Гэтэл аль үндэслэл нь барьж байгаа нь тодорхойгүй. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсгийг үндэслэж байгаа юм бол мөн хуулийн 123.2.4 дэх хэсэгт заасан зааснаар ажилтанд сонсох ажиллагаа хийх, тайлбар мэдүүлэг өгөх боломжоор хангах ёстой байсан. Өөрөөр хэлбэл ажил олгогч зөрчлийг тогтоох ёстой байсан. Сонсох ажиллагааны тэмдэглэл хавтаст хэрэгт хавсаргасан боловч Б.******* тэр үг, өгүүлбэрийг хэлсэн гэдгийг нотлохгүй, гарын үсэг зураагүй. Тайлбар мэдүүлэг авсан гэх үндэслэл нотлогдохгүй байна.
Иймд нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй бйсан хугацааны цалин, хөлсийг 14,645,642 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл тасарсныг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2024 оны автомашины төлбөр болох 339,200 төгрөг, тээврийн хэрэгслийн засварын зардал 12,000,000 төгрөг, тайлант зардал 5,000,000 төгрөгийн гүйлгээг мэдэгдээгүй гэсэн үндэслэлээр дуусгавар болгосон. Энэ зөрчлийг Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газраас гаргаагүй. Энэ акт дүгнэлтийг Үндэсний аудитын газраас хавтаст хэрэг болон тайлантай танилцаж байж гаргасан. Аудитын газраас 2024 оны санхүүгийн тайланд илэрсэн зөрчилтэй холбоотойгоор сонсох ажиллагаа хийсэн. Тухайн үед ажиллаж байсан нягтлан Б.*******ыг тайлбар өгөхийг хүссэн ч ирээгүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ 2024 он надад хамаагүй, ээлжийн амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байсан гэж ярьдаг. Нягтлан бодох бүртгэлтэй холбоотойгоор тухайн гүйлгээг торгуулийн мөнгийг хэн, яаж зарцуулсан гэдгийг нэхэмжлэгч өөрөө хариуцаж хийсэн, яагаад хийсэн талаар тайлбар гаргадаг. Байгууллагын үйл ажиллагаа хэвийн болон алдаагүй нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу явагдах ёстой гэтэл дутагдал гарсан нь аудитаар тогтоогдсон. Нэхэмжлэлд дурдсан тайлбар аваагүй гэдэг нь үндэслэлгүй. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох зөрчил гаргасан учраас ажил олгогчийн санаачилгаар ажлаас халах тушаал гаргасан гэжээ.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-5-7/, даргын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар тушаал /хх-8/, даргын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/07 дугаар тушаал /хх-9/, Налайх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тэмдэглэл /хх10-12/, Налайх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл хүлээлгэн өгсөн баримт /хх-13/, Налайх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны мэдэгдэх хуудас /хх-14/.
3.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт-Сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэл /хх-29/, Үндэсний аудитын газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 07/1642 дугаар албан бичиг /хх-30/, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1027/А0175042 СНАГ-2025/128/НА-СТА-ТШЗ дугаартай Үндэсний аудитын газрын албан шаардлага /хх-31/, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 225/А0175042 СНАГ-2025/128/НА-СТА-ТШЗ дугаартай Үндэсний аудитын газрын акт /хх-32/, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1026/А0175042 СНАГ-2025/128/НА-СТА-ТШЗ дугаартай Үндэсний аудитын газрын албан шаардлага /хх-33/, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ /хх51-58/, Сонсох ажиллагааны хурлын тэмдэглэл /хх59-68/.
3.3. Талуудын хүсэлтээр шүүхээс цуглуулсан баримт-Э.ын гэрчийн мэдүүлэг /хх77-82/, даргын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/14 дугаар тушаал /хх-96/, өмч хамгаалах байнгын зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тэмдэглэл /хх-107/, даргын 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/28 дугаар тушаал /хх-108/, даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/02 дугаар тушаал /хх-109/, даргын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б-28 дугаар тушаал /хх-118/, Ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл /хх-119/, Ээлжийн амралтын олговрын цалингийн түүвэр /хх-120/, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ /хх121-123/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.*******оос хариуцагч -т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс 14,645,642 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ дээрх тушаалын үндэслэл болсон зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй, уг зөрчлийг гаргаагүй, тайлбар аваагүй, уг тушаал хуульд заасан шаардлагыг хангаагүй хариуцагч татгалзлаа нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан учраас ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн цуцалсан, үндэсний аудитын дүгнэлтээр зөрчил гаргасан болох нь тогтоогдсон гэж тайлбар гарган мэтгэлцдэг.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3. Нэхэмжлэгч Б.******* нь даргын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар Б.*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүлээн авч, Налайх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргаж, 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хариу авч, шүүхэд 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.2, 154.2.1, 154.8-д заасан гомдол гаргах эрхийн хугацааг хэтрүүлээгүй байна.
4. Б.******* нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нягтлан бодогчоор ажиллахаар ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүүхэд асрах чөлөө авч, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүүхэд асрах чөлөөнөөс эргэн орж нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан байна. /хх 8, 96, 118/ даргын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай Б.*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ... Тус хамгаалалтын захиргааны нягтлан бодогч Б.******* нь тайлант 2024 онд автомашины торгуулийн төлбөр болох 339.2 мянган төгрөгийг тээврийн хэрэгслийн татварын зардлаас шилжүүлсэн мөн тус байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлгүй тээврийн хэрэгслийн засварын зардал болох 12,595.0 мянган төгрөгийг зарцуулсан, тайлант 2024 онд зарлагын 5,032.5 мянган төгрөгийн 1 гүйлгээг мэдээлээгүйн улмаас аудитын байгууллагаас төлбөрийн акт тогтоож, зөрчил арилгуулах, сахилгын хариуцлага тооцуулах албан шаардлага ирүүлсэн тул ажлаас чөлөөлж шийдвэрлэжээ /хх-8/.
5. Ажил олгогч Горхи тэрэлжийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь ажилтан Б.*******той хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, уг зөрчил нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон гэж үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон бөгөөд талууд хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд уг тушаалын үндэслэл хамаарах эсэх нь маргааны зүйл болжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах эрхтэй.
Хэрэгт авагдсан Б.******* болон Горхи тэрэлжийн амралтын газрын хамгаалалтын захиргаа нарын хооронд 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлд гэрээ дуусгавар болох буюу цуцлах, 10.3.7-д Ноцтой зөрчлийг нэрлэн заасан байх бөгөөд 1-т Ажилтан санаатайгаар өөрийн албан үүрэг болон хариуцлагыг байгууллагаас өгсөн чиглэл эсхүл зааварчилгааны дагуу эсхүл байгууллагын дотоод журам эсхүл энэхүү гэрээний дагуу зохих ёсоор гүйцэтгээгүй эсхүл хайхрамжгүй хандах, 2-т Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилтан ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлагад нийцэхгүй байх, 3-т Ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зохих ёсоор гүйцэтгэхгүй байх үүнд мөн ажлын чанар муу байх, 4-т Ажилтны зүгээс хууран мэхлэх, үл хүндэтгэх, гуйвуулах, хайхрамжгүй буюу хариуцлагагүй хандах, 5-т Ажилтан Монгол Улсын болон бусад хуулийн дагуу гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, 6-т ажлын байран дээр болон бусад газарт байгууллагын дарга, ажилтнуудын нэр хүнд, эрх ашгийг зөрчсөн эсвэл хохирол учруулах ёс зүйн зөрчил гаргах, 7-т Ажилтан өөрийн албан тушаалыг хувийн ашиг хонжоо эсхүл бусдын ашиг сонирхлын төлөө ашиглах, 8-т Ажилтан нь байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх эсвэл өөрийн чиг үүргийг үнэнч шударгаар болон алагчлалгүй гүйцэтгэхэд шууд буюу шууд бусаар сөргөөр нөлөөлсөн эсвэл нөлөөлж болохуйц ёс зүйн зөрчил гаргах гэж тус тус заажээ /хх 56/.
Хариуцагч нь аудитын дүгнэлтээр зөрчлийг тогтоосон, манай байгууллага тогтоогоогүй гэх боловч уг тайланд дурдсан аль зөрчил нь ноцтой зөрчил гэж үзсэн, түүнийг нотолсон баримтуудыг хэрэгт гаргаагүй тул зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
Тодруулбал, Үндэсний аудитын газрын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 225/А0175042 Төлбөр барагдуулах тухай актад ... Тайлант онд 339,200 төгрөгийн автомашины торгуулийн төлбөрийг тээврийн хэрэгслийн татварын зардлаас шилжүүлсэн байна. ... Автомашины торгуулийн төлбөрт төлсөн 339,200.00 төгрөгийг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлж, Үндэсний аудитын газрын ...дансанд төвлөрүүлэх, Актын биелэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Үндэсний аудитын газарт ирүүлэхийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч , ахлах нягтлан бодогч нарт хариуцуулав. гэх
Үндэсний аудитын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1026/А0175042 дугаартай Зөрчил арилгах тухай албан шаардлагад ... тус байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлгүй Ниссэн Патрол 97-68 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үйл ажиллагаандаа ашиглаж, засварын зардалд 12,595,000.00 төгрөгийг зарцуулсан байна. ... үндсэн хөрөнгөд бүртгэлгүй тээврийн хэрэгслийг үйл ажиллагаандаа ашиглаж, хөрөнгө зарцуулсан зөрчлийг таслан зогсоож биелэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Үндэсний аудитын газарт ирүүлэх, Цаашид алдаа зөрчлийг давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч, ахлах нягтлан бодогч нарт даалгав гэх акт, албан шаардлагаас үзэхэд ноцтой зөрчил бус харин алдаа зөрчлийг таслан зогсоож, зохих арга хэмжээг авсан тохиолдолд үр дагавар нь арилах боломжтой гэж үзэхээр байна. Мөн ... 2024 онд зарлагын 5,032.5 мянган төгрөгийн 1 гүйлгээг мэдээлээгүйн улмаас аудитын байгууллагаас төлбөрийн акт тогтоож, зөрчил арилгуулах, сахилгын хариуцлага тооцуулах албан шаардлага ирүүлсэн гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаас цуцлах, ноцтой зөрчилд хамаарах эсэхийг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд Б.*******ыг нягтлан бодогчийн хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
6. Дээрхи үндэслэлээр захирлын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар дугаартай Б.*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул уг тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгч Б.*******ыг нягтлан бодогчийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагч -иас гаргуулах нь Хөдөлмөрийн тухай хуульийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасанд нийцнэ. 7. Нэхэмжлэгч Б.*******ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу сүүлийн 3 сарын дундаж цалин хөлс буюу хүүхэд асрах чөлөө авах үеэс өмнөх 3 сараар тодорхойлоход 3,170,706 төгрөг төгрөг байна. /хх 5 хуудас/
Иймд Б.*******ын ажлаас чөлөөлөгдсөн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хүртэл 92 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 13,890,712 төгрөг /1 өдрийн хөлс 3,170,706/21=150,986 төгрөг, 150,986х92= 13,890,712 /-ыг олгох үндэслэлтэй байна. 8. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж ажил олгогчийн үндсэн үүргийг заасан бөгөөд нэхэмжлэгч Б.*******ын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих баталгаажуулалт хийхийг хариуцагч -д даалгах үндэслэлтэй байна. 9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 227,403 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэг, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч захирлын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.*******ыг нягтлан бодогчийн ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагчаас 13,890,712 төгрөгийг гаргуулж Б.*******т олгож, Б.*******ын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, төлснийг баталгаажуулахыг хариуцагч -т даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 227,403 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА