Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 120/ШШ2026/0017

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Говь хангайн зохицол” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Болормаа, Ц.Энхнаран, О.Буянтөр, Н.Болорчимэг

Хариуцагч: Өмнөговь аймгийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын Улсын байцаагчид,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Долгормаа, Ж.Мухлай нарын хоорондын татварын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болормаа, Ц.Энхнаран, О.Буянтөр, Н.Болорчимэг /цахимаар/, хариуцагч С.Өлзийбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Долгормаа,  Ж.Мухлай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Говь хангайн зохицол” ХХК нь “Өмнөговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Ө.Ганхөлөг, С.Өлзийбат нарын 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №НА-11250000008 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Шалгалтын үр дүнд татварын улсын байцаагч нараас 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №НА-11250000008 дугаартай "Нөхөн ногдуулалтын акт"-аар нэхэмжлэгчид 46,727,272.73 төгрөгийн нөхөн татвар, 18,690,909.09 төгрөгийн торгууль, 21,842,196.36 төгрөгийн алданги ногдуулсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч Өмнөговь аймгийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталжээ. 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд гаргасан.

4. Нэхэмжлэгч “Говь хангайн зохицол” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:“...Нөхөн ногдуулалтын актын 1 дэх хэсэгт, "Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 2021 оны 11 сард нийт 2,695,300,000 төгрөгийн үнийн дүнтэй тээврийн хэрэгслүүд зээлээр худалдан авснаас өнөөдрийг хүртэл төлбөр нь төлөгдөөгүй байгаа 467,272,727.27 төгрөгийн өртөгтэй тээврийн хэрэгсэлд ногдох худалдан авалтын НӨАТ-ыг хувь тэнцүүлэн хасаж тооцсон зөрчил" гэж үзэн 46,727,272.73 төгрөгийн нөхөн татвар, 18,690,909.09 төгрөгийн торгууль, 21,842,196.36 төгрөгийн алданги, нийт 87,260,378.18 төгрөгийн төлбөр ногдуулсан нь илт хуулийг буруу хэрэглэсэн, ойлгомжгүй байдлаар төлбөр ногдуулсан гэж үзэж байна.

Татварын улсын байцаагчийн илрүүлсэн зөрчил гэсэн 467,272,727.27 төгрөг нь НӨАТ нөхөн ногдуулах орлого биш бөгөөд зөвхөн чирэгч болон чиргүүлийг худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөх манай компанийн өрийн үлдэгдлийг зөрчил гэж үзэн НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзэн Татварын Ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 84 дүгээр зүйлийн 84.1.5 дахь заалтыг үндэслэн дээрх хариуцлага ногдуулсан нь ойлгомжгүй хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна.

Манай 2 компанийн хоорондын тооцоонд тусгагдсан, нэхэмжлэлтэй, борлуулагч тал цахим төлбөрийн системд 2021 оны 11 сарын 30-нд 2,450,272,727.27 төгрөгийн чирэгч толгой, чиргүүл зарж борлуулсандаа 245,027,272.7 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан цахим төлбөрийн баримт үйлдэн татварын тайланд тусгаж нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөхөө тайлангаар илэрхийлсэн байгаа бөгөөд 2 компанийн тухайд дээрх ажил гүйлгээ нь анхан шатны баримтаар нотлогдон, өглөг авлагын тооцоог төлөх нь тодорхой байдлаар санхүүгийн тайланд тусгагдсан санхүүгийн илэрхийллийг татварын хохирол гэж үзэн зөрчилд аваад байгаа нь хуулийн үндэслэлгүй бөгөөд илт хуулийг гажуудуулж байна. Борлуулагч тал нэгэнт цахим төлбөрийн систем үүсгээд борлуулалтдаа тусгаад манай компаниас нэхэмжилсэн 46,727,272. 72 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг татварын алба яагаад дахин манай компаниас 46,727,272.73 төгрөгийн нөхөн татвар, 18,690,909.09 төгрөгийн торгууль, 21,842,196.36 төгрөгийн алданги, нийт 87,260,378.18 төлбөр ногдуулаад байгаа нь татварын албаны шударга байх зарчим алдагдаж байна. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.10 "төлбөр тооцоо хийх" гэж бэлэн болон бэлэн бусаар төлбөр тооцоо хийхийг” гэж заасан бөгөөд 2021 оноос хойш барагдуулан явж байгаа өрийн үлдэгдэл дээр НӨАТ-ын худалдан авалтын хасалт хийхгүй гэж төлбөр ногдуулсан нь үнэхээр ойлгомжгүй байгаад байна.

Тус актаар НӨАТ-ын нөхөн татварт хариуцлага ногдуулахдаа Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх заалтыг үндэслэн 21,842,196.36 төгрөгийн алданги ногдуулсан байна. Гэтэл бид энэ татварыг төлнө гэж тайлагнаагүй тул манай компанийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татвар биш юм. Иймд хэрэв зөрчил гэж үзэж байгаа бол тухайн зөрчилд огт хамаарахгүй заалтаар хариуцлага ногдуулсан нь хуулийг буруу хэрэглэж хариуцлага ногдуулсан хуульд нийцээгүй хариуцлага ногдуулсан байна гэж үзэж байна.

 Нөхөн ногдуулалтын актын 3 дахь хэсэгт "2023 онд 1,432,789,000.00 төгрөгийн харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил, гүйлгээг үнэ шилжилтийн тайланд тусгаагүй, тайлагнаагүй зөрчил нь Зөрчлийн тухайн хуулийн 11.19 дүгээр зүйл. Татварын хууль зөрчих. "11.Харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээтэй холбоотой үнэ шилжилтийн тайланг татварын албанд хугацаанд нь гаргаагүй бол татварыг нөхөн төлүүлж: 11.3 үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлангийн хувьд харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээний нийт дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэсэн заалт зөрчсөн байна гээд 28,655,780 төгрөгийн торгууль ногдуулсныг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь:

Манай компани нь Монгол Улсын хуулийн этгээд бөгөөд иргэн Д.Одонтуяагийн 100% эзэмшилд байдаг, ганц гишүүнтэй хувийн компани юм. Д.Одонтуяа 2023 оны 06 дугаар сарын 08-нд энэхүү компанийг 100% эзэмшигч болж 2024 оны 06 дугаар сарын 04-нд өөрөө гүйцэтгэх захирал болсон тухай шалгалтын явцад татварын улсын байцаагч нарт тайлбарлан нотариатаар баталгаажсан компанийн дүрэм, Улсын бүртгэлийн цахим бүртгэлийн мэдээлэл зэргээр нотлон тайлбарлаж байсан. Гэтэл яг ямар Үнэ шилжилтийн тайланд бид энэ борлуулалтыг тусгах ёстой байсан нь ойлгомжгүй. Манай компани нь Монгол Улсын буюу дотоодын 100%-ийн хөрөнгө оруулалттай тул ямар нэгэн Үнэ шилжилтийн тайлан гаргах ёстой гэж цахим татварын систем буюу etax.mta.mn-д 2023 оны тайлагнах ёстой тайлангуудад ч орж ирээгүй, мөн 2024 оны тайлангийн жагсаалтад ч орж ирээгүй байна. Үнэ шилжилтийн тайлан гэдэг нь харилцан хамааралтай талууд хоорондоо хийсэн ажил, гүйлгээний талаарх мэдээллийг л тусгадаг жилийн эцэст 1 удаа тайлагнадаг тайлан байдаг. Энэ тайланг хэрхэн тайлагнах талаар Татварын ерөнхий хуулийн 38.4-т "...жилийн тайланг жилийн эцсийн татварын тайлангийн хамт харьяалах татварын албанд хүргүүлнэ" гэж заасан байдаг.

 Иймд энэ тайланг бид жилийн эцсийн байдлаар тайлагнах хуулийн заалттай байна. Мөн татварын алба энэ төрлийн тайланг тайлагнах ёстой гэж манай татварын тайлангийн жагсаалтад оруулаагүй байсан. Мөн бид энэ тээврийн хэрэгсэл борлуулсан борлуулалтыг борлуулалтаар хүлээн зөвшөөрч цахим төлбөрийн баримтын системд тухай бүр бүртгэн Аж, ахуй, нэгжийг орлогын албан татвар,  Нэмэгдсэн өртгийн албан татварын 2023 оны жилийн тайлангууддаа тусгаж холбогдох татваруудыг төлсөн. Үнэ шилжилтийн тайланд "Амгалансэври" ХХК-д тээврийн хэрэгсэл борлуулснаа Үнэ шилжилтийн тайландаа тусгаагүй гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулсан. Тухайн нөхөн ногдуулалтын актын салшгүй нэг хэсэг болох Маягт- ХШ06/02-ийн илрүүлсэн зөрчил хэсгийн 3-т "төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлого" гэсэн зөрчлийн утга оруулсан, мөн хариуцлага тооцсон заалт гэж Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1. "Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан дараах зарчмыг үндэслэн тогтооно" гэсэн заалтууд оруулсан боловч алданги тооцоогүй зэрэг ойлгомжгүй илт алдаатай заалтууд хэрэглэсэн.

Иймд бид ямар нэгэн төрөөс олгосон эрх борлуулаагүй тул энэ акт илт алдаатай гэж үзэж хүчингүй болгох, хэрэв дээрхийг тээврийн хэрэгсэл борлуулсан гэж үзэж байгаа бол Аж, ахуй нэгийн орлогын албан татвар, нэмүү өртгийн албан татварын тайлангууддаа борлуулалтаар тусгаж, татвараа төлсөн, мөн тухайн татварын жилд хийсэн борлуулалтыг жилийн эцсийн байдлаар ажил гүйлгээний мэдээг тайлагнадаг. Үнэ шилжилтийн жилийн ажил гүйлгээний тайландаа тусгаагүй гэж үзсэн, мөн татвар төлөгчдийн ямар төрлийн татварын тайлан тайлагнах тухай ухаалаг системээр гарган тооцоолдог болсон татварын албаны тайлангийн систем дэх манай тайлагнах ёстой татварын тайлангийн жагсаалтад орж ирээгүй тайланг тайлагнаагүй гэж ногдуулсан 28,655,780 төгрөгийн торгуулийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иймд Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч С.Өлзийбат, Ө.Ганхөлөг нарын 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №НА- 11250000008 дугаартай "Нөхөн ногдуулалтын акт"-ыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

4.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Нэмэгдсэн өртгийн албан хэргийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд энэ суутган төлөгч тайлагнаад, тайлан дээрээ тусгаад нэмэгдсэн өртгийн албан татвар нь падаанд тусгагдсан анхан шатны баримтаар нотлогдож байгаа этгээд гээд суутган төлөгчид бид нар тэрийгээ илэрхийлсэн байна. Нэмэгдсэн өртгийн албан татвар гээд бид нар энэ “Хероесвин” ХХК 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гээд энэ падаан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн нэгийн 4.1.13 дээр заасан дахин давтагдахгүй төлбөрийн дугаартай борлуулагч, худалдан авагч этгээдийн мэдээллийг агуулсан багийн ажил үйлчилгээнийх нь нэр төрөл, үнэ, дээр нь нэмэгдсэн өртгийн албан татвар ноогдуулсан бүхий баримт бичгийг манайх борлуулалтад “Хероесвин” ХХК тусгачихсан. Энэ баримт татварын цахим төлбөрийн системд үүсэнгүүт нь борлуулагч талын борлуулалтын дэвтэр хэсэгт очоод шууд тайлан дээр автоматаар татагдаад ордог. Худалдан авагч тал дээр энэ падаан цахим төлбөрийн системд үүсэнгүүт худалдан авагч талынх нь худалдан авалтын дэвтэрт ороод, бид нар энэ анхан шатны баримтаа үндэслээд цахим төлбөрийн системийг үүсчихсэн. Энэ баримтаар нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг өгдөг. Ингээд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь үүсчихсэн, тайландаа тусгагдчихсан анхан шатны баримт буюу гэрээ хэлэлцээрээ батлагдчихсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.10 дээр бид нарын борлуулалт санхүүгийн ажил, гүйлгээ хийдэг төлбөр тооцоог юу гэж ойлгох вэ гэхээр бэлэн ба бэлэн бусын тооцоо гэж ойлгогдохоор хуульд тайлбарласан. Татварын байцаагчид үндэслээд байгаа нь төлөөгүй татвар гэж үзээд байгаа. Төлөх үүргийг нь суутган төлөгч гээд “Хероесвин” ХХК манайхаас суутгаж аваад төлөх үүргээ илэрхийлсэн. Нэмэгдсэн өртгийн албан татвар, тайлан буюу санхүүгийн тайлан, татвар төлөлтийн хоорондын тооцоо, гэрээ гээд бүх анхан шатны баримтаар нотлогдож байгаа. Бид нарын төлөх ёстой татвар биш. Бид нар борлуулагч этгээдээсээ суутган төлөгчөөр тайлан тавихаар илэрхийлсэн. Ийм нэмэгдсэн өртгийн албан татварыг манай дээр дахиж ноогдуулаад, дээрээс нь хариуцлага ногдуулаад байгаа нь ойлгомжгүй байна. Бид нарын нэхэмжлэлийн гол шаардлагын үндэслэл нь энэ болно.

Ямар нэгэн арилжаа дээр шууд дэлгүүрээс худалдан авалт хийгдээгүй, худалдах худалдан авах гэрээний дагуу өндөр дүнтэй худалдан авалт хийгдээд 2021 оноос хойш төлбөр тооцоо нь тооцоо нийлсэн актаар баталгаажигдаад санхүүгийнхээ тайландаа тусгаад, санхүүгийн тайлангийн он он тус бүр дээр нь аудитын байгууллага батлаад явчихсан газар. Энэ дээр бэлэн болон бэлэн бусаар тооцоо хийгдсэн гэсэн үг. Дээрээс нь нэмээд стоус гэж байгаа. Санхүүгийн тайлангийн олон улсын стандартыг нягтлан бодох бүртгэл дээр хөтөлдөг. Энэ дээр стоус 15 дээр худалдан авалтаар байгуулсан гэрээний ололт гэж байдаг. Тэгэхээр энэ ажил, гүйлгээ нь гэрээгээр хийгдсэн ажил, гүйлгээ байдаг. Гэрээгээр хийгдсэн ажил, гүйлгээний ихэнх төлбөрийг нь төлчихсөн, зөвхөн 467,000,000 төгрөгийн төлбөрийг төлөхөөр үлдэгдэлтэй байгаа гээд санхүүгийнхээ тайлан дээр тусгачихсан байна. Энэ 467,000,000 төгрөг нь манай өрийн үлдэгдэл. Энэ дээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн заалтын дагуу зөрчил гэж үзсэн. Зөрчил гэж үзсэн энэ хуулийн заалтыг харахад энэ дээр манай итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж тайлбарласанчлан нөатын падаан бичээгүй юм шиг, мөн хувь тэнцүүлж хасаагүй юм шиг гэсэн хуулийн заалт хэрэглээд үүнийг зөрчил гээд үзсэн. Тэгэхээр энэ бол хуулийг гажуудуулсан, огт өөрөөр ойлгосон, ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэсэн татварын акт байдаг. Тэгэхээр бид үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 9-өөс 15-ыг нэмэлтээр хэлж өгье. 9-өөс 15 дээр ямар нөхцөл хийх вэ гэхээр параграф 9-ийн д гэж байдаг. 9-ийн Д дээрээ худалдан авагчид нийлүүлчихсэн бараа үйлчилгээнийхээ хариуд авах эрхтэй болсон төлбөрийг тухайн аж ахуйн нэгж нь цуглуулан авах нэлээд их магадлалтай байх гэж байдаг. Тэгэхээр 2,1 тэрбум төгрөгийн худалдан авалтаас чинь 80% нь төлөгдчихсөн, зөвхөн 400 хэдэн сая төгрөг төлөгдөөгүй гээд санхүүгийнхээ тайлан дээр тусгагдаад үлдэгдлээр баталгаажчихсан. Гэрээ хийгдээд явж байгаа. Бодит гэрээ гэж харагдаж байна. Мөн параграф 15 дээр аж ахуйн нэгж нь худалдан авагчид бараа үйлчилгээ нийлүүлэх талаар биелэгдээгүй үлдсэн үүрэг буй бөгөөд тухайн худалдан авагчийн амласан бүх төлбөрийг аж ахуйн нэгж хүлээн авсан ба үүнийг буцаан олгохгүй гээд санхүүгийн тайландаа тусгаад бид ийм өртэй гээд тооцооны заалтаа баталгаажуулаад авчихсан. Тэгэхээр энэ дээр ямар ч тохиолдолд нягтлан бодох бүртгэл, стоус, санхүүгийн тайлангийн олон улсын стандарт талаасаа, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийнхаа талаас ч гэсэн ямар нэг татварын хуулийн зөрчил байхгүй гэж үзэж байна. Мөн энэ дээр татвартай холбоотой ямар нэгэн хохирол байхгүй гэж үзэж байна. Нөхөн ногдуулалтын актын 3 дахь хэсэг дээр 2023 онд тэрбум 462 сая төгрөгийн харьцаа хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил, гүйлээ хийж байна. Энэ дээр үнэ шилжилтийн тайлан гэж яриад байна. Үнэ шилжилт гэдгийг сүүлийн үед 2020 оноос хойш хэрэгжиж байгаа татварын багц хууль дээр нарийн тодорхой заасан...” гэв.

5. Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 2021 оны 11 дүгээр сард нийт 2,695,300,000 төгрөгийн дүнтэй тээврийн хэрэгслийнх нь тоо ширхэг нь 136 ширхэг чирэгч, 136 ширхэг чиргүүл авсан байдаг. Үүнийгээ худалдаж авахдаа зээлээр авсан зээлийн гэрээ, хяналт шалгалтын баримтад хавсралтаар авагдсан.

 Нийт 2,695,300,000  төгрөгийн дүнтэй энэ тээврийн хэрэгслийг худалдан авахад энэ төлбөрийг төлсөн гэдэг нь нотлогдоогүй. Санхүүгийн тайлан дээр өглөгөөр бүртгэсэн. 2023 оны шалгалтын хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд шалгасан байдаг. Өглөг нь 2021 онд авсан атлаа 2023 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар энэ өглөг баланс дээр энэ дүнгээрээ явж байдаг. Үүнийг төлсөн гэдэг нь нотлогддоггүй.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.5 дугаар заалт буюу албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь гэж байгаа. Нэхэмжлэлд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг татварыг хасаж тооцохгүй гэсэн заалтыг үндэслэж тус зөрчилд 46,727,272.73 төгрөгийн нөхөн татвар, 18,690,909.09 төгрөгийн торгууль, 21,842,196.36 төгрөгийн алданги тооцож төлбөр ноогдуулсан. 2,695,300,000 төгрөгийн тээврийн хэрэгсэл худалдаж авсан атлаа 467,272,727.27 төгрөгийн дүнтэй зөрчил илэрчхэв гэж байгаа. Энэ нь тус тээврийн хэрэгслийг худалдаж авснаас хойш тухайн компани нь бусад компаниуддаа тээврийн хэрэгслээ зарж борлуулсан борлуулалтдаа тусгасан байдаг. Мөн Сангийн сайдын тушаалыг үндэслээд шалгагдах хугацаанд борлуулсан дүнг нь хасаад, тухайн компани дээр байгаа тээврийн хэрэгслийн үлдэж байгаа өртөг дээр нөхөн ногдуулалт болон торгууль алдангийг бодсон.

2023 оны 1,432,789,000 төгрөгийн харилцан хамааралтай этгээд хооронд хийсэн ажил, гүйлгээг үнэ шилжилтийн тайланд тусгаагүй, тайлагнаагүй зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл, Татварын хууль зөрчих, 11 дээр харилцан хамааралтай этгээд хооронд хийсэн ажил, гүйлгээтэй холбоотой үнэ шилжилтийн тайланг татварын албанд хугацаанд нь гаргаагүй бол татварыг нөхөн төлүүлж, 11.3-д үнэ шилжилтийн ажил, гүйлгээний жилийн тайлангийн хувьд харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил, гүйлгээний нийт дүнгийн 2%-тай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалтыг үндэслэн тус зөрчилд 28,655,780 төгрөгийн торгуулийг ногдуулсан.

2023 онд “Амгалан севри” ХХК-д 1,432,789,000 төгрөгийн тээврийн хэрэгслийг шилжүүлсэн борлуулсан байдаг. Тухайн “Амгалан севри” ХХК-ийн захирал А.Мягмаржав гэдэг хүн “Говь хангайн зохицол” ХХК-ийг үүсгэн байгуулагч 2023 оны 06 дугаар сард Д.Одонтуяа гэдэг хүн рүү шилжсэн байдаг. Энэ нь татварын ай такс программ буюу бид нарын дотоод программ дээр шилжсэн нь харагддаг. Мөн опен дата гээд улсын бүртгэлийн хэлтсийн мэдээллийг авахад 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шилжсэнээр, гүйцэтгэх захирлаар шилжсэн мэдээлэл нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гэж опен дата дээр хүртэл харагдаж байдаг.

Нэхэмжлэлд хариу тайлбар гаргахад харилцан хамааралтай этгээд хооронд шилжсэн гээд байгаа зөрчлийг тус компани нь борлуулалтаа буюу аж ахуйн нэгж Нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгасан гэж үзэж байгаа. Энэ нь харилцан хамааралтай, үнэ шилжилт дээр үнийн дүнгийн хувьд шилжүүлсэн тооцоолол гараагүй. Тухайн харилцаа хамааралтай этгээд хооронд хийгдсэн энэ гүйлгээ борлуулалтынхаа дүнг үнэ шилжилтийнхээ тайлан дээр тусгаж өгөх ёстой байтал огт тайлагнаагүй байдаг.

Иймд тус харилцаа хамааралтай этгээд хооронд шилжүүлсэн, борлуулсан гээд байгаа 1,432,789,000 төгрөг дээр Зөрчлийн тухай хуулийнхаа 11.9 дүгээр заалтаар 28,655,780 төгрөгийн торгуулийг ногдуулсан. Тус компани нь “Амгалан севри” ХХК руу 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тээврийн хэрэгслийг шилжүүлсэн. Өөрсдийнх нь ирүүлсэн тээврийн хэрэгслийн борлуулалтын жагсаалт гэдгээс бүгд харагдана гэв.

5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.5 дээр татварыг төлсөн байж хасалт хийх эрх зүйн үндэслэл бүрдсэн. Сангийн сайдын 296 дугаар тушаал, 2015 оны 333 дугаар тушаал дээр мөн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журамд оруулах нэмэлт өөрчлөлт батлагдсан. Энэ 296 дугаар тушаалаар үндсэн хөрөнгийг худалдан авалт хийгээд хувь тэнцүүлэн хасаад явж байх хугацаанд борлуулсан бол тэдгээрийн хасагдаагүй үлдсэн албан татварыг тухайн сарын тайланд нийлбэр дүнгээр нь тусгаад хасалт хийнэ. Энэ журмыг үндэслээд бид нар нийт авсан төгрөгөөс шалгалтын явцад борлуулсан дүнг нь хасаад үлдэгдэл төлөгдөөгүй байгаа дүн дээр нь төлөгдөөгүй байж хасагдсан гэдэг энэ зөрчлийг гаргаж ирж актаа тавьсан.

Үнэ шилжилтийн тайлангаа тайлагнаагүй, үнэ шилжилт байхгүй гэж бид нар үзсэн. Үнэ шилжилтийн тайланг тайлагнаагүй учраас Сангийн сайдын журам батлах тухай гээд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 308 дугаар тушаалаар батлагдсан үнэ шилжилтийн тохируулга хийх хамгийн тохиромжтой аргыг сонгох, хэрэглэх журмын 8.3-д татвар төлөгч нь харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээг Татварын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлд заасан үнэ шилжилтийн тайлангаар мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж заасан.

Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд заасан үнэ шилжилтийн тайлангаа гаргаж ирүүлээгүй бол үнийн дүнгээ 2%-аар гэх заалтыг үндэслээд торгууль ноогдуулсан. Системд үнэ шилжилтийн тайлан гарч ирээгүй гэж яриад байна. Татвар төлөгч хүсэлтээ явуулаад тайлагнах үүрэг нь Татварын хуулиар олгогдсон, үүргээ биелүүлэх ёстой.

Нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалт тал нь аккруэл сууриар, нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалт тал нь мөнгөн сууриар явж байгаа. Татвар төлөгч өөрөө тайлангаа тайлагнаад илгээж байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг гаргахад төлбөр нь бэлэн болон бэлэн бусаар төлөгдсөн бол төлбөрийн даалгавраа бичээд, хэрэв төлөгдөөгүй бол нэхэмжлэхээ үүсгээд явж байгаад төлбөр нь төлөгдсөний дараа хасалт хийгдэхээр программ дээр хүртэл зохицуулалт хийгдсэн.

 Тэгэхээр энэ төлбөр төлөгдөөгүй байхад та нар төлөгдөөгүй байна гэдгээ тодорхойлоод нягтлан бодох бүртгэл дээрээ хүртэл өглөгөөр тусгачихсан. Өнөөдөр хүртэл энэ дээр нэг төгрөгийн ч төлбөр төлөгдөөгүй. Тухайн цаг хугацаанд буюу 2023 оны 11 дүгээр сард 136 чирэгч болон чиргүүлийг худалдан аваад түүний 2,695,300,000 төгрөгийг төлөх ёстой байтал түүнийг зээлээр авсан.

Зээлээр авсан бол нэхэмжлэх программ дээр үүсэх ёстой. Тэгээд 2022 ондоо 33 ширхэг чирэгч чиргүүлийг, 2023 ондоо 71 ширхэг чирэгч чиргүүлийг борлуулсан. Түүний төлбөр нь сая төлөгдсөн юм шиг яриад байна. Борлуулсан учраас бид нар энэ үлдэгдэл зөрүү 467,000,000 төгрөг төлөгдөөгүй гээд зөрчил гаргаж ирсэн. Яагаад борлуулсан эсэхийг хассан бэ гэдгээ түрүүнд тайлбарласан. Журмаа үндэслэсэн,  журам дээр хувь тэнцүүлээд явж байгаа үед тэр үлдэгдлийг бүрэн хасна гэсэн журмаар энэ борлуулсан авто тээврийн хэрэгсэлд нь ноогдох худалдан авалтыг нь хасаж тооцсон гэдгээ тайлбарласан.

Та нар төлбөр төлөгдөөгүй байхад нэхэмжлэхээ үүсгээд, төлөгдсөн нөхцөлд төлбөрийн баримт падаан болоод явдаг. Энэ системийг бүгд мэдэж байгаа. Тэгээд үнэ шилжилтийн ажил, гүйлгээний жилийн тайланг гаргахгүй юм шиг ярьчихлаа. Гэтэл тийм зүйл байхгүй. Үнэ шилжилтийн ажил, гүйлгээний жилийн тайланг аж ахуйн нэгж болгон гаргаад явж байгаа. Үнэ шилжилтийн ажил, гүйлгээний тайлан дээр харилцан хамааралтай этгээдүүд хоорондоо ямар нэгэн ажил, гүйлгээ хийгдсэн, зээл авсан бол тэр болгоноо гаргаж тайлагнах үүрэг нь хэвээрээ байгаа...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлд дурдсан Өмнөговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч нарын гаргасан 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №НА-11250000008 дугаар бүхий нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Өмнөговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч нар нь

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10а-1/762 тоот албан бичгээр ирүүлсэн мэдээллийг үндэслэн нэхэмжлэгч "Говь хангайн зохицол" ХХК-ийн 2021-2023 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийжээ.

  1. Уг шалгалтаар нэхэмжлэгчийг нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг

үндэслэлгүй хийсэн, татвар ногдуулах орлогыг бууруулсан, харилцан хамааралтай этгээдүүдтэй хийсэн ажил гүйлгээний үнэ шилжилтийн тайланг гаргаагүй зэрэг зөрчил гаргасан гэж үзэж, Татварын ерөнхий хууль болон Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг ногдуулж, №НА-11250000008 дугаартай "Нөхөн ногдуулалтын акт"-аар нийт 115,916,158.18 төгрөгийн төлбөр ногдуулсан бөгөөд үүнд нөхөн татвар, торгууль, алданги багтжээ.

  1. Нэхэмжлэгч татварын улсын байцаагч нарын тавьсан нөхөн ногдуулалтын

актын 1,3 дахь хэсэгт холбогдуулан маргасан.

  1. Маргаж буй нөхөн ногдуулалтын актаар нэмэгдсэн өртгийн албан татвар

ногдох зөрчлийг тогтоосон тухайд:

4.1. Нэхэмжлэгч тал маргахдаа: "Бид цахим төлбөрийн системд бүртгэгдсэн, нэхэмжлэх болон падаантай гүйлгээг тайлагнасан. Төлбөр тооцоог заавал бэлнээр эсвэл бүрэн дуусгасан байхыг хууль шаардаагүй, өр төлбөрийн үлдэгдэлтэй байх нь хасалт хийх эрхийг хязгаарлахгүй, өглөг авлагын тооцоог төлөх нь тодорхой байдлаар тайланд тусгасан санхүүгийн илэрхийллийг татварын хохирол гэж үзэх үндэслэлгүй…" гэж тайлбарладаг.

4.2. Хариуцагч татварын улсын байцаагчаас: "…Татвар төлөгч нь бодитоор төлбөрөө төлж, эдийн засгийн хувьд зардал гаргасан тохиолдолд хасалт хийх эрх үүснэ. Шалгалтаар 467,272,727 төгрөгийн өртөгт ногдох төлбөр төлөгдөөгүй, зөвхөн дансны бичилтээр хасалт хийсэн нь нэмэгдсэн өртгийн албан татварын суурь зарчмыг зөрчсөн" гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлж байна.

4.3. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.”Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно:” гээд 14.1.5-д “үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авах, импортлоход төлсөн албан татварыг дараах хугацаагаар хувь тэнцүүлэн хасагдуулна:”, 14.1.5.в-д “энэ хуулийн 14.1.5.а,14.1.5.б-д зааснаас бусад үндсэн хөрөнгийг шууд.” гэж тус тус зохицуулжээ.

4.4. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн талуудын тайлбар зэргээс дүгнэн үзэхэд, нэхэмжлэгч нь нэгэнт худалдан авалтдаа төлөөгүй байгаа нэмэгдсэн өртгийн албан татварыг татвар ногдуулах орлогоос хувь тэнцүүлэн хасч болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд маргаж буй нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгчийг нэмэгдсэн өртгийн албан татвар үндэслэлгүйгээр хасаж тооцсон гэж үзсэн нь үндэслэл бүхий байна.

4.5. Нэхэмжлэгч "Говь хангайн зохицол" ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа нийт 2,695,300,000.00 төгрөгийн үнэ бүхий 136 ширхэг чирэгч, 136 ширхэг чиргүүл худалдан авсан ажил гүйлгээг тусгаж, хасалт хийсэн байна.

4.6. Уг худалдан авалтыг 21-11-01-01 дүгээр бүхий "Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу гүйцэтгэсэн боловч тус компанийн өглөгийн товчооноос үзэхэд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар борлуулагч "Хероесвин" ХХК-д 2,695,300,000.00 төгрөгийн өглөгтэй буюу зээлээр худалдан авсан болох нь тогтоогджээ.

4.7. Татварын хяналт шалгалтаар нэхэмжлэгч компани нь 2022 онд 33 ширхэг, 2023 онд 72 ширхэг чирэгч болон чиргүүлийг бусдад худалдан борлуулж, шилжүүлсэн болохыг тогтоосон бөгөөд татварын улсын байцаагч нар нэхэмжлэгч компанийн үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл дээрх дансны үнийг борлуулсан тээврийн хэрэгслийн анхны өртөгтэй нэг бүрчлэн тулган тооцож үзээд, 462,727,272.73 төгрөгийн өртөг бүхий хөрөнгөд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг үндэслэлгүйгээр хасаж тооцсон гэж дүгнэжээ.

4.8. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн    14.5-д "Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан...-д тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй" гэж заасан зохицуулалтын агуулга нь татвар төлөгчөөс бэлтгэн нийлүүлэгчид татварыг бодитоор төлсөн байхыг хасалт хийх урьдчилсан нөхцөл болгодог.

4.9. Өөрөөр хэлбэл нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтын агуулга нь татвар төлөгчөөс бэлтгэн нийлүүлэгчид татварыг бодитоор төлж, эцсийн хэрэглэгч болсон тохиолдолд хэрэгждэг зохицуулалт юм.

4.10. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Татвар төлөгч нь "худалдан авсан" бараанд "төлсөн" албан татвараа хасаж тооцох эрхтэй”  бөгөөд мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр өмчлөх эрх бүрэн шилжиж, төлбөрийн үүрэг гүйцэтгэгдсэн байхыг ойлгохоор хуульчилсан.

4.11. Дээрх хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгч компани худалдан авсан тээврийн хэрэгслийнхээ төлбөрийг хэдий хэмжээгээр бодитоор төлнө, тэр хэмжээгээр нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг үе шаттай хийх ёстой байсан байна.

4.12. Хэрэгт цугларсан санхүүгийн анхан шатны баримтууд, талуудын хоорондын төлбөр тооцооны үлдэгдлийн баталгаа болон татварын хяналт шалгалтын баримтуудаар нэхэмжлэгч компани нь дээрх дүнгээр хасалт хийхдээ бодитоор мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй болох нь тогтоогдсон ба  хариуцагчаас ирээдүйд төлөхөөр тохирсон (зээлээр авсан) өр төлбөрт ногдох татварыг урьдчилан хассан гэж дүгнэн зөрчилд тооцсон нь үндэслэл бүхий байна.

4.13. Шүүх нэхэмжлэгчийн "цахим системд бүртгэгдсэн бол хасалт хийнэ" гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй, цахим систем (E-tax) нь зөвхөн бүртгэл, тайлагналын хэрэгсэл бөгөөд татвар төлөгчийг хуульд заасан "төлбөр төлсөн байх" бодит үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж дүгнэв.

4.14. Иймд татварын улсын байцаагч төлбөр нь төлөгдөөгүй 467,272,727 төгрөгийн өртөгт ногдох 46,727,272.73 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн ногдуулж, торгууль, алданги тооцсон нь үндэслэлтэй байна.

  1. Үнэ шилжилтийн тайлангийн зөрчлийн тухайд:

5.1. Хариуцагч Өмнөговь аймгийн Татварын байцаагч нар нэхэмжлэгч "Говь хангайн зохицол" ХХК-ийг 2023 онд харилцан хамааралтай этгээд болох "Амгалан севри" ХХК-тай 1,432,789,000 төгрөгийн тээврийн хэрэгсэл борлуулсан ажил гүйлгээг үнэ шилжилтийн тайланд тусгаж, татварын албанд тайлагнаагүй зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3-д заасны дагуу 28,655,780 төгрөгийн торгууль ногдуулжээ. 

5.2. Нэхэмжлэгч тал маргахдаа: "Бид 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай компани, манай компани болон "Амгалан севри" ХХК нь харилцан хамааралтай этгээд биш. Мөн татварын цахим системд үнэ шилжилтийн тайлан гаргах цонх ирээгүй тул тайлагнах боломжгүй байсан" гэж тайлбарладаг.

5.3. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн  27 дугаар зүйлийн 27.1-д “Нэг этгээд нөгөө этгээдийн, эсхүл уг этгээдүүд нь хоёр болон түүнээс дээш хуулийн этгээдийн хөрөнгө, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох замаар хоорондоо хийх ажил гүйлгээний нөхцөл, эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой доор дурдсан этгээдийг хоорондоо харилцан хамааралтай этгээд гэж үзнэ:”, 27.2-т “Хувь нийлүүлэгчид шууд болон шууд бусаар аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны шийдвэр гаргахад нэгдмэл байр суурьтай оролцохоор хэлцэл байгуулж, уг хэлцлийн үндсэн дээр шийдвэр гаргадаг бол тухайн хувь нийлүүлэгч этгээдийг энэ хуулийн 27.1.3, 27.1.4, 27.1.5, 27.1.6-д заасан хувь, оролцооны хувьд нэг этгээд гэж үзнэ.” , 27.3-д “Шууд бус оролцоог тодорхойлохдоо шууд оролцооны хувиудын үржвэрээр тодорхойлно. Шууд оролцоо нь 50 хувиас дээш байвал 100 хувийн оролцоотой гэж үзнэ.” гэж заажээ.

5.4. Татварын хяналт шалгалтаар Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10а-1/762 тоот албан бичигт дурдсан нэхэмжлэгч "Говь хангайн зохицол" ХХК болон түүний удирдлагуудын харилцан хамаарлыг систем дэх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар,  хувьцаа эзэмшигч А.Мягмаржав болон  гүйцэтгэх захирал Д.Одонтуяа нарын гэр бүлийн болон оршин суугаа хаягийн хамаарлаар  тогтоосон байна.

5.5. Тодруулбал, тус компанийн гүйцэтгэх захирал Д.Одонтуяа нь "Хос ялгуун" ХХК (100%), "Залаат ноён хайрхан" ХХК (100%), "Ирээдүйн үндэс" ХХК (100%), "Өмнөд үйлс" ХХК (100%) зэрэг компаниудыг эзэмшдэг бөгөөд "Баялаг хатанбулаг хөгжил" ХХК болон "Ньюлайн глобал" ХХК-иудад хувь эзэмшилтэй болох нь нотлогджээ. 

5.6. Мөн "Говь хангайн зохицол" ХХК-ийн үүсгэн байгуулагч А.Мягмаржав нь "Амгалан севри" ХХК (100%) болон "Түвшин өргүүр" ХХК (100%)-ийг эзэмшдэг байна.

5.7.  Эдгээр компаниуд нь хоорондоо нэгдмэл сонирхолтой, удирдлага болон хөрөнгийн хяналтын хувьд шууд болон шууд бусаар оролцоотой этгээдүүд бөгөөд Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан "харилцан хамааралтай этгээд" мөн болохыг дээрх байдлаар баталгаажуулсан байна.

5.8. Нэхэмжлэгч "Говь хангайн зохицол" ХХК нь өөрийн харилцан хамааралтай этгээд болох "Амгалан севри" ХХК-тай 2023 онд нийт 1,432,789,000.00 төгрөгийн тээврийн хэрэгсэл борлуулсан ажил гүйлгээ хийсэн болох нь хяналт шалгалтаар тогтоогдсон, энэ тохиолдолд татвар төлөгч нь харилцан хамааралтай этгээдтэй хийсэн борлуулалтын ажил гүйлгээний тайланг Татварын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д заасны дагуу "Үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлан"-аар тайлагнах үүрэгтэй байсан гэж үзнэ.

5.9. Энэ үүргээ биелүүлээгүй татвар төлөгчийг Зөрчлийн тухай хуулийн 11.19

дүгээр зүйлийн 11-д “Харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээтэй холбоотой үнэ шилжилтийн тайланг татварын албанд хугацаанд нь гаргаагүй бол татварыг нөхөн төлүүлж:” гээд 11.3-д “үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлангийн хувьд харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээний нийт дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж зааснаар хариуцлага тооцох тул тухайн ажил гүйлгээний нийт дүн болох 1,432,789,000.00 төгрөгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний буюу 28,655,780.00 төгрөгийн торгууль ногдуулсан татварын улсын байцаагчийн акт хууль зүйн үндэслэлтэй  байна.

5.10. Нэхэмжлэгчийн "Татварын цахим системд манай тайлагнах ёстой жагсаалтад ороогүй, системд энэ цонх гараагүй тул тайлагнаагүй" гэх тайлбар үндэслэлгүй, харилцан хамааралтай этгээдүүдийн хооронд хийгдсэн ажил гүйлгээг үнэн зөв тайлагнах нь татвар төлөгчийн хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд системийн техникийн нөхцөл байдал нь хууль биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

5.11.  Нэхэмжлэгчийн “…нөхөн ногдуулалтын актын салшгүй хэсэг болох  Маягт-ХШ06/02 ийн илрүүлсэн зөрчлийн хэсгийн 3-д “төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлого” гэсэн зөрчлийн утга оруулсан, мөн хариуцлага тооцсон заалт нь Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсгийн заалт байгаа нь ойлгомжгүй илт алдаатай…” гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

5.12.  Учир нь хариуцагч хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “…энэ зөрчилд алданги бодох хуулийн зохицуулалт байдаггүй тул программд алдангийн утгыг заавал сонгохгүй бол зөрчлийн торгуулийн дүн бодогддоггүй, цааш үйлдэл хийх боломжгүй болдог тул ерөнхий зохицуулалтын хуулийн заалтыг оруулж хийсэн. Энэ нь татварын программын дотоод алдаа бөгөөд нөхөн ногдуулалтын актын Тогтоох хэсгийн 3-д тодорхой тусгаж бичсэн…” гэх тайлбарласан бөгөөд энэ нь нөхөн ногдуулалтын актын үндсэн агуулгыг үгүйсгэх шалтгаан болохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 38 дугаар зүйлийн 38.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч "Говь хангайн зохицол" ХХК-ийн гаргасан "Өмнөговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №НА-11250000008 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болсугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.БАЯРМАА

2026 оны 04 сарын 03-ны өдөр                        Дугаар 120/ШШ2026/0017                                       Өмнөговь аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС