Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2018/0144

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2018/0144

Улаанбаатар хот

 

 

 

 

Б.Н-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч С.А нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 110/ШШ2017/0073 дугаар шийдвэртэй, Б.Н-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 110/ШШ2017/0073 дугаар шийдвэрээр: 3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-д заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Багийн Засаг дарга нарыг ажлаас чөлөөлж, томилох тухай Б/37 дугаар захирамжийн тус сумын 3 дугаар багийн Засаг даргын албан тушаалаас Б.Н-ийг чөлөөлсөн хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгwй болгож,

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Н-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Багийн засаг дарга нарыг ажлаас чөлөөлж, томилох тухай” Б/37 дугаар захирамжийн тус сумын 3 дугаар багийн засах даргаар А.Ж-ыг томилсон хэсгийг хүчингүй болгож, Б.Н-ийг Бугат сумын 3 дугаар багийн Засаг даргаар томилохыг тус сумын Засаг даргад даалгаж, үлдсэн хэсгийг болох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “ ... Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 10 дугаар тогтоол, түүний хавсралтын хамт одоо орон нутагт хэвээр үйлчилж байгаа. Энэ тогтоолыг ямар ч албан тушаалтан, ямар ч байгууллага, шүүх хүчингүй болгоогүй.

Уг тогтоолын талаар Бугат сумын 3 дугаар багийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид, төлөөлөгчид гомдол эсэргүүцэл гаргаагүй.

Уг багийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид Засаг дарга нь хүлээж авч сонгогчид болон сонгуульд нэр дэвшигчдэд танилцуулсан. Сонгогчид нэр дэвшигчдээс хэн ч гомдол гаргаагүй.

Энэ 10 дугаар тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар манай орон нутагт биелэж байгаа тул анхан шатны шүүхийн 110/ШШ2017/0073 дугаар шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж, хуулийг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн иргэдийн нийтийн Хурлын Тэргүүлэгчид “Санал хураалтад оролцсон иргэдийн 54,7 хувийн саналыг авсан Бияхын овогтой Н-ийг багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг дарга /Х.Х/-д уламжилсан” 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1 дүгээр тогтоолыг сумын Засаг даргад хүргүүлжээ.

Бугат сумын Засаг дарга тус тогтоолыг хүлээн авч 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 53 дугаар албан бичгээр ... Б.Н нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан журмын 1, 2 дугаар заалтад Багийн Засаг даргад нэр дэвшигч нь “дээд боловсролтой” байх гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж багийн Засаг даргаар томилохоос татгалзсан байна.  

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д багийн Засаг даргад нэр дэвшигчид тавигдах шаардлагыг заасны дотор “дээд боловсролтой байх” шаардлага байхгүй байхад Б.Н-ийг хуульд заагаагүй үндэслэлээр томилохоос татгалзсаныг хууль бус талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

            Хариуцагч давж заалдах гомдолдоо “... Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 10 дугаар тогтоол, түүний хавсралтын хамт одоо орон нутагт хэвээр үйлчилж байгаа. Энэ тогтоолыг ямар ч албан тушаалтан, ямар ч байгууллага, шүүх хүчингүй болгоогүй” гэжээ.

Багийн Засаг даргад нэр дэвшигчид хуульд заагаагүй “дээд боловсролтой байх” гэсэн шаардлагыг журамласан Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хууль ёсны шийдвэр гэж үзэх үндэслэлгүй.

Бугат сумын Засаг дарга нь бүхий л үйл ажиллагаандаа “хууль дээдлэх” зарчмыг баримтлах үүрэгтэй бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу багийн Засаг даргад нэр дэвшигчийг томилох эсэх асуудлыг шийдвэрлэх  атал хуульд нийцээгүй багийн иргэдийн нийтийн Хурлын тогтоолыг үндэслэж, Б.Н-ийг Засаг даргаар томилохоос татгалзсан нь хууль бус байна.

Шүүх гагцхүү хуульд захирагдах бөгөөд шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагын дагуу хууль зөрчсөн иргэдийн нийтийн Хурлын тогтоолыг биш, дээрх хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 110/ШШ2017/0073 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                          Э.ХАЛИУНБАЯР  

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ