Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 791

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, шүүгч С.Төмөрбат, Н.Дамдинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: О*****гийн Э*********а /РД:Л********/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга, Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт тус тус холбогдох 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны үед багасгаж шаардлага: “...О.Э*********аг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын ажилтнаар томилох шийдвэр гаргаагүй Цагдаагийн ерөнхий газрын дарга, Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ажилгүй байсан 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны цалин төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Са********л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цэ***н-О*****р, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О****н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Э*********а шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...Миний бие нь Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт жижүүрийн офицероор ажиллаж байгаад 2012 оны 12 дугаар сард жирэмсний амралтаа авсан. 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүү Б.На******рыг төрүүлж, 2013 оны 3, 4 дүгээр саруудад төрсний дараах 2 сарын чөлөө, мөн 2013 оны 5 дугаар сард тухайн оны ээлжийн амралтаа авсан. Түүнээс хойш 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүүхэд асрах чөлөөг 3 сараар авах тухай өргөдлийг тухайн байгууллагадаа гаргаснаар Цагдаагийн ерөнхий газрын 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 369 дүгээр тушаалаар хөдөлмөрийн хуульд заасны дагуу хүүхэд асрах чөлөөг авсан. Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар миний хүүхэд асрах чөлөө нь 1 жил хүртэлх хугацаагаар олгогдсон боловч Хөдөлмөрийн тухай хуульд заасан хүссэн үедээ ажилдаа орох хуулийн зохицуулалт байсан учир миний хувьд банкинд цалингийн зээл, орон сууцны зээлтэй байсан зэргийг бодолцон амьдралын шаардлагаар цагдаагийн газрын удирдлагад ажилдаа орох хүсэлт гаргасан. 

Мөн тухайн үед миний жижүүрийн офицероор ажиллаж байсан ажлын байрыг хөхүүл хүүхэдтэй хүнд тохирохгүй, хөдөлмөрийн хууль зөрчигдөнө гэсэн шийдвэрийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтсийн удирдлагын зүгээс гаргаж, миний ажлын байранд өөр хүнийг томилсон. 

Гэвч ажлын орон байрыг тухайн байгууллага нь гаргаж өгөөгүйгээс миний хувьд ажилгүй явсан ба ажлын байр гарган өгч, эгүүлэн ажилд авах тухай хүсэлтийг би 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр, 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрүүдэд тус тус бичгээр гаргаж, өргөдлөө өгсөн боловч уг хүсэлтийг шийдвэрлэж ажилд томилох шийдвэр гаргаагүйн улмаас 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл би ажилгүй, 10 сарын хугацаанд цалин хөлсгүй явсан юм. Намайг хүүхэд асрах чөлөө авсан 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 2013 оны 6 дугаар сарын 30-ны хувьцаа миний ажлын байранд ахмад Эн****дыг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар миний ажиллаж байсан жижүүрийн офицерийн албан тушаалд томилж хууль зөрчсөн байдаг. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд албан тушаал хэвээр хадгалагдах заалт, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж зааснаар ажилд томилох үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан учраас өрхийн эдийн засаг хүндэрч, эрсдэл хүлээсэн. 

Иймд О.Э*********аг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын ажилтнаар томилох шийдвэр гаргаагүй Цагдаагийн ерөнхий газрын дарга, Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ажилгүй байсан 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны цалин төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга О.Чи****с шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О****н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...О.Э*********а Цагдаагийн ерөнхий газрын даргын 2012 оны 109 дүгээр тушаалаар Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт жижүүрийн офицероор томилогдон ажиллаж, 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдөр амаржиж, 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдөл гаргасан тул Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 369 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2 жил хүртэлх хугацаагаар хүүхэд асрах чөлөө олгосон. 

О.Э*********а ажилдаа эргэн орох тухай хүсэлтийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гаргасныг тус газар хүлээн авч, түүний эрхэлж байсан албан тушаалд өөр алба хаагч томилогдсон, жижүүрийн офицерийн албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалын сул орон тоо байхгүй талаар хариуг амаар мэдэгдэж, түүний өргөдөлд энэ талаар тэмдэглэл үйлдсэн байна. 

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т “Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дах хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ” гэж заажээ. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана гэж заасан. 

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас өргөдөл гаргагч О.Э*********ад хариу мэдэгдсэн боловч тэрээр хуульд заасан хугацаанд шууд харьяалах дээд шатны байгууллага буюу Цагдаагийн ерөнхий газрын даргад гомдол гаргаагүй байна. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй талаар заасан. 

Үүнээс үзэхэд О.Э*********агийн шүүхэд гаргасан гомдол нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. 

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-т зааснаар О.Э*****гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О****н шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: 

“...О.Э*********а анх 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажилдаа орох талаар өргөдөл өгсөн байдаг. Тэр өргөдлийг Сүхбаатар дахь аймгийн Цагдаагийн газраас хүлээж авсан. Одоогоор сул орон тоо байхгүй учраас томилох боломжгүй байна гэсэн хариу өгсөн байдаг. 2014 оны 03 дугаар сард дахин өргөдөл гаргаж Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газраар уламжилна Цагдаагийн ерөнхий газарт 2014 оны 06 дугаар сард очиж энэ асуудал шийдвэрлэгдсэн. О.Э*********агийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хугацааны хувьд өмнө би хэлсэн. 2013 оны 09 дүгээр сард анх ажилдаа орох өргөдлөө өгөөд хариугаа авсан байдаг. О.Э*********а нэхэмжлэлээ 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхэд гаргасан байсан бөгөөд үүгээр би юу хэлэх гээд байгаа вэ гэхээр тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хугацааг бол зөрчсөн байгаа. 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан өргөдөлд нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу О.Э*********ад мэдэгдсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч н.Лх*******ны мэдүүлгийг анхаарч үзээсэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Улс орны эдийн засаг хүндэрч Цагдаагийн байгууллагын зардал танагдсан” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч О.Э*********а нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2012 оны 109 дүгээр тушаалаар Сүхбаатар аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст жижүүрийн офицероор томилогдон ажиллаж байгаад 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Цэ*******үд хандан “Цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицер ажилтай О.Э*********а би 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүүхэд төрүүлсэн ба жирэмсний дараах ба ээлжийн амралтыг авч хугацаа дууссан. Одоо хуульд заасны дагуу хүүхэд асрах чөлөөг 3 сараар авах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү” гэж хандсаны дагуу хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 369 дүгээр “Ажлаас чөлөөлж томилох, чөлөө олгох, цуцлах, тушаалын заалт хүчингүй болгох, шагнах тухай” тушаалаар нэхэмжлэгч О.Э*********ад Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг үндэслэн 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хоёр жил хүртэлх хугацаагаар хүүхэд асрах чөлөө олгожээ. 

Улмаар нэхэмжлэгч О.Э*********а 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн дарга Г.Цэ*******үд хандан “... О.Э*********а би 2013 оны 06 дугаар сарын 03-нд хүүхэд асрах чөлөөг 3 сараар авах хүсэлтийг гаргасан. Одоо миний хүү 7 сартай болсон ба амьдралын шаардлагаар ажилдаа орох хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү” гэж өргөдөл гаргасан болох нь тус хэлтсийн өргөдөл бүртгэлийн дэвтэрт хийсэн баримт бичгийн үзлэг, уг өргөдөл дээр хийсэн “д/х Лх*******нд: Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтэст танилцуулж, шийдвэрлүүлэх /09.24/, С.Эр*******ад: Орон тоо гартал түр хойшлуулах хариуг нь өг /10.01/” гэх цохолтуудаар тус тус тогтоогдож байна.

Гэвч хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн зүгээс нэхэмжлэгчид бичгээр хариу өгөөгүй, гэрч Н.Лх*******н, С.Эр*******а нар нь утсаар болон биеэр хариу өгсөн гэх боловч энэ талаар үйлдсэн тэмдэглэл байхгүй тул Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлд “1.Өргөдөлд дурдсан асуудлыг шууд шийдвэрлэх боломжтой бол зохих шийдвэрийг гаргана. 2.Шууд шийдвэрлэх боломжгүй бөгөөд удаан хугацаанд шийдвэрлэгдэх асуудал /орон сууц олгуулах гэх мэт/-аар гаргасан өргөдлийг тусгай бүртгэлд бүртгэж, шийдвэрлэлтэд хяналт тавина. 3.Гомдлыг албан тушаалтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ. 4.Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ. 5.Хариуг амаар, харилцах утсаар мэдэгдсэн бол энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчид хариу өгсөн, өргөдлийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газраас хариуцагч Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсэн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 43-2/547 тоот “Танилцуулга хүргүүлэх тухай” албан бичигт “...хэлтсийн дарга Г.Цэ*******ү болон дэд дарга Н.Лх*******н нар Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн байцаагч Д.До*************нтэй утсаар холбогдож танилцуулахад орон тоо байхгүй тул түр хугацаагаар хойшлуулах шийдвэр өгсөн ба уг өргөдлийг тухай үед Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлээгүй”, гэрч Д.До*************нгийн “...энэ асуудлаар надаас тухайн үед тодруулж асуусныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлгээс тус тус дүгнэхэд хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэс нь нэхэмжлэгчийн 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй, шийдвэрлэхээр Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлээгүй нь нотлогдож байна.

Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэс /сүүлд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 735 дугаар тушаалаар “Цагдаагийн газар” болон өөрчлөн зохион байгуулагдсан/ нэхэмжлэгч О.Э*********агийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй тул 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргад дахин хандаж ажилдаа орохыг хүссэний дагуу 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн тус хэлтсийн даргын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар нэхэмжлэгч О.Э*********агийн ажилд орохыг хүссэн өргөдлийг хэлэлцэн 05 дугаар тэмдэглэл үйлдэн О.Э*********аг хэсгийн байцаагчаар томилуулахаар материалыг хариуцагч Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын 2012-2014 оны ирсэн албан бичгийн болон өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэр, Цагдаагийн албан хаагчдаас Цагдаагийн ерөнхий газрын даргад хандсан өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэр, Иргэд, аж ахуйн нэгжээс Цагдаагийн ерөнхий газарт хандсан өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэрт тус тус үзлэг хийхэд хариуцагч Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газраас нэхэмжлэгч О.Э*********агийн 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлүүлэхээр хариуцагч Цагдаагийн ерөнхий газарт ирүүлээгүй болох нь тогтоогдож байх бөгөөд 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн өргөдлийг тус хэлтсийн даргын Зөвлөлийн 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн боловч тус газарт ирүүлсэн бүртгэл байхгүй байна.

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын зүгээс нэхэмжлэгч О.Э*********агийн сүүлд гаргасан 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн өргөдөл, Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл зэргийг үндэслэн 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Сүхбаатар аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсээс гаргасан нэхэмжлэгч О.Э*********агийн ажил байдлын тодорхойлолтын дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 400 дүгээр “Ажлаас чөлөөлж томилох, албан тушаалын цол олгох, хүүхэд асрах чөлөөг олгох, цуцлах, албанаас чөлөөлөх, халах, цол хураах, цэргийн алба хаасны тэтгэвэр гаргах, тэтгэмж олгох тухай” тушаалаар нэхэмжлэгч Э*********ад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны 369 дүгээр тушаалаар олгосон хүүхэд асрах чөлөөг энэ оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс цуцалж, тус албан тушаалаас мөн өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 06 дугаар сарын 10-ны өдрөөс мөн хэлтэст хэсгийн байцаагчаар томилсон байна. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч О.Э*********агийн сүүлийн өргөдлийг хариуцагч Цагдаагийн ерөнхий газарт ирүүлсэн баримт байхгүй, тус газарт хийсэн баримт бичгийн үзлэгээр тогтоогдохгүй байх хэдий ч хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга нь Сүхбаатар аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсээс ирүүлсэн 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн тодорхойлолтыг үндэслэн томилсонтой нэхэмжлэгч, хариуцагч талууд маргаагүй, Цагдаагийн ерөнхий газрын дарга нь 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар нэхэмжлэгчийг ажилд томилон өргөдлийг хуулийн хугацаанд багтаан шийдвэрлэсэн нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасныг зөрчөөгүй байх тул “өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй” байсан гэж дүгнэх боломжгүй.

Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар захирамжаар “О.Э*********агийн Сүхбаатар аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргах” хугацааг сэргээж, мөн шүүхийн шүүгчийн 5 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар захирамжаар “тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш” гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсний дагуу тус шүүхэд 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “О.Э*********агийн шүүхэд гаргасан нэхэмжлэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэх тайлбар үндэслэлгүй байна. 

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.” Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална: жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа;”, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлд “2.Шууд шийдвэрлэх боломжгүй бөгөөд удаан хугацаанд шийдвэрлэгдэх асуудал /орон сууц олгуулах гэх мэт/-аар гаргасан өргөдлийг тусгай бүртгэлд бүртгэж, шийдвэрлэлтэд хяналт тавина. 3.Гомдлыг албан тушаалтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ. 4.Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ. 5.Хариуг амаар, харилцах утсаар мэдэгдсэн бол энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ.” 16 дугаар зүйлийн 16.1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч О.Э*********агийн Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт хандан 2013 оны 09 дүгээр сарын 20, 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр тус тус гаргасан өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны 7 сарын 19 хоног /ажлын 15 хоног/-ийн цалинг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газраас гаргуулж нэхэмжлэгч О.Э*********ад олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын хувьд нэхэмжлэгч О.Э*********агийн гаргасан өргөдлийг мэдмэгцээ хуулийн хугацаанд багтаан шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн шаардлагын Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

                 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.7, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.3, 15.4, 15.5, 16.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч О.Э*********агийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж О.Э*********аг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын ажилтнаар томилох шийдвэр гаргахтай холбоотой өргөдлийг шийдвэрлээгүй хариуцагч Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдөл гаргасан 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр буюу Цагдаагийн ерөнхий газрын даргад мэдэгдэх хүртэл хугацааны 5858116 /Таван сая найман зуун тавин найман мянга нэг зуун арван зургаа/ төгрөгийг тус газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, харин Цагдаагийн ерөнхий газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч О.Э*********агийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Э*********ад олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ОДМАА

                               ШҮҮГЧ                                С.ТӨМӨРБАТ

                                                                                  Н.ДАМДИНСҮРЭН