Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 89

 

Э.Э-, С.М- нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                            Ц.Амаржаргал

                                                           Б.Манлайбаатар                            

Прокурор                                          Ц.Ариунжаргал

Яллагдагчийн өмгөөлөгч                 Ц.Рашзэвэг 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцож,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Солонгын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурор Ц.Ариунжаргалын давж заалдах эсэргүүцлээр Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э-, С.М- нарт холбогдох эрүүгийн 201212000186 тоот эрүүгийн 6 хавтас хэргийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1981 онд Ховд аймгийн Дуут суманд төрсөн, эрэгтэй 35 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт татагдах үедээ 0131 дүгээр  ангийн 0153 дугаар салбарт жагсаалын дарга ажилтай байсан, одоо  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сум Дундсайханы 3-16 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Э-ын Э / РД: **********/     

2. Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт татагдах үедээ 0131 дүгээр ангийн 0153 дугаар салбарт харуулын дарга ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо Алтайн 7-207 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Х овогт С-ын М /**********/

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

-Яллагдагч Э.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн шөнө 24 цагийн орчим Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэн-Ус багийн нутаг дэвсгэр Шүүлэн булаг гэх газар хилийн 0131 дүгээр ангийн 0153 дугаар салбарын байранд Б.Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний бие эрх чөлөөнд халдан зодож, тархинд нь хүнд гэмтэл учруулсны улмаас Б.Э-ын амь насыг хохироож хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар,

       -Яллагдагч С.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2012 оны 06 дугаар сарын 01-ны өдрийн шөнө 23 цагийн орчим Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг дэвсгэр Дэрсэн-Ус багийн Шүүлэн булаг гэх газар хилийн цэргийн 0131 дүгээр ангийн 0153 дугаар салбарын байранд бусдыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан М.У-ын эрх чөлөөнд халдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх Э.Э-, С.М- нарт холбогдох хэргийг хүлээн авч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.2, 230 дугаар зүйлийн 230.1.2, 230.1.3 дахь хэсэгт зааснаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаажээ.

Шүүгчийн 341 дүгээр захирамжийг эс зөвшөөрч Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал шүүхэд ирүүлсэн давж заалдах эсэргүүцэлдээ:

...Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан нь шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна. Хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан шүүгчийн захирамжийн үндэслэлгүй гэж үзэж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дээрх гэмт хэрэг нь 2012 оны 06 дугаар сарын 01-ний шөнө 24 цагийн үед гарсан болох нь тогтоогдсон байхад шүүх А.Ц-ын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлгийг үндэслэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж байгаа нь байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдын чирэгдүүлэхэд хүргэж байна. Түүнчлэн  шүүх эмнэлгийн шинжээч нарын гаргасан дээрх дүгнэлтүүдэд талийгаач Б.Э-ын биед учирсан гэмтлүүд нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн болохыг тодорхой дурдсан байх тул энэ талаар дахин шалгах шаардлагагүй. Гэрч Б.Э, А.Ц, Т.С нар нь гэмт хэрэг гарах үед тухайн гэмт хэргийн газарт байгаагүй боловч өөрсдийн сонссон, мэдэх зүйлийн талаар удаа дараа, тогтвортойгоор мэдүүлэг өгсөн байхад тэдний мэдүүлэг яг ямар зүйлийн талаар зөрүүтэй байгаг дурьдаагүйгээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан байна.

Иймд шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 30 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах заалдах шатны шүүх хуралдаанд онлайнаар оролцсон прокурор Ц.Ариунжаргал бичсэн эсэргүүцлээ дэмжиж гаргасан тайлбар дүгнэлтэндээ: 

Анхан шатны шүүх хэргийг хүлээж аваад хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан гэж үзээд эсэргүүцэл бичсэн. Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Э.Э-, С.М- нарын үйлдсэн хэрэг нь 2012 оны 06 дугаар сарын 01-ны өдрийн 24 цагийн орчим гарсан гэдэг нь хангалттай нотлогдсн байхад гэрч А.Ц-ын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн мэдүүлэгт “2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр” гэж бичсэн техникийн шинжтэй алдааг үндэслэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах боломжгүй. Түүнчлэн талийгаач Б.Э- нь тархины хатуу бүрхүүлийн доорхи цусан хураа гэмтлийн улмаас нас барсан болох нь шинжээч эмч болон давтан шинжилгээ, дүгнэлтүүдээр хангалттай нотллогдсон бөгөөд шүүх эмнэлэгийн дүгнэлтээр түүний биед учирсан бусад гэмтлүүд нь хөнгөн гэмтэл түүний дотор зүүн чихний дэлбээн дээд хэсгийн шарх нь цохилтын улмаас, бусад гэмтлүүд нь маажих, чирэх зэргийн улмаас үүсэх боломжтой гэсэн дүгнэлт гаргасан байхад түүнийг тогтоох шаардлагатай гэсэн нь мөн үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн хэрэгт гэрчээр байцаагдсан Б.Э, А.Ц-, Т.С- нар ньгэмт хэрэг гарах үед тухайн гэмт хэргийн газарт байгаагүй бөгөөд өөрсдийн сонссон болон мэдэх зүйлийнхээ талаар удаа дараа тогтвортой мэдүүлэг өгсөн, тэдний мэдүүлгийн яг ямар зүйлийн талаар зөрүүтэй байгаа, түүнийг хэрэхн арилгах талар заагаагүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Ц.Рашзэвэг тайлбартаа:

Шүүх хуралдаанд оролцсон прокурорын эсэрүүцэл болон түүний тайлбар дүгнэлтийг сонслоо. Би шүүх хуралдаанд оролцсон прокурорын эсэргүүцэл, тайлбар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Энэ гэмт хэргийн улмаас Б.Э-ын амь нас хохирсон бөгөөд түүний амь насыг хэн хохироосон бэ гэдэг нь маргаантай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг хаана гарсан бэ гэдгийг нарийвчлан тогтоогоогүй учраас удаа дараа гомдол гаргасан боловч хийвэл зохих ажиллагаануудыг бүрэн гүйцэд хийхгүй байгаагийн улмаас 4 дэх жилийн нүүрийг үзэж байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж Улсын дээд шүүхийн тогтоолд заасан ажиллагаануудыг хийгээгүй заримыг нь хийсэн боловч дутуу, гүйцэд биш хийсний улмаас хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн буцаасан үндэслэлийг дэмжиж байна.

Энэ гэмт хэргийг Э.Э- үйлдсэн гэж байгаа боловч түүнийг үйлдсэн гэдэг нь хангалттай нотлогдоогүй, С.М- мөрдөн байцаалтанд өөрийн мэдүүлгийг өөрчилсөн, гэрч А.Ц- ч гэсэн мэдүүлгээ өөрчилсөн байдаг. Мөн түүнчлэн хэрэг үйлдсэн гэж шалгагдаж байгаа С.М- гэж хэн бэ, Э.Э- гэж хэн бэ гэдэг ч дүгнэлт хийх ёстой. С.М- бол Улаанбаатар хотод цагдаа байсан хүн, яаж мэдүүлэг өгөхөө сайн мэднэ, гэтэл Э.Э- бол хөдөөний хүн яаж мэдүүлэг өгөхөө мэдэхгүй тийм л хүн. Энэ гэмт хэргийг Э.Э- үйлдсэн гэж 10 жилийн хорих ял оногдуулж байсан, гэтэл жинхэнэ гэмт хэрэг үйлдсэн хүн нь ял завшиж хоцорсон. Ийм учраас хэргийг мөрдөн байцаалтанд буцааж хийх ёстой ажиллагаануудыг бүрэн гүйцэд хийх ёстой гэж үзэж байна. Ийм учраас шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Тодорхойлох нь:

Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг дэвсгэр Дэрсэн-Ус багийн Шүүлэн булаг хэмээх газарт байрлах хилийн цэргийн 0131 дүгээр ангийн 0153 дугаар салбарт жагсаалын дарга ажилтай байсан Э.Э-, харуулын дарга ажилтай байсан С.М- нар нь 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Эх үрсийн баяр тэмдэглэж архидан согтуурч шөнийн 23-24 цагийн орчим  Э.Э- нь тус салбарын орлогч дарга Б.Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зодолдон түүний биед амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулж, улмаар Б.Э- нас барсан, С.М- нь тус салбарын орлогч дарга М.У-тай маргалдаж, догшин авирлаж танхайран түүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэж Өмнөговь аймгийн Прокурорын газраас Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар, С.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Э.Э-, С.М- нарт холбогдох хэргийг хүлээн авч нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан байна.

Анхан шатны шүүхийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 хэсэгт заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, захирамжинд заасан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан үндэслэл нь хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Анхан шатны шүүх хэргийг шүүхэд шилжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, хэрэгт цугларсан нотлох баримтанд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан хэргийг шүүхэд шилжүүлсэн  хэмжээний дотор, яллах дүгнэлтийн хүрээнд хянан шийдвэрлэх, гэрч А.Ц-ын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн мэдүүлэгт хэрэг гарсан огноог “2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр” гэж ташаа бичсэн, шинжээч эмч С.Даваасамбуугийн мэдүүлэгт дурдсан “талийгаачийн зүүн чихний дэлбэнгийн урагдал нь ирмэгтэй, гадны зүйлийн үйлдлээр үүсч байгаа гэмтэл” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Э, А.Ц- Т.С- нарын мөрдөн байцаалтанд өгсөн удаа дараагийн мэдүүлгүүдийг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийх бүрэн боломжтой байх тул шүүгчийн захирамжинд заасан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах, дээрхи үндэслэлээр дахин мөрдөн байцаалтын ажиллагаа хийх шаардлагагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Э.Э-гийн өмгөөлөгч Ц.Рашзэвэгийн  хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийх, мөрдөн байцаалтын зарим ажиллагааг дахин хийлгэх үндэслэлүүдийг хүлээн авах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон гэмт хэрэг гарсан байдал, уг гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийн талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээний дотор шүүх дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

Харин энэ талаар прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн  315.1.2, 325 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр  Э.Э-, С.М- нарт холбогдох эрүүгийн 201212000186 тоот 6 хавтас хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Э.Э-, С.М- нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэхүү магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай

 

                                              ДАРГАЛАГЧ                                                    Я.ТУУЛ

                                              ШҮҮГЧИД                                                        Ц.АМАРЖАРГАЛ                                

                                                                                                                        Б.МАНЛАЙБААТАР