| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 307/2025/01517/И |
| Дугаар | 307/ШШ2025/01360 |
| Огноо | 2025-08-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 307/ШШ2025/01360
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:307/2025/01517/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* байрлах ******* ХХК (итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* ******* (утас: *******)-д холбогдох,
“3,491,635.98 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
“...Б.******* нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 1,699,900 төгрөгийг 24 сарын хугацаатай жилийн 42 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан үүргийг төлж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй. Иймд Б.*******гаас 3,491,635.98 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Хариуцагч Б.******* миний бие нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад ******* ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулахаар болсон. Миний төлөх ёстой нийт дүн болох 3,491,635.98 төгрөгийг 6 сарын хугацаатай сард 581,939 төгрөгийг төлж барагдуулахаар болсон. Б.******* миний бие уг 581,939 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлж сар болгоны 5-ны өдөр төлж барагдуулна. Зээлээ нийт 6 сарын дотор тэрнээс ч эрт төлж барагдуулна гэдгээ амлаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан “3,491,635.98 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх бөгөөд мөнгөн төлбөрийг 6 сарын хугацаанд хуваан төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй хугацаа тохирч, талууд эвлэрч байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасан.
4.Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,816 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас 35,408 төгрөг, төрийн сангийн орлогоос 35,408 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох “3,491,635.98 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,816 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас 35,408 төгрөг, төрийн сангийн орлогоос 35,408 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НОМИН