| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 183/2021/02934/И |
| Дугаар | 210/МА2022/00478 |
| Огноо | 2022-03-16 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2022/00478
| 2022 оны 03 сарын 16 өдөр | Дугаар 210/МА2022/00478 |
Д.Г-ын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2021/02455 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Д.Г-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч НШШГГ-т холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
1.1 Нэхэмжлэлийн шаардлага:
Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 6А байр, 606 тоот хаягт байршилтай, 57,8 м.кв талбайтай, 2 өрөө сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулна.
Тус байр нь улсын бүртгэл болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй, хэний өмч болох нь тодорхойгүй байхад үнэлгээний компани Д.Г-ын өмч гэж тодорхойлж үнэлгээ хийсэн нь зөвхөн шийдвэр гүйцэтгэх газрын захиалгаар нэг талыг барьсан үнэлгээ болжээ. Мөн үнэлгээний тайландаа 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Д.Г-, Х.Ч-, Э.Б-т, шийдвэр гүйцэтгэгч Ц.Б- нар байлцав гэж нэхэмжлэгчийг оролцсон мэтээр худал бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь үнэлгээний компаний хүмүүс гэрт ороогүй бөгөөд харин яаж ингэж гэрийн доторх байршлын зураг авсан нь тодорхойгүй. Үнэлгээг хийхдээ эд зүйлийг нүдээр үзэж үнэлэх ёстой байтал шийдвэр гүйцэтгэгчээс баримт авч түүнд үнэлгээ гаргасан нь үнэлгээ хийх журмыг ноцтой зөрчсөн. Шинжээчээр томилсон бол шинжээч томилсон тогтоолыг танилцуулах ёстой байтал танилцуулаагүй, мэдэгдээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчид шинжээчийн дүгнэлтийг 3 хоногийн дотор танилцуулж, тэмдэглэл хөтлөөгүй нь төлбөр төлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн. Мөн үнэлгээг хийхдээ зах зээлийн хандлагаар харьцуулсан орон сууц нь хэдэн онд ашиглалтад орсон хэдэн жил ашигласан, элэгдэл хорогдлыг нь яаж тооцсон талаар тодорхойгүй атлаа шинэ баригдсан улсын бүртгэлд бүртгэгдээгүй өмчлөх эрхийн гэрчилгээгүй байртай жишиж үнэлсэн нь ойлгомжгүй. Мөн үнэлгээний тайланг танилцуулаагүй бөгөөд шуудангаар хуулбарын хувийг явуулсныг 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хотхоны буюу байрны жижүүр дээрээс олж авлаа, үнэлгээ гарсан ирж танилц гэж хэлж мэдэгдээгүй.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 993 дугаар захирамжаар Д.Г-, Ц.Д- нараас 100,657,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Э-од олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 18290845 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Төлбөр төлөгч Д.Г-, Ц.Д- нарын өмчлөлд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг холбогдох бүртгэлийн байгууллагуудаас тодруулахад Д.Г-ын өмчлөлд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэл 10 дугаар байрны 7 тоот орон сууц бүртгэлтэй болох нь тогтоогдсон. Талууд орон сууцны үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн хуульд зааснаар хөндлөнгийн шинжээч томилоход орон сууцыг 74,653,000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээтэй холбоотой маргааныг 3 шатны шүүх хянаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх маргаан шүүхийн шатанд явж байх хугацаанд төлбөр төлөгч Д.Г- нь Хот суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээг Нийслэлийн засаг даргын тамгын газар болон ФД ХХК-тай гурвалсан гэрээ байгуулж эрхийн эрхийн улсын Ү-2206003244 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэл 10 дугаар байрны 7 тоот 3 өрөө орон сууц газарт орсон. Уг шаардлага хангахгүй барилгыг буулган, шинээр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол 6А байрны 606 тоот 57,8 м.кв талбайтай 2 өрөө орон сууц барьж Д.Г-ад хүлээлгэн өгсөн. ФД ХХК 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 21/162 дугаар албан бичгээр 606 тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг иргэн Д.Г-ын нэр дээр гаргах тухай албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн тухай албан бичгийг ирүүлсэн. Дээрх албан бичгийг үндэслэн уг сууцыг 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 18290845/01 дугаар тогтоолоор битүүмжилсэн. Төлбөр төлөгчид төлбөр төлөх хугацаат мэдэгдлийг дахин өгсөн ч заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тул 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 18290845/3 дугаар тогтоолоор хураасан. Талуудад үнийн саналаа ирүүлэхийг 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 4-140/13511 дугаар албан бичгийг баталгаат хүргүүлсэн. Заасан хугацаанд саналаа ирүүлээгүй. Төлбөр авагч 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлтээ бичгээр ирүүлсэн. Орон сууцыг шинжээчээр үнэлүүлэхэд 170,510,000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр баталгаат шуудангаар мэдэгдсэн. Төлбөр төлөгч Д.Г- 606 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар холбогдох баримт бичгийг барилга барьсан компаниас авсан боловч үүргээ биелүүлэхгүй байгаа нь өмчлөгч биш гэсэн үг биш юм. Нэхэмжлэгч нар нь үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэдгийг баримтаар тогтоогоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
Төлбөр төлөгч нар төлбөр авагчийг олон жил чирэгдүүлж байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
4. Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар 55.7. дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГ-т холбогдох Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо 19 дүгээр хороолол, 6а байр, 606 тоот хаягт байрлах, 57.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 170,510,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Г-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. Өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй, хэний өмч болох нь тодорхойгүй сууцыг үнэлсэн. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 6А байрны 606 тоот 57.8 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцанд үнэлгээ хийлгэхээр 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилж тус үнэлгээний газар нь орон сууцыг 170,510,000 төгрөгөөр үнэлсэн байна.
Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр иргэн Д.Г-, ФД ХХК /төсөл хэрэгжүүлэгч/, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч нарын хооронд гэрээ байгуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206003244 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Нэхмэлийн 10 дугаар байрны 07 тоотод байрлах 32.5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2020 онд нураасан одоо энэ байр байхгүй.
Тус байр нь өнгө загвар хийц, талбайн хэмжээ, хаяг тоот гэх мэт барилгын иж бүрдэл нь бүтэн өөрчлөгдсөн бөгөөд тус байрны өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байгаа тул уг байр хэний өмч болох нь тодорхойгүй. Д.Г- нь дахин төлөвлөлтийн гэрээ байгуулсан боловч ФД ХХК-аас Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 6а байрны 606 тоот 57,8 м.кв талбай бүхий орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг иргэн Д.Г-ын нэр дээр гаргах албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн гэх бөгөөд гэрчилгээ гараагүй үндэслэлийг шүүх шалган тогтоогоогүй атлаа Д.Г-ын өмч мөн гэсэн дүгнэсэн. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасан бүртгэлгүй байрыг үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
5.2. Х ХХК-нь үнэлгээг хийхдээ байрыг ирж үзээгүй.
Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 6А байрны 606 тоот 57.8 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцанд хэн амьдарч байгаа талаар ямар нэгэн мэдээлэл болон үнэлгээний тайланд тусгаагүй, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус байранд очсон бол мөн ямар хүмүүс амьдарч байгаа болон үнэлгээ хийхэд тус байранд амьдарч байсан хүмүүст мэдэгдэх байсан гэтэл ийм ажиллагаа явуулаагүй байгаа нь байрыг очиж үзэж үнэлгээ хийгээгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн үгээр үнэлсэн. Надад мэдэгдээгүй атлаа үнэлгээ хийхэд оролцсон мэтээр тэмдэглэл үйлдэж байгаа нь хууль бус нотлох баримт бүрдүүлсэн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.
6. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Орон сууцны өмчлөгч мөн болох нь гурван талт гэрээ болон ФД ХХК-ийн албан бичигт дурдсан хуучин хураагдсан орон сууцны улсын эрхийн бүртгэлийн дугаар зэргээр нотлогдсон. Шинжээчийн үнэлсэн үнэлгээ хэт доогуур үнэлсэн гэж шүүхийн хэлэлцүүлэгт маргадаг боловч нотлох баримтаар нотолж чадаагүй.
7. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга: Д.Г-, ФД ХХК нарын хооронд гэрээ байгуулагдаж, барилгыг нурааж, шинэ орон сууц иргэдэд олгож байсан. Сар бүрийн төлбөрийг Д.Г- төлж байсан.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч Д.Г- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан
1.1 Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 6А байр, 606 тоот хаягт байршилтай, 57,8 м.кв талбайтай, 2 өрөө сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хх1-2, 37-40/
А. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
А.1. Нэхэмжлэгч П.Э- нь хариуцагч Д.Г-, Ц.Д- нарт холбогдуулан гэрээний үүрэгт 150,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлээ 50,000,000 төгрөгөөр багасгаж, Д.Г-, Ц.Д- нар нь 100,000,000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрснийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00993 дугаар захирамжаар баталгаажуулсан. Энэ талаар хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж хэрэгт авагджээ./хх42-43/
А.2. Уг захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тул 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 183/ГХ2018/00864 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хх44/
А.3. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэлийн 10-7 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 18290845 тоот тогтоолоор битүүмжлэн, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 18290845/01 тоот тогтоолоор хураан авсан. /хх60-62, 67-69/
А.4. Мөн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр албадан дуудлага худалдаа зохион байгуулагдсан баримт хэрэгт авагдсан. Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Нэхмэлийн 10-7 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/00353 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 789 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрт найруулга болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулсныг Улсын дээд шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2021/00761 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Эдгээр шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх108-128/
А.5. Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 6а байр, 606 тоот 57.8 м.кв талбай бүхий сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Г-ын нэр дээр гаргах хүсэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн талаарх ФД ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 21/162 тоот албан бичиг хэрэгт авагджээ. /хх148/
А.6. Төлбөр авагч П.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шинжээч томилуулах хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 8/149 тоот шинжээч томилж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан байх бөгөөд дээрх маргааны зүйл болох 606 тоот 57.8 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг 170,510,000 төгрөгөөр үнэлсэн баримт хэрэгт авагджээ. /хх165-190/
В. Зохигч дараах асуудлаар маргаантай байна. Үүнд:
В.1. Үнэлгээний зүйл болох 606 тоот 57.8 м.кв талбай бүхий 2 өрөө сууц нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгүй, хэний өмч болох нь тодорхой бус гэсэн нэхэмжлэгчийн байр суурийг хариуцагч няцааж нэхэмжлэгчийн өмчлөлийн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган нурааж оронд нь 606 тоот 57.8 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг ФД ХХК барьж дуусган нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. Уг сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг төлбөр төлөгч Д.Г-ын нэр дээр гаргуулахаар ФД ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт хүргүүлсэн гэж маргасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилнэ.
Хот суурийн газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4-т зааснаар Д.Г- нь орон сууцыг орон сууцаар солих гэрээг төсөл хэрэгжүүлэгчтэй байгуулсан, орон сууц баригдаж дуусаж түүнд сууцыг хүлээлгэн өгсөн, сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг төлбөр төлөгч Д.Г-ын нэр дээр гаргуулахаар ФД ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт хүргүүлсэн үйл баримт тогтоогдсон. /хх148/
Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй. Д.Г-ын өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулахгүй байгаа, эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг буруутгах боломжгүй.
Иймд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.6-д заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаарх мэдээллийг хөрөнгийн үнэлгээний тайланд тусгаагүй гэж үзэх боломжгүй.
В.2. Маргааны зүйл болох 606 тоот 57.8 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг нүдээр үзэж үнэлээгүй, шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй, дүгнэлтийг 3 хоногийн дотор танилцуулж, тэмдэглэл хөтлөөгүй, зах зээлийн хандлагаар харьцуулсан орон сууц нь хэдэн онд ашиглалтад орсон хэдэн жил ашигласан, элэгдэл хорогдлыг нь яаж тооцсон талаар тодорхойгүй гэсэн нэхэмжлэгчийн байр суурийг хариуцагч эс зөвшөөрч үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээг баталгаат шуудангаар мэдэгдсэн, хэт доогуур үнэлсэн гэдгийг баримтаар тогтоогоогүй гэж маргасан.
Талууд үнэлгээний талаар тохиролцоогүй тул шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэсэнтэй нийцсэн.
Маргааны зүйл болох 606 тоот 57.8 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг зээлийн харьцуулалтын аргаар судлан үзэж 170,510,000 төгрөгөөр үнэлснийг зах зээлийн ханшаас бага гэх үндэслэл баримт тогтоогдоогүй. Хөрөнгийн үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд нийцсэн.
Хариуцагч тал төлбөр төлөгч Д.Г-ад эрх үүргийг тайлбарлаагүй, эрхийг хязгаарласан, сууцыг үзэхгүй үнэлсэн гэх баримт тогтоогдоогүй. /хх196/
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын /5.1/ буюу өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй, хэний өмч болох нь тодорхойгүй сууцыг үнэлсэн гэх, /5.2/ буюу Хөрөнгө үнэлгээний төв ХХК нь үнэлгээг хийхдээ байрыг ирж үзээгүй, хэт бага үнэлсэн гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2021/02455 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Ш.ОЮУНХАНД