Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 88

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Л.Б-эд холбогдох эрүүгийн 1804000700094 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                 Б.Наранжаргал    

 Улсын яллагч                                                  Б.Буяндэлгэр  

 Шүүгдэгч                                                     Л.Б- нар оролцов.

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр .. аймгийн ..хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн ажилгүй байсан, ам бүл .., охины /.. настай/ хамт .. дугаар хороо, .. дугаар байрны .. тоот сууцанд оршин суух, Багануур дүүргийн шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, шүүх уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар харгалзах ял, мөн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Т- овгийн Л-ын Б-

 

Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас:

            Яллагдагч Л.Б-ыг иргэн Н.Э-ын “Өөрийг нь цохисон” зүй бус үйлдэлд дургүйцэж  нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж, нэг удаа өшиглөж уруулын гадна болон дотор талд язарсан шарх, баруун нүдний дээд доод зовхи цус хуралт, баруун хацарт зөөлийн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байна. Мөн яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээсэн, хохирогч хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй, яллагдагч нь сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүхээс Л.Б-эд холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд.

Шүүгдэгч Л.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр архи уусан үедээ Төмөр замын 3 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд Норовдинамит, Э-а нартай тааралдахад Э-а “өөрийг чинь хараагүй юм байна” гэж хэлээд маргалдсан. Энэ үед Э-а миний баруун нүд рүү 1 удаа цохисон, тэгэхээр нь би нүүр лүү нь өшиглөсөн. Маргааш нь уучлал гуйж эвлэрсэн, төлбөр нэхэмжлээгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Хохирогч Н.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн:

              “2018 оны 3 дугаар сарын 18-ны орой 18 цагийн “Г-” дэлгүүрийн гадна П.Төмөрчөдөр, Б.Шинэбат, Л.Б- нартай тааралдсан. Тэд согтуу байсан. Би ч их согтсон байсан. Нэг мэдсэн чинь нэг нь миний нүүр лүү цохиод би доошоо тонгойсон чинь нүүр лүү өшиглөсөн. Хэн яагаад цохисныг мэдэхгүй байна. Дээд уруулдаа хоёр оёдол тавиулсан. Тухайн үед нүд хөхрөөд шанаа хавдсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, бид нар хоорондоо найзууд болохоор учраа ололцсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

 

Гэрч Ч.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн:

“Орцны үүдэнд Эрдэнэсүх /Б-/ гэж дууддаг залуу хар куртиктэй залуутай хамт муудалцаад зодолдох гээд байсан. Эрдэнэсүх тэр залуугийн нүүр лүү нь хоёр удаа маш хурдан цохиод, тонгойхоор нь нүүр лүү нь өшиглөсөн. Өшиглүүлсэн залуу доошоо суугаад үлдсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Гэрч П.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн:

Л.Б-ыг орцны үүдэнд зогсож байхад нь Н.Э-а гүйж очоод нүүр лүү нь нэг удаа цохисон. Намайг дундуур нь ороод салгаж байсан чинь Л.Б- миний хажуугаар орж ирээд Н.Э-ын нүүр лүү 1 удаа цохиод, тонгойхоор нь нүүр лүү нь 1 удаа удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25, 28 дугаар хуудас/,

Шинжээчийн 09шэ/137 дугаартай дүгнэлтэд:

               “Н.Э-ын биед дээд уруулын гадна болон дотор хэсэгт мэс заслын оёдолтой язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой” гэжээ /хх-ийн 40 дугаар хуудас/

 

Хэргийн үйлдлийн талаархи дүгнэлт

Л.Б-  2018 оны 3 дугаар сарын 18-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замын 3 дугаар байрны гадна “өөрийг нь цохисон” зүй бус үйлдэлд дургүйцэж Н.Э-ын нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж, хөлөөрөө нэг удаа өшиглөх зэргээр зодож, бие махбодид нь дээд уруулын гадна болон дотор талд язарсан шарх, баруун нүдний дээд доод зовхи цус хуралт, баруун хацарт зөөлийн эдийн гэмтэл учруулсан болох нь нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Нотлох баримтын  талаархи дүгнэлт 

           Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нар мэдээллийг хаанаас хэрхэн олж авсан нь тогтоогдсон, мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.  

 

Хэргийн үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Л.Б- хохирогчийг зодсон үйлдэлдээ санаатай  хандсан байна.  Л.Б- нь хүч хэрэглэсэн үйлдлээрээ хохирогчийг эрүүл мэндийн хохиролд зориуд хүргэжээ.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “Н.Э-ын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон.

Шүүгдэгч Л.Б-ийн үйлдэл нь иргэн Н.Э-ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”ийг зөрчсөн байна.

            Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Л.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт “согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас  чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул Л.Б-ийг хэрэг хариуцах чадвартайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Шүүгдэгч нь хэргийн үйлдэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нь батлагдаж байна.   Хохирогч Н.Э-а нь шүүгдэгчтэй эвлэрсэн, цаашид нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэснийг /хх-9 дүгээр хуудас/ тэмдэглэе. 

Иймд Л.Б-эд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар гаргасан прокурорын саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэвэл зохино.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан болно.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн  8, 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн  4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Т- овгийн Л-ын Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т- овгийн Л-ын Б-ийг зургаан зуун /600/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган /600.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг Л.Б-эд мэдэгдсүгэй.
  4. Тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Б-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Хохирогч Н.Э-а нь хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
  6. Л.Б-эд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус мэдэгдсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлоо, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй.

     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Д.ОЮУНБАТ