Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/49

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2024        09        05                                        2024/ДШМ/49

 

 

 

А.Ч, Б.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Ж.Батбаатар

Шүүгдэгч                                                       А.Ч, Б.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Н.Мөнхнаран

Нарийн бичгийн дарга                               П.Пунсалдулам нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.О-ын давж заалдах гомдлоор А.Ч, Б.О нарт холбогдох 2425000530157 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А.Ч нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” дэн буудлын 302 тоот өрөөнд Б.О-аас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 87.5 грамм жинтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, үргэлжилсэн үйлдлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” дэн буудлын 302 тоот өрөөгөөр үйлчлүүлэхдээ “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай бодисыг Б.Отай үйлдлээрээ санаатай нэгдэж куртикний дотор халаасанд хийж хадгалсан,

Б.О нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 48-5 тоот хашаан дотроос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт цэвэр жин 0.2067 грамм “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

үргэлжилсэн үйлдлээр “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд хадгалсан,

2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” дэн буудлын 302 тоот өрөөгөөр үйлчлүүлэхдээ А.Ч-д өгсөн,

2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” дэн буудлын 302 тоот өрөөгөөр үйлчлүүлэхдээ “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол / delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг А.Ч-тэй үйлдлээрээ санаатай нэгдэж куртикний дотор халаасанд хийж хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос А.Ч, Б.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч А.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.О-ыг 1  жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч, Б.О нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ч, Б.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 87.5 грамм жинтэй ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.О шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“ ... би өөрийн үйлдсэн гэм буруудаа гэмшиж, сайн дураар хүлээн зөвшөөрдөг, мөрдөн шалгах ажиллагааны явцад саад учруулаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх төлбөргүй, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэр бүлээ тэжээн тэтгэх зорилгоор ажил хийдэг зэрэг хувийн байдлуудыг минь харгалзан үзэж шүүхээс ял шийтгэлийг ялгамжтай оногдуулаагүйд гомдолтой байна. Учир нь надтай хамтран гэмт хэрэг үйлдсэн гэх А.Ч нь урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж, тэнсэж байсан байна. Гэтэл миний хувьд анх удаа ийм төрлийн гэмт хэрэгт холбогдсон мөртлөө дахин давтан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан 1 жилийн хорих ялтай ижил төрөл, хэмжээний ялаар шийтгүүлсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчимд нийцэхгүй байна үзэж байна. 

Тус зүйлд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй хэмээн заасан байдаг. 

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргүүдийг үйлдсэн бол хариуцлага хүлээх нь гарцаагүй, харин хэн нэгэн хүн Эрүүгийн хуулийн аль бүлэг, зүйлд заасан ямар төрлийн гэмт хэрэг үйлдсэнээсээ шалтгаалж ялгаварлагдан, хуульд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэн авч үзэх боломжийг эдэлж чадахгүй тухайн зүйл хэсэгт заасан сонгох ялын төрлөөс хамгийн хүндээр нь буюу хорих ялаар шийтгүүлэх нь шударга ёсонд нийцэхгүй байна. Эрүүгийн хуулийн 10.1, 17.1, 20.17, 20.7 гэхчлэн зүйл ангиудад заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа шударга ёсны зарчмыг л баримтална. Түүнээс биш Эрүүгийн хуулийн 20.17-д заасан гэмт хэрэг үйлдсэн бол хариуцлагыг хөнгөрүүлэх техник үйлчилнэ, харин 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн бол хариуцлагыг хөнгөрүүлэн авч үзэх техник үйлчлэхгүй харин ч хамгийн хүнд ялыг нь оногдуулна гэж шүүхээс хуульд нийцээгүй дотоод итгэл үнэмшлээр эрүүгийн хэрэгт хандаж болохгүй гэж үзэж байна. Хүн бүр хууль шүүхийн өмнө эрхээ тэгш, шударгаар эдлэх эрхтэй. Ял шийтгэлийг ялгамжтай оногдуулаагүй шүүхийн шийдвэр шударга ёсонд нийцэхгүй байна гэж үзэж байна. 

Хамт гэмт хэрэг үйлдсэн этгээдийн нэг нь удаа дараагийн үйлдэлтэй мөртлөө анх удаа гэмт хэрэгт холбогдсон надтай ижил хэмжээний нэг жилийн хорих ял шийтгүүлсэн, гэтэл анх удаа гэмт хэрэг үйлдсэн би Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас хамгийн хүндийг нь буюу хорих ялаар шийтгүүлсэндээ гомдолтой байна. Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, хэрэгт авагдсан баримтууд зэргийг харгалзан үзэж ялыг ялгамжтай оногдуулж, шударга ёсны зарчмыг хангаж өгч, надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Би өөрийн энэ гэмт үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй гэдгээ чин сэтгэлээсээ амлаж байна...” гэжээ. 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.Ч тайлбартаа: “... энэ гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна...анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.О тайлбартаа: “...ар гэрийн байдлыг харгалзан үзээд хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү...” гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран тайлбартаа: “...Шүүгдэгч Б.О давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ж.Батбаатар дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна…” гэв.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.О давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.О нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 00 тоот хашаан дотроос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн..., улмаар 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд хадгалж байгаад 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” дэн буудлын 302 тоот өрөөгөөр үйлчлүүлэхдээ А.Ч-д өгч хамт хэрэглэсэн ... , мөн тухайн бодисыг А.Чтэй үйлдлээрээ санаатай нэгдэж куртикнийх нь дотор халаасанд хадгалсан,

шүүгдэгч А.Ч нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” дэн буудлын 302 тоот өрөөнд Б.О-аас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 87.5 грамм жинтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, түүнтэй хамт хэрэглэсэн ..., уг бодисыг Б.О-тай үйлдлээрээ санаатай нэгдэж куртикний дотор халаасанд хадгалсан үйл баримт нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Тодруулбал: Хэргийн газарт үзлэг хийсэн тухай 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-7/,

гэрч Т.Б-ын “... Б дэн буудлын жижүүр Уянга гэж хүн над руу утсаар яриад манай буудлын 302 тоот өрөөнд 2 залуу янз бүрийн юм хэрэглээд байх шиг байна гэж утсаар ярьсан...би эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Батсүх рүү утсаар яриад Б буудалд мансуурсан хүмүүс байж магадгүй байна. Очоод шалгаад жижүүрт мэдэгдээрэй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 17-18/,

гэрч Ц.Б-ийн “ ... үүний дагуу Б буудалд очиход буудлын жижүүр эмэгтэй манай буудлын 302 тоот өрөөнд сэжиг бүхий 2 залуу байна ... гэсэн. Ороход О, Ч гэж хоёр залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой байсан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс гадна мансуурсан мэт үйл хийж байсан. Буудлын ширээн дээр цагаан өнгийн тугалган цаасыг хуйлж ороож тавьсан байсан. Та хоёрын хэрэглэсэн ургамал хаана байна гэж асуухад Ч гэж залуу тэнд өлгүүрт байгаа куртикний халаасанд байгаа гэж хэлсэн... куртикний дотор талын энгэрийн халаасанд цагаан өнгийн ууттай хар ногоон өнгийн ургамал мэт зүйл байсан ... ” гэсэн мэдүүлэг / хх 20-21/,

гэрч Б.У-ын “ ... ажлын байран дээрээ байж байхад 14-15 цагийн орчим үл таних хоёр залуу манай буудалд орж ирээд өрөө авъя гэж хэлсэн ... анх буудалд орохдоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл саруул байсан. Намайг тэр хоёрыг оруулж өгөөд цэвэрлэгээ хийгээд явж байхад өрөөнд ороод их удалгүй зодоон хийгээд байгаа юм шиг чимээ гараад байхаар нь би очоод хаалгыг нь тогшсон чинь нөгөө хоёр залуу пиво оруулж ирээд ууж байсан. Тамхи татаад өрөө нь цэв цэнхэр тамхины утаа болсон байсан. Би тэр хоёр залууд “та хоёр яагаад байгаа юм бэ, зодоон хийгээд хамаг эд зүйлийг минь эвдээд байна уу” гэсэн чинь нөгөө хоёр зүгээрээ эгчээ, зүгээр бид хоёр тоглож байна гэж хэлсэн ... ,

... гэтэл 40-50 минутын дараа дахин 302 тоот өрөөний залуучууд зодоон хийгээд байх шиг чимээ гараад байхаар нь дахин хаалгыг нь тогшоод орсон чинь нэг залуу нэмэгдээд ирчихсэн гурвуулаа пиво уугаад сууж байсан. Гурвуулаа нэлээд согтсон шинжтэй байхаар нь юу уугаад ингэж хурдан согтдог юм бол гэж бодсон. Тэр үед эхэлж орсон хоёр залуугийн нэг нь сүүлд ирсэн залуутайгаа хэрүүл хийгээд сүүлд ирсэн залуу нь гараад явсан. Хэсэг хугацааны дараа дахин зодоон хийж байгаа юм шиг л юм цохих, пид пад хийх чимээ гараад байхаар нь өрөөнд нь яваад орсон чинь нөгөө хоёр залуугийн нүүр нь аймаар улаан болоод, согтолтын зэрэг өндөр хүмүүс аймар харагддаг шүү дээ, яг тийм болсон байсан ... ширээн дээр хажуу бөөрийг нь цоолж, цаасаар гуурс хийж гаргасан зүйл байсныг нимгэн шар царайтай залуу нь шүүрч аваад халаасандаа хийсэн, тэр үед би хэсгийн байцаагч Т.Батцогтод утсаар мэдээлэл өгсөн ... ” /хх 34-35/,

гэрч А.А-ийн “...О “найз нь нэг асуудалд ороод байна, чи надаас зээлсэн 200.000 төгрөгөө өгөөч” гэхээр нь би түүнд “одоо чиний мөнгийг өгөх боломжгүй байна, цалингаа буухаар өгье” гэж хэлээд “яасан юу болсон” гэхэд Б.О нь “Ч бид хоёр буудалд байсан, араас Итгэлт ирээд бид гурав өвч сорсон. Итгэлтийг гарч яваад удаагүй байхад цагдаа ирсэн. Итгэлт цагдаа дуудсан юм шиг байна лээ, Ч бид хоёр цагдаад өвсөө Итгэлтээс авсан гээд худлаа хэлчихсэн юм” гэж ярьж байсан ... хэд хоногийн өмнө Итгэлттэй таараад “чи яагаад Чимээ ах, Тулгаа хоёрыг цагдаад өгч байгаа юм бэ” гэсэн чинь Итгэлт “би цагдаад өгөөгүй” гэж байсан ... “ гэсэн мэдүүлэг /хх 42/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 562 дугаартай “... шинжилгээнд ирүүлсэн А.Ч /АЮ98090610/ 2023.12.26” гэж хаягласан шээснээс Тетрагидроканнабинол /Тetrahydrocannabinol/ илэрч байна ...” гэсэн дүгнэлт /хх 59-60/,

шинжээчийн 561 дугаартай “... шинжилгээнд ирүүлсэн О 12.26” гэж хаягласан шээснээс Тетрагидроканнабинол /Тetrahydrocannabinol/ илэрч байна ...” гэсэн дүгнэлт /хх 65-66/,

шинжээчийн 563 дугаартай “ ... “Хэргийн газраас хураан авсан ургамал мэт зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн нунтаг зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ илэрсэн ... гялгар ууттай үеийн жин 122.5 гр, цэвэр жин 87.5 гр байна... ” гэсэн дүгнэлт /хх 71-72/, шүүгдэгч А.Ч, Б.О нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр тэдгээрийн үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч А.Ч-гийн үйлдсэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

шүүгдэгч Б.О үйлдсэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарах талаар зөв тайлбарлан зүйлчилж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.О нь “... надад оногдуулсан ял Шударга ёсонд нийцээгүй, ... оногдуулсан ялыг өөрчилж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангаж, шүүгдэгчид сонгон оногдуулсан ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.О үйлдсэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан, улмаар бусдад өгсөн гэм буруутай үйлдлүүд болон шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн Эрүүгийн хуулийн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О гаргасан “...ялыг өөрчилж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд шүүгч А.Ч-гийн өмгөөлөгч Б.Баасанжав ирээгүй бөгөөд шүүгдэгч А.Ч нь “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, эсрэг сонирхол байхгүй” гэсэн тул шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Баасанжавыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

 

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.АМАРЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                    С.УРАНЧИМЭГ