| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2021/02972/И |
| Дугаар | 210/МА2022/00459 |
| Огноо | 2022-03-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2022/00459
Ж.А ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 29-ний өдрийн 183/ШШ2021/02750 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.А ын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Г , Ц.М нарт холбогдох, орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, түүний өмгөөлөгч З.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Нэхэмжлэгч Ж.А нь ... тоот хаягт байршилтай орон сууцыг 2020 онд худалдан авч, 2021 оны 06 сарын 25-ны өдөр улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгүүлж, уг орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон. Гэтэл Т.Г гэгч нь Ж.А ын өмчлөлийн дээрх орон сууцыг түүний зөвшөөрөлгүйгээр эзэмшиж, ашиглаж, орон сууцыг чөлөөлж өгөхгүй байна.
Иймд Ж.А ын өмчлөлийн орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.
2. Хариуцагч нарын хариу тайлбарын агуулга: 2020 оны 6 сард орон сууц худалдах зарын дагуу Ш Ө Т ХХК-тай холбогдож уулзаад. 78,000,000 төгрөгийг бэлнээр, 7,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн. Тухайн үед зөвхөн орон сууцны түлхүүрийг өгч, байрны гэрчилгээ, эсхүл захиалгын гэрээ зэргийг өгөөгүй бөгөөд энэ тухай асуухад ...хэд хоногийн дараа захиалгын гэрээг шилжүүлээд өгье. Яг одоо шилжүүлэх гэхээр 3 удаа дамжсан захиалгын гэрээг нотариат баталж өгөхгүй... гэж тайлбарласан. ...Ямар ч бичиг баримтгүй их хэмжээний мөнгө өгч яаж болох вэ... гэхэд ...хоорондоо худалдах, худалдах авах гэрээ байгуулаад, компанийн санхүүгийн тамгатай орлогын баримт өгнө. Удахгүй хэд хоногийн дараа бичиг баримт чинь чамд ирнэ... гэж итгүүлсэн.
н.Х гэх нэр, гарын үсэг бүхий орон сууцны түлхүүр хүлээлцэх баримтад Ц.М-ийг гарын үсэг зуруулж, хоёр төрлийн, хоёр өөр түлхүүр хүлээлгэж өгсөн. Тухайн өдөр үдээс хойш байрандаа нүүж орж цоожны гол, түлхүүрийг сольсон.
Үүнээс хойш заасан хугацаанд нь утсаар залгаж, ажил дээр нь хэд хэдэн удаа очиж уулзсан бөгөөд залгаж, уулзах бүрд янз бүрийн шалтаг шалтгаан хэлж байсан. Улмаар 2021 оны 09 сарын 13-ны өдөр н.У гэх хүнтэй утсаар ярьж залилуулсан гэдгээ мэдсэн.Д.Б тай уулзах үед тэдгээр хүмүүстэй таарсан боловч учрыг нь ойлгоогүй. Энэ хугацаанд н.У, Ж.А нар мөн адил ажил дээр нь байнга очиж мөнгөө нэхэж байсан гэдгийг мэдсэн. н.У , Ж.А нар 2020 оны 06 сард орон сууцаа худалдах зар тавьснаар Д.Б холбогдож тухайн орон сууцыг худалдаж авахаар тохиролцон түлхүүрийг хүлээж авсан байдаг. Ингээд тус орон сууцыг хариуцагч нарт дамжуулан худалдсан байсан. Д.Б нь одоогоор манайд бичиг баримтын өртэй, н.У , Ж.А хоёрт орон сууцны төлбөрийн өртэй явсаар өнөөдрийг хүрч хариуцагч нарыг залилсан гэдэг тайлбарыг сонссон. Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд Д.Б аас залилуулсан мөнгөө гаргуулан авах талаар нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.А ын өмчлөлийн ... тоот хаягт байршилтай 49.1 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-0 дугаар бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг хариуцагч Т.Г , Ц.М нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Давж заалдах журмаар гаргасан хариуцагч талын гомдлын агуулга: Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсэн тул дараах гомдлыг гаргаж байна.
а. Иргэн Т.Г , Ц.М нар Д.Б захиралтай Ш Ө Т ХХК-аас ... тоот дахь 49 м.кв 2 өрөө орон сууцыг нийт 85,000,000 төгрөгөөр худалдан авч Худалдах, худалдан авах гэрээ-г 2020 оны 06 сарын 14-ний өдөр байгуулж, төлбөрийг Ш Ө Т ХХК-ийн захирал Д.Б д бүрэн төлсөн. Захиалгын гэрээгээр орон сууцны гэрчилгээг 3 сарын дараа гаргаж өгөхөөр тохиролцсон. Гэтэл Ж.А нь өөрийн захиалгын гэрээтэй маргааны зүйл болох орон сууцаа Ш Ө Т ХХК-ийн захирал Д.Б д 2020 оны 05 сарын 25-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-гээр худалдсан. Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч Ж.А нь Ш Ө Т ХХК-ийн захирал Д.Б аас төлбөр авч, 2021 оны 06 сарын 25-ны өдөр өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсан байна.
Анхан шатны шүүх нэг орон сууцыг 2 удаа дамжуулан худалдсан талаар гэрээ бүхий нотлох баримтуудад бүрэн дүгнэлт хийлгүй орхигдуулсан гэж үзэж байна. Учир нь тус үл хөдлөх эд хөрөнгийн жинхэнэ өмчлөгч нь хэн болох, он, сар, өдрийн дарааллаар худалдах, худалдан авах гэрээгээр талууд төлбөрөө тус тусдаа төлсөн, авсан зэрэг баримтад бодит дүгнэлт хийгээгүй. Зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг үндэслэн шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй.
б. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх үүргээ биелүүлэхийг Ш Ө Т ХХК-ийн захирал Д.Б аас удаа дараа шаарддаг боловч ...удахгүй, өнөө маргаашгүй... гэх мэтээр хойшлуулсаар байсан. Хариуцагчаас орон сууцны төлбөр болгон Ш Ө Т ХХК-ийн захирал Д.Б д өгсөн 85,000,000 төгрөгөөс Д.Б нь нэхэмжлэгч Ж.А д шилжүүлэн өгсөн талаар анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Д.Б өөрөө мэдүүлсэн байна. Мөн Д.Б аас нэхэмжлэгч Ж.А д яг хэдэн төгрөгийг өгсөн, хэдийг хүлээн авсан тухай баримт болон банкны дансны хуулгыг шүүхийн журмаар бүрдүүлэх тухай хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. Энэхүү нотлох баримтыг үндэслэн хариуцагч нарын зүгээс сөрөг нэхэмжлэл гаргах замаар төлсөн мөнгөө буцаан авах шаардлага гаргаж дамжуулан худалдсан орон сууцтай холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг ноцтой зөрчсөн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байхаас гадна давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээв.
3. Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч Т.Г , Ц.М нарт холбогдуулан, ... тоот хаягт байршилтай 49.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргаж, үндэслэлээ ...тус орон сууцыг 2020 онд худалдан авсан, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ 2021 оны 06 сарын 25-ны өдөр гарсан, хариуцагч нар миний өмчлөлийн орон сууцыг чөлөөлж өгөхгүй байна... гэж тайлбарлажээ.
4. Хариуцагч нар дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...тус орон сууцыг Ш Ө Т ХХК-ийн захирал Д.Б аас 85,000,000 төгрөгөөр худалдан авч, үнийг нь бүрэн төлсөн, уг мөнгөнөөс Д.Б нь нэхэмжлэгч Ж.А д мөнгө шилжүүлэн өгсөн, орон сууцанд 2020 оны 06 сараас хойш одоог хүртэл амьдарч байгаа... гэж тайлбарлан маргажээ.
5. Хэрэгт авагдсан Б Б Р ХХК болон Ж.А нарын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хх 27/, Авзага хийц ХХК-ийн Б Б Р ХХК-д хаягласан №20/05/26-4 тоот албан бичиг /хх 28/, Ш Ө Т ХХК болон Ц.М нарын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ /19-20/, Ш Ө Т ХХК-ийн санхүүгийн тэмдэг бүхий Кассын зарлагын ордер /хх 17/, Ц.М-ийн эзэмшлийн Хаан банк дахь 0 тоот дансны Дэлгэрэнгүй хуулга /хх 18/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ-ний хуулбар /хх 3/ зэрэг баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу зохигчдын тайлбартай харьцуулан үнэлвэл:
а. Нэхэмжлэгч Ж.А нь 2020 оны 03 сарын 15-ны өдөр Б Б Р ХХК-тай маргаан бүхий орон сууцыг нийт 103,110,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон, улмаар 2021 оны 06 сарын 25-ны өдөр өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан.
б. Хариуцагч Ц.М нь 2020 оны 06 сарын 24-ний өдөр Ш Ө Т ХХК-тай маргаан бүхий орон сууцыг нийт 85,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, төлбөрийг төлж барагдуулсан, улмаар уг орон сууцны түлхүүрийг хүлээн авч, одоог хүртэл амьдарч байгаа үйл баримт тус тус тогтоогдсон.
6. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохынхоо хувьд нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч Т.Г , Ц.М нарт холбогдуулан өөрийн өмчлөлийн зүйлээ шаардах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.
7. Хэдийгээр хариуцагч Ц.М нь Ш Ө Т ХХК, захирал Д.Б тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний үнэ болох 85,000,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь баримтаар нотлогдсон боловч хариуцагч Ц.М , Т.Г нарыг маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй гэж үзэх боломжгүй, улмаар тэдгээрийн татгалзал үндэслэлгүй байна.
Учир нь, Ш Ө Т ХХК, захирал Д.Б нь маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулах эрхтэй этгээд болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, уг нөхцөл байдлыг хариуцагч Ц.М , Т.Г нар мэдэх буюу мэдэх боломжтой байсан бөгөөд холбогдох худалдах, худалдан авах гэрээг байгуулсанд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм. Хариуцагч талаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа ...Тухайн үед бидэнд зөвхөн байрны түлхүүрийг өгч, байрны гэрчилгээ, эсхүл захиалгын гэрээг өгөөгүй... гэж, ...1963 онд төрсөн, нас намбатай хүн тул итгэл төрж, олон юм ярьсангүй хэлснээр нь болгож түлхүүрээ авсан... гэж тус тус дурдсанаас үзэхэд тухайн үед эргэлзээ бүхий нөхцөл байдал байхад хариуцагч Т.Г , Ц.М нар үүнийг шалгаж нягтлалгүйгээр гэрээ байгуулж, үнийг нь төлжээ.
8. Хариуцагч талаас гаргасан нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх тухай хүсэлтийг Д.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцож байгаа тул түүнээс тодруулах боломжтой гэсэн үндэслэлээр хангаагүйг буруутгахгүй. Энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.
Шүүх хуралдаанд гэрчээр оролцсонД.Б нь ...21,000,000 төгрөгийг Ж.А д өгсөн... гэж мэдүүлэг өгдөг бөгөөд шүүх хуралдаан даргалагчийн ...Та Ж.А ын байрыг 112,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод цаашаа бусдад худалдахдаа яагаад 85,000,000 төгрөгөөр худалдсан бэ гэх асуултад үндэслэл бүхий тайлбарыг өгөөгүй байдаг. /хх 48, 48-арын нүүр/
Өөрөөр хэлбэл, Д.Б нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох, захиран зарцуулах эрхтэй болох нь хэргийн баримтаар нотлогдоогүй болно.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 29-ний өдрийн 183/ШШ2021/02750 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 01 сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО
Д.НЯМБАЗАР