Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/784

 

 

 

 

 

 

 

    2024           07           04                                        2024/ДШМ/784           

 

 

Г.Э  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Л.Төгсжаргал,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д ийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр,

шүүгдэгч Г.Э  /цахимаар/, түүний өмгөөлөгч Л.Батжаргал, Ц.Туяа,

            нарийн бичгийн дарга Б.Хишигтөмөр нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч С.Базарханд, шүүгч Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/204 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Э , түүний өмгөөлөгч Л.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Г.Э  холбогдох эрүүгийн 2210 00000 1176 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч Г.Э  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  20** оны ** дугаар сарын **-ний өдрөөс **-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, **** хотхоны *** дугаар байрны ** давхрын коридорт буюу ** тоотын үүдэнд амь хохирогч Д.Д тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар чулуун хавтан мэт зүйлээр толгойд нь олон удаа цохиж Д.Д д гавал тархины хүнд гэмтэл авч амь нас нь хохирсон буюу хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

                   Хан-Уул дүүргийн прокуророос: Г.Э н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

                   Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Э г “хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Э  13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э н цагдан хоригдсон 265 /хоёр зуун жаран тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Э  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөр буюу оршуулгын зардалд 30.500.000 /гучин сая таван зуун мянга/ төгрөгийн хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д төлж барагдуулсан тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д  өөрийн төрсөн эхийн сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, шүүгдэгч Г.Э н иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Э  авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж эдлэх ялыг 20** оны ** дугаар сарын **-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Э н өмгөөлөгч Л.Батжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна. Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан онц харгис, хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийн тухайд, “онц харгис хэрцгийгээр” гэдэг нь хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, тарчлаан зовоосон, учруулсан гэмтлийн улмаас амь хохирогч зовж зүдрэхээр байдал бий болгосон байх бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, гэмт хэрэг үйлдэх санаа зорилго бүхий хүсэл зоригийн илэрхийлэл зэргийг харгалзан хэргийн зүйлчлэлийг тогтоох учиртай. Энэ талаар Улсын Дээд шүүх 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 564 дүгээр тогтоолоор “Хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх бөгөөд эдгээр хоёр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар нотлогдсон байх ёстой.” гэж тодорхой тайлбарласан. Анхан шатны шүүх зөвхөн хэрэгт авагдсан “Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2649 дүгээр шинжээч эмч Г.Энхбаатарын дүгнэлтэд дурдсан амь хохирогчийн биед учирсан гэмтлийг тоочин, дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтлүүдийн улмаас нас барсан нөхцөл байдал” болон хэрэгт авагдсан тодорхой яллах талын нотлох баримтыг үндэслэн онц харгис хэрцгийгээр амь хохирогчийг алсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хүндрүүлэх шинж болох онц харгис хэрцгий аргаар хүнийг алах гэмт хэргийн шинжийг Улсын Дээд шүүх “...гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байдаг.” гэж 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзэхэд шүүгдэгч
Г.Э  нь урьдаас амь хохирогчийн биед олон тооны шарх, гэмтэл үүсгэж, түүнийг
зовж тарчлаах байдлаар амь насыг хохироох, өөрийн сонгосон дээрх хууль бус үйлдлийг
тэрээр ухамсарлаж хүсэж үйлдсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох
баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй.
Түүнчлэн онц харгис хэрцгий аргаар хүнийг алах гэмт хэргийн шинжид гэмт этгээдийн хувийн байдал, хэрцгий авир, өршөөлгүй, зэрлэг балмад зэрэг зан төлөвийн байдлыг хамааруулан үздэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Э /1хх 59-60/, Э.У /1хх 63-66/, М.Ө /1хх 71-72/, П.С /1хх 74-75/, Х.Н /1хх 82/, Д.Г /1хх 85-86/, Ш.Б /1хх 89/, Д.Ц /1хх 93/, А.Н /1хх 96/, Г.У /2хх 29/ нарыг гэрчээр байцаасан байдаг. Дээрх гэрч нарын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Г.Э  нь хэрцгий догшин, өршөөлгүй, зэрлэг балмад зан авиртай нэгэн бус харин хувь хүнийхээ хувьд хүнд тусархуу, хүний төлөө гэсэн сэтгэлтэй, бусадтай маргалдаад байдаггүй, аливаа асуудалд ул суурьтай ханддаг, эцэг хүний хувьд гэр бүл, үр хүүхдэдээ маш халамжтай нэгэн гэж тодорхойлж болохоор байна.

 

Нөгөөтээгүүр хэрэгт авагдсан шүүгдэгч Г.Э н сэжигтэн яллагдагчаар
өгсөн мэдүүлгээс үзэхэд амь хохирогчийн зүгээс түүний гэр бүлийн гишүүн болох эхнэр
Э.У хүндээр доромжлох, түүнд бодитоор заналхийлэх үйлдэл гаргасан байдаг ба
шүүгдэгчийн дээрх өгсөн мэдүүлгийн их сурвалжийг гэрч Э.У мөн зааж мэдүүлсэн.
Дээрх мэдүүлгүүд шүүгдэгч тухайн цаг хугацаанд болсон асуудлын талаар санахгүй
байгаа зэргээс дүгнэхэд амь хохирогчийн зүй бус үйлдлээс шүүгдэгч сэтгэл санааны
гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас
шинжээчийн дүгнэлтэд дурдсан шарх гэмтлийг учруулан амь хохирогчийг алсан гэж дүгнэж байна.
Иймд хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон Улсын Дээд шүүхийн тайлбар зэргээс үзэхэд анхан шатны шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Э  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би ажлаа тараад гэртээ харих гэж байтал утас дуугарч “паар засаад өг гэсэн” би сангийн хүн дуудаарай гэхэд “танай хүмүүс дуудаад ирдэггүй юм аа, өөрөө орж ирээд үзээд өг” гээд байсан. Уг байрны 3 давхарт гарч гэрт нь ороод зургийг нь дараад гарах гэж байтал “мах чанасан” хоол идээд гар гээд байсан. Тэгээд мах амсаад гарах гэж байхад тал шилтэй виски гаргаж ирээд “ганц татчих” гэсэн. Би машинтай явж байгаа уухгүй” гэхэд “ажил чинь тарчихсан юм чинь ганц татчих” гээд шахаад намайг эвгүй байдалд оруулаад байсан тул би үгэнд нь орж вискинээс уусан. ...тэгээд бид 2 ууж байхад тэр ахын найз эмэгтэй ирсэн ба бид 3 караоке орсон. Тухайн үед тэр ах караоке дотор хүмүүстэй муудалцаад байсан. Бид 3 караокеноос гараад такси дуудсан. Тэр ахын гэрт очоод байж байтал манай эхнэр залгасан. Тэгээд бид 2-н яриад дундуур орж ирээд юм яриад байсан тул манай эхнэр утсаа салгачихсан. Удалгүй нөгөө ах миний найзууд бүгд шоронгийн атаман гээд их шоронгийн талаар яриад байсан ба найз эмэгтэй нь яваад өгсөн. Тэгээд юм яриад байж байтал тэр ах би хүн явуулж танай эхнэр, хүүхдийг чинь хүчиндүүлнэ гээд муухай зүйлс хэлээд намайг цохихоор нь би түлхээд гарч зугтаасан. Үүнээс цааш юу ч санахгүй байсан. Эхнэр, хүүхдийг маань маш муухайгаар занал хийлж байсныг нь санаж байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Тухайн үед яагаад хүний амь насанд хүрэх болсноо ойлгохгүй байгаа. Надад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн. Уг зүйл анги нь хүнийг санаатайгаар болон урьдаас бэлтгэж, зохион байгуулан төлөвлөж үйлдэхийг хэлсэн байдаг бөгөөд тухайн үеийн хэргийн байдалтай тохирохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүнийг алах буюу өөрт нь ойр дотно хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдаж, улмаар хүнийг алсан бол гэж тодорхой заасан байдаг нь надад холбогдох хэрэгтэй нийцэж байна. Иймд надад холбогдох хэргийг бодит байдалд нийцүүлэн шалгаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Э н өмгөөлөгч Ц.Туяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Батжаргал өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Э н үйлдэлд онц харгис хэрцгий аргаар хүнийг алах гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг  прокурорт буцааж байсан. Гэмт хэрэг гарах болсон сэдэл, шалтгаан, нөхцөлийг  олж тогтоож, шалгалгүйгээр онц харгис хэрцгий аргаар хүний амь нас хохироосон гэж хүндрүүлэх зүйл заалтаар ялласан байдаг. Давж заалдах шатны шүүхээс хэргийг буцаасан. Хэрэг мөрдөн байцаалтад буцаж очсоноос хойш ямар ажиллагаа хийгдсэн вэ гэхээр лавлагаа авсан, шинжээч эмчээс тайлбар авсан, шинжээч эмч нь тайлбартаа ийм тохойлдолд зовуурийг бага мэдэрнэ гэсэн тайлбар өгсөн байдаг.  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дээр шүүгдэгч Л.Э хувийн байдлыг харгалзан үзэж шийтгэлийг оногдуулж байна. Эрүүгийн хариуцлагын хүндрүүлэн үзэх нөхцөл байхгүй байна гэсэн дүгнэлт өгдөг. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд давж заалдах шатны шүүхээс ялын хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоол, хэрэгт цугласан нотлох баримтын хүрээнд хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна. Гэрчийн мэдүүлгийн асуудлыг дурдаж байна. Нас барсан хүн үг хэлэхгүй гэдэг зарчмын дагуу амь хохирогчийг янз бүр үг үйлдэл гаргасан гэдгийг энд дурдаж байгаа нь зохиомжгүй байна. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд эрх хэмжээ нь байгаа тул хөнгөрүүлэх, өөрчлөх боломж байгаа. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулж байгаа 13 жилийн хорих ял нь гэм бурууд нийцэж байна гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Прокурор Л.Төгсжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал нь тохирсон гэж дүгнэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчдийн зүгээс “эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 буюу онц харгис хэрцгий аргаар хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж байгаа ч хохирогчийн биед 40 гаруй тооны шарах, гэмтэл үүссэн, хохирогчийн тархи бяцарсан байдалтай байдаг. Гэмт хэргийг онц, харгис, хэрцгий аргаар үйлдсэн нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж үү. ...” гэв.  

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Г.Э н өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Э  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20** оны ** дугаар сарын **-ний өдрөөс **-ны өдөр шилжих шөнө Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, “******” хотхоны *** дугаар байрны ** давхрын коридорт буюу ** тоотын үүдэнд амь хохирогч Д.Д тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар чулуун хавтан мэт зүйлээр толгойд нь олон удаа цохиж хохирогч Д.Д н биед гавал тархины битүү гэмтэл, гавлын ясны урд хонхрын тахиан залаа хэсгийн хугарал тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн няцрал, баруун зүүн чамархайн хуйхны цус хуралт хоёр нүдний ухархайн дээд хана баруун ухархайн доод хана, хамар ясны бяцарсан хугарал, баруун хацар ясны дух, чамархайн, хоншоорын сэртэн хэсгийн бүрэн салсан хугарал, баруун дээд 1, зүүн дээд 1, 2, 3-р шүдний хугарал, буйлны цус хуралт баруун чамархайн хуйх, баруун нүдний гадна булан, баруун нүдний дотор булангаас хамар, зүүн нүдний доод зовхи хүртэл, зүүн хацар, дээд, доод уруул, эрүүгийн ооч хэсгийн шарх, баруун чихний дэлбэн хамар дээд уруул, эрүү, баруун дал, мөрөнд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн тархмал няцрал зэрэг хавсарсан хүнд гэмтэл учирч амь нас нь хохирсон буюу хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Дуудлагын лавлагааны хуудас /1хх 1/, хэргийг газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 2-22/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 23-26/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 30-33/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 35/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 38-42/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 05/421, 2964, 2965, 2966, 5001, 5002, 5003, 5196, 5193, 5195, 5194 дугаартай дүгнэлтүүд /1хх 127-150, 2хх 36-40, 53-57, 62-66, 71-77, 81-84, 88-91, 95-96, 102-105/, илтгэх хуудас /1хх 200/,  эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2хх 20-21, 112-113/, хохирлын баримтууд /2хх 152-175/, түргэн тусламжийн хуудас /3хх 33/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №2649 дугаартай дүгнэлт /1хх 99-115/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 10 дугаар сарын 19-ний 1031 дугаартай дүгнэлт /2хх 32/,

гэрч Б.С “...унтаж байсан чинь орцонд юм хагарах, нурж байгаа юм шиг чимээ гарахаар нь босоод цаг харсан чинь ** цаг ** минут болж байсан бөгөөд нэг
эрэгтэй хүн авраарай манайхан гэхээр нь хаалганы дурангаар харсан чинь нэг эрэгтэй хүн ** тоотын хаалганы үүдэнд дээшээ харсан байдалтай, дээр нь нэг хүн
гараад суучихсан байхаар нь /баруун гартаа нэг зүйл барьчихсан байсан, ямар зүйл нь харагдахгүй байсан/ би 102 дугаарт дуудлага өгсөн юм. Би айгаад хаалгаа онгойлгож хараагүй, хаалганы дурангаар харсан, дээр нь байсан хүн түг түг гээд юм нүдээд байх шиг байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн...” /1хх 48-50/,

гэрч Э.У “...хэсэг хугацааны дараа над руу өөрөө чатаар залгаад би байрны ахынд байна гээд эхлээд ширээгээ харуулсан, ширээн дээр вискиний шил харагдаж байсан, мөн гурван ширхэг цаасан аяга байсан бөгөөд нөхөр, ах бид хоёроос өөр хүн байхгүй, бид хоёр ууж байна гэж хэлсэн. Нөхөр өөрөө буйдан дээр суусан байсан бөгөөд буйдан дээрээс босоод зурагтыг харуулаад хажууд нь унтлагын өрөө харагдаж байсан. Эргэн тойрноо харуулаад буцаад буйдан дээрээ суусан. Ах гээд байгаа хүн нь буйдан дээр сууж байсан. Нөхөр тэр хоёр дээгүүрээ бол ямар нэгэн хувцасгүй цээж нүцгэн байсан. Тэр ах гээд байгаа хүн нь бид хоёрын яриан дундуур орж ирээд нөхөр чинь чамд аймаар хайртай юм байна, чи хүрээд ир гээд чанга орилоод байсан. Нөхрийг буйдан дээр суухад хүзүүнээс нь тэврээд бид хоёрыг яриулахгүй байхаар нь би юу ч хэлээгүй утсаа салгасан...” /1хх 65-66, 2хх 234 /,

гэрч М.Ц “...20** оны ** дугаар сарын **-ний өдөр би гадуур явж байсан чинь ** цаг өнгөрч байхад Д ах чатаар залгаад ах нь мах чанасан байна, дүү орж ирж хоол ид гэж хэлэхээр нь би гадуур явж байна, гэртээ орчихоод танайд оръё гэж хэлсэн. Би гэртээ ** цаг өнгөрч байхад ирээд хувцсаа солиод Д ахын гэрт ** цаг өнгөрч байхад орсон, гэрт нь ороход танихгүй 30 орчим насны эрэгтэй хүн байсан бөгөөд Д ах тэр хоёроос өөр хүн байгаагүй. Тэр хоёр виски уугаад бараг дуусаж байсан. Тэр хоёр бага зэрэг халсан байдалтай байсан, Д ах намайг хамт ажилладаг дүү байгаа юм, танилц дүү гээд хамт байсан эрэгтэй хүндээ хэлсэн. Тэгсэн тэр эрэгтэй өөрийнхөө нэрийг Э гэж хэлсэн, ууж байсан вискинээсээ надад хийж өгөхөөр нь би амсаад өгсөн, виски уугаагүй. Би хоол идээд сууж байсан чинь Э гурвуулаа гарч караоке оръё гэхэд Д ах тэгье гаръя гэж хэлсэн, ...тэгээд бид гурав Хүннү молл худалдааны төвийн замын урд талын лоунжны ** давхарт ** цаг өнгөрч байхад орсон. ...Миний санаж байгаагаар 23 цаг 40 минутын үед тэр хоёр гарч ирсэн. Гарч ирэхдээ Э ууж байсан үлдэгдэл тал вискиг барьчихсан байсан. Тэгээд бид гурав замаас такси бариад Д ахын гэрийн гадна очоод би таксины 10,000 төгрөгийг таксины жолоочийн Хаан банкны П.У гэх хүний данс руу шилжүүлсэн. ...Би гэрээс нь ** цаг ** минутад гараад гэртээ ороод унтаж амарсан, ...намайг хамт байхад тэр хоёр хоорондоо нэг ч удаа маргалдаагүй. Мөн өөр бусад хүнтэй маргалдсан зүйл байхгүй. Гутал, гадуур куртикээ тайлсан байсан. Намайг гарахад тэр хоёр ямар хувцастай байсныг би санахгүй байна, ...тэр хоёрын биеийн ил харагдах газарт ямар нэгэн шарх сорви бол байхгүй байсан. ...намайг хамт байхад тэр хоёр утсаар бол яриагүй, лоунжаас гарахад Э утсаараа дуудлагын жолооч дуудсан. ...” /1хх 68-69/,

гэрч М.Ө “...би 308,000 төгрөг гарсан гэж хэлсэн. Тэгсэн тэр хүн одоо надад мөнгө байхгүй байна. Би маргааш төлчихье гээд ******** дугаарыг өгөөд явсан. ...Өчигдөр буюу 20** оны ** дугаар сарын **-ны өдөр нэг эмэгтэй ирээд манай нөхөр танайхаар үйлчлүүлээд өр тавьсан гэсэн гээд мөнгийг нь бэлнээр өгчихөөд явсан. ...Г.Э  гэх хүний зургийг харлаа тооцоог маргааш өгье гэсэн эрэгтэй мөн байна. Д гэх хүний зургийг харлаа над руу агсраад байсан хүний зураг мөн байна. Ц гэх хүний зургийг харлаа энэ хүн агсраад байсан эрэгтэйг авч гарсан хүн мөн байна...” /1хх 117-119/,

гэрч С.Ц “...** бил үү ** давхраас хүний хөлийн цустай мөр байсан. Уг мөрийг дагаад бид хоёр явахад ** давхарт байх ** тоот хаалганы гадна очсон. Уг хаалганы гадна нүүрэн хэсэг нь дээш харсан байдалтай толгойн хэсэг нь ертөнцийн зүгээр хойд зүгт харсан, цээж нүцгэн, бараан өнгийн өмдтэй, гуталгүй, хоёр хөлдөө бараан өнгийн оймстой, толгойн хэсгээс нь маш их цус гарсан байсан. Мөн амнаас нь цагаан өнгийн хөөс сахарсан байдалтай нүүрэн хэсэг нь хүн танигдахын аргагүй нүд нь харагдахгүй, дотогшоо хэд хэдэн удаа амьсгалаа дахин амьсгалахгүй болохоор нь 103-т дуудлага өгөөд цээжин хэсэг дээр нь 10-15 удаа зөөлөн дарж хиймэл амьсгал хийх гэж оролдсон боловч дахин амьсгалаагүй. ...бид хоёрын урд ****** футболктай, ****** өнгийн өмдтэй, гуталгүй, хөл нүцгэн ** орчим насны эрэгтэй явж байхаар нь хөөе гэхэд эргэж хараад над руу ойртоод би алсан, тэр муу новш миний эхнэр, охин хоёрыг бузарласан гээд дайрсан. ...Нэлээн согтуу хэл ам нь ээдэрсэн, хэр их архи уусан талаар асуухад нэг их архи уугаагүй гэж хэлснээс өөр зүйл хэлээгүй. Өөрийнхөө нэрийг Э гэж хэлээд бид хоёроос өөр хүн байгаа гэж хэлсэн. ...байр болон орцонд ямар нэгэн хяналтын камер байхгүй байсан. Мөн дуудлага өгсөн хүн болох ** тоотын хаалгыг нүдэхэд нэг эмэгтэй хүн хаалгыг онгойлгоход болсон асуудлын талаар тодруулахад орцонд түс тас гэх чимээ гараад хаалга нүдээд байх шиг байхаар нь хаалганы дурангаар харсан чинь манай өөдөөс харсан хаалганы үүдэнд хоёр эрэгтэй хүн байсан бөгөөд өөр хүн бол байгаагүй гэж хэлсэн. ...” /1хх 77-78/,

гэрч Д.Г “...би чулууг харлаа. Энэ чулуу бол ******* хотхоны фасадны чулуу мөн байна, энэ чулуу 60x90 см хэмжээтэй байдаг боловч зүсэж тааруулж хийдэг юм. Гадна хөндийрсөн хэсгийг засахдаа орцны цонхоор засаж байгаад орцонд үлдээсэн байж магадгүй юм. Мөн энэ чулуугаар айлд хийгдсэн зүйл байр болгоны тагт руу гарах хэсэгт байх гишгүүрт болон тагтны хананд хийгдсэн байгаа. Мөн энэ тагтны гишгүүр болон ханын чулуу нь хуураад дахин сольсон байж магадгүй юм. ...” /1хх 133-134/,

гэрч Ө.М “...**-** орчим насны эрэгтэй зүүн гараараа миний баруун гар хэсэгт цохихоор нь би эргэж хараад яасан бэ ах аа яагаад байгаа юм гэж хэлсэн чинь намайг чи муу яасан муухай хардаг юм бэ гэж хэлсэн. Тэгсэн хамт явсан эмэгтэй нь уучлаарай цаашаа явчих гэхээр нь би тек нь дээр очоод суусан. Тэгсэн намайг цохисон хүний дуу нь чангараад байсан бөгөөд хамт явсан хүн нь юу ч хэлэхгүй байснаа босоод та тайвшир гээд байсан. ...” /1 хх91-92/,

шинжээч Г.Э “...Гавал тархины битүү гэмтэл буюу гавлын ясны хугарал тархины аалзан хальсан доорх цус харвалт нь үхэлд хүргэсэн байна. ...Энэ гэмтлийг авсан хүн зарим тохиолдолд тэр дороо нас барна зарим тохиолдолд ухаангүй хэдэн цагаас хэд хоног хүртэл байж болно. ...амь нас аврагдах боломжгүй. ...ухаангүй болох хүртлээ өвдөлтийг мэдэрнэ, ухаангүй болсон үед өвдөлт, шаналлын мэдрэмж буурна...” /2хх 237-238/ гэсэн мэдүүлгүүд зэрэг анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч Г.Э г онц харгис хэрцгий аргаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Шүүгдэгч Г.Э , түүний өмгөөлөгч Л.Батжаргал нар нь “...амь хохирогчийн зүй бус үйлдлээс шүүгдэгч сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас амь хохирогчийг алсан гэж дүгнэж байна. ...анхан шатны шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйл заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэгтэй обьект, гэмт хэргийн обьектив талын хохирол, субьектив талын үндсэн шинж болох гэм буруугийн хэлбэрээрээ ижил боловч субьектив талын нэмэгдэл шинж болох гэмт хэрэг үйлдэх үеийн гэмт этгээдийн сэтгэл санааны байдлаараа ялгаатай бөгөөд гэмт этгээд хүнийг алах үедээ заавал сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан байх ёстой.

Эрүүгийн эрх зүйн “санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан” гэдэг ойлголт нь гэмт хэрэг үйлдэж байгаа хүний сэтгэхүйд орж буй өөрчлөлт нь үйлдлийнхээ үр дагаварт хандах хандлагад хэрхэн нөлөөлсөн байж болохыг хэргийн үйл баримтад тулгуурлан өгөх хууль зүйн дүгнэлтээр илэрдэг ойлголт юм.

Хэргийн үйл баримтыг дүгнэвэл шүүгдэгчид амь хохирогч “хүн явуулж эхнэрийг чинь хүчиндүүлнэ” гэж хэлснээс үүдэн маргаан үүссэн гэх бөгөөд тухайн нөхцөл байдалд санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах байдал үүссэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Г.Э н үйлдлийг энэ ойлголтод хамааруулан үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.Э  болон түүний өмгөөлөгч Л.Батжаргал нар хохирогч нь шүүгдэгчийн ойр дотны хүн болох эхнэрийг нь хүчиндэнэ гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжилсон ба хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч тус гэмт хэргийг үйлдсэн гэж маргаж байгаа хэдий ч гэмт хэрэг гарах цаг хугацаанд шүүгдэгч болон хохирогч нараас өөр хүн байгаагүй болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог ба шүүгдэгч Г.Э н “талийгаач чи эхнэртээ базуулчихсан юм уу, чи зургаан хувиар байр авчихаад яаж эхнэр авсан юм бэ, наад авгай чинь яасан даварчихсан авгай вэ, .... шаагаач, хүн явуулаад хүчиндүүлээд өгье гэж хэлсэн.” /1хх 176/ гэх шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг зэргээр энэ нь гадаад илрэл, агуулгын хувьд сэтгэл санааны цочролд оруулах хэмжээний хүндээр доромжилсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэж хүнийг алахын өмнө болон алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, өлсгөж цангаасан, осгоосон, шатаасан, хайрсан, түлсэн, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд саад учруулсан, ойр дотны хүмүүсийн дэргэд алж, тэднийг шаналгасан зэрэг аргыг хамруулан ойлгохоор заажээ.

Шүүгдэгч Г.Э  нь амь хохирогч Д.Д н биед гавал тархины битүү гэмтэл, гавлын ясны урд хонхрын тахиан залаа хэсгийн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай дэлбэнгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн няцрал, баруун хацар ясны дух, чамархай, хоншоорын сэртэн хэсгийн бүрэн салсан хугарал, хоншоор ясны их бие баруун талдаа хамар ястай нийлэх хэсгийн ташуу хугарал, баруун, дээд 1, зүүн дээд 1, 2, 3-р шүдний хугарал, буйлны цус хуралт, баруун чамархайн хуйх, баруун нүдний гадна булан, баруун нүдний дотор булангаас хамар, зүүн нүдний доод зовхи хүртэл, зүүн хацар, дээд, доод уруул, эрүүний ооч хэсгийн шарх, баруун чихний дэлбэн, зүүн шанаа, эрүүний зүүн хэсэг, хүзүүний баруун урд хэсгээс зүүн урд хэсэг хүртэл, өвчүү, аюулхай, баруун бугалга, зүүн мөр, зүүн мөрөнд зулгаралтууд, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, хамар, дээд уруул, эрүү, баруун дал, мөрөнд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн тархмал няцрал гэмтлүүд учруулсан бөгөөд дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна гэх шинжээчийн дүгнэлтээс үзэхэд шүүгдэгч нь амь хохирогчийг алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгаж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.  

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар эсхүл бүх насаар нь хорих ял оногдуулах санкцтай боловч анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Э  тухайн зүйл ангид заасан 13 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол хор уршиг гэм бурууд нь тохирсон байна.

Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/204 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч Г.Э  нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/204 дүгээр шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 20** оны ** дугаар сарын **-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 108 /нэг зуун найм/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/204 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Э  болон түүний өмгөөлөгч Л.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э г 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 108 /нэг зуун найм/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Л.ДАРЬСҮРЭН

 

                         ШҮҮГЧ                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                         ШҮҮГЧ                                               Б.АРИУНХИШИГ