| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 307/2025/01529/И |
| Дугаар | 307/ШШ2025/01384 |
| Огноо | 2025-08-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 307/ШШ2025/01384
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/01529/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* тоотод оршин суух ******* ******* овогт ******* ******* (утас: *******)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******)-д холбогдох,
“1,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.*******,
Хариуцагч Х.******* (цахимаар),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Х.*******од холбогдуулан 1,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...Миний бие Б.******* нь өөрийн эзэмшилд байсан ZaslawD-653 маркийн 2035 АР улсын дугаартай чиргүүлийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Х.*******од 11,000,000 төгрөгөөр зарж борлуулсан. Тухайн үед Х.******* нь 2023 онд төлөх татвар 264,400 төгрөгийг өөрөө төлж, гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулан авахаар тохиролцож худалдах, худалдан авах гэрээг байгуулж нотариатаар баталгаажуулсан. Гэрээний дагуу төлбөр мөнгө төлөгдөж би чиргүүлийг Х.*******од өгсөн. Гэвч одоог хүртэл Х.******* нь чиргүүлийг өөрийн нэр дээр шилжүүлээгүй, үүнээс үүдэж тухайн чиргүүлийн 2023, 2024, 2025 оны татварын өр төлбөр нь надад үүсэж татварын газраас нэхэгдсэн тул би төлөхөөс өөр аргагүйд хүрсэн. Х.*******той холбогдож чиргүүлээ өөрийн нэр дээр шилжүүлж аваач гэж ярьсан. Хэрэв чиргүүлээ өөрийн нэр дээр шилжүүлж авахгүй бол би улсын бүртгэлээс хасалт хийлгэлээ шүү гэхэд тоогоогүй, тэг гэж хэлсэн учир хасалт хийлгэсэн. Иймд Х.*******оос чиргүүлийн 2023, 2024, 2025 оны хуримтлагдсан татвар, төлбөр болон бүртгэлээс хасалт хийлгэхэд төлсөн төлбөр 722,262 төгрөг, удаа дараа Авто тээврийн үндэсний төв, Татварын газар очсон унаа тээврийн зардал 277,738 төгрөг, нийт 1,000,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
3.Хариуцагч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлаа “...Б.*******ас чиргүүл худалдаж авсан бөгөөд чиргүүл эвдрэл гэмтэлтэй байсан. Би чиргүүлийг засаж аваад оношилгоонд оруулна гэж бодсон боловч засагдаагүй учир оношилгоонд ороогүй. Оношилгоонд ороогүй учир нэр шилжих боломжгүй байсаар өдийг хүрсэн. Б.******* над руу утсаар яриад чиргүүлийнхээ нэрийг яагаад шилжүүлж авахгүй байгаа юм бэ? гэхэд нь би энэ тухай хэлэхэд тэгвэл би шийддэг газраар нь явна гээд утсаа тасалсан. Б.******* нь чиргүүлийг авто тээврийн улсын бүртгэлээс хасалт хийлгэж ямар ч ашиглах боломжгүй болгосон тул чиргүүлийн татварыг миний бие төлөх шаардлагагүй гэж үзэж байна” гэж тайлбарлаж, талууд маргаж байна.
4.Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Х.******* нар нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр улсын дугаартай ZaslawD-653 маркийн чиргүүлийг 11,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож гэрээг бичгээр байгуулан нотариатчаар гэрчлүүлсэн болох нь тус өдрийн 7352 бүртгэлийн дугаартай худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байна. (хх38-39х)
5.Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсжээ.
6.Дээрх 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 7352 дугаартай худалдах, худалдан авах гэрээний 4.8-д “Худалдан авагч тал энэхүү гэрээг тээврийн хэрэгслийн бүртгэлийн байгууллагад холбогдох хууль, журамд заасан хугацааны дотор бүртгүүлэх үүрэгтэй” гэж заажээ.
Автотээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д “Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ” гэжээ.
7.Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд ...чиргүүлийн 2023 оны татварыг хариуцагч төлөөд чиргүүлийг өөрийн нэр дээр шилжүүлэн авна гэж тохиролцсон, татвараа төлөхгүй байсан тул улсын бүртгэлээс хасалт хийлгэнэ гэхэд хариуцагч өөрөө зөвшөөрсөн тул хасалт хийлгэсэн, чиргүүл эвдрэлтэй байсан бөгөөд үүнийг хариуцагч өөрөө мэдэж байсан, засаад авна гэж худалдаж авсан гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй.
Мөн хариуцагчаас шүүх хуралдаанд ...чиргүүлийг эвдрэлтэй байсныг мэдэж авсан бөгөөд засаад болчихно гэж бодсон боловч засагдаагүй, ашиглах боломжгүй болсон. Энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, шаардлага гаргаж байгаагүй” гэж тайлбарладаг болно.
8.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж, 254.6-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж заасан.
Талуудын маргааны зүйл болж буй чиргүүл эвдрэл гэмтэлтэйгээс шалтгаалж оношилгоонд тэнцээгүй, нэр шилжих боломжгүй болсон гэх асуудал баримтаар тогтоогдохгүй, хэрэв хариуцагч нь худалдан авсан чиргүүл нь илүү доголдолтой, ашиглах боломжгүй болсон бол энэ талаар нөгөө талдаа мэдэгдэж, хуульд заасан гомдлын шаардлага гаргах хугацааны дотор шаардлага гаргаагүй зэргээс дүгнэхэд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
9.Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д “Үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж, 222 дугаар зүйлийн 222.7-д “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хууль болон гэрээнд дурдсан хугацаанд өөрийн өмчилж авсан чиргүүлийн талаарх холбогдох бүртгэлийг хийлгүүлэх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь тухайн чиргүүлийн 2023, 2024, 2025 оны татвар, зам ашигласны төлбөр, бүртгэлийн хураамж зэрэгт 722,262 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны шилжүүлгийн баримтууд, Хас банкны дансны хуулгаар тогтоогдож байна.
Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж зааснаар дээрх нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх бөгөөд хариуцагчаас 722,262 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Харин нэхэмжлэлийн үлдэх 277,738 төгрөгийн шаардлага баримтаар тогтоогдохгүй буюу мөн хэмжээний төгрөгөөр нэхэмжлэгч хохирсон гэх үндэслэл нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759 дүгээр зүйлийн 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.7, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус зааснаар хариуцагч Х.*******оос 722,262 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн үлдэх 277,738 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 21,884 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НОМИН