Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/808

 

 

 

 

 

    2024           07           09                                           2024/ДШМ/808

 

 

Б.Е  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ц.Сайнхүү ,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/1378 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Сайнхүүгийн бичсэн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар эсэргүүцлээр Б.Е  холбогдох эрүүгийн 2406 01250 0672 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч Б.Е нь 20** оны ** дугаар сарын **-ны орой Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутагт байх Натурын *** тоотод хамтран амьдарч байсан О.М маргалдаж, улмаар түүний биед халдаж, биед нь зүүн дээд 8 дугаар шүдний эмтрэл, зүүн шуу, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

      Баянзүрх дүүргийн прокуророос: Б.Е үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Е  сүхэй гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх зэрэг хуулийн шаардлагыг бүрэн хангаагүй байна. Учир нь хохирогч О.М шүүхийн хэлэлцүүлэгт “...Е надаас уучлалт гуйхад нь өөрийнхөө бурууг ойлгож ухамсарласан гэж бодоод хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан. Гэвч Б.Е нь энэ хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх зорилгоор надаас уучлалт гуйж, надаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт бичүүлэх бодолтой байсан байна. Би гомдолтой, сэтгэцэд учирсан хохирол болон түүнд өгч байсан мөнгөө нэхэмжилж байна.” гэж мэдүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй. Мөн хохирогч О.М гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон жишиг аргачлалыг мэдэгдэж, танилцуулах ажиллагааг хийх нь зүйтэй. Шүүгдэгч Б.Е  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, мөн хохирогч О.М уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг давхар авах нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

          Прокурор Ц.Сайнхүү бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн
6 дахь хэсэгт заасны дагуу хэргийг прокурорт буцаахдаа хохирогч О.М гэмт
хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон аргачлалыг
мэдэгдэж, танилцуулах ажиллагаа хийх нь зүйтэй гэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэргийг шүүхээс хянаж, хэрэв дээрх нөхцөл байдлын аль
нэг нь хангагдаагүй, шүүгдэгч нь хүсэлтээсээ татгалзсан бол хэргийг прокурорт буцаах, эсвэл ердийн журмаар шийдвэрлэхээр хуульчилсан байна.

            Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нөхцөл байдал бүрэн хангагдсан байхад шүүх хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж дүгнэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.М нь гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулж өгнө үү гэх хүсэлт прокурорт гаргасан, түүнчлэн шүүх хуралдааны явцад мөрдөн байцаалтын шатанд нэхэмжлэх  зүйлгүй тухай, мөн хэргийг хялбаршуулах хүсэлт гаргаж байсан болохоо өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл бүрэн хангагдсан байсан харин шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол шинээр нэхэмжилжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж заасан байх бөгөөд сэтгэцэд учирсан хохирол хор
уршгийн дүгнэлтийг 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан заавал шинжилгээ
хийлгэх тохиолдолд хамруулаагүй байна. Энэ тохиолдолд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ.” гэж заасан бөгөөд шүүхээс хэргийг буцаасан заалт нь хохирогчийн сэтгэцийн хохирол гаргуулах, өмнө өгч байсан мөнгөө нэхэмжлэх гэснийг дээрх хуулийн заалт хангагдаагүй гэж буцааж байгаа нь ойлгомжгүй байна. Харин хэргийг ердийн журмаар шийдвэрлэж, ингэхдээ шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн нэхэмжилсэн сэтгэцэд учирсан хохирлын шинжилгээ шинжээч томилж тогтоолгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүхээс хэргийг прокурорт буцаасан заалт нь ойлгомжгүй, хохирогч О.М гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон аргачлалыг мэдэгдэж, танилцуулах ажиллагаа хийх шаардлагатай гэсэн нь хэргийг прокурорт буцааж, ямар мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь ойлгомжгүй, дээрх байдлаар хохирогчид мэдэгдэж, танилцуулах нь шүүхээс нөхөн гүйцэтгэж боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанд хамаарч байгаа эсэх нь тодорхойгүй байна. Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх шаардлагуудыг хангаагүй байна гэж дүгнэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, хэргийг прокурорт буцаасан байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Е  холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан буюу шүүгдэгч Б.Е  сүхэй нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх 46/-ийг гаргаж, хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн ба хохирогч О.М мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг /хх 50/ гаргасан бөгөөд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын санал /хх 52/-ыг шүүгдэгч Б.Е хүлээн зөвшөөрсөн гарын үсэг зуржээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасны дагуу нотлогдвол зохих байдлыг бүрэн тогтоосон байх тул хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч Б.Е  сүхэйн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой байна.

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Е  гэм буруутай гэж үзвэл 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор баталсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргалалд заасны дагуу хохирогч О.М сэтгэл санаанд учирсан хор уршгийг арилгах асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/1378 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Ц.Сайнхүү “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, хэргийг прокурорт буцаасан байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэх эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/1378 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Шүүгдэгч Г.Е авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                                ШҮҮГЧ                                              Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                              Б.АРИУНХИШИГ