Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/807

 

 

 

 

 

    2024           07           09                                         2024/ДШМ/807          

 

 

Д.Ч т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Амарзаяа,

шүүгдэгч Д.Ч  /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/367 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Ч , түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Ч т холбогдох эрүүгийн 2305007500016 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Д.Ч  нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн
25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах
хаягт
тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.С тай үл ялих
зүйлээс болж маргалдан зодолдож, түүний нүүр хэсэгт цохиж, нуруу хэсгээр нь газарт
унагаж биед нь сээрний 1 дүгээр нугалмын хугарал, мултрал, нугас дарагдал, нугас
дарагдлын хам шинж, дөрвөн мөчний сул саа, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал,
хамар ясны хугарал, зүүн мөрөнд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий
хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

      Баянгол дүүргийн прокуророос: Д.Ч ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

      Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Ч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч ыг 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч ын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 125 (нэг зуун хорин тав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Ч т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Ч аас 10.325.948 (арван сая гурван зуун хорин таван мянга есөн зуун дөчин найм) төгрөгийг гаргуулж хохирогч М.С т олгож, хохирогч М.С  нь өөрийн эрүүл мэндэд учирсан болон цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг дурдаж, шүүгдэгч Д.Ч т урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

     Шүүгдэгч Д.Ч  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний бие хэрэг үйлдэгдсэн тухайн өдөр архидан согтуурч хүнтэй муудалцаж бусдын болоод өөрийн амьдралыг хохироож ийм байдалд хүрсэндээ одоог хүртэл гэмшиж, харамсаж байна. Тийм ч учраас мөрдөн шалгах ажиллагаа болоод бусад хянан шийдвэрлэх ажиллагааны үед хэрэгт саад учруулахгүйн тулд болсон зүйлийг үнэнээр мэдүүлж ирсэн. Гэм бурууг минь нотолж тухайн өдөр юу болсон бодит байдлыг тогтоож өгөхийг миний бие үнэхээр найдаж байсан боловч анхан шатны шүүх хуралдаанд хохирогч өөрийн биеэр ирж оролцон, мэдүүлэг өгсөн боловч шүүх зарим зүйлсийг орхигдуулсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасны дагуу хэрэгт ач холбогдол бүхий байхад шүүх хэрэгсээгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн уг хэсгийг зөрчсөн. Мөн нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж үзэж байна. Мөн шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Учир нь гэрч Б , О  нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, мөн хохирогч С ын мэдүүлэг зөрүүтэй байна. Тодруулбал шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С  мэдүүлэхдээ “би зурагт үзээд сууж байхад Ч  ирээд чи тийм сайн зодолддог юм уу гээд цохисон... гэх, энэ нь би урдаас нь хараад зогсож байсан нүүрэнд нь цохисон гэж мэдүүлсэн цааш нь би Ч ыг чи зүгээр байхад яаж байгаа юм бэ гэж хэлэх үед миний ард О  зогсож, Б  буйдан дээр байсан. Ч  намайг хэн цохисныг сайн мэдэж байгаа гэсэн нь О  ардаас нь цохисныг үнэн зөвөөр хэлсэн. Гэрч О  нь хохирогчийг ардаас нь цохисноос болж ухаан алдаж унасан. Үүнийгээ О  нь өөрөө мэдүүлэхгүй байгаа нь хэргийн бодит  байдлыг нууж байна. Цааш С  мэдүүлэхдээ “нэг мэдэхэд би ухаан алдаж унасан, сэрэхэд Д.Ч  миний араас боосон, Б  нь миний дээрээс муу пизда, нохой чинь худлаа ухаан алдаж унаад байна гэж хэд хэдэн удаа цээж рүү өшиглөөд байсан. Намайг пизда минь босооч гээд өшиглөхөд би ахин сэрсэн. Тэгээд босох гэхэд биеэ хөдөлгөж чадахгүй байсан. Гэтэл Б  битгий баашлаад бай гээд өшиглөөд байсан” гэсэн мэдүүлэг өгсөн.  Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд мөн адил, хохирогч С  нь “Чука гэх залуу бид хоёр маргалдаж заамдалцаад зогсож байсан, өөр зүйл санахгүй байна гэж хэлсэн нь ардаас нь цохисныг хэлж байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад сайн тодруулахгүй орхисон. Гэрч Б , О  нарын мэдүүлэг нь илт зөрүүтэй. Үүнд, Ч , О  нарын мэдүүлэг нь илт зөрсөн, хэн нь цохих үед ухаан алдсан гэдгийг тодруулаагүй. Мөн энэ хоёр Б ийн гэрээс гараад явсан хойно хохирогч С  зүгээр байсан гэж хоёулаа мэдүүлсэн атлаа 103 дуудсан, мөн ахиж нэг шил архи уусан асуудлыг, хэрэг гарах үед хаана, хаана байснаа худал буюу зөрүүтэй мэдүүлсэн явдал юм. Энэ бүгд хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдал байгаа талаар заавал тодруулах, цаашилбал хүнд гэмтэл хэний өшиглөлт зодуураас болсон гэдгийг нарийвчлан тодруулах шаардлагатай гэж бодож байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн. Мөн 39.6 дугаар зүйл буюу хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Миний бие 2021 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар 450.000 төгрөгөөр торгуулсан. Гэтэл шүүх хуралдаанд энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдсэн гэж хэт нэг талыг баримталж ялласан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэж заасан байна. Мөн энэ зүйлийн “хэрэглээ” гэсэн тайлбар хэсэгт тодорхой байна. Миний бие уг хэрэгт буруугаа хүлээсэн. Одоог хүртэл ийм зүйл болсонд харамсаж байна. Энэ байдлыг минь харгалзан үзэж надад тохирсон зүйлчлэлээр дээрдүүлж хэргийн үнэн зөв байдлыг тогтоож өгнө үү. …” гэв.

 

     Шүүгдэгч Д.Ч ын өмгөөлөгч Б.Долгорсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Д.Ч т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй. Учир нь Д.Ч т оногдуулсан хорих ял нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, хэт нэг талыг барьсан, зөвхөн ялласан шийдвэр болсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан ба Д.Ч ын хувьд урьд 3 удаагийн ял шийтгэлтэй боловч тухайн оногдуулсан ял шийтгэлүүдийг биеэр эдэлж дуусгасан тул түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж ойлгож байгаа. "Чуукаа гэх залуутай маргаан хийгээд байсан бөгөөд улмаар хүнтэй чатаар чанга ярьж байхад нь Сайхнаа аажуухан ярь гээд гараараа Чуукаагийн толгой хэсэгт цохисон юм ингээд энэ үед тэр хоёрын дунд нэлээд маргаан зодоон болсон”, гэрч Р.О ын “...бид 4 юм яриад сууж байхад С , Б тэй өмнө бага зэрэг уучихсан байсан бөгөөд Ч  нь эмээлтэд мал борлуулах газарт ажилладаг гэхэд С  нь амьтны амь тасалдаг хүн сайхан амьдардаггүй юм даа гээд тэр 2 ам мурийгаад маргалдаад байсан. ...” /хх 37-39/, шүүгдэгч Д.Ч ын яллагдагчаар өгсөн “...Б  нь намайг хаана ямар ажил хийдэг талаар асуухад нь би Б т мал нядалгааны газарт ажилдаг юм гээд хэлэхэд тухайн С  гээд залуу нь амьтны амь тасалдаг ажил хийдэг хүн сайхан амьдардаггүй юм даа гээд намайг үгээр идэж байгаад би тухайн С  гэх хүнтэй маргалдаж эхэлсэн...” /хх 167-169/ гэх мэдүүлгүүдэд дүн шинжилгээ хийлгүйгээр зөвхөн нэг талыг барьж ялласан гэж үзэж байна. Дээрх гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг судалж үзэхэд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч С ын “...амьтны амь тасалдаг хүн сайхан амьдардаггүй юм даа, ...аажуухан ярь гээд гараараа Чуукаагийн толгой хэсэгт гараараа цохисон юм...” гэх мэтээр бусдын эрхэлж буй ажил, мэргэжил, биеэ авч явж буй байдалд хөндлөнгөөс оролцож, бусдыг илт үл хүндэтгэн, үл тоомсорлож харьцсанаас шалтгаалж дээрх гэмт хэрэг гарах болсон. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулан Д.Ч т оногдуулсан 8 жил хорих /хаалттай/ ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Ч ыг хохирогч М.Сайханбаярын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг давж заалдах шатны шүүх хуралдаанд дэмжиж оролцож байна. Хэргийн үйл баримтын талаар анхан шатны шүүхээс өгсөн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн. Энэ нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Шүүгдэгчийн хувийн байдал болон хохирол төлбөр төлөөгүй нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Д.Ч т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх ба хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Д.Ч  нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн
25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах
хаягт
тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.С тай үл ялих зүйлээс болж маргалдан түүний нүүр хэсэгт цохиж, нуруу хэсгээр нь газарт унагаж биед нь сээрний 1 дүгээр нугалмын хугарал, мултрал, нугас дарагдал, нугас дарагдлын хам шинж, дөрвөн мөчний сул саа, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн мөрөнд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх 13/ хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 17-18/, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2446 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 51-52/,

хохирогч М.С ын: “...Тэгээд бид хоёр заамдалцаад ноцолдож эхэлсэн бөгөөд тэр үед Б , Отгоо хоёр салгаж яах юм бэ, яаж зодолдохыг нь харъя гээд ярилцаад суугаад байсан. Тэгээд би тэрнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байгаа бөгөөд нэг сэрээд харахад би буйдангийн доор шалан дээр хэвтэж байсан, биеэ хөдөлгөх гэхэд огт хөдөлж чадахгүй байдалтай байсан. Тэгээд Б т хандаж түргэн дуудаад өгөөч, ээж рүү залгаад өгөөч гэж гуйж байгаад түргэн дуудуулсан. ...Тэгээд түргэн ирээд үзэж байсан бөгөөд тэрнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна. ...Миний хүзүү хугарсан, сэрээ, нуруу хугарсан, цээжнээс доошоо ямар ч мэдээ мэдрэлгүй, хоёр гар хагас мэдээтэй байгаа. Би маш их гомдолтой байна. ...” /хх 22-25/,

гэрч М.С ын: “...өнөөдөр орой манай ээжийн дугаар луу Б ийн дугаараас залгаад хүүхдээ ирж ав гэсэн зүйл хэлсэн бөгөөд цаанаа нь С  намайг ирээд аваач, авраач гээд байсан гэж ээж надад хэлсэн. Одоо ямар нэг юм ярихгүй, комд орсон, ухаангүй байгаа бөгөөд эмч нь уулзахдаа бие нь маш муу, нуруу, хүзүү мултарсан, эгэм гэмтсэн гэж хэлсэн. Бид маш их гомдолтой байна. ...” /хх26-27/,

гэрч Т.С н: “...Манай гэрийн буйдангийн өнцөг цус болсон байсан. Би хүүгээ архи уулаа гэж загнахад манай хүү би архи уугаагүй, зодоон хийгээгүй, Отгоогийн найз Сайханаа хоёр хоорондоо зодолдож байсан, би харин цагдаа дуудсан гэж хэлсэн. ...Намайг ирэхэд ор хөглөрсөн байдалтай, гал тогооны ширээн дээр 3 аяга, 1 тагш үнсний сав дүүрэн тамхины иштэй байсан. Орны дэвсгэрийн дээр булангийн хэсэг нь бага зэрэг цустай байсан. ...” /хх 29-30/,

гэрч Д.Б ийн: “...Чука гэх залуутай маргаан хийгээд байсан бөгөөд улмаар хүнтэй чатаар чанга ярьж байхад нь Сайхнаа аажуухан ярь гээд гараараа Чукагийн толгой хэсэгт цохисон. Энэ үед тэр хоёрын дунд нэлээн зодоон маргаан болсон бөгөөд тэр хоёр нэгнээ заамдаад Сайхнаа газар унасан бөгөөд Сайхнаа дээш хараад хоёр хөлөөрөө бэлхүүсээр нь зөрүүлж хавчаад энгэрээсээ заамдалцаад байсан чинь Чука тавь гээд нуруугаар нь өргөж байгаад газар унагаад байсан. Тэр үед О  дундуур нь ороод тэр хоёрыг салгасан бөгөөд би тэр хэдэд уурлаад та нар гэр орныг маань хүндэлсэнгүй гэж хэлэхэд нөгөө хоёр гараад явсан. Энэ хооронд Сайхнаа гэрт хэвтээд үлдсэн бөгөөд нуруу өвдөөд байгаа талаар хэлсэн, харин би энэ үед өөрийн дугаараас 103 руу залгаж дуудлага өгсөн. ...” /1 хх 33-35/,

гэрч Р.О ын“...Тэгээд бид дөрөв үлдээд юу болсон талаар Ч аас асуухад Ч  нь С  руу заагаад наадах чинь өөрөө л доромжлоод, миний нүүрэн тус газар цохиод авсан. Би тэгэхээр нь барилцаад авсан, бид хоёрын дунд сүйдтэй зодоон болоогүй гэсэн, би ч тоогоогүй, удалгүй Ч ыг аваад Б ийнхээс гараад явсан. Ч  бид хоёрыг гараад явах үед Б , С  хоёр үлдсэн, энэ хоёр нэлээн согтолттой байсан. ...Ч  бид хоёр сүүлд очсон болохоор дунд зэргийн согтолттой байсан. С , Б  хоёр өмнөх орой нь уусан байсан болохоор нэлээн согтолттой байсан, гэхдээ болсон зүйлийн талаар Б  сайн мэдэж байгаа. ...Би хэний ч биед халдаагүй, миний харснаар Ч  нь С ыг заамдаад газарт унагаад дээрээс нь дарсан байдалтай байж байсан. ...” /1 хх 37-39/,

шүүгдэгч Д.Ч ын: “...Тэгээд би С  гэх залуутай хоорондоо зодолдсон. Тэгээд бид хоёр зодолдоод байж байхад О  болон Б  нар нь бид хоёрыг салгаад О  нь намайг дагуулаад тухайн айлаас гарсан. ...Би тухайн өдөр С  гэх залуутай зодолдсон, харин гэрийн эзэн Б  болон О  нар нь тухайн зодоонд ямар нэгэн байдлаар оролцоогүй, бид хоёрыг сүүлд нь салгасан. ...Би толгой тус газарт нь 2-3 удаа бол цохисон. Тэгээд бид хоёр хоорондоо зодолдоод барьцалдаж байгаад газарт унагаасан. ...Би тухайн өдрөөс хойш самарт явж байгаад сүүлд нь мах нядалгааны ажил хийнэ гээд дандаа хөдөөгүүр явж байсан, ар гэрийнхэнтэйгээ огт холбоо барьж байгаагүй. ...Бид хоёр хоорондоо зодолдсон зүйл бол байгаа, гэхдээ би биеийг нь барьж байгаад нуруугаар нь газарт савж унагаасан зүйл бол байхгүй. ..." /1хх 167-169/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.Ч ыг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй ба анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Д.Ч ын өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн “...хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдэгдсэн тул оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх, шүүгдэгч Д.Ч  нь “...нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй, хохирогчид учирсан гэмтлийг хэн учруулсан талаар бүрэн тогтоогоогүй тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч М.С ын “...тэр залуу миний өөдөөс ирээд нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон. ...Чука гэх залуу эхлээд гараараа нүүрэн тус газарт 1 удаа цохисон. Тэрнээс хойш намайг юугаар, яаж яаж, хаана цохисон талаар би юу ч санахгүй байгаа, би ухаан алдчихсан байсан...”, гэрч Д.Б ийн “...Чука гэх залуутай маргаан хийгээд байсан бөгөөд улмаар хүнтэй чатаар чанга ярьж байхад нь Сайхнаа аажуухан ярь гээд гараараа Чукагийн толгой хэсэгт цохисон. Энэ үед тэр хоёрын дунд нэлээн зодоон маргаан болсон бөгөөд тэр хоёр нэгнээ заамдаад Сайхнаа газар унасан бөгөөд Сайхнаа дээш хараад хоёр хөлөөрөө бэлхүүсээр нь зөрүүлж хавчаад энгэрээсээ заамдалцаад байсан чинь Чука тавь гээд нуруугаар нь өргөж байгаад газар унагаад байсан...”, гэрч Р.О ын “...Б ийнд орох үед С ыг Ч  нь доороо оруулчихсан хоёр гараараа заамдчихсан дээрээс нь дараад сууж байсан...” гэсэн мэдүүлэг зэргээр хохирогчийн зүй бус үйлдлээс үүдэж нь энэ хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдсонгүй.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэлбэр, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, ялыг сонгон оногдуулах талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

 

Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох болон хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах ялын санкцтай байхад анхан шатны шүүх Д.Ч т тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээ болох 8 жилийн хорих ялыг сонгон оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хэрхэн тохирсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно...” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж  тус тус заасан байх тул Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн  анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ч т оногдуулсан 8 жилийн хорих ялыг 6 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

              Иймд дээр дурдсан үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн 2024/ШЦТ/367 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэлээ.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Д.Ч ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 63 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн 2024/ШЦТ/367 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч ыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч ыг 6 жилийн жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,

4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Ч т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ч т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Д.Ч , түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудын зарим хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч ын 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 63 /жаран гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                                ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                          Б.АРИУНХИШИГ