Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/809 

 

 

 

 

 

    2024           07           09                                          2024/ДШМ/809         

 

 

Ц.С холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

          Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

    Прокурор Э.Оргилбат,

    шүүгдэгч Ц.С ,  

           нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

           Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/354 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Б.Чинбатын бичсэн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаар эсэргүүцлээр Ц.С холбогдох эрүүгийн 2311 01973 0114 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.С  нь 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, “И төвд байрлах “С ” бааранд бүжигчин Б.А нөхөртэйгөө бэлгийн харьцаанд орлоо гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхи, хацар, хамрын хянга, хамарсан нуруу, доод уруул, баруун шилбэнд цус хуралт, хүзүү, цээж, хэвлийд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

      Чингэлтэй дүүргийн прокуророос: Ц.С гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

        Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.С г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч Ц.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг ялаас чөлөөлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.С гаас хохирлын 290.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.А олгож, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 3.450.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Чинбат давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан. Шүүгдэгч Ц.С  нь учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй болох нь шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “шүүгдэгч Ц.С гаас хохирлын 290.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.А олгосугай” гэж зааснаас тодорхой харагдана. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр заасан байхад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй хүнийг ялаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болжээ. Иймд шийтгэх тогтоолын ялаас чөлөөлсөн хэсгийг хасч, өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

    Прокурор Э.Оргилбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Б.Чинбатын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэв.

 

    Шүүгдэгч Ц.С  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би нялх биетэй, хүүхэдтэйгээ хоёулаа, амьжиргааны мөнгөгүй байсан тул хохирогчид 290.000 төгрөгийн тухайн үед төлж чадаагүй бөгөөд 20** оны ** дугаар сарын **-ний өдөр төлж барагдуулсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.  

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Ц.С  нь 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, “***** төвд байрлах “С ” бааранд бүжигчин Б.А г нөхөртэйгөө бэлгийн харьцаанд орлоо гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхи, хацар, хамрын хянга, хамарсан нуруу, доод уруул, баруун шилбэнд цус хуралт, хүзүү, цээж, хэвлийд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

20** оны ** дүгээр сарын **-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9-10 тал/, 20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн 11832 дугаартай Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24 тал/, 

хохирогч Б.А гийн “... 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** цагийн үед өөрийн ажилладаг С бааранд очиж С уулзахаар очсон чинь С  нөхрийгөө дуудаж авчраад бид 3 байж байсан. Тэр үед С  нь миний 2 хацар луу 10-20 удаа алгадаж, таавчик барьж байгаад зүүн талын нүд рүү цохисон, нуруу руу цохиод жийж унагаасан. Бас намайг хананд багалзуурдаж шахаад, миний өмдийг урчихсан. Тэгээд намайг яасан сайхан алтай юм гээд миний үтрээ рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд миний хамраас цус гараад байж байсан чинь С нь өөрөө цагдаагийн байгууллага руу залгасан. ...Би С эгчид зодуулаад толгой болон цээжний томографын зураг авхуулсан бөгөөд 290.000 төгрөг болсон. ...” /хх 13, 15, 17 тал/,

шүүгдэгч Ц.С гийн “... 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр А манай ажлын С гэх бүжигчин охин руу “С учраа олно” гээд биччихсэн байхаар нь би хүрээд ир гээд хэлчих гэж хэлсэн ба 20** оны ** дүгээр сарын **-аас **-нд шилжих шөнө үүрээр ** цагийн үед А ирээд уулзсан ба юу болсон талаар ярьж байтал тэр миний өөдөөс хэгжүүрхээд байхаар нь ...хэд хэдэн удаа нүүр рүү нь алгадсан, цохисон. ...” /хх 49 тал/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.С  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

Прокурор Б.Чинбат “…хохирлоо нөхөн төлөөгүй хүнийг ялаас чөлөөлсөн нь үндэслэлгүй тул шийтгэх тогтоолын ялаас чөлөөлсөн хэсгийг хассан өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал юм.

Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, ...хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, ...эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх…” гэж тус тус заасан байхад шүүгдэгч Ц.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Харин давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Ц.С  20** оны ** дугаар сарын **-ний өдөр хохирогч Б.А хохирол төлбөр 290.000 төгрөгийг төлсөн гэх баримтыг гаргаж өгсөн ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ болон түүний бага насны хүүхэдтэй гэх хувийн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал түүнчлэн түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, прокурорын бичсэн ялаас чөлөөлсөн хэсгийг хасч, өөрчлөлт оруулж өгнө үү гэх эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.  

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байгаа хэдий ч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно гэж заасны дагуу шүүгдэгч Ц.С  хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн баримтыг хэрэгт хавсарган өгсөн тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/354 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Ц.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг ялаас чөлөөлсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Ц.С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй...” гэж өөрчилсүгэй.

  2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ 

 

                         ШҮҮГЧ                               Т.ӨСӨХБАЯР 

 

                                    ШҮҮГЧ                               Б.АРИУНХИШИГ