| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирхуягийн Батсүх |
| Хэргийн индекс | 128/2025/0940/З |
| Дугаар | 128/ШШ2026/0148 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2026/0148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батсүх даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Б,
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нарын хороонд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, шүүх хуралдааны нарийн бичиг П.Ган-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай тушаалыг хүчингүй болгуулж байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгохыг хариуцагчид даалгах гэж тодорхойлсон.
1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр тушаалыг илт хууль бус байсан болохыг тогтоолгох, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр тушаалыг хүчингүй болгож, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох болон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг хариуцагчид даалгах гэж тодруулж, нэмэгдүүлсэн.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Байгаль орчин, уур амьсгалын сайдын оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар тушаалаар Л.Б байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.
2.2. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас оны 09 дүгээр сарын 24-ны өдөр Л.Б******* үүрэгт ажлаас чөлөөлөгдөж байгаа талаар мэдэгдэж, сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн.
2.3. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр тушаалаар нэхэмжлэгч Л.Б байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн байна.
2.4. Үүний дараа тушаалын дугаарыг техникийн шинжтэй алдаа гаргасан гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр тушаалын дугаарыг засаж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын оны 10 дугаар сарын 07-ны өдрийн гэж өөрчилсөн.
2.5. Нэхэмжлэгч Л.Б оны 10 дугаар сарын 08-ны өдөр ажил хүлээлцсэн тухай тэмдэглэлд гарын үсэг зурж, ажлаа хүлээлцсэн.
2.6.Төрийн албаны зөвлөлд байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эргүүлэн томилуулахаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан.
2.7. Нэхэмжлэгчийн гаргасан гомдол оны 10 дугаар сарын 15-ны өдөр ******* дүгээр Гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичгээр хариу өгчээ.
2.8. Нэхэмжлэгч Л.Б оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын түр орлон гүйцэтгэгчээр эргүүлэн тогтоохыг хариуцагч даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
2.9. Улмаар тус шүүхийн шүүгчийн оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дүгээр захирамжаар Л.Б Байгаль орчин, уур амьсгалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:
3.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх оны 10 дугаар сарын 27-ны өдөр дээр дурдсан 3 шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Анх нэхэмжлэгч Л.Б нь оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тоот тушаалаар байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Томилогдож байх хугацаанд нь 2 удаа ажлыг нь үнэлж, дүгнэсэн байдаг. Хамгийн сүүлд оны хагас жилээр 100% гэсэн үнэлгээ авч ажил үүргээ онц, сайн дүнтэй гүйцэтгэж байсан. Түүнчлэн ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа төрийн тусгай албаны шалгалтыг зарлагдахыг хүлээж байсан. Нэхэмжлэгч Л.Б хувьд төрийн албаны нөөцөд бүртгэлтэй, түүнчлэн төрийн албанд ажилласан жилийн шаардлага хангаж байгаа. Тухайн албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр ажиллахад ямар нэгэн байдлаар харшлах зүйл байхгүй байсан. Гэвч оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр Албан тушаалаас чөлөөлөх тухай тушаалыг түүнд гардуулж, оны 10 дугаар сарын 08-ны өдөр ажил хүлээлцсэн байдаг. Ийнхүү ажлаас чөлөөлөхдөө ямар нэгэн байдлаар сонсох ажиллагаа хийгээгүй, сонсох ажиллагаа хийгдсэн гээд байгаа хугацаанд болон энэхүү маргаан бүхий тушаал гарах хугацаанд Л.Б нь эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалтай байсан бөгөөд Улаанбаатар хотод заасан газарт нь очих боломжгүй байсан. Үүнийг үл харгалзан өвчтэй байх хугацаанд нь ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Ажлаас үндэслэлгүй чөлөөлөхдөө тухайн албан тушаалд жинхэнэ албан хаагчийг бус түр орлон гүйцэтгэгчээр С.О гэх хүнийг томилсон байдаг. С.О холбоотой баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Соёл урлагийн дээд сургуулийг төгссөн, дуучин мэргэжилтэй хүнийг томилсон. Нэг жил ч төрийн албанд ямар нэгэн байдлаар ажиллаж үзээгүй. байгалийн цогцолборт газрын хамгаалалтын газрын даргын шаардлагыг хангахааргүй хүнийг оронд нь томилсонд туйлын ихээр гомдолтой байгаа. Улс төрийн томилгооноос шалтгаалаад үндэслэлгүй ажлаас чөлөөлөгдөж өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн цалин хөлс болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгдөлгүй эрх ашиг нь зөрчигдөж байгааг энд онцлох нь зүйтэй гэж үзэж байна. Түүнчлэн маргаан бүхий захиргааны актыг хүлээж авснаас хойш оны 10 дугаар сарын 15-ны өдөр тухайн А тушаалыг Б тушаал гаргах ёстой байсан юм гэсэн байдлаар сүүлд нь мэдэгдэл хүргүүлсэн гэсэн тайлбарыг хариуцагч талаас ирүүлсэн. Энэхүү ирүүлсэн шуудан хавтаст хэрэгт авагдсан байна. Байгаль орчин, уур амьсгалын яам, агентлаг А болон Б тушаалыг андуураад 10 хоногийн дараа буюу 10 дугаар сарын 14-ний өдөр гарсан тушаал яагаад оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэсэн огноогоор гэсэн дугаартай болсон эсэх нь эргэлзээтэй байна. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа стандарт буюу албан бичгийн стандартын шаардлагыг хангахгүй байна. Албан тушаалаас чөлөөлөх болсон талаар сонсох ажиллагаанд оролцох эрх ашгийг нь хангаагүй, ямар нэгэн байдлаар тайлбар аваагүй, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн учир тухайн тушаалыг хүчингүй болгож, ажилдаа эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Иймд нэхэмжлэлийг маань бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б нэхэмжлэлтэй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох захиргааны хэрэгт миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр тушаалыг илт хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын хувьд Засгийн газрын бүрэлдэхүүн шинээр томилогдсонтой холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд шинээр томилогдсон. Үүнийг дагаад сайдын туслах шинээр ирсэн. Туслах нь тушаалын А, Б гэж ялгааг ойлгоогүй учраас тушаалд А дугаар олгосон байсан. Уг дугаарыг олгосон байсныг Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй гэж заасны дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд өөрөө засвар хийж А тушаалаа Б болгон өөрчилсөн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актын илэрхий алдааг засахыг шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч дээрх алдааг өөрөө олж харсан бөгөөд үүний дагуу шаардсан. Иймд А тушаалыг Б тушаал болгон зөвтгөсөн. Илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд тодорхой зааж өгсөн байгаа. Хуулийн үндэслэлийн дагуу авч үзвэл утга агуулгын илэрхий алдаатай, бичгээр эсвэл цахим хэлбэрээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, тухайн байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэсэн зохицуулалтуудын аль нэг агуулга байхгүй. Уг нөхцөлүүдийн аль нэгийг ч хангаагүй учраас захиргааны илт хууль бус акт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын оны 10 дугаар сарын 7-ны өдрийн дүгээр тушаалыг хууль хүчингүй болгохыг шаардсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэсэн тушаалыг олж мэдсэн, олж мэдсэн учир уг тушаалыг үндэслэлгүй учраас хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. тушаалыг бол сая хэлсэнчлэн түүний эхнэрийн чатаар болон түүний албаны мэйл хаягаар мэдэгдсэн. Цахим /viber/-ын чатаар тушаалыг илгээсэн. Мөн оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл өвчтэй байгаа талаар лавлагааг хавсаргаж, эмчилгээ хийлгэсний дараа ажлаа хүлээлгэж өгье гэсэн хариу өгсөн. Сонсох ажиллагааны мэдэгдлийг мэдэгдээд түүний дагуу хариу тайлбарыг авсан. Өөрөөр хэлбэл, надаас ямар ч тайлбар аваагүй, өвчтэй байх хугацаад үндэслэлгүйгээр 2 өөр тушаалаар ажил үүргээс чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дугаар албан бичгээр оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот, Б дүүрэг, дугаар хороо, байр тоот хаягаар буюу нэхэмжлэгчийн албан ёсны төрийн албаны хувийн хэрэгт байгаа хаягт шуудангаар хүргүүлсэн бөгөөд хэргийн материалд авагдсан. Монгол шуудангийн оны 10 дугаар сарын 27-ны өдрийн магадалгаа болон 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай албан бичгээр Л.Б гэрийн хаягт эзэн нь буцаана гэж хэлсэн тул буцаасан байсан. Өөрөөр хэлбэл, санаатайгаар тушаалыг буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас хүргүүлсэн албан бичгийг буцаасан. Захиргааны ерөнхий хуулийн дугаар зүйлийн .3 дахь хэсэгт захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш ажлын 5 хоног, орон нутагт бол ажлын 10 өдөр болсны дараа уг актыг мэдэгдсэнд тооцож байгаа. Гэвч оны 10 дугаар сарын 08-ны өдөр буюу тушаал гарсны маргааш ажил хүлээлцсэн. Ажил хүлээлцсэн тухай акт хэрэгт авагдсан байгаа. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тушаалаар тухайн албан тушаалын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байна. Нэхэмжлэгч Л.Б бол урьд нь цагдаагийн байгууллагад албан үүрэг гүйцэтгэж байгаад тэтгэврийн чөлөөндөө гарч манай байгууллагад орж ажилласан байгаа. Хувийн хэрэгт өөр авагдсан бүх материалыг шүүхэд гаргаж өгсөн. Сүүлд хувийн хэргийг дахин шаардсан байсан. Хувийн хэрэгт өөр нэмж өгөх зүйл байхгүй. Мөн Төрийн албаны зөвлөлд нэхэмжлэгч Л.Б гомдол гаргасан. Уг гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлийн оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ******* албан бичигт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай тушаалаар Л.Б байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан сонгон шалгаруулалт явуулах, 33 дугаар зүйлд заасан тусгай шалгалт өгөх гэсэн зохицуулалтыг зөрчиж байгаа тул хууль бус томилгоо болсон байна гэж хариу ирсэн байдаг. Ингээд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр тушаалаар чөлөөлсөн ба тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг үндэслэл болгож чөлөөлсөн. Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараах тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчтэй тохиролцсоны дагуу албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ гэж Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.9-т албан хаагч өөр албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон тохиолдолд гээд Л.Б өмнө ажиллаж байсан албан тушаалтан өөр байгууллагад шилжсэн учраас Л.Б түр орлон гүйцэтгэгчээр томилсон байсан. Тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3 дахь хэсгийг үндэслэсэн. Үүнд ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэх хугацааг зааж өгч байгаа. Тушаалын 3 дахь заалтад Л.Б ажил үүрэгтэй холбоотой байгууллагын тэмдэг, техник хэрэгсэл, эд хөрөнгө, ажил үүргийн дагуу бүрдүүлсэн баримт бичиг, биет болон бусад цахим мэдээлэл, холбогдох бусад зүйлийг оны 10 дугаар сарын 07-ны дотор хүлээлцэхийг ажлын хэсэгт үүрэг болгосон. Мөн тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дахь заалтыг үндэслэл болгосон байгаа. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болж байгаа бол ээлжийн амралтын тооцоог хийж цалинг олгоно гэсэн байгаа. Л.Б******* цалингийн болон ээлжийн амралтын тооцоог бүрэн хийж дуусгасан. Иймд Л.Б гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Л.Б Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай тушаалыг хүчингүй болгуулж байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж,
2.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, ихэсгэхдээ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр тушаалыг илт хууль бус байсан болохыг тогтоолгох, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр тушаалыг хүчингүй болгож, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг хариуцагчид даалгах гэж тодорхойлсон.
3. Үйл баримтын тухайд:
3.1.Нэхэмжлэгч Л.Б Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар тушаалаар байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.
3.2.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас оны 9 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлж байгаа талаар мэдэгдэл хүргүүлж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар нэхэмжлэгч Л.Б байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн байна.
3.3.Үүний дараа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын оны 10 дугаар сарын 07-ны өдрийн тушаалын дугаар гэснийг гэж өөрчилсөн.
4.Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, 24.2, Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсгийг тус тус үндэслэн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Б чөлөөлсөн байна.
4.2.Нэхэмжлэгчээс ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оны дүгээр тушаалыг устгаж, дүгээр тушаал гаргаснаа тайлбарлаж, энэхүү дүгээр тушаалыг гаргахдаа надад мэдэгдээгүй, чөлөөлөх болсон шалтгааны талаар огт мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй гэж, хариуцагчаас ... шинээр томилогдсон сайдын туслах тушаалын дугаарын ялгааг ойлголгүй тушаалын дугаар олгосон байсан учраас Захиргааны ерөнхий хуулийн 45.1-д зааснаар техникийн шинжтэй алдаа байсан учраас засаж, дүгээр тушаалыг гаргасан. Тухайн үед нэхэмжлэгч өөрөө энэ алдааг харж засуулсан... сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн ... өөрөө өргөдөл болон эмнэлгийн магадалгаа ирүүлсэн гэж тус тус тайлбарлан маргасан.
4.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тушаалын дугаарыг Б гэж авах байсныг сайдын туслах шинээр томилогдсонтой холбоотой дугаарыг буруу олгосон учраас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын оны 10 дугаар сарын 07-ны өдрийн тушаалын дугаарыг гэж өөрчлөн гаргасан гэх тайлбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ...Та нар А тушаалаар ажил хүлээлцсэн байна. Наадах чинь хүний нөөцтэй холбоотой учраас Б тушаалаар гарах ёстой гэсэн чинь дараа нь надад хүргүүлэхдээ засаад бичсэн ... гэсэн тайлбаруудаас үзвэл, нэхэмжлэгчээс захиргааны байгууллагаас гаргасан актад буруу дугаар бичигдсэнийг хэлснээр захиргааны байгууллага маргаан бүхий Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын оны 10 дугаар сарын 07-ны өдрийн тушаалын дугаарыг гэж засаж өөрчилсөн нь огт өөр агуулга бүхий шинэ захиргааны акт гэж үзэхээргүй байна.
4.4.Учир нь, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй ..., 45.2-т Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актын илэрхий алдааг засахыг шаардах эрхтэй гэж тус тус заасан.
4.5.Хариуцагч нь оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг буруутгасан шинэ үндэслэл нэмсэн буюу захиргааны актын үндсэн зохицуулалт, утга агуулгыг өөрчилсөн бус, харин маргаан бүхий актын дугаарыг буруу бичсэн техникийн шинжтэй бичиглэлийн алдаа гаргаснаа зөвтгөн засварласан байх тул хуулийн энэхүү зохицуулалтад нийцсэн байна.
4.6.Тухайлбал дугаар тушаал нь бие даасан захиргааны акт биш, эрх ашиг нь хөндөгдсөн этгээд ч өөрөө мэдэж, энэ талаар захиргааны байгууллагад мэдэгдсэн, үүний дараа захиргааны байгууллага засвар оруулснаар тэрхүү алдаа засагдсан байна.
4.7.Нэхэмжлэгчээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр тушаалыг илт хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэлээ Хэрэг хянан шийдвэрлэх явцад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын оны дугаартай тушаалыг устгаж, нөхөн гаргасан тухайгаа хариуцагчийн зүгээс тайлбарласан гэж гаргасан.
4.8.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан үндэслэлийн алинд нь хамаарах талаар нэхэмжлэлийн үндэслэлд дурдаагүй болохыг тэмдэглэв.
4.9.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д илт хууль бус захиргааны актын шинжийг тодорхойлсон бөгөөд үүнд, утга агуулгын илэрхий алдаатай, бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй зэрэг шинжүүдэд хамаарахгүй гэж шүүх үзлээ.
4.10.Хариуцагчаас маргаан бүхий Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 110 дугаар зүйлийн 110.3-т заасныг баримтлан байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Б чөлөөлсөн байна.
4.11.Нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлд маргаан бүхий тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргасны хариуд тус зөвлөлөөс оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ******* дүгээр албан бичгээр ... Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар тушаалаар таныг байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан сонгон шалгаруулалт явуулах, 33 дугаар зүйлд заасан тусгай шалгалт өгөх зохицуулалтыг зөрчиж, хууль бус томилжээ. ... гомдолд дурдсан асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журамд заасны дагуу хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэсэн хариу өгчээ.
4.12.Нэхэмжлэгч Л.Б нь анх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар тушаалаар байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байна.
4.13.Тухайн үед дээрх албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Л.Б хувийг ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан Авлигатай тэмцэх газрын оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар албан бичигт ... нэр дэвшигч нь Төрийн албаны тухай хуульд заасан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг зөрчихөөр байх тул нийтийн албанд сул орон тоо гарсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан этгээдийг нэр дэвшүүлэхийг үүгээр зөвлөж байна гэж өгчээ.
4.14.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө, 27.1.1-д төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс;, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ. 27.3-т Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно. гэж тус тус заасан.
4.15.Нэхэмжлэгчийн тухайд уг албан тушаалд түр томилогдох үедээ Төрийн албаны тухай хуулийн дээрх шаардлагыг хангаагүй томилогдсон талаар нэхэмжлэгч, хариуцагч нар маргаагүй.
4.16.Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т Хуульд өөрөөр
заагаагүй бол доор дурдсан төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилно: гээд, 23.2.3-т ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх гэж заасан бөгөөд байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаал Монгол Улсын Засгийн газрын ******* оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга нь албан тушаалын ангилал Ахлах түшмэл, ******* зэрэглэлтэй байхаар тогтоожээ.
4.17.Гэтэл нэхэмжлэгч нь байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохдоо хуульд заасан шаардлага хангаагүй, төрийн захиргааны албан тушаалд түр томилогдсон нэхэмжлэгч Л.Б******* Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэлт баталгаа, төрийн албанаас үндэслэлгүй чөлөөлөгдөхгүй байх эрх зүйн хамгаалалт түр орлон гүйцэтгэгчид үйлчлэхгүй бөгөөд маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.
4.18.Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1-д тус тус зааснаар захиргааны байгууллагын гаргах гэж буй шийдвэрийн улмаас гагцхүү эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд тухайн актын эрх зүйн үр дагаврыг танилцуулж, ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгож, сонсох ажиллагаа явуулах зохицуулалттай.
4.19. оны 9 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгчид даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан тушаалаас чөлөөлж байгааг мэдэгдэж, санал тайлбараа оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлэх талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн гарын үсэгтэй хүргүүлжээ.
4.20.Нэхэмжлэгчээс ... сонсох ажиллагааны мэдэгдлийг мэдээгүй, холбогдоогүй гэх боловч хэрэгт авагдсан маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгч Л.Б үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө захиргааны акт гаргахын өмнө мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар нэхэмжлэгчээс үгүйсгэсэн баримтыг ирүүлээгүй, хариуцагчийн ... сонсох ажиллагааны мэдэгдлийг оны 9 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн ******* дугаарын утсаар холбогдон мэдэгдэж, цахим /viber/-аар хүргүүлсэн. Л.Б мэдэгдлийг хүлээн авсны дараа оны 9 дүгээр сарын 24-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэл өвчтэй байгаа тухай эмнэлгийн магадалгаа хавсарган өөрийн цахим /viber/-аар эмчилгээнээс гарсны дараа ажлаа өгнө гэж ирүүлсэн гэх тайлбар, оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн өргөдөл, эмнэлгийн магадалгаа, мөн нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ... намайг өвчтэй байхад О.А******* над руу утсаар ярьсан. Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн... гэсэн тайлбар зэргээс үзэхэд мэдэгдлийг мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй.
4.21.Түүнчлэн, нэхэмжлэгчийн маргаан бүхий оны 10 дугаар сарын 07-ны өдрийн актыг гарах үед өвчтэй байсан гэх үндэслэл нь хэрэгт авагдсан эмнэлгийн оны 9 дүгээр сарын 24-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх магадалгаа, оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл эмнэлгийн магадалгаа, оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ажил хүлээлцсэн тухай тэмдэглэл зэргээр үгүйсгэгдэж байна.
4.22.Иймд нэхэмжлэгч Л.Б Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр тушаалыг илт хууль бус байсан болохыг тогтоолгох, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр тушаалыг хүчингүй болгож, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох болон нийгмийн даатгалын, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.23.Нэхэмжлэгчээс гуравдагч этгээдээр С.О******* оролцуулах хүсэлтээсээ татгалзсаныг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Б Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр тушаалыг илт хууль бус байсан болохыг тогтоолгох, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр тушаалыг хүчингүй болгож, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох болон нийгмийн даатгалын, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.БАТСҮХ