Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 307/ШШ2025/01475

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс:307/2025/01516/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* байрлах ******* ТӨХХК (итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.*******, утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* байрлах ******* ХХК  (төлөөлөгч Б.*******, утас: *******)-д холбогдох,  

 “82,035,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ТӨХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“... ******* ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тоног төхөөрөмжийн түрээсийн зээлийн гэрээгээр 53,300,000 төгрөгийг 6 жилийн хугацаатай, 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож авсан. Өнөөдрийн байдлаар ямар ч төлөлт хийгээгүй байна. Гэрээний 6.1-т зааснаар нэг хоногийн 0.3 хувиар алданги тооцвол үндсэн үнийн дүнгээс хэтэрч байх тул анзыг 50 хувиар тооцож 27,345,000 төгрөг, үндсэн төлбөр 54,690,000 төгрөг нийт 82,035,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...******* ТӨХХК-тай гэрээний үлдэгдэл төлбөр болох 54,690,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“...******* ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн төлбөр 54,690,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлөхөө илэрхийлсэн тул алданги болох 27,345,000 төгрөгөөс татгалзаж байна. Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ТӨХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 82,035,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасан.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 27,345,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 54,690,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохирч, зохигч эвлэрч байна.

4.Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага болох 54,690,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 215,700 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК-д холбогдох 82,035,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт “...нэхэмжлэгч нь 27,345,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, үлдэх 54,690,000 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн” зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага болох 54,690,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 215,700 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Б.НОМИН