Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/923

 

 

 

 

 

 

2024              08              15                                       2024/ДШМ/923

 

 

Б.О, Б.Днарт холбогдох                                                                                                         эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Төмөртулга,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл, Б.Энхтүвшин,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Л.Амартогос,   

хохирогч Д.М,  

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/728 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Б.Д, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Б.О, Б.Днарт холбогдох эрүүгийн 2208033111890 дугаартай хэргийг шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Б.О, 1981 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт ................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:......................./,

Урьд: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 884 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

Гэгээнтэн овогт Б.Д, 1986 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймагт төрсөн, 37 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ......................тоотод оршин суудаг гэх, /РД:......................./,

урьд: - Завхан аймгийн Улиастай  сумын сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан.

- Завхан аймгийн Улиастай сумын сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,

-  Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 544 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 925 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 544 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож, үлдэх 2 жил 6 сарын хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон.

-  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/124З дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 925 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 5 сар 15 хоногийн ялыг мөн хугацааны хорих ялаар солин нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хугацааг 02 жил 01 сар 15 хоногийн хугацаагаар тогтоосон.  

Шүүгдэгч Б.О, Б.Днар нь бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 16-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кимбаб Чонгуг” хоолны газрын үүдэнд хохирогч Д.Мг “архи авч өгсөнгүй” гэж хоёр гарыг мушгин хүч хэрэглэж, чих, хүзүү зэрэгт нь зүүлттэй байсан монетан гинж 1 ширхэг, бөгж 3 ширхэг, хос ээмэг зэрэг эд зүйлийг авч хохирогчид 3.010.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.О, Б.Днарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... шүүгдэгч Б овогт Б.О, Гэгээнтэн овогт Б.Д нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн еренхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От 2 /xoep/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Д2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Дэнэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1243 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг З /гурав/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, Б.Днарт оногдуулсан хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлуулж, Эрүүгийн хуулийн еренхий ангийн 6.10 дугаар зуйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д цагдан хоригдсон 160 /нэг зуун жар/ хоногийг нийт эдлэх ялд, шүүгдэгч Б.Оийн цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг түүний эдлэх ялд тус тус оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д /нэг сая таван зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Мд олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.О нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг анх үүссэн цагаас эхлээд мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн явцад хийгээгүй хэргийн гэм буруутан болж байгаад гомдолтой байна. Учир нь: хохирогчийн мэдүүлэгт алдагдсан гэх эд зүйлсийн нотлох баримтыг үнэлэн шалгах ажиллагааг дутуу дулимаг, үндэслэл тодорхойгүй, нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, нотлогооны стандартыг алдагдуулж “in dubio pro reo” зарчмыг зөрчсөн. Гэрч Гын мэдүүлэгт дурдсан хохирогч Мгийн алдсан гэх бөгж гэрт нь орон доор нь байсан гэснийг Бгаас дахин шалгаж тайлбар аваагүй. /1-р хх 162-163/. Хохирогч М болон гэрч Б 2-ын мэдүүлэг зөрүүтэй. Тухайлбал: хохирогч М 2022 оны 09 дүгээр сарын 16-ны шөнө 3-4 цагт найз Бгаас салсан гэж мэдүүлсэн 1-р хх 24-25, 27, 156-157/ Харин гэрч Б нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны орой 21 цагийн үед найз Мгаас салсан гэж мэдүүлсэн /1-р хх 40-41, 78-79/ гэх мэт шалтгаанаар хавтаст хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Харин байцаалтаас буцаж ирэхдээ дээрх мэдүүлгүүдийн үнэн бодит байдлыг дахин нягтлан шалгаж баталгаажуулаагүй. Энэ нь Эрүүгийн хуульд зааснаар өөрийн итгэл үнэмшлээрээ хандах эрхээ ноцтой зөрчиж, нэг талыг барин эрүүгийн хэрэгт ял тулгаж хянан шийдвэрлэсэн. Мөн хохирогч Мгаас дахин мэдүүлэг авахад анхны мэдүүлгээсээ өөрчлөгдсөн. Эхний мэдүүлэгтээ мөнгөн гинж алдсан, 2017 онд авсан, 100.000 төгрөгөөр үнэлсэн. Мөн нийт хохирол 420.000 төгрөг гэж үнэлсэн /1-р хх 63-65/. Дараагийн мэдүүлэгтээ монетан гинж алдсан 2017 онд Нарантуул захаас 100.000 төгрөгөөр худалдаж авсан гэж мэдүүлсэн. Мөн нийт хохирол 3.100.000 төгрөг болж өөрчлөгдсөн /2-р хх 13-15/, хохирогч Мгийн нэхэмжилсэн хохирлын хэмжээ нь 1-р хх-ээс 2-р хх -н шинжээчийн дүгнэлт зөрүүтэй гаргасан харагдаж байна. Дээрх шалтгаануудын улмаас шүүх хурал дээр хэргийг дахин шалгуулах хүсэлт тавьсан боловч шүүх, прокурор авч хэлэлцээгүй бөгөөд нотлох баримт хангалтгүй байхад хохирогч Мгийн аман мэдүүлгээр хэрэг шийдэгдсэнд гомдолтой байна. Би өөрийн гэм буруугүйг нотлох зорилгоор Сайн ломбардны Бизнес чат руу мэдээлэл авахын тулд хохирогч Мгийн регистрийн дугаарыг хэргийн материалаас авснаараа шалгахад 2023.10.23-нд №133105502 дугаартай гэрээ бүхий монетан бөгжийг өөрийн нэр дээр барьцаалан зээлсэн байсан нь хохирогч Мгийн мэдүүлэгт дурдсан зүүн гарын эрхий хуруундаа зүүж байгаад 2023.09.16-нд алдагдсан гэх /1-р хх 21/-д 8.2 граммтай 700.000 төгрөгийн үнэлгээтэй бөгж мөн болох нь хавтаст хэргийн 51-р хуудаст зурагтай нийцэж байгаа юм. Үүнээс харахад хохирогч М нь 2024.06.13-нд шүүх хуралд мэдүүлэхдээ 2023.09.16-нд эд зүйлээ алдсанаас хойш ямар ч монетан эдлэл байхгүй, ломбарданд тавьсан эд зүйл ч огт байхгүй гэж дурьдсан. Гэвч хохирогч Д.М нь 2023.10.23-нд алдагдсан гэх бөгжөө зээлийн барьцаанд өөрийн нэр дээр тавьсаг баримт нотолгоо бий. Ийм шалтгааны улмаас миний хүсэлтийг хүлээн авч хавтаст хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, үнэн зөвөөр дахин шалгуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч нараас гэм буруугийн шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр болон шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон хавтаст хэргийн 51-53 дугаар талд байгаа эд зүйлийн үнэлгээ хийлгэхтэй холбоотой 3 хуудас баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй талаар хууль зүйн үндэслэлээ шүүх хуралдааныг хойшлуулах байр суурьтай оролцсон. Б.От холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай нотлож тогтоогоогүй талаар урьд өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2 удаа зарлуулж, прокурорт тодорхой мөрдөн шалгах ажиллагаа шүүхээс хэргийг нэг удаа буцааж шийдвэрлэж байсан. Урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтийн агуулга нь нотлох баримтаар тооцож хэрэгт хавсаргасан баримт бичгийг хүлээн авч тэмдэглэл үйлдээгүй мөн тухайн эрх зүйн ач холбогдол бүхий нотлох баримтын эх сурвалжийг шалгах шаардлагатай талаар  хүсэлтүүдийг тавьж байсан болно. Гэтэл хавтаст хэргийн 51-53 дугаар талд байгаа нотлох баримтын эх сурвалжийг тогтоох шаардлагагүй талаар шүүхээс дүгнэж тухайн хүсэлтийг хүлээж авалгүйгээр гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн. 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр миний үйлчлүүлэгч Б.Оээс 2 хуудас баримтыг өмгөөлөгч нарт гаргаж өгсөн бөгөөд тухайн баримтын агуулга нь “Сайн” ломбард /sain Lombard/ гэх фэйсбүүк хуудас руу хэрэг дотор байсан хохирогчийн регистрийн дугаарыг хийж нэвтэрч ороход дээрэмдүүлсэн гэх бөгжийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дахин барьцаалсан талаар мөн тус бөгжний зураг болон хохирогчийн иргэний үнэмлэхний зурагтай мэлээллийг гаргаж өгсөн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14, 16.15 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг цуглуулж бэхжүүлж шалгаж үнэлэх эрх нь зөвхөн мөрдөгч, прокурор, шүүхэд оноогдсон эрх хэмжээ тул өмгөөлөгчөөс хэлэлцүүлэх боломж олдоогүй болно. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогч Д.Мгаас “Сайн ломбардан” дээрэмдүүлсэн гэх 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш огт эд зүйл барьцаанд тавиагүй талаараа мэдүүлсэн бөгөөд Одончимэгээс өмгөөлөгч нарт гаргаж өгсөн баримттай зөрж байгаа болно. Иймд давж заалдах шатны шүүхээс шинжээчийн дүгнэлт, хохирол, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтын эх сувалжийг тогтоолгох зорилгоор анхан шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Б.Мөнхгэрэлийн гаргасан гомдлыг бүхэлд нь дэмжиж байна. Гэм буруугийн шүүх хуралдааны явцад 60 хүртэлх хоногоор шүүх хуралдааныг хойшлуулах, тодорхой ажиллагаа хийлгэхийг прокурорт даалгахаар шүүх хуралдаанд оролцсон боловч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй, хохирогч Д.М шүүх хуралдааны явцад мэдүүлэг өгөхдөө тухайн үйл баримт болсноос хойш ломбардад бөгж тавиагүй гэж мэдүүлэг өгсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн мэдүүлэг үнэн зөв эсэх нь эргэлзээ төрүүлдэг. Мөрдөн шалгах ажиллагаагаар хавтаст хэргийн 71 дүгээр хуудсанд байгаа “Сайн” ломбардаас гаргаж өгсөн нотлох баримт зэргийг шалгуулахаар мөрдөн байцаалтад буцаах шарлагатай. Хохирогч Д.М нь уг бөгжийг “Сайн ломбардад тавьсан байж болзошгүй, эдгээр асуудлын үнэн зөв мэдүүлсэн эсэх дээр эргэлзээ төрж байна. Энэ асуудлыг тодруулж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх байсан. Харамсалтай нь анхан шатны шүүх хүлээж аваагүй. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүйгээр орхилдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Ддавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би шилжилтийн буюу 12 настай хүүхэдтэй өрх толгойлсон ганц бие эх, урьд өөрийн залуу насны болчимгүй зангаасаа болж хэд хэдэн удаа ял шийтгүүлж байсан. Сүүлд 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж, цахим гав зүүсэн. Энэ хугацаандаа их зүйлийг ойлгож, өөрийн биеэрээ мэдэрч хэдийгээр гавтай байсан ч өөрийн хүүхдийг харж солонгос хэл сурч байсан. Гомдол гаргах болсон учир нь анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд хэрэгт хамсаатан болж ял шийтгүүлсэндээ гомдолтой байна. Би урьд зорчих эрх хязгаарлах ялтай байсан тул гэмт хэрэгт холбогдож болохгүй гэж ойлгож байсан. Тухайн үед “Одончимэг гэх эмэгтэй архи авч өгсөнгүй гэх шалтгаанаар Мгийн бөгжийг авсан. Би тухайн үед салгах ч үгүй хараад л зогссон, яагаад гэвэл би ялтай байсан” гэсэн миний мэдүүлэг 1-р хх 153 дахь талд байдаг. Энэ мэдүүлгийг огт харгалзаж үзээгүй тул дахин шалгуулмаар байна. Дараагийн дугаарт хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг хоорондоо илт зөрүүтэй ба нотлох баримт цуглуулж бэхжүүлсэн зүйл огт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нүүрэлдүүлж мэдүүлэг авах ажиллагаа хийгдэх үндэслэл байхад огт хийгээгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мэдүүлгийг газар дээр нь хянан шийдвэрлэх, шалгах ажиллагаа явагдаагүйн улмаас хоолны газрын гадна камерын бичлэг байхгүй, хэрэгт нотлох баримт цуглуулж бэхжүүлсэн зүйл огт байхгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалгаж өгнө үү.

Шүүхийн тогтоолын 7 дугаар нүүрний хууль зүйн дүгнэлтэд гаргасан “мөн энэ гэмт хэрэг нь хохирогчийн бие махбодид халдсан үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол бодитойгоор учирсан байхыг шаардахгүй бөгөөд шүүгдэгч нарын хохирогчийн 2 гарыг мушгиж, толгойг нь уураглаж хөдөлгөхгүй болгосон үйлдэл нь хүч хэрэглэсэн шинжид хамаарна” гэж шүүхээс гаргасан хууль зүйн дүгнэлтийн шүүгдэгч нарын гэж байгааг эс зөвшөөрч байна. Уг үйлдлийг Б.О ганцаараа үйлдсэн боблох нь хохирогчийн 1-р хх 24, 25, 27, 156, 157 дугаар хуудаст авагдсан мэдүүлгээр батлагддаг. Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Д өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүхэд гаргасан шүүгдэгч Б.Д гомдлыг хуулийн хүрээн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Шүүгдэгч Б.О, Б.Днарын зүгээс хохирогч Д.Мгийн дээрэмдүүлсэн гэх үнэт эдлэл нь хохирогчид өөрт нь байгаа. Ломбардад тавьсан эсэхийг шалгуулах талаар давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэллээ. Иймд шүүгдэгч нарын өмгөөлөөгчийн байр суурийг дэмжиж оролцож байна” гэв.

Хохирогч Д.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралд шүүгдэгч нар ийм тайлбартай байсан. Намайг хохиролгүй болгож өгнө үү гэдгээ илэрхийлсэн” гэв.

Прокурор Т.Төмөртулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарын гаргасан гомдлыг сонслоо. Гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Д, Б.О нар нь бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг анхан шатны шүүхээс хавтаст хэргийн хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Өмгөөлөгч нарын зүгээс дээрх ломбардан тавьсан эд зүйлийн талаар тодруулах хүсэлт гаргаж байгаагүй. Энэхүү хувь хүний нууцтай холбоотой баримт бичгийг ямар замаар хэрхэн олж авсан нь ойлгомжгүй байгаа нь хууль бусаар баримт гаргаж өгч байгаа нөхцөл байдал байна гэж харж байна. Энэ талаар прокурор хэрэг үүсгэж шалгах тухайгаа илэрхийлсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нараас гаргасан гомдлыг хэрэгсгэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:    

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгч нарт холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх  үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ оролцогчдын эрхийг хангаж, шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон шүүх хуралдаанд оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь бодит байдлаар шалгаж, үнэлсэний үндсэн дээр шүүгдэгч Б.О, Б.Днарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал :

Шүүгдэгч Б.О, Б.Днар нь бүлэглэн, согтуурсан үедээ 2022 оны 09 дүгээр сарын 16-ны шөнө хохирогч Д.Мг “архи авч өгсөнгүй” гэж хоёр гарыг мушгин хүч хэрэглэж, чих хүзүүнд зүүлттэй байсан монетан гинж 1 ширхэг, бөгж 3 ширхэг, хос ээмэг зэрэг эд зүйлийг авсан болох нь :   

- хохирогч Д.Мгийн 2022.09.16-ны өдөр гаргасан гомдол” Би урьд шөнө эд зүйлээ булаалгасан. Саппаро Кимбаб чонгүгээс гарч яваад монетон бөгж 3 ширхэг, ээмэг 1 хос, хүзүүний гинж булаалгасан тул ож өгч тусална уу. Одноо гэх хүүхэн, Должинсүрэн гэдэг 2 хүн авсан. Бас 2-3 хүн байсан, бас зодуулсан...” /1хх-20-21/,

- хохирогч Д.Мгийн “...2022 оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 3-4 цагийн үед найз Бгаас салаад харихаар явсан ба автобусны буудал руу явж байх үедээ “Кембаб Чонгуг” руу орж юм идчихээд буцаж гараад автобусны буудал руу явж байхад “Хас” банкны АТМ-ны урд тал үл таних хүмүүс зогсож байсан бөгөөд хажуугаар нь гарах гэтэл намайг нэг эмэгтэй нь барьж аваад миний хоёр гарыг мушгиж бариад өөр нэг эмэгтэй хажуу талаас миний хүзүүнд байсан гинжийг татаж таслаад, миний хоёр гарт байсан 3 ширхэг бөгжийг мулталж авсан. Мөн миний хоёр чихэнд байсан хос ээмгийг тайлж авсан. Тухайн үед хоёр эмэгтэйн нэг нь гар хөл бариад нөгөөх нь миний биеэс эд зүйлийг нь мулталж авсан. Нэгийг нь Одноо гэх бөгөөд бүдүүн шар арьстай эмэгтэй, нөгөөх нь Должко гэдэг шиг санагдаж байна туранхай, надтай ойролцоо өндөртэй хүмүүс байгаа.  Миний бие тухайн хүмүүсийг харах юм уу8 зургийг нь харвал танина...” гэсэн мэдүүлэг /1-р хх 24-25, 27/... Одончимэг миний гарыг мушгиж толгойг биендээ нааж, намайг хөдөлгөөнгүй болгод Должин нь миний баруун гарын дунд хуруу, зүүн гарын эрхий хуруу, чигчий хуруунд байсан бөгжнүүдийг аваад Одноо нь чихэнд байсан ээмэг болон гинжийг тасалж авсан... Би Должинтой муудалцаж зодолдсон асуудал байхгүй...” /1-р хх 156-157/,

- гэрч Э.Бгийн “ ... Маргааш өглөө нь М “өнгөрсөн шөнө автобусны буудал руу явж байхдаа хүнд дээрэмдүүлчихлээ, ээмэг, бөгж, гинжээ алдчихлаа, цагдаа дээр байна” гэж надтай ярьж байсан... Мгийн гарт бөгж харагдсан, гэхдээ яг аль гарын аль хуруунд байсныг мэдэхгүй байна. Хоёр гартаа хоёуланд нь бөгж зүүсэн байсан.../1-р хх 40-41/...Ер нь бол их ээмэг бөгжтэй байдаг санагдаж байна. Заримдаа бүүр нэг гарынхаа 4 хуруунд бөгж зүүчихсэн байдаг байсан...” /1-р хх 78-79/ гэх мэдүүлэг,

- гэрч Г.Э“... тухайн үед Саппарогийн ард архи ууж байхад нэг зүс мэдэх эмэгтэй ирээд Одноо, Должко 2-той холдоод яваад өгсөн...тэр эмэгтэйг Туяа гэж дуудаж байсан...Тэд нарын дунд Одончимэг маргалдаж муудалцсан талаар мэдэхгүй. Должко ямартай ч муудалцаад үсдэлцээд байх шиг байсан. Юунаас болж муудалцсан талаар би мэдэхгүй байна...” /1-р хх 165-166/,   

- шүүгдэгч Б.Д “...Одончимэг гэх эмэгтэй нь архи авч өгсөнгүй гэх шалтгаанаар Мгийн бөгжийг авсан...Би тухайн үед салгаагүй, хараад зогсож байсан, учир нь би зорчих эрхийг хязгаарлах ялтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 153/,  

- шүүгдэгч Б.Оийн “... М мөнгийг нь өгөөд нэг шил архи авчраад хувааж ууцгаасан. Тэгээд тэнд зогсож байтал М нэг том дөрвөлжин шар өнгийн бөгж байхаар нь би бөгжийг нь үзье гэтэл миний бөөгийн бөгж байгаа юм гээд үзүүлэхгүй байтал Должин чи худлаа ярьлаа гээд тэр хоёр маргалдаж, муудалцаж эхэлсэн... Би бөгжийг нь үзье гэтэл надад үзүүлэхгүй бөөгийн бөгж гэхлээр нь гарнаас нь мулталж авсан...Тэгтэл М нь миний чигчий хуруунд байсан бөгжийг авчихлаа гээд М орилоод байсан...Эрхий хуруу, дунд хуруу, чигчий хуруунд нь бөгж байсан...Должинтой ноцолдсоны дараа Должинг авчихлаа гээд байсан...” /1-р хх 139-140/,

- Зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх 42-49/,    

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн “...монетон гинж 630.000 төгрөг, монетон бөгж 1,8 грамм/ 252.000 төгрөг, монетон бөгж 8,2 грамм/ 1.148.000 төгрөг/, монетон бөгж 2,5 грамм/ 350.000 төгрөг, монетон хос ээмэг 4,5 грамм 630.000 төгрөг нийт 3.010.000 төгрөг.” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-p хх 14/,

- “Тайгын булаг” ХХК-ийн 2022.09.30-ны өдрийн 22/1-053 тоот албан бичиг, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-51-52/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Б.О, Б.Днар бүлэглэн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу дээрэмдэх гэмт хэрэг” үйлдсэн болохыг нотолж буй нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан байх бөгөөд нотлох баримт бүхэлдээ эх сурвалжаа тодорхой заасан, харилцан эх сурвалжаа давхар нотолсон, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, эргэлзээгүй байх шалгуурыг хангасан байх тул шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.  

Шүүгдэгч Б.О, Б.Днар нь тухайн гэмт хэргийг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэсэн гүйцэтгэгчид байх ба тэдний гэм буруугийн санаатай хэлбэр, хохирогчийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж довтолсон үйлдлийг зэргийг нотолсон үйл баримтуудыг үгүйсгэн няцаах үйл баримт тогтоогдоогүй болно.

Хохирогчийн хувьд түүнд хууль сануулан мэдүүлэг авсан байх бөгөөд түүний гомдол, удаа дараа өгсөн мэдүүлэг зэргийг “Тайгын булаг” ХХК-ийн албан бичиг, гэрч Г.Э, Э.Б нарын мэдүүлэг зэрэг бусад эх сурвалжтай харьцуулан шалгахад түүний мэдүүлгийн эх сурвалж нотлогдсон байх бөгөөд бусдыг гэмт хэрэгт гүтгэсэн, худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан байх бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг нотлохгүй, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй учраас шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь тус хэргийн зүйлчлэлд нөлөөлөх үндэслэлгүй байхаас гадна шүүгдэгч нарын хувьд харилцан эсрэг сонирхолтой буюу харилцан бие биеийнхээ үйлдлийг нотолсон утга агуулгаар мэдүүлэг өгсөн, тэдгээрийн мэдүүлэг бусад үйл баримтаар давхар нотлогдсон гэж үзэхээр байна.   

Зарим шүүгдэгч нарын мэдүүлгээс үзэхэд “бодит эх сурвалжгүй мэдүүлсэн буюу хохирогч нь бөгжөө надад бэлэглэсэн, би бөгжийг нь мулталж аваад буцаан өгсөн” гэх зэрэг нь нотлогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.   

Тус хэрэгт эд зүйлсийн үнэлгээг анхан болон нэмэлтээр тус тус /1хх-63-65/ 2хх-13-17/ хийлгүүлсэн байх ба тус тусгай мэдлэг, эрх бүхий үнэлгээчний гаргасан дүгнэлтүүдийг  үгүйсгэн няцаах үндэслэл, үйл баримтгүй байна.  

Түүнчлэн хохирогч цөөнгүй бөгж, бусад гоёлын хэрэгсэлтэй талаар гэрч мэдүүлсэн байх ба хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг шалгахад хохирогч нь ломбардад тавьчихсан байсан бөгжөө дээрэмдүүлсэн гэж худал мэдүүлсэн, хуурамч баримт бүрдүүлж өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг тодотгохын зэрэгцээ хэрэв шинэ нөхцөл байдал илэрсэн тохиолдолд жич шалгуулах нь нээлттэй болохыг тэмдэглэж байна.  

3. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг. 

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.    

Анхан шатны шүүхээс, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах дээрх шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэн дүгнэсний эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, шүүгдэгч Б.ДЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Дурьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1243 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосон нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэрэгт тохирсон гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,  шүүгдэгч Б.Днарын гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах, дахин хэлэлцүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.О, Б.Днарын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон  тус бүрийн 57 /тавин долоо/ хоногийг тэдний эдлэх хорих ялд тус тус оруулан тооцов.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :  

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 728 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,  шүүгдэгч Б.Днарын гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах, дахин хэлэлцүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, Б.Днарын тус бүр цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг тэдний эдлэх хорих ялд тус тус оруулан тооцсугай.   

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

 

                       

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.БАТЗОРИГ

 

                              ШҮҮГЧ                                                                 Д.ОЧМАНДАХ  

 

                              ШҮҮГЧ                                                                 Г.ГАНБААТАР