Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 95

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Г-д холбогдох эрүүгийн 1804000810097 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            Б.О

 Улсын яллагч                                           Б.Б

 Шүүгдэгч                                  М.Г/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/    нар оролцов.

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Х аймгийн Ц суманд төрсөн, эмэгтэй, .. настай, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, гэр бүлийн байдал .., нөхөр, .. хүүхдийн хамт ..дугаар хороо, ..дугаар байрны .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Н овогт М-ийн Г гэв.

 

           Нийслэлийн Багануур дүүргийн прокуророос:

            Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч М.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хороо, 48 дугаар байрны 39 тоот гэртээ өөрийн 9 настай охин Г.А-г “Дүүтэйгээ маргалаа” гэж дургүйцэж, түүний хүзүүг маажих, түлхэж унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь тархины доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           Шүүхээс М.Г-т холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хуурай эгчтэйгээ нэг шил дарс хувааж уучихаад гэртээ орсон. Намайг гэрт ороход А дүүтэйгээ маргалдаад байхаар нь би түлхсэн, тэр үед хүзүүг нь маажсан байх. Намайг түлхэхэд охин маань хойно байсан хувцасны шүүгээ мөргөж унасан. Маргааш өглөө нь эгч нь ирээд дүүгээсээ яасан талаар асуухад ээж намайг маажсан гэж хэлсэн байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж охиныгоо зодохгүй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өсвөр насны хохирогч Г.А байцаахад сэтгэл санааны хувьд тогтвортой, тайван, байцаагчийн асуусан асуултад тодорхой хариулж чадаж байсан. Болсон хэргийн талаар асуухад А дүүтэйгээ балаа булаацалдаж байхад нь намайг ээж түлхээд маажсан. Манай ээж байнга архи уудаггүй, намайг хааяа л загнадаг болохоос зодож байгаагүй.

Насанд хүрээгүй хохирогч Г.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би эгчид ээж намайг зодсон талаар хэлсэн. Би гэртээ хичээлээ давтаж байгаад дүүтэйгээ балаа булаацалдаж маргалдсан юм. Түүнээс болоод ээж Г уурлаж миний хүзүүг хумсаараа маажиж намайг гараараа түлхэж унагасан. Ээжид маажуулаад миний хүзүү зулгарсан байсан. Ээж намайг зодох үед бага зэрэг архи уусан байсан. Ээж миний хүзүүг маажихаас хэд хоногийн өмнө би дүүгээ гадаа тоглуулж байгаад унагачихсан юм. Түүнээс болоод ээж уурлаж намайг загнаад миний гар луу цохиж байсан. Ээж хааяа архи уудаг, архи уухаараа намайг загнадаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/

Гэрч Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр шиг санаж байна. Орой 18 цагийн үед би ажлаасаа тараад гэртээ ирэхэд манай эхнэр Ганцэцэг нилээд согтуу байсан. Намайг ажлаасаа ирэхэд манай охин А хүзүүтэй цамц өмссөн байсан. Маргааш өдөр манай дагавар охин Н дүү А-г ээж Г зодсон байна гэж хэлсэн. Би тухайн үед охин Ангирмаагийн хүзүүг үзэхэд хоолой нь зулгарсан байсан. Би А-гаас юу болсон талаар асуухад “өчигдөр ээж согтуудаа миний хоолойноос боож намайг түлхэж унагасан” гэж хэлсэн. Г би өчигдөр А-г үгэнд орохгүй байхаар нь заамдаж аваад түлхэж унагасан юм гэж хэргээ хүлээсэн. Охин А-г шүүх эмнэлэгт үзүүлэхэд тархи нь доргиж, хүзүү нь зулгарсан байсан. Г сүүлийн 2 жил орчим архи маш ихээр ууж байгаа. Сүүлийн үед Г нь архи уугаад согтохоороо хүүхэд болон надад агсам тавьж амгалан тайван байдал алдагдуулдаг. Сүүлийн үед Гнь 7 хоногийн 2-3 өдөрт байнга архи ууж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

Гэрч Г.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний дүү А 9 настай бөгөөд намайг гэрт ороход өчигдөр ээж архиуугаад намайг зодсон гэж хэлээд хүзүүгээ надад харуулсан. Би түүний хүзүүг харахад хумсаар маажсан бололтой босоо хэлбэртэй арьс нь зулгарч урагдсан байсан. А-гаас ээж чинь яаж зодсон талаар асуухад дүү А“ээж миний толгой руу гараараа цохиж, хүзүүг маажсан” гэж хэлсэн. Би ээж Г-ээс яагаад А-г зодож байгаа юм бэ гэж асуухад “дүү чинь үгэнд орохгүй байсан юм аа” гэж хариулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

Гэрч Н.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Багануур дүүргийн 3 дугаар хороо, 48 дугаар байрны 39 тоотод амьдардаг Г дуудлага өгсөн юм. Миний бие дуудлагын дагуу дээрх хаягаар ороход М.Г бага зэрэг архи уучихсан халамцуу байсан. Тэр үед Г нь өөрийн охин А-г дүүгээ сайн харж байхгүй яасан юм бэ гэж загнаад А-ийн толгойны үснээс зулгааж, нуруу хэсэгт хоёр удаа гараараа цохиж авсан. Г нь ахуйн хүрээнд байнга архидан согтуурдаг, хүүхэд болон ар гэртээ агсам тавьж байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг эмэгтэй байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/

Гэрч Э.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хадам ээж байнга гэртээ архидан согтуурч хүүхдүүдийнхээ эсрэг гэр бүлийн хүчирхийллийг үйлдэж танхайрдаг. Г.А охин нь 3 дугаар ангийн сурагч. Сүүлийн үед А манай эхнэрээс “та намайг өргөөд аваач, би танайд баймаар байна” гэж ярьсан гэсэн. А нь ээж Г нь байнга архидан согтуурч бидний хүсэл зоригийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэртээ байх хэцүү байгаа талаар манай эхнэр Н-т ярьж, өөрийгөө гэртээ байлгах талаар хэлсэн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/

Нас тоолсон баримтаар “насанд хүрээгүй хохирогч Г.Ань 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 9 нас 5 сар 18 хоногтой” гэх баримт, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 15-16/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №09шэ/169 дугаартай дүгнэлтэд: “Г.А-гийн биед тархины доргилт, зулайд зөөлөн эдийн гэмтэл, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” шинжээч эмч Ө.Ш гэжээ. /хх-ийн 29/

Шүүгдэгч М.Г-ийн хэрэг зөрчилд холбогдож байсан талаархи баримтууд /хх-ийн 47-54/

Аюулын зэргийн үнэлгээгээр “өндөр” гэж гарсан тухай үнэлгээний маягт /хх-ийн 55-56/

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, ярилцлагын тэмдэглэл /хх-ийн 57-64/

Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 65-68/

Шүүгдэгч М.Г урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар “урьд ял шийтгэлгүй” гэх ял шалгах хуудас, цахим үнэмлэхний лавлагаа /хх-ийн 44-46 дугаар хуудас/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

              Улсын яллагч дүгнэлтдээ:

              Шүүгдэгч М.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хороо, 48 дугаар байрны 39 тоот гэртээ өөрийн 9 настай охин Г.А-г “Дүүтэйгээ маргалаа” гэж дургүйцэж, түүний хүзүүг маажих, түлхэж унагах зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь тархины доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгийг хууль ёсны төлөөлөгчийг байлцуулж үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь насанд хүрээгүй хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгүүдээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

              Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийж байна.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хийсэн хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч М.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хороо, 48 дугаар байрны 39 тоот гэртээ өөрийн 9 настай охин Г.А-г “Дүүтэйгээ маргалаа” гэж дургүйцэж, түүний хүзүүг маажих, түлхэж унагах зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь тархины доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн “Миний бие 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хуурай эгчтэйгээ нэг шил дарс хувааж уучихаад гэртээ орсон. Намайг гэрт ороход А дүүтэйгээ маргалдаад байхаар нь би түлхсэн, тэр үед хүзүүг нь маажсан байх. Намайг түлхэхэд охин маань хойно байсан хувцасны шүүгээ мөргөж унасан. Маргааш өглөө нь эгч нь ирээд дүүгээсээ яасан талаар асуухад ээж намайг маажсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн “…ээж Г уурлаж миний хүзүүг хумсаараа маажиж намайг гараараа түлхэж унагасан. Ээжид маажуулаад миний хүзүү зулгарсан байсан. Ээж намайг зодох үед бага зэрэг архи уусан байсан. Ээж миний хүзүүг маажихаас хэд хоногийн өмнө нь би дүүгээ гадаа тоглуулж байгаад унагачихсан юм. Түүнээс болоод ээж уурлаж намайг загнаад миний гар луу цохиж байсан…” гэсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрч Б.О, Г.Н, Э.Г, Н.Г нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, ярилцлагын тэмдэглэл, хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

 

Хэргийн үйлдлийн талаархи дүгнэлт

М.Г  нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хороо, 48 дугаар байрны 39 тоот гэртээ өөрийн 9 настай охин Г.А-г “Дүүтэйгээ маргалаа” гэж дургүйцэж, түүний хүзүүг маажих, түлхэж унагах зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь тархины доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.

Энэ үйлдэлд хандсан М.Г-ийн сэдэлт нь 9 нас 5 сар 18 хоногтой төрсөн охин Г.А-гийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж таарамжгүй харилцаа үүсгэсэн. Шүүгдэгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ байнга агсам тавьж, амгалан тайван амьдрах нөхцлийг алдагдуулж, хүүхэд, гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдсэн үйлдлүүдээр нь тогтоогдсон. Иймд М.Г-ийг насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд халдсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.

Шүүгдэгч нь архийг хэтрүүлэн хэрэглэдэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь болсон байна.

Иймд М.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэм буруутайд  тооцвол зохино.

 

Иймд М.Г-ийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан, шүүгдэгч М.Г-ийн зөвшөөрснөөр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Насанд хүрээгүй хохирогч болон хууль ёсны төлөөлөгч нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Новогт М-ын Г-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар Н  овогт М-ын Г-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 6 сарын дотор хэсэгчлэн биелүүлэхийг М.Г-т мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 6 сарын дотор биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан М.Г-т мэдэгдсүгэй.
  5. Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй, уг тогтоол хүчин төгөлдөр болтол М.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. М.Г-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
  8. Гомдол эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй, гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах болохыг тус тус дурьдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.Нарантуяа