| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2018/0088/Э |
| Дугаар | 94 |
| Огноо | 2018-04-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 94
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Энхтуяа
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Бямбажаргалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831000000073 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, 2 дугаар 6-16 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овогт Гансүхийн Бямбажаргал /РД:РЭ92121915/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Бямбажаргал нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны орой Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэрэх” зочид буудлын 1 номерийн өрөөнд О.Очирбаттай маргалдсан уурандаа шаазан аяга шидэж Г.Тулгын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Бямбажаргалын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 16-ны орой 20 цагийн үед 2 найзтайгаа уулзаад Дэлгэрэх буудал орж пиво уусан. Тэгээд буудлын гадаа тамхилаад зогсож байхад Б.Ариун-Эрдэнэ, О.Очирбат, Г.Тулга гурав ирээд хамт буудал руу орж цуг пиво уусан. Буудлын өрөөнд очирбат бид хоёр муудалцаад байж байхад Г.Тулга салгасан. Тэр үед би уурандаа Г.Тулга руу аяга шидэж толгойг нь онож хагалсан. Ингээд эмнэлэг явж үзүүлээд салсан. Гэм буруутай үйлдлээ ойлгож байна. Хөнгөн ял оноож өгнө үү...” гэх мэдүүлэг
Хохирогч Г.Тулгын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр би найз нар болох О.Очирбат, Б.Ариун-Эрдэнэ нартай хамт “Коллектив” бааранд сууж пиво ууцгааж байгаад гараад явцгааж байгаад “Дэлгэрэх” буудлын үүдэнд Г.Бямбажаргал, Б.Бүрэнтөгс, Н.Хосбаяр нартай таарсан юм. Тэгээд тэд нартай юм ярьж тамхилж байгаад тэр гурав “буудалд өрөө авчихсан байгаа хэдүүлээ орж жаахан сууцгаая” гэсэн. Тэгээд бид нар бөөнөөрөө орсон. Ороод тэд нарын авсан байсан том савтай пивийг ууцагаасан. Тэгээд Б.Ариун-Эрдэнэ, Б.Бүрэнтөгс, Н.Хосбаяр нар тамхилах гээд гадагшаа гарсан. О.Очирбат, Г.Бямбажаргал бид гурав үлдээд юм ярьцгааж сууж байснаа хоорондоо маргалдаад эхэлсэн юунаас болсныг нь мэдэхгүй. Согтуу хүмүүс нэг нэгнийхээ үгийг даалгүй хэрүүл маргаан хийсэн байх, тэгээд хоорондоо барьцалдаад авахаар нь би дундуур нь орж салгаад хоёр тийш нь болгоод О.Очирбатыг “битгий хэрүүл маргаан хийгээд бай, юу болоод байгаа юм бэ” гэж хэлээд л Г.Бямбажаргал руу хартал гараа далайгаад аяга шидсэн. Тэгээд л миний духны зүүн хэсэг, зүүн зовхи орчимд онож аяга нь хагарч миний духнаас цус гарч би духаа бариад доошоо тонгойсон. Тэгсэн чинь л тэр хоёр хэрэлдэж маргалдахаа ч больсон. Тэр үед гадагшаа тамхилахаар гарсан хүмүүс ч гэсэн орж ирсэн. Тэгээд тэд нар бөөнөөрөө намайг аваад эмнэлэг рүү авч очоод миний шархыг цэвэрлээд 3 оёдол тавьсан юм. Г.Бямбажаргал надад эмчилгээ хийлгээрэй гэж 100,000 төгрөг өгсөн. Би эм тариа авч эмчилгээндээ зарцуулсан. Бид 2-н хооронд ямар нэгэн хэрүүл маргаан байхгүй, Г.Бямбажаргал надаас уучлалт гуйж бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн учраас надад гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/
Гэрч Б.Бүрэнтөгсийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би бусадтай зодолдоогүй. Би 3 дугаар сарын 16-ны өдрөөс 3 дугаар сарын 17-ны өдөр шилжих шөнө 01 цагийн үед “Дэлгэрэх” буудлын өрөөнд найз нартай хамт пиво ууж байгаад Н.Хосбаяр, Б.Ариун-эрдэнэ нартай гарч гадаа тамхи татаж байгаад эргэж ороход Г.Тулгаа нүдээ дараад суусан гарны салаагаар нь цус гарч байхыг харсан. Тэр үед О.Очирбат “эмнэлэг аваад явья, Г.Бямбажаргал надтай маргалдаж байгаад аяга шидээд Г.Тулгааг оночихлоо” гэж хэлсэн. Тэгээд бид нар Г.Тулгааг эмнэлэг рүү авч явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/
Гэрч Б.Ариун-Эрдэнийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би энэ зодооны талаар харсан зүйл байхгүй. Уул нь тэр өдрийн орой 22 цаг өнгөрч байхад Г.Тулга, О.Очирбат бид 3 хамттай “Коллектив” бааранд пиво ууж байгаад гарч яваад “Дэлгэрэх” буудлын гадаа Н.Хосбаяр, Г.Бямбажаргал 2-той тааралдаж тэд нар буудалд орж жоохон юм ярьж пиво ууя гэхээр нь хамттай орж тэнд 2,5 литрээр савласан 2 том пиво хувааж уусан. Тэгэхэд би Н.Хосбаяр, Г.Бямбажаргал 2-той хамт явж байсан. Б.Бүрэнтөгс гэгч залуутай танилцсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/
Гэрч Н.Хосбаярын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 3 дугаар сарын 16 ны өдрийн орой 22 цаг өнгөрч байхад “Дэлгэрэх” буудалын өрөөнд Г.Бямбажаргал, Б.Бүрэнтөгс бид гурав хамт 2,5 литрийн том пиво 2-ыг авч ороод хувааж ууж байгаад гадаа гарч тамхи татсан. Тэр үед О.Очирбат, Б.Ариун-эрдэнэ, Г.Тулгаа гуравтай тааралдан хоорондоо юм ярьж байгаад бүгдээрээ буудалд орж нийлж пиво уусан. Ингээд Б.Арин-эрдэнэ, Б.Бүрэнтөгс бид 3 тамхи татахаар гадаа гарч яваад эргэж орж ирэхэд Г.Тулгын нүүр цус болчихсон доошоо хараад тонгойгоод сууж байсан.Ингээп бид нар Г.Тулгааг аваад эмнэлэг рүү явсан. Өөр зодоон болоогүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/
Гэрч О.Очирбатын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би хэн нэгэн хүнтэй зодолдоогүй. Харин 3 дугаар сарын 16-ны өдрөөс 3 дугаар сарын 17-ны өдөр шилжих шөнө 01 цагийн үед “ Дэлгэрэх" буудлын 1 номерийн өрөөнд найз нартайгаа хамт пиво ууж байгаад Г.Бямбажаргалтай маргалдаж хоорондоо зууралдахад Г.Тулгаа “боль” гэж хэлээд салгасан. Ингээд би өрөөнөөс гарах гэж байхад гэнэт Г.Тулгаа “ёо” гэж орилоход нь би эргээд хартал Г.Тулгаа нүүрээ гараараа дараад суучихсан, нүүр нь цус болсон харагдсан. Тэр үед Н.Хосбаяр, Б.Ариун-эрдэнэ, Төгсөө гурав гаднаас орж ирээд бид нар Г.Тулгааг эмнэлэг рүү авч явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/
Гэрч П.Эрдэнэцэцэгийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г.Бямбажаргал тэр өдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр “найз Б.Бүрэнтөгстэйгээ уулзана” гээд 20 цагийн үед гараад явсан. Тэгээд шөнө 03 дугаар сарын 17-ны үүрээр 05 цагийн орчим гэртээ согтуу орж ирсэн. Тэгэхээр нь би “хаагуур явж байгаад ирэв” гэсэн чинь “найз Б.Бүрэнтөгстэйгээ уулзаж хамт байж байгаад ирсэн” гэж хэлсэн. Тэгээд харанхуй шөнө хэрүүл маргаан хийгээд яахав гэж бодоод би нэг их юм асуулгүй бид нар унтацгаасан. Тэгээд тэрнээс хойш нэг их юм яриагүй байж байгаад 2, 3 хоногийн дараа тэр шөнө согтуу ирэхдээ хүний толгой руу аяга шидээд гэмтээчихсэн гэж хэлж байсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/
Шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №122 дугаартай:
“1.Г.Тулгын биед дух зовхинд няцарсан шархтай, зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар тал/
Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламж үзүүлсэн байдал /хх-ийн 21 дүгээр тал/
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 32 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар тал/
Г.Бямбажаргалын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох
баримтуудыг дүгнэхэд
Шүүгдэгч Г.Бямбажаргал нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны орой Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэрэх” зочид буудлын 1 номерийн өрөөнд О.Очирбаттай маргалдсан уурандаа шаазан аяга шидэн Г.Тулгын толгойн тус газарт онож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Г.Тулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 08-11 /, гэрч Б.Бүрэнтөгсийн /хх-ийн 13/, Б.Ариун-Эрдэнийн /хх-ийн 14/, Н.Хосбаярын /хх-ийн 15/, О.Очирбатын /хх-ийн 16/ мэдүүлгүүд болон шинжээчийн 122 тоот дүгнэлт /хх-ийн 22/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-06/ зэрэг болно.
Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.
Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Г.Тулгын мэдүүлэг нь гэрчүүдийн мэдүүлгүүд, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шинжээч эмчийн дүгнэлтээр нотлогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Бямбажаргалд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “..хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.
Иймээс шүүгдэгч Г.Бямбажаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуулинд заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Бямбажаргалд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа зэргийг харгалзан үзэв.
Хохирогч Г.Тулгын мөрдөн байцаалтын шатанд болон хавтаст хэргийн материалтай танилцах үедээ гаргасан шүүгдэгч Г.Бямбажаргалаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тодорхойлолт, тайлбарт үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.
Шүүгдэгч Г.Бямбажаргал нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Гансүхийн Бямбажаргалыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Гансүхийн Бямбажаргалыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Г.Бямбажаргалд оногдуулсан 600.000 төгрөгийн торгуулын ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.Бямбажаргал нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан Г.Бямбажаргал нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Ялтан Г.Бямбажаргалд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ