Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 22 өдөр

Дугаар  2024/ДШМ/962

 

 

 

 

 

 

2024              08             22                                        2024/ДШМ/962

 

 

Д.Дид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Батзаяа,

шүүгдэгч Д.Д,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/477 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Дийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2405 00000 0267 дугаартай эрүүгийн хэргийг шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Ямаат овгийн Д.Д, 1983 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ............... тоотод оршин бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../.

Шүүгдэгч Д.Д нь 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ТЭЦ-2” цахилгаан станцын урд байрлах “Лапша” нэртэй үйлдвэрийн хашааны буланд тодорхой хаяггүй задгай хашаанд байрлах Монгол гэр дотор иргэн С.Гийг хутга барьж дайрч, баруун гарын чигчий хурууг хатгасан үйлдэлд дургүйцэж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа, цээжин тус газарт хөлөөрөө өшиглөх, дэвсэх үйлдлээр цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...шүүгдэгч Д.Дийг “Хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй, ажлын хэсэг 13 см урттай, 12 см урттай хар өнгийн бариултай хутга 1 ширхэг, “шүншиг” гэх нэртэй 0.75 литрийн хуванцар архины сав 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дийн урьд цагдан хоригдсон 89 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Доос 99.000.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Бд олгож, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Д.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн эцэг эх хоёрын хамт Ховд аймгийн Жаргалант суманд амьдардаг ба миний ээж Цэцэгсайхан нь харваад хэвтэрч байдаг юм. Амьдралын шаардлагаар ажил хийх гэж хотод ирээд байхдаа уг хэрэгт холбогдсондоо үнэн сэтгэлээсээ харамсаж байна. Би хохирол төлбөрөө төлөхийг илэрхийлж анхан шатны шүүхээр орсон ба цаашид ч хохиол гомдлыг төлж барагдуулах болно. Иймд эрхэм шүүгч нараас надад оногдуулсан 10 жилийн хорих ялаас багасгаж өгч, миний цаашдын амьдралыг мин бодолцож, энэрэн харж үзэхийг хичээнгүйлэн гуйж байна...” гэв.

Прокурор Д.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Д нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр амь хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохих, цээжин тус газарт хөлөөрөө өшиглөх, дэвсэх үйлдлээр зодож алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Цохих, өшиглөх, дэвсэх үйлдлийн улмаас амь хохирогчийн биед гавал, тархи, цээжний хөндийн хавсарсан гэмтэл учирч амь нас нь хохирсон. Анхан шатны шүүхээс шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдаж тогтоогдсон нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Шүүгдэгч Д.Дид оногдуулсан ял нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:    

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.        

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны талууд, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсэний  үндсэн дээр шүүгдэгч Д.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай  нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Тодруулбал, шүүгдэгч Д.Д нь 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ТЭЦ-2” цахилгаан станцын урд байрлах “Лапша” нэртэй үйлдвэрийн хашааны буланд тодорхой хаяггүй задгай хашаанд байрлах гэр дотор иргэн С.Гийг хутга барьж дайрч, баруун гарын чигчий хурууг хатгасан үйлдэлд дургүйцэж уурлаж, түүний нүүрэн тус газарт гараараа, цээжин тус газарт хөлөөрөө өшиглөх, дэвсэх үйлдлээр цохиж алсан болох нь:

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хулээн авсан, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх 1-9/,

- цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10-13/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Бы “...С.Г ахыг нас барсан талаар мэдээгүй, цагдаагийн байгууллагаас мэдсэн. 2014 онд хөдөөнөөс ирээд Гантөмөр ахын гэрт нь очиж уулзсан, түүнээс хойш уулзаагүй 10 жил болсон. Гантөмөр ах нь маань архи их уудаг, уусан архиа даахгүй, согтохоороо агсам зантай байсан...” гэх мэдүүлэг /хх 28-29/,

- гэрч У.Бы “...Би хувиараа хог ачдаг машинаар дуудлагаар хог ачих ажил хийдэг...6-7 жилийн өмнө Гантөмөр гэх 55-60 насны орчим настай хүнтэй танилцаж байсан, хааяа гэрээс нь очиж аваад хог ачихдаа туслуулдаг байсан. Тэгээд би хоолны мөнгө төгрөгийг нь өгдөг байсан. Өнөөдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хог ачихаар болоод туслах хүн хэрэгтэй болохоор нь Гантөмөрийнд 13 цаг 20 минутын үед очоод гэрт нь ороход нас барсан байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 31-32, 37-38/,

- гэрч Б.Агийн “...2024 оны 2 дугаар сарын сүүлээр байсан шиг санагдаж байна. /өдрийг нь санахгүй байна/ өглөө архи уугаад өдөр шил лааз түүж тушаагаад Б, Д/Д/ нартай хамт 10,000 төгрөг болгоод  0,7 литрийн хэмжээтэй архи авсан. Тухайн үед өмнө нь огт таарч байгаагүй надаас нилээн ах бор царайтай, улаан хацартай хүн байсан. Архиа ууж байхад тэр ах “манайх ойрхон байдаг, хамт явья” гэхэд нь бид тэдний гэр рүү явсан. Би согтолттой байсан тул яаж очсоноо сайн санахгүй байна. Ямар ч байсан хашаандаа ганц гэр байсан. Тэнд очоод бид 4 нийлээд 5 шил архи уусан ба би хэсэг согтоод тасраад унтчихсан байсан. Сэрэхэд Д хутга барьчихсан нөгөө гэрийн эзэн ах руу дайраад, тэр ахтай маргалдаад байсан. Б харагдаагүй, явчихсан байсан. Тэгээд би болиулах гэсэн боловч биеэ даахгүй согтуу байсан. Д нөгөө ахыг газарт унасан байхад нь хэд хэдэн удаа элэг руу нь цохиод авсан. Тэгээд шөнө дунд Д, гэрийн эзэн ах бид гурав гараад шил лааз түүгээд дахин гэрт нь очиж архи уусан. Харин Д нөгөө ахыг дахин зодоод эрүү рүү нь цохиод, дахиж хутга бариад байхаар нь би гараад явсан. Тэр хоёр хоёулаа үлдсэн. Тэр шөнөө би 5 шарын шарын өнгөтэй байрны орцонд хоносон. Маргааш нь Дтай цехийн орчим таарахад надад ямар нэгэн зүйл яриагүй. Нөгөө ахтай би дахин таараагүй. Тэгээд өнөөдөр цех дээр ус аваад явж байхад цагдаа нар ирээд Дг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 45-47/,

- гэрч Ж.Бын “...Миний бие өнгөрсөн жил буюу 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын хорих 423 дугаар ангид ял эдэлж байгаад суллагдсан...2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Д хүрээд ирсэн. Энэ үед траншейнд А, А, И нар байсан. Тэгээд өдөр нь надтай ярьж байгаад урд Ганаа ахынд байсан чинь архи уучихаад намайг хөөсөн гэж хэлж байсан. Тэгээд тухайн өдрөөс хойш Д надтай хамт байсан бөгөөд өнөөдөр гадуур гараад нэг шил архи ууж байхад Д бид нараас салаад явсан бөгөөд орой траншейн дээрээ ирсэн чинь цагдаа нар Дийг бариад авсан, биднийг хамт энд авч ирсэн...Би өмнө нь нэг удаа А, Д, Б нартай хамт талийгаачийн гэрт очсон боловч гэрт ороод шууд хэрүүл болоод байхаар нь захиргааны хяналт дуусаагүй тул шууд гарч явсан...” гэх мэдүүлэг /хх 41-42/,   

- шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 01/067 дугаартай шинжээчийн дүгнэлт : “Шинжилгээнд ирүүлсэн 1, 3, 5 дугаартай гурван ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ, эдгээр гарын мөр нь санд MN004810001871, MN004810000361, MN000210019619 дугаараар тус тус 2 удаа бүртгэгдсэн Дансалноров овогтой Дийн баруун гарын чигчий, зүүн гарын дунд, зүүн гарын чигчий хурууны дардастай тохирч байна ” /хх 57-59/,  

- шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1811 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр цусны ул мөр илэрсэн. Уг цусны ул мөр нь хүний цус байна. Хутган дээр илэрсэн цус нь 0(1) дүгээр бүлгийн харьяалалтай байна...” гэсэн дүгнэлт /хх 95-99/,

- шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1098 дугаартай “... Талийгчийн цогцост, гавал тархи, цээжний хөндийн битүү гэмтэл, тархины баруун, зүүн ховдлын цус харвалт, эдийн няцрал, 2 уушгины гялтан доорх цус хуралт ба эдийн няцрал, баруун уушгины бүрэн бус уналт, баруун, зүүн талын 4-8 дугаар хавирганы хугарал, хугарал орчмын булчин, зөөлөн эдийн цус хуралт, ходоодны ар хана, сэмж, чяцархайн голомтлог цус хуралт, дух, зулайн хуйхны зүсэгдсэн шарх, цээжний зөөлөн эдийн няцрал, дагз, зулай, чамархайн хуйх, булчингийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо болон ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Эдгээр гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1-3, 3.1-12-т тус тус зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь дээрх гавал тархи, цээжний хөндийн хавсарсан гэмтлийн улмаас нас барсан. Талийгаачид үхэлд хүргэх архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачид 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагт гадна үзлэг хийхэд нас бараад 72 цагаас дээш болсон байсан. Талийгаач нь 0(1) бүлгийн цустай байна...” гэсэн дүгнэлт /хх 104-117/,   

- шинжээч эмчийн “... Талийгчид учирсан гавал тархины гэмтэл буюу ховдлын цус харвалт нь ховдол дотор байдаг судасны багц гэмтсэний улмаас цус харвалт үүсдэг. Уг гэмтлийг авсан даруйдаа бөөлжих, татах, тархи хавагнаж комд орж нас бардаг, ихэвчлэн гэмтлийг авсан даруйдаа нас бардаг бөгөөд ховор тохиолдолд хэдхэн цагийн дараа нас бардаг. Богино буюу 12 цагийн дотор нас бардаг. Талийгаачид учирсан гадна үзлэг болон дотор эрхтэний шинжилгээнд гарсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байсан. Тархины ховдлын цус харвалт гэмтлүүд нь комд орж богино хугацаанд нас бардаг тул 2024 оны 3 дугаар сарын 02-ны өдөр үүссэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх 101-102/,

- шүүх, сэтгэц, эмгэг судлалын “...Д.Д нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байгаагүй бөгөөд сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт /хх 125-129/ зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдсон байна.   

Тухайн нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, эх сурвалжаа харилцан нотолсон буюу хангалттай, эргэлзээгүй байх шалгуурт нийцсэн байх тул шүүгдэгчийн үйлдсэн “хүнийг алах” гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.          

Тодруулбал, шүүгдэгч Д.Д нь өөрийн гэмт үйлдлийн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсэж, гэмт үйлдлээ олон удаа давтамжтай бөгөөд хатуу мохоо болон ир үзүүртэй зүйл хэрэглэж улмаар С.Гийн амь насанд аюултай  “гавал тархи, цээжний хөндийн хүнд гэмтлүүд” учруулсантай шууд шалтгаант холбоотойгоор С.Г амь насаа алдсан нь шинжээчийн дүгнэлт, шинжээчийн болон зарим гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдсон байна.

Эрүүгийн хууль хэрэглээний практик, анагаахын шинжлэх ухааны хувьд хүн нас барахыг клиник үхлээр бус харин биологийн үхэл буюу зүрх зогсож, улмаар уураг тархины эд эс бүрэн үхжиж дууссан үеэр тооцдог нь нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт байх бөгөөд “С.Гийн хувьд учрах үедээ амь насанд шууд аюултай хүнд гэмтлийн улмаас комд орж, богино буюу 12 цагийн дотор нас барсан, амь насыг хохирооход хүргэсэн өөр бусад шалтгаан байгаагүй” болох нь шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэргээр тогтоогдсон байх тул шүүгдэгчийн үйлдсэн “хүнийг алах” гэмт хэргийн шинжийг үгүйсгэн няцаах үндэслэл тогтоогдсонгүй.     

Тухайн үед шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн харилцан маргалдсан үедээ С.Г нь Д.Дийн чигчий хурууг ир үзүүртэй зүйлээр зүссэн гэх зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон байх ба Д.Д нь чигчий хурууг зүссэн гэх явдалд дургүйцэн уурлаж улмаар хатуу мохоо болон ир үзүүртэй зүйл хэрэглэж, учрах үедээ амь насанд аюултай гэмтлүүд  учруулсны улмаас С.Г амь насаа алдсан нь тогтоогдсон байх тул гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэл болохгүй болно.   

Шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан байх бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг нотлохгүй, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй боловч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт цугларсан бусад үйл баримтаар тогтоогдсон байгааг тэмдэглэх нь зүйтэй.        

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах энэхүү шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.  

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ялаар шийтгэхдээ дээр дурдсан харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар дүгнэсэн, түүнд оногдуулсан тухайн ялын хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Харин шүүгдэгчийн хувьд 2024.03.12-ны өдрөөс баривчлагдаж улмаар 2024.06.11-ны өдрийн байдлаар нийт 90 хоног цагдан хоригдсон /хх-132-143, 189, 193/ байх тул  анхан шатны шүүх 89 хоног гэж алдаатай тооцсныг зөвтгөх нь зүйтэй.     

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/477 дугаартай шийтгэх тогтоолд цагдан хоригдсон хоногийг зөвтгөсөн өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж,  шүүгдэгч Д.Дийн гарагсан “анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   

Шүүгдэгч Д.Дийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 08 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 72 /далан хоёр/ хоногийг  түүний эдлэх хорих ялд оруулан тооцов.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/477 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын”...89 хоногийг...” гэснийг “...90 хоногийг...” гэж өөрчилсүгэй. 

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Дийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.        

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дийн цагдан хоригдсон нийт 72 /далан хоёр/ хоногийг  түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.   

4.  Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАТЗОРИГ

 

                            ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                            ШҮҮГЧ                                                             Г.ГАНБААТАР