Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 656

 

 

 

 

Х.От холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 603 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 943 дугаар магадлалтай, Х.От холбогдох 1809030340442 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2018 оны 11 дүгээр сарын 12-нд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Боржигон овогт Хын О нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “Хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Х.Оыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Х.От Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 810 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх 4 жил 1 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Оаас 689.000 төгрөг гаргуулж, хохирогч Е.От 214.000 төгрөг, П.Эд 475.000 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.От холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Эрдэнэтуяа бичсэн эсэргүүцэлдээ: “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.О, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хэлэлцээд “...Х.Оын холбогдсон хулгайлах гэмт хэргүүд нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 810 дугаар шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн байхад анхан шатны шүүх “...шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн” гэж илт үндэслэл муутай дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг буруу хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Х.Оын холбогдсон гэмт хэргүүдэд тус тусад нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхээр шийдвэрлүүлсний улмаас хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 810 дугаар шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэл бүрдээгүй үед биелэгдэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдлыг үүсгэжээ. Өөрөөр хэлбэл шийтгэх тогтол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч санаатай гэмт хэрэг үйлдээгүй, харин мөрдөн шалгах ажиллагааг тус тусад нь явуулснаас хорих ял биелүүлэхийг хойшлуулсан шийдвэр үр нөлөө, ач холбогдолгүй болсон байна. Иймд Х.От холбогдох хэргүүдийг нэгтгэн шалгуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасны дагуу шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх эрхтэй байтал хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн доорх үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн" гэх нөхцөл байдалд Х.От холбогдох хэргийн шийтгэх тогтоол, магадлал хамаарахгүй байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 810 дугаар хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг сэргээн шалгуулахаар прокурорын дүгнэлт бичих хууль зүйн үндэслэлгүй байна.

2.Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 810 дугаар шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэл бүрдээгүй үед биелэгдэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдлыг үүсгэсэн” гэжээ.

Х.О нь шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй, харин шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдсэн хэрэг нь илэрсэн бөгөөд түүнд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 810 тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан тогтоол хүчин төгөлдөр болсон. Шүүхийн тогтоолыг биелүүлэхийг хойшлуулж байгаа нь ял оногдуулж байгаа процесс биш тул хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолыг хүчингүй болгохгүйгээр, мөн дээрх шийтгэх тогтоолоор биечлэн эдлүүлэхийг хойшлуулсан ялыг нэмж нэгтгэхгүйгээр зөвхөн шүүхийн тогтоол гарсны дараа илэрсэн Х.От холбогдох 3 удаагийн үйлдэлтэй бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн хулгайлах гэмт хэрэгт нь 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 603 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэх боломжтой бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй байна. Мөн шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 1 жилийн хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дуусаж байгаа болохыг дурдах нь зүйтэй байна. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 943 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунцэцэг хэлсэн саналдаа: “Прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуульд шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн гэмт хэргийг шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа хэрхэн шийдвэрлэх талаар нарийвчилсан заалт байхгүй. Хойшлуулсан ялыг нэмж нэгтгэхгүйгээр 603 дугаар тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхэд шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч санаатай гэмт хэрэг үйлдээгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дэмжиж байна. Х.О нь 2017 оноос бүлэглэж 1 удаа, дангаараа 3 удаа, үргэлжилсэн үйлдлээр 1 гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Бүлэглэсэн үйлдлээр 500.000 төгрөг, дангаар үйлдсэн 3 удаагийн үйлдлээр 1.000.000 гаруй төгрөгийн хохирол учруулсан бөгөөд үүнээс 800.000 гаруй төгрөгийг төлсөн. Үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Анхан шатны шүүх өсвөр насанд үйлдсэн гэмт хэрэгт нь 4 жил 1 сарын хорих ял оногдуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Х.О 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үйлдсэн гэмт хэрэгт 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 810 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял шийтгүүлсэн. Х.О шийтгэх тогтоол гарахаас өмнө 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр, 6 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө, 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр гурван үйлдлээр 1.105.800 төгрөгийн эд зүйл хулгайлах гэмт хэрэг үйлдсэн.

Х.О нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш гэмт хэрэг үйлдээгүй буюу түүний өмнө нь үйлдсэн гэмт хэргүүд нь илэрсэн учир прокурорын эсэргүүцлийг дэмжиж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Х.От оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ял биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.                                                

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Эрдэнэтуяагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Х.От холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.О нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Ахмадын хотхоны гадна хохирогч П.Эийн түрийвчтэй бэлэн 475.000 төгрөг, карт зэргийг хулгайлж, 501.800 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2018 оны 6 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Ахмадын хотхоны 901-6 тоотод байрлах хохирогч Е.Оийн хүнсний дэлгүүрийн төмөр хаалтыг эвдэж, улмаар цонхоор нь нэвтэрч орлогын мөнгө болох бэлэн 214.000 төгрөгийг хулгайлсан,

мөн 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 9-391 тоотод оршин суух хохирогч П.Гийн гэрт нэвтэрч Асер загварын зөөврийн компьютерыг хулгайлж, 390.000 төгрөгийн хохирол учруулсан буюу 3 удаагийн үйлдлээр бусдад нийт 1.105.800 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Х.Оыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч Х.От сүүлийн тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 810 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг нэмж нэгтгэхдээ “Х.О нь хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн” гэсэн дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүйгээс гадна шүүгдэгч Х.О нь өмнөх тогтоолоор 18 насанд хүрээгүй байхдаа буюу 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үйлдсэн гэмт хэрэгт 2 жил 1 сар хорих ял шийтгүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан эдлэх ялын хэмжээг хоёр дахин багасгаж тогтоох асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” буюу “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” зөрчилд хамаарч байх тул энэ талаар шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Түүнээс гадна анхан шатны шүүх шүүгдэгч Х.Оын 3 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж ял оногдуулсан нь зөв боловч ийнхүү хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Х.Оыг үргэлжилсэн үйлдлээр нэг гэмт хэрэг үйлдсэн мэтээр хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан нь буруу байх тул уг журамласан хэсгийг хасах нь зүйтэй.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Х.Оын хувьд 3 удаагийн давтан үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн нэг зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан боловч хоорондоо харилцан хамааралгүй, өөр өөр цаг хугацаа болон орон зайд үйлдэгдсэн, тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон заасан гэмт хэргийг хоёр, эсхүл түүнээс дээш удаа үйлдсэн тохиолдолд тэдгээрийг нийтлэг ба тусгай давталт гэж ангилан үздэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Нийтлэг давталт нь гэмт этгээдийн урьд нь гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн нөхцөл байдлыг түүний сүүлд үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулдаг бөгөөд үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.7, 12.3 дугаар зүйлийн 2.2-т “урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн” гэж зохицуулсан байна.

Гэмт этгээд Эрүүгийн хуульд заасан ямар ч хамаагүй бус зөвхөн нэг төрлийн, эсхүл хоорондоо төсөөтэй гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тусгай давталтад хамааруулан үздэг ба уг шинжийг Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэрэгт “байнга”, “байнга тогтвортой”, “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж өөр өөрөөр заасан боловч эдгээр нь дээрх нөхцөл байдлыг илэрхийлсэн эрх зүйн утга, ач холбогдлын хувьд ижил ойлголтууд юм.

Эрүүгийн хуулиар тогтоосон дээрх хэм хэмжээнээс хамаарч гэмт хэрэг дахин үйлдсэн хүнд холбогдох хэргийг өөр өөрөөр зүйлчлэх боловч гэмт үйлдэл бүрийг тус тусд нь зүйлчлэхгүй бөгөөд нийтлэг ба тусгай давталтын шинж нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлан тогтоогдсон тохиолдолд зөвхөн түүгээр нь, үгүй бол хуульд заасан бусад хүндрүүлэх шинжийг харгалзан хэргийг хүнд гэмт хэрэгт нь багтаан зүйлчлэнэ.

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийг “давтан” үйлдсэнийг тухайн зүйлд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчлаагүй тул шүүгдэгч Х.Оын нэр бүхий 3 хохирогчийн эд хөрөнгийг хулгайлсан хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж, тухайн зүйл хэсэгт зааснаар шүүгдэгчид нэг удаа ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй.

Прокурорын бичсэн эсэргүүцлийг судалж үзэхэд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.От холбогдох хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч Х.От хоёр өөр шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг төрлийн ял болох хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу нэгтгэхгүйгээр тус тусад нь эдлүүлэх, өөрөөр хэлбэл нэг төрлийн буюу хулгайлах гэмт хэргийг хэд хэдэн удаа үйлдсэн шүүгдэгч Х.Оын зарим үйлдэлд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлж, зарим үйлдэлд хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд шүүгдэгч Х.От сүүлийн тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялыг биечлэн эдлүүлж, харин өмнөх 2 жил 1 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан шийдвэрийг хэвээр үлдээлгэх талаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Эрдэнэтуяагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, мөн шүүгдэгч Х.От холбогдох хэргийг прокурорт буцааж, түүний үйлдсэн гэмт хэргүүдийг нэгтгэж шалгуулах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 943 дугаар магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 603 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 810 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 1 жил 15 хоног хорих ялаар тогтоосугай.” гэсэн заалт нэмж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 810 дугаар шийтгэх тогтоолоор эдлүүлэх 1 жил 15 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 15 хоногийн хорих ялаар тогтоосугай.” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтад “4 /дөрвөн/ жил 1 /нэг/ сар” гэснийг “3 /гурав/ жил 15 /арван тав/ хоног” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан” гэснийг хасаж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 943 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Эрдэнэтуяагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                 ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                 ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                      Д.ГАНЗОРИГ

                                                                                                                      Ч.ХОСБАЯР

                                                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН