Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2018/0166

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2018/0166

Улаанбаатар хот

 

 

 

 

Д.О-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, хариуцагч Р.Н нарыг оролцуулан хийж, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 121/ШШ2018/0001 дүгээр шийдвэртэй, Д.О-гийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 121/ШШ2018/0001 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “ж”, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 болон 6, 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг дарга Р.Н-гийн иргэн Д.О-гийн өвөлжөөний газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэж байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Гучин-Ус сумын 1 дүгээр багт орших “Ар хүйтэнгийн буудал” гэх газарт орших өвөлжөөний газрыг иргэн Д.О-д эзэмшүүлэх захирамж гаргуулахыг хариуцагчид даалгуулах, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, өмгөөлөгчөөр 5 удаа өргөдөл бичүүлсний хөлс 34000 төгрөг, Гучин-Ус сум руу явсан замын зардал 8000 төгрөг, нийт 112000 төгрөгийн хохирол гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “ ... Хамгийн сүүлд 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Засаг даргад өргөдөл өгснөөс хойш одоог хүртэл шийдэхгүй байгаа эс үйлдэхүй гаргаж байгаад гомдолтой байна. Энэ нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан баг, хорооны хурлын эрх хэмжээнд байхгүй заалтыг баримтлан удаа дараа миний өөрийн малын хашаа саравчийг миний эзэмшилд шилжүүлж өгөхгүй багийн хурлын шийдвэр гаргуулна гэж, хойшлуулж багийн хурлын шийдвэр гаргуулж байгаа нь эрх хэмжээний бус этгээдээр шийдвэр гаргуулсан, тохиолдолд хууль бус захиргааны актаар тогтоолгох мөн газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасныг хэрэгжүүлэхгүй байх тул Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 121/ШШ2018/0001 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

            Д.О нь 1999 оноос хойш өвөлжиж ирсэн Гучин-Ус сумын “Ар хүйтэнгийн буудал” гэх газрыг Д.Ш-д олгосныг эс зөвшөөрч удаа дараа шүүхэд хандаж, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 18А дугаар шийдвэрээр “Гучин-Ус сумын Засаг даргын 2005 оны 06 дугаар захирамжийг үндэслэн Д.Ш-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг, мөн шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр “Гучин-Ус сумын Хөөвөр 1 дүгээр багийн иргэдийн нийтийн Хурлын 2014 оны “Өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэх тухай” 04 дүгээр тогтоолын Д.Ш-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.О-гийн нэхэмжлэлийг тус тус хангаж шийдвэрлэжээ.

            Д.О нь өөрийн малын хашаа саравч байгаа дээрх газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмших хүсэлтээ сумын Засаг даргад, хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа талаар аймгийн Засаг даргад өргөдөл гомдлоо гаргасан боловч Сумын Засаг дарга уг хүсэлтийг шийдвэрлээгүй байх бөгөөд уг эс үйлдэхүй нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчим, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 52 дугаар зүйлийн 52.10-д газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхээ хэрэгжүүлэх үүргээ зөрчсөн байна.

Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн атлаа хэрэгт авагдсан иргэдийн нийтийн хурлын Д.Ш-д газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар тогтоолыг буруу үнэлж, уг тогтоол хүчин төгөлдөр байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болжээ.

Учир нь дээрх шүүхийн шийдвэрүүдээр Д.О-гийн нэхэмжлэлийг хангаж, энэхүү 3 дугаар тогтоолтой адил агуулгатай, Д.Ш-д тухайн газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 2014 оны 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ иргэдийн нийтийн Хурал нь хуулиар эрх олгоогүй байхад газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан гэж илэрхий алдаатай болохыг тогтоон хүчингүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл газар эзэмших ашиглах асуудлаар Д.О, Д.Б /Д.Ш нэрээ сольсон/ нарын маргааныг шийдвэрлэж, Д.О-гийн нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр байсаар байхад дахин Д.Б-д тухайн газрыг эзэмшүүлсэн тогтоолыг хууль ёсны бөгөөд хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй.

Газрын тухай хуулийн 52.2-т “... иргэдийн нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу ашиглуулж болно”, 52.10-т “Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон  тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ” гэж зааснаас үзвэл иргэдийн нийтийн Хурал зөвхөн санал гаргах, эрхтэй бөгөөд бэлчээрийн талаарх маргааныг зохицуулж чадаагүй бол сумын Засаг дарга шууд шийдвэрлэх бүрэн эрхтэй гэж ойлгохоор байна.

Гэтэл хариуцагч сумын Засаг дарга нь дээрх шүүхийн шийдвэрүүдийг үл хэрэгсэж, Д.О-д багийн иргэдийн нийтийн Хурлын санал ирээгүй гэх үндэслэлээр газрыг эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа нь Газрын тухай хуулийн 4.1.3-д заасан шударга ёс, тэгш байдлыг хангах зарчим, мөн шүүхийн шийдвэр биелэгдэх зарчим болон дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдож байна. Мөн хариуцагч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “Д.Б нь маргаж байгаа газраас өөр газарт малаа маллаж өвөлжөөний газар эзэмшдэг, маргаж байгаа газарт Д.О-гийн малыг дүү Батсуурь нь малладаг. Ах дүү улсууд тул учраа олчих байх гэж бодсон” гэх тайлбар, Д.О-гийн барьсан малын хашаа саравч нь маргаж байгаа газарт байрлаж, уг газрыг ашигласаар байх тул Д.О-гийн хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж тухайн газрыг эзэмшүүлэхийг хариуцагч Гучин-Ус сумын Засаг даргад даалган, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 121/ШШ2018/0001 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 52 дугаар зүйлийн 52.2-т заасныг баримтлан Д.О-гийн нэхэмжлэлийн хангаж, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг дарга Р.Н-гийн Д.О-гийн өвөлжөөний газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өвөлжөөний газрыг эзэмшүүлэхийг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар “нийт 112000 төгрөгийн хохирол гаргуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.О-гийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргаас 70200 төгрөг гаргуулан Д.О-д олгож, Д.О-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгосугай.

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ