Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 360

 

“Х х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Орхон аймгийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                         Г.Банзрагч

                                                    П.Соёл-Эрдэнэ

                                                    Ч.Тунгалаг         

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Ч.Уранбилэг

            Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/78 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”,

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2019/0391 дүгээр магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулж,

            Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.1, 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 27.5, 48 дугаар зүйлийн 48.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглуулах шийдвэр хүчингүй болгох тухай” А/78 тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2019/0391 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.1, 4.2.5, 4.2.6, ...27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 27.5, 48 дугаар зүйлийн 48.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3,...” гэснийг хасч өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... магадлалын 3 дугаар хуудас 24-29 дүгээр мөрөнд “... Засаг дарга газар ашиглуупах шийдвэр гаргаж, уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоор хуульчилжээ” хэмээн Төрийн байгууллага хийх ёстой үйлдлээ хийгээгүй мэтээр дүгнэсэн нь хуулийг зөрчсөн. Дор дурдсан 3 үндэслэлд заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс төрийн байгууллагад нэг ч удаа хандаж байгаагүй.

4. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д аж ахуйн нэгж байгууллага газар эзэмших хүсэлт гаргах, холбогдох материалыг хавсаргах талаар тодорхой зааж өгсөн. Гэтэл дээрх хүсэлт, холбогдох материапыг нэхэмжлэгч ирүүлж байгаагүй.

5. Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох” журамд зааснаар батлагдсан загварын дагуу “Хуанлу Хуантун" ХХК-аас өргөдөл, хүсэлтээ гаргаж өгөөгүй болох нь нотлогддог.

6. Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай зөвлөмжийн 4-д “...Захирамж гаргасны дараа гэрээ хийгээгүй, гэрчилгээ аваагүй /олгоогүй/ явдал нь хэний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан талаар маргаан гардаг. Хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.3.3, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт тус тус зааснаар бол Засаг даргын захирамж гаргасны дараа гэрээ байгуулах, гэрчилгээ авах асуудлыг хүсэлт гаргагч этгээд санаачлан шийдвэрлүүлэхээр байгаа” хэмээн заасны дагуу “Х х” ХХК-аас гэрээ байгуулж, гэрчилгээ авах асуудлыг шийдвэрлүүлэх талаар төрийн байгууллагад хандаж байгаагүй болно.

7. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 4 дүгээр хуудас 11-18 дугаар мөрөнд “... хүсэлт гаргасан байхад хариуцагч хүсэлтийг харгалзан үзэлгүйгээр захирамжийг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг зөрчжээ” хэмээн дүгнэсэн.

8. Энэ нь: “Х х” ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн албан бичигт компанийн эрх бүхий этгээд Жан Янь гэх хүний гарын үсэгтэй албан бичгийг ирүүлсэн боловч компанийг төлөөлөх эрхтэй гэдгийг нотлох баримт бичгийг хавсаргаж ирүүлээгүй. Энэ нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан шаардлагыг хангаагүй. Энэхүү шаардлагыг хангаагүй өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байхаар мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т тодорхой заасны дагуу хянан үзээгүй.

9. “Х х” ХХК-ийн захирал Ү Кэ Чин /Wuke Qin/-ы Жан Янь /Zhang Yan/-д олгосон итгэмжлэл нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр олгогдсон байсан бөгөөд энэхүү итгэмжлэл нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа.

10. “Х х” ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Орхон аймгийн Засаг даргад хандсан албан бичиг нь Орхон аймгийн архив, бичиг хэргийн бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээгүй. /Бүртгэлийн дэвтрийн хуулбарыг нотлох баримтын шаардлага ханган хүргүүлсэн. Мөн анхан шатны шүүхээс Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт хийсэн үзлэгээр дээрх албан бичгийг нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид ирүүлсэн болох нь нотлогддоггүй/

11. “Х х” ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Орхон аймгийн Засаг даргад ирүүлсэн хүсэлттэй танилцаад судалж үзэхэд “Х х” ХХК нь аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дугаар захирамжаар газар ашиглуулахаар шийдвэрлэснээс хойш газрын гэрээ байгуулж, газар ашиглах эрхээ баталгаажуулж, газрын гэрчилгээ авах талаар нэг ч удаа зохих хууль, журамд заасны дагуу хүсэлт гаргаагүй байсан тул Газрын тухай хуульд заасны дагуу 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/78 дугаар захирамжаар газар ашиглуулах шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугласан нотлох баримтыг бүрэн судлалгүй буруу дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.

12. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад “...хариуцагчийн нэхэмжлэгчид явуулсан гэх албан бичгүүд нь нэхэмжлэгчид гардуулсан гэдэг нь тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна” хэмээн дүгнэсэн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “оролцогч энэ хуулийн 18.1-д заасан этгээдийг нэрлээгүй бол түүнд хаяглагдсан баримт бичгийг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр, харин цахим шуудангаар явуулсан баримт бичгийг түүнийг илгээснээс хойш ажлын таван өдөр өнгөрснөөр баримт бичиг гардуулсанд тооцно” гэж заасан.

13. Хэрэгт авагдсан нотлох баримтад Орхон аймгийн шуудан үйлчилгээний газраас ирүүлсэн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 19/33, 19/35, 19/36 тоот албан бичгүүдэд шуудан үйлчилгээний газар хүлээж авсан нь үнэн болно хэмээн дурдсан. Ийнхүү Захиргааны ерөнхий хуульд баримт бичгийг баталгаат шуудангаар явуулсан бол гардуулсанд тооцно хэмээн заасан байхад давж заалдах шатны шүүх хууль зөрчиж шийдвэр гаргасан.

14. Хариуцагчийн зүгээс “Х х” ХХК-тай харилцахдаа бүхий л албан бичгийг баталгаат шуудангаар хүргүүлдэг бөгөөд хэрэгт хавсаргасан баримтаар энэ нь нотлогддог.

15. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2019/0391 дүгээр магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            16. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааны үйл баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан магадлал үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

            17. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, анх Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 65 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Х х” ХХК-д Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр дэх орон сууцны 7 дугаар хороололд 21 га газрыг орон сууцны зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн, уг газар ашиглах эрх олгосон захирамжаа хүчингүй болгосонтой холбоотой маргаан 2010 оноос эхлэн үүсч, захиргааны хэргийн шүүхүүдээр удаа дараа хэлэлцэгдэж, хамгийн сүүлд Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 148 дугаар тогтоолоор  Орхон аймгийн Засаг даргын 2013 оны А/372 дугаар захирамж /дээр дурдсан 2007 оны 65 дугаар захирамжийг хүчингүй болгосон/-ийг хүчингүй болгосон, түүнчлэн, Орхон аймгийн Засаг даргын 2014 оны А/697 дугаар захирамжаар “... орон сууцны 7 дугаар хороололд 6683 м.кв газрыг “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-т, 29666 м.кв газрыг аймгийн Засаг даргын Тамгын газарт тус тус орон сууцны зориулалтаар” олгосон, “Х х” ХХК-иас уг захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд маргаж, Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 56 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,  Орхон аймгийн Засаг даргын 2015 оны А/574 дүгээр захирамжаар “... Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр дэх орон сууцны 7 дугаар хороололд 7 га газрыг орон сууцны зориулалтаар “Х х” ХХК-д 3 жилийн хугацаагаар ашиглуулах”-аар шийдвэрлэсэн, уг 7 га газар нь өөр байршилд шинээр олгосон газар биш, тус компанид анх 2007 онд олгосон 21 га газарт багтаж байгаа, талууд уг үйл баримтуудтай маргаагүй байна.

            18. Түүнчлэн, нэхэмжлэгч “Х х” ХХК-д 7 га газар ашиглуулахаар шийдвэрлэсэн Орхон аймгийн Засаг даргын 2015 оны А/574 дүгээр захирамжаар “... /энэ/ захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2007 оны 65 дугаар захирамж...-ийг хүчингүй болсонд тооцож, ... газар ашиглагч /”Х х” ХХК/-д газрыг ... хүлээлгэн өгч, газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгох ...-ыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт /даалгах/”-аар шийдвэрлэсэн, үүнээс хойш буюу Орхон аймгийн Засаг даргын маргаан бүхий 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/78 дугаар захирамж гарах хүртэлх хугацаанд “Х х” ХХК-д газар ашиглах эрхийн гэрчилгээ олгогдоогүй, газар ашиглах гэрээ байгуулагдаагүй, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй, нэхэмжлэгчээс “... гэрээ, гэрчилгээ олгох нь ... захиргааны байгууллагын үүрэг ... байхад ... олгоогүй, ... удаа дараа шаардсан, ... хариу өгөөгүй” гэж, хариуцагчаас “... гэрээ байгуулж, гэрчилгээ авч, газраа баталгаажуулахыг удаа дараа шаардаж мэдэгдсэн боловч шаардлага биелүүлээгүй” гэж маргажээ.

19. Нэхэмжлэгч “Х х” ХХК-иас Орхон аймгийн Засаг даргад хандаж, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 16/15 дугаартай албан бичгээр, түүнчлэн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус тус “... газрын хэмжээг нэмэгдүүлэх”, “... гэрээний хугацааг сунгах”, “... гэрээ байгуулж, гэрчилгээ олгох” хүсэлтүүд гаргасан, 2017 оны 01 дүгээр сард маргаан бүхий газар ашиглалтын талаар хариуцагч Орхон аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг БНХАУ-д урьж уулзалт зохион байгуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийг “... газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ авах талаар ... төрийн байгууллагад нэг ч удаа хандаж байгаагүй” гэж дүгнэх үндэслэлгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтүүд зөв байна.

20. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид анх 2007 онд үүссэн 21 га газар ашиглах эрхийн талаар нэхэмжлэгч, хариуцагч нар удаа дараа шүүхэд маргасан, уг эрхээс үүсэлтэй 7 га газар ашиглах эрхтэй холбогдуулан газрын хэмжээний талаар          нэхэмжлэгчээс Орхон аймгийн Засаг даргад хандаж олон удаа хүсэлт гаргасан, уг хүсэлтүүдэд хариуцагч хариу өгсөн баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн, маргаан бүхий захирамж гарах хүртэлх хугацаанд нэхэмжлэгч, хариуцагч нарын төлөөлөгчид нь уг газар ашиглах эрхийн талаар уулзалт, хэлэлцээр зохион байгуулж байсан атлаа газар ашиглах эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид олгоогүй, гэрээ байгуулаагүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байхад нэхэмжлэгч “Х х” ХХК “... Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн” гэж шүүх дүгнэх боломжгүй, энэ үндэслэлээр гарсан маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

21. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглох”-оор, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй /тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох/”-оор заасан, тухайн тохиолдолд, хариуцагчаас “анх “Х х” ХХК-д газар ашиглуулах эрх олгосон нь хууль бус байсан” талаар болон “... газар эзэмших, ашиглах эрхгүй этгээд газар эзэмшсэн” талаар маргаагүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн зохицуулалт нь уг хуульд заасны дагуу газар эзэмших, ашиглах эрх олж авсан этгээд нь “... хууль зөрчсөн тохиолдолд” уг эрхийг хүчингүй болгох үндэслэлийг тухайлан заасан тул эдгээр хуулийн заалт нь нэхэмжлэгч “Х х” ХХК-д газар ашиглуулахаар шийдвэрлэсэн Орхон аймгийн Засаг даргын 2015 оны А/574 дүгээр захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

22. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд “хууль бус захиргааны актыг хүчингүй болгох”, 49 дүгээр зүйлд “эрх зүйн зөрчилгүй захиргааны актыг цуцлах” зохицуулалтыг тус тусад нь нарийвчлан тодорхойлсон, түүнчлэн, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “... төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоох”-оор заасан, тухай тохиолдолд хариуцагч Орхон аймгийн Засаг дарга маргаан бүхий захиргааны актаар өөрийн урьд үйлдсэн 2015 оны А/574 дүгээр захирамжаа хүчингүй болгохдоо хуулиар тусгайлан тогтоосон дээрх зохицуулалтуудын алийг нь ч үндэслээгүй байх тул хүчин төгөлдөр захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсон гэж үзэхгүй, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв байна.

23. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшингийн “...Хуанлу хуантун” ХХК-аас гэрээ байгуулж, гэрчилгээ авах асуудлыг шийдвэрлүүлэх талаар төрийн байгууллагад хандаж байгаагүй ... /байхад/ шүүх буруу дүгнэсэн”, “...шүүхээс хэрэгт цугласан нотлох баримтыг бүрэн судлалгүй буруу дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн”, “...Орхон аймгийн шуудан үйлчилгээний газраас ирүүлсэн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 19/33, 19/35, 19/36 тоот албан бичгүүдэд шуудан үйлчилгээний газар хүлээж авсан нь үнэн болно хэмээн дурдсан. Ийнхүү Захиргааны ерөнхий хуульд баримт бичгийг баталгаат шуудангаар явуулсан бол гардуулсанд тооцно хэмээн заасан байхад давж заалдах шатны шүүх хууль зөрчиж шийдвэр гаргасан”, “...аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2016 оны 28 тоот, 2017 оны 256 тоот албан бичгүүдээр “Х х” ХХК-д гэрээ байгуулан, гэрчилгээ авч газраа баталгаажуулахыг удаа дараа шаардаж мэдэгдсэн” гэх зэрэг үндэслэлээр гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2019/0391 дүгээр магадлалыг хэвээр үлдээж хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА