Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 20

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
 болгох тухай

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярцогт би Сүхбаатар аймгийн Халзан сумын Монгол Ардын Намын хорооны нэхэмжлэлтэй, тус сумын Сонгуулийн хороонд холбогдох “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх олгох тухай” 04 тоот тогтоолоос М.Мөнхнасанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Халзан сумын Монгол Ардын Намын хорооны дарга Г.Энх-Амгалан шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн биеэр ирж, өгсөн хүсэлтдээ: 
Халзан сумын Монгол ардын намын хорооны дарга Г.Энх-Амгалан нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигч М.Мөнхнасанг сонгуулийн хуулийн зөрчилтэй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. 
Ардчилсан Намын дарга Г.Энхтулгатай харилцан ярилцаж тохирсны учир тухайн нэхэмжлэлээсээ татгалзаж байна. 
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.   

ҮНДЭСЛЭХ НЬ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Халзан сумын Монгол Ардын Намын хорооны дарга Г.Энх-Амгалан нь шүүхэд өөрийн биеэр ирж, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх олгох тухай” 04 тоот тогтоолоос М.Мөнхнасанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан хүсэлтээ бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Захиргааны  хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 66 дугаар  зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх олгох тухай” 04 тоот тогтоолоос М.Мөнхнасанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, Сүхбаатар аймгийн Халзан сумын Монгол Ардын Намын хорооны нэхэмжлэлтэй, Халзан сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй болохыг дурдсугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                             Б.БАЯРЦОГТ