Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00507

 

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00507

 

Б.Т ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 10-ны өдрийн 184/ШШ2022/00167 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Т ын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ т холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Б.Т ын өмчлөлийн ... тоотод байршилтай, Ү-0 тоот улсын бүртгэлийн дугаартай 63 м.кв талбайтай, хувийн орон сууцны зориулалттай, 95 хувийн гүйцэтгэлтэй, 3 өрөө байшин, хувьчлагдсан 672 м.кв газрыг 38,000,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж үзэж байна. Б.Т нь 63 м.кв 3 өрөө байшингийн 95 хувийн гүйцэтгэлийг 32,000,000 төгрөгөөр барьж босгосон. Толгойт, Нарангийн гол орчмын гэр хорооллын газар дахин төлөвлөлтөд орж байгаа суурьшлийн бүс бөгөөд орон сууц барьж байгаа компанийн зүгээс 0,7 га хувьчлагдсан газар, дээр нь баригдсан бохир, цэврийн системгүй байшингийн хамт 2 өрөө орон сууцаар үнэлэн сольж байхад Б.Т ын хувьчлагдсан газар, бохир, цэвэр усны системтэйгээр баригдсан тоосгон 38-ын ханатай, цутгамал бетон дээвэртэй байшинг газартай нь хамт 38,000,000 төгрөгөөр үнэлж, түүний 26,000,000 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оролцуулж худалдан борлуулах гэж байгаа нь хуулиар халхавчилсан цэвэр дээрэм юм.

Хашаа, байшинг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлгээгээр үнэлж, дуудлага худалдаагаар худалдан борлуулах гэж байгаа нь Б.Т ын эхнэр Г.Э , хүүхдүүд болох Э.Х, Э.Г, Т.Х, Т.Х нар болон бүтэн өнчин өссөн Э.А, Э.Т нарын амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна.

М п э и ББСБ ХХК-ийн 21,000,000 төгрөгийн өрийг тодорхой хугацаанд төлөх боломжийг өнгөрсөн хугацаанд бий болгож сар бүр 1,000,000 төгрөг, 1,500,000 төгрөг гэх мэтчилэн төлөлт хийж одоо 16,000,000 төгрөг хүрэхгүй өр үлдсэн. Ийнхүү төлөлт хийсээр байхад газар, хашаа, байшинг хурааж авах гээд байгаа нь хуйвалдааны шинжтэй гэж үзэж, маш их гомдолтой байна.

Иймд Б ХХК-ийн үнэлгээчин С.М ын гаргасан үнэлгээг хүчингүй болгож, албадан дуудлага худалдааг хуулийн дагуу хойшлуулж, үлдсэн өрийг төлөх тодорхой хугацааг олгож өгнө үү.

 

2.   Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 05-ны өдийн 184/ШШ2019/00589 дугаар шийдвэрээр Б.Т , Г.Э нараас 21,977,593 төгрөгийг гаргуулж М п э и ББСБ ХХК-д олгохоор, хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох ... тоот хаягт байрлах, Г-0 дугаарт бүртгэлтэй 672 м/кв талбайтай хувийн сууцны зориулалттай газар, Ү-0 бүртгэлийн дугаартай 63 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, орсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсний дагуу 2020 оны 05 сарын 29-ний өдөр бичигдсэн шүүхийн гүйцэтгэх хуудсыг 2020 оны 06 сарын 04-ний өдөр хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Төлбөр төлөгч Б.Т ын өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 09 сарын 04-ний өдөр 0 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2021 оны 10 сарын 14-ний өдөр 0 дугаартай тогтоолоор хураан авч Б.Т , Г.Э нарын хадгалалт хамгаалалтад үлдээсэн. Хураасан барьцаа хөрөнгөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нартай харилцан тохиролцон тогтоож 2021 оны 10 сарын 18-ны өдрийн дотор тус газарт ирүүлэхийг талуудад мэдэгдэхэд талууд хөрөнгийн зах зээлийн үнийг харилцан тохиролцон тогтоож чадаагүй бөгөөд төлбөр авагч М п э и ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нь хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгох хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Б ХХК-ийн захирал С.М ыг 2021 оны 10 сарын 22-ны өдөр шинжээчээр томилж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 38,439,238 төгрөгөөр тогтоосон.

Дээрх үнэлгээний тайланг 2021 оны 11 сарын 02-ны өдөр төлбөр авагч гаргуулж М п э и ББСБ ХХК болон төлбөр төлөгч Б.Т , Г.Э нарт тус тус албан бичгүүдээр мэдэгдсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Т ын НШШГГ т холбогдуулан гаргасан ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-0 дугаарт бүртгэлтэй 672 м/кв талбайтай газар, Ү-0 дугаарт бүртгэлтэй 63 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний Б ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4.   Давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын агуулга: Б.Т ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хэт доогуур үнээр үнэлсэнд гомдолтой байна.

а. Б.Т нь М п э и ББСБ ХХК-ийн төлөөлөгчтэй уулзаж, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцон саналаа солилцсон. Гэтэл хэд хоногийн дараа төлбөр авагч тал үнийн саналыг зөвшөөрөөгүй тул мэргэжлийн байгууллагаар үнэлгээ тогтоолгохоор болсон гэж хэлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Т нь Капитрон банк ХХК-ийн төлөөлөгчтэй ярилцаж үнийн саналаа солилцсон. Б ХХК, Капитрон банк ХХК, М п э и ББСБ ХХК нар хууль бусаар үгсэн хуйвалдаж дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг авах гэж байгаа нь тодорхой байна.

б. Одоо эд хөрөнгийн үнэ ханш өдрөөр, цагаар өсөж байхад амьдрах, амьд явахын үндэс болсон эд хөрөнгийг 2014, 2016 оны үнэ ханш, тухайн үеийн эрхийн актуудад үндэслэн хэт доогуур үнээр үнэлсэнд маш их гомдолтой байна.

в. Б.Т ын өмчлөлийн эд хөрөнгийг ямар үндэслэлээр 70 хувиар тооцож дуудлага худалдаагаар худалдан боруулж байгааг ойлгохгүй байна. Иргэн өөрийн өмч хөрөнгийнхөө үнийг өөрөө тогтоох эрхтэй, дур мэдэж 70 хувиар тооцож дуудлага худалдаанд оруулж байгаа нь хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан гэж үзэхээр байна.

Иймд Б ХХК-ийн үнэлгээчин С.М ын гаргасан үнэлгээг хүчингүй болгож, албадан дуудлага худалдааг хуулийн дагуу хойшлуулж, үлдэгдэл өрөө төлөх боломжит хугацааг олгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Шийдвэрийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч НШШГГ т холбогдуулан, ... тоот хаягт байршилтай 672 м.кв талбайтай газар, 63.мкв талбайтай 95 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцыг 38,439,238 төгрөгөөр үнэлсэн Б ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 63/

 

3.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 05-ны өдрийн 184/ШШ2019/00589 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 сарын 22-ны өдрийн 716 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 04 сарын 09-ний өдрийн 001/ХТ2020/00159 дугаар тогтоолоор хариуцагч Б.Т оос 21,977,593 төгрөг болон 338,038 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М п э и ББСБ ХХК-д олгож, барьцаа хөрөнгө болох ... тоот хаягт байршилтай 672 м.кв талбайтай газар, 63.мкв талбайтай 95 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх 67-72, 73-75, 76-77/

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллагаас 2020 оны 06 сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх 79/, нэхэмжлэлд дурдагдсан газар, хувийн сууцыг 2020 оны 09 сарын 04-ний өдөр битүүмжилж /хх 87-88/, 2021 оны 10 сарын 14-ний өдөр хураан авсан /хх 92-93/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлд заасантай тус тус нийцжээ.

4.   Улмаар төлбөр төлөгчийн зүгээс маргаан бүхий газар, хувийн сууцыг нийт 126,000,000 төгрөгөөр үнэлснийг /хх 95, 97/ төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрсөн /хх 98, 99/ үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Б ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч С.М д эрх, үүрэг танилцуулсан /хх 102, 103/ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай тус тус нийцжээ.

 

5.   Б ХХК-ийн үнэлгээчин С.М нь Сангийн Яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээд /хх 125/ байх ба Хөрөнгийн үнэлгээний тайлан-даа үнэлгээ хийсэн үндэслэл, зориулалт, үнэлгээний арга зүй, үнэлгээний зүйлийн мэдээлэл, шинж байдал, үнэлгээний зүйлийн үнэ цэнийн тооцоолол зэрэг зүйлийг тусгасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан зохицуулалтад нийцсэн байх боловч дараах үндэслэлээр газар, хувийн сууцыг нийт 38,439,238 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг зах зээлийн үнэ цэнэ гэж үзэхэд эргэлзээтэй байна. Үүнд:

а. Засгийн газрын 2018 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан суурь үнэлгээгээр тооцон 672 м.кв өмчлөх эрхтэй газрыг нийт 1,814,000 төгрөгөөр үнэлснийг зах зээлийн бодит үнэ ханш гэж үзэх боломжгүй. /хх 113-114/

б. Хэрэгт авагдсан Хөрөнгийн үнэлгээний тайлан-гийн Зах зээлийн хандлагын тооцоолол гэсэн хэсэгт Үнэлэгдэж буй хувийн сууцын зах зээлийн үнэ цэнэ-ийг 36,763,198 төгрөг гэж тодорхойлсон атлаа Үнэлэгдэж буй хувийн сууц болон өмчилсөн газрын хамт зах зээлийн үнэ цэнэ-ийг 34,925,038 төгрөг гэж бага дүнгээр тогтоосон нь үндэслэл муутай болжээ. /хх 115/ Өөрөөр хэлбэл, хувийн сууцны үнэлгээнээс хувийн сууц болон өмчилсөн газрын хамтын үнэлгээ доогуур байх шалтгаан тодорхой бус байна.

в ... тоот хаягт байршилтай 672 м.кв талбайтай газар нь иргэний өмчлөлийн газар байтал харьцуулсан газрууд нь өмчлөх, эсхүл эзэмших эрхтэй газрын аль болох нь Хөрөнгийн үнэлгээний тайлан-д тусгагдаагүйгээс зах зээлийн харьцуулсан тооцооллыг үнэн зөв гэж үзэх боломжгүй.

 

6.   Харин нэхэмжлэгч Б.Т ын гаргасан ...Энэ хашаа байшинг үнэлгээ хийж албадан дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа нь энэ олон хүүхдийн амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна..., ...байшинг газартай нь хамт 38,000,000 төгрөгөөр үнэлээд түүний 70 хувь буюу 26,000,000 төгрөгөөр албадан дуудлага худалдаагаар зарах гэж байгаа нь хуулиар халхавчилсан дээрэм... гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь Б.Т нь өөрөө тухайн газар, орон сууцыг бусдад барьцаалан барьцааны гэрээ-г байгуулсан, үүний дагуу шүүх барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, дээрх шийдвэрийг НШШГГ хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан биелүүлэх ажиллагааг явуулж байгаа, мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтоохоор хуульчилсан. Иймд үнэлгээ хийх ажиллагааг хууль бусаар өмчлөлийн зүйлд халдсан гэж үзэх боломжгүй юм.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч НШШГГ т холбогдуулан гаргасан газар, хувийн сууцыг нийт 38,439,238 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Т ын нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 10-ны өдрийн 184/ШШ2022/00167 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар ... тоот хаягт байршилтай 672 м.кв талбайтай газар, 63.мкв талбайтай 95 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцыг нийт 38,439,238 төгрөгөөр үнэлсэн Б ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Т од буцаан олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Т ын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 02 сарын 21-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.НЯМБАЗАР