Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/983

 

 

 

 

 

 

 

2024           08             27                                          2024/ДШМ/983

 

 

А.Бхолбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аззаяа,

шүүгдэгч А.Б,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/679 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Тын гаргасан давж заалдах гомдлоор А.Бхолбогдох 2406 00000 1053 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Данжин овгийн А.Б, 1996 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:................/,

Шүүгдэгч А.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын хойд талын зам дээр хохирогч Д.Ттай “явган хүний ганцаар гарсангүй” гэх шалтгааны улмаас маргалдан нүүр хэсэгт нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн ханын цөмөрсөн хугарал, баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хүзүүний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...шүүгдэгч А.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үүрэг болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Бээс 2.886.3200 төгрөгийг хохирогч Д.Тт төлсөн болохыг дурдаж, хохирогч Д.Т нь цаашид гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгаас үүдэн гарах эмчилгээний болон бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

Хохирогч Д.Т давж заалдах гомдолдоо: “...Миний бие шүүгдэгчийн надад учруулсан гэмтлийн улмаас ажлаа хийж чадаагүй. Тухайн үед миний бие байгуулагдсан гэрээнийхээ дагуу ажилласан бол багадаа 25.000.000 төгрөгийн орлого олох боломжтой маш чухал ажил хийгдэхээр батлагдсан байсан болно. Гэтэл би эрүүл мэндэд учирсан гэмтлийн улмаас дээрх ажлаа хийж чадаагүй тул олох ёстой байсан ашиг орлогод 25.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүхээс хүлээж аваагүй. Иймд эрүүл мэндэд учирсан хохирол болон олох ёстой байсан ашиг орлогыг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү. Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгчид 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсанд гомдолтой байна. Би шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас 1 сар гаруй хугацаанд ажлаа хийж чдаагүй, мөн энэ хугацаанд эрүүл мэндээр хохирч байнгын өвчин зовиуртай явж ирсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч надад эдийн засгийн их хэмжээний хохирол учруулж, анх гэмтэл авснаас хойш эмчилгээ хийлгэх цаг хугацаанд байнгын өвдөлтийн зовиурыг миний бие ганцаар мэдэрч яваагүй, ажил болон гэр бүлдээ зарцуулах цаг хугацаагаа алдаагүй байхад түүнийг 500.000 төгрөгөөр торгож байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Мөн 500.000 төгрөгөөр торгосноор шүүгдэгчид эдийн засгийн хариуцлага болж чадахгүй тул гэм буруугаа ухамсарлаж, цаашид дахин хүний биед халдахгүй байх хүмүүжлийн хариуцлага болж чадахгүй. Миний бие эцэг хүн тул өөрийн болон үр хүүхэд, гэр бүлээ аюулгүй орчинд амьдруулах зорилготой байдаг тул энэ мэтчилэн хэдий ч, шалтгаангүйгээр, бусдыг илтэд дээрлэхэн, амь бие, эрүүл мэндэд халддаг хүмүүсийн хамт амьдрах нь байнгын айдас, түгшүүртэй байж халдашгүй байх эрх маань зөрчигдөж байна. Иймд шүүгдэгчид оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирохгүй, шударга ёсны зарчимд нийцэхгүй байх тул түүнд тохирсон ялыг оногдуулж өгөхийг хүсэж байна...” гэжээ.

Шүүгдэгч А.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг заасан хугацаанд нь төлнө” гэв.

Прокурор Д.Аззаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын хойд талын зам дээр хохирогч Д.Ттай “явган хүний ганцаар гарсангүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний биед хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогддог. Хохирогч гэмт хэргийн улмаас эрүүл мэндээ эмчлүүлэхэд зарцуулсан төлбөр болох 2.886.320 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн, шүүгдэгчийн зүгээс уг 2.886.320 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Хохирогчийн зүгээс анхан шатны шүүх хурал дээр шүүгдэгч А.Бзодуулсны улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 25.000.000 төгрөг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд буюу хохирогч энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн. Харин хохирогч Д.Т гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасныг үндэслэж, шүүгдэгч А.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэм буруугийн тал дээр маргаагүй, хохирогчийн нэхэмжилсэн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад эдгээр нөхцөл байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасны дагуу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хууль ёсны үндэслэлтэй шийдвэр гаргасан. Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:     

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.        

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны талууд, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсэний  үндсэн дээр шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.          

Тодруулбал, шүүгдэгч А.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын хойд талын зам дээр хохирогч Д.Тыг өөр хооронд үүссэн таарамжгүй харилцааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :  

- гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 02/,

- хохирогч Д.Тын “...Би 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул захын хойд талын хаалганаас 100м хойш замд байрлах Төрийн банкны хойд талын зүүн зүгт гарах гээд зам дагуу эхнэр Энхцэцэг, хүүхдийнхээ хамтаар алхаад явж байхад цагаан өнгийн суудлын машинтай хүн ухарч байгаад миний хөл хэсэгт мөргөхлөөр нь болгоомжтой яваач, хүүхэд мөргөлөө гэж хэлээд машиныг нь нэг удаа цохисон...бид хоёрын дунд маргаан болоход сүүлд нэрийг нь мэдсэнээр Б нь машинаасаа бууж ирээд харилцан заамдалцсан байхад Б миний нүд рүү гараараа цохисон, эхнэр салгаж, цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх 07/,   

- шинжээчийн дүгнэлт “...Д.Тын баруун нүдний ухархайн ханын цөмөрсөн хугарал, баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-18-19/

- А.Бийн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн “...тухайн үед бид 2 харилцан маргаж, улмаар заамдалцсан, тэр залуу намайг заамдсан гараараа түлхэж боолтод оруулах гээд байхаар нь би баруун гараа атгаж байгаад тэр залуугийн баруун нүд хэсэгт нэг удаа цохисон...Тэр залуугийн баруун нүд орчим улайлт үүсэж хөхрөх янзтай байсан...” /хх-36, 67-74/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Тухайн нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, эх сурвалжаа харилцан нотолсон буюу хангалттай байх шалгуурт нийцсэн байх тул шүүгдэгч А.Бийн үйлдсэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ. 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хоорондын шалтгаант холбоог нотолж буй дээрх нотлох баримтуудыг үгүйсгэн няцаах үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан  байх ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн нь бусад нотлох баримтаар тогтоогдсон байгааг дурдах нь зүйтэй.

3.  Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар анхан шатны шүүх хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар дүгнэсэн байна.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас олох байсан 25 сая төгрөгийн орлогын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн байх тул  хохирогчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй болно.

4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг. 

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл,  хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарна.        

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар дүгнэсэн, түүнд оногдуулсан торгох ял, түүний хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч  Д.Тын гаргасан “гэмт хэргийн хохирогч болсоны улмаас олох ёстой байсан орлого гаргуулах, мөн шүүгдэгчид оногдуулсан торгох ял хөнгөдсөн” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/679 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч  Д.Тын гаргасан “гэмт хэргийн хохирогч болсоны улмаас олох ёстой байсан орлого гаргуулах, мөн шүүгдэгчид оногдуулсан торгох ял хөнгөдсөн” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.    

2.  Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

ДАРГАЛАГЧ,                                                                                                                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ЗОРИГ

 

        ШҮҮГЧ                                                   Б.БАТЗОРИГ

 

          ШҮҮГЧ                                                    Г.ГАНБААТАР