Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 96

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Улсын яллагч                              М.Энхбаатар

 Шүүгдэгчийн өмгөөлөгч            Д.Даваасүрэн

 Нарийн бичгийн дарга              Б.Намуунзул нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Даваадоржид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831000590059 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1985 оны 09 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Увс аймгийн Улаангом сум, 4 дүгээр баг, 10-11 тоотод оршин суудаг, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Увс аймаг дахь сум дундын шүүхийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.2-д зааснаар 2 жил, 1 сарын хорих ял шийтгүүлж, 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Увс аймаг дахь сум дундын шүүхийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 118 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 02 жилийн хорих ял шийтгүүлж, 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар тус тус шийтгүүлж байсан,  улсаас авсан гавъяа шагналгүй, Барлагууд овогт Буянтогтохын Даваадорж /РД:ОБ85091716/   

        

Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Б.Даваадорж нь 2018 оны 03 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багийн нутагт орших “Охиндий” гэх газраас иргэн Г.Бат-Эрдэний 2 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

           Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Даваадоржийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Зүүнхараагаас Дарханд машинаар ирээд тэндээсээ орой суудалд сууж Шаамар дээр буусан. Шаамараас машинд сууж Сүхбаатар сумын зүг явж байгаад Алтантариа ХХК-ий поолины ойролцоо буугаад тэнд бэлчиж явсан 4 адуунаас хоёрыг нь барьж аваад нэгийг нь эмээллэж унаад нөгөөг нь хөтлөөд Дархан руу чиглэн явсан. Явах замдаа хоёр хонож Дархан орсон ба махны ченж хийдэг Мөнхзаяа гэдэг айлд очсон. Мөнхзаяа надаас гарал үүслийн гэрчилгээ өгөхийг шаардсан ба би өгнө гээд байж байх зуур Мөнхзаяа нэг адууг нь нядалсан байсан. Тэгээд удалгүй байж байхад Дарханы цагдаа нар ирж баригдсан. Буруу хэрэг хийснээ ойлгож байна...” гэх мэдүүлэг

     Хохирогч Г.Бат-Эрдэний 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багийн нутагт хувиараа мал маллаж амьдардаг. Би хувьдаа бор зүсмийн нас гүйцсэн 19-20 настай морь, бор алаг зүсмийн 2 алаг гүү, хүрэн халзан зүсмийн 1 азарга нийт 5 тооны адуутай юм. Би одоогоос 7 хоногийн өмнө адуугаа бэлчээрт явуулснаас хойш хараагүй байсан ба манай хоёр морь ер нь гэрийнхээ ойролцоо бэлчээрт байдаг юм. Би морь хулгайд алдагдсан талаар мэдээгүй байсан. Би өөрийн 2 морийг тус бүрийг нь 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Миний хувьд гомдолтой байна, зүгээр адуундаа бэлчиж байсан морь хулгайлж мал төллөх үеэр нааш, цааш яваад ажил болж байна. Морьныхоо үнийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/

      Хохирогч Г.Бат-Эрдэний 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...Би хулгайд алдсан 2 морьныхоо алагдсан морьны махыг хүлээн авч зарж борлуулсан байгаа. Би өөрийнхөө машинаар Дархан-Уул аймгаас амьд үлдсэн морио хүлээн авсан байгаа ба одоо манай гэрийн хашаанд ямар нэгэн гэмтэл байхгүй зүгээр байгаа. Миний морийг хулгай хийсэнд нь их гомдолтой байна. Нэхэмжлэх зүйлийн талаар би 1 морио хүлээгээд авчихсан боловч алагдсан морьнийхоо махыг 450.000 төгрөгөөр зарж борлуулсан ба би морио 1.000.000 төгрөгөөр үнэлсэн учир үнийн зөрүү 550.000 төгрөг, мөн Дархан-Уул аймгаас өөрийн хулгайд алдсан бор морийг өөрийн портер маркийн тээврийн хэрэгслээр очиж авчирахад 30.000 төгрөгөөр түлш хийсэн. Ингээд нийт 580.000 төгрөг гэмт буруутай этгээдээс нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/

          Гэрч А.Батбаатарын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сумын 2 дугаар баг Охиндий гэх газарт хүргэн ах Г.Бат-Эрдэнийн хэсэг адуу, миний өөрийн хэсэг адууг маллаж амьдардаг юм. Ингээд 2018 оны 03 дугаар сарын эхээр санагдаж байна, цаг хугацаагаа хэлж мэдэхгүй байна адуугаа хөдөө бэлчээр дээр байхад нь эргэж тойрч харсан. Тэрнээс хойш хараагүй байж байгаад өнөөдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 12-ний өдөр 14 цагийн үед байх сайн санахгүй байна багийн дарга Г.Бат-Эрдэнэ нь миний гар утас руу залгаж “Хоёр бор морь хулгайлсан хүмүүс Дархан-Уул аймагт баригдсан байна танай ойр орчимд морь алдсан хүн байна уу” гэж асуухаар нь “адуугаа харчихаад эргээд тань руу утасдаж хэлье” гэж ярилцсан. Ингээд адуугаа зусааны урдхан талд бэлчээрт байхад очиж харсан чинь хүргэн ах Г.Бат-Эрдэнийн хоёр бор морь алга болсон байсан. Тэгэхээр нь багийн дарга Г.Бат-Эрдэний утас руу яриад “манай хоёр бор морь байхгүй байна” гэсэн чинь багийн дарга надад Цагдаагийн ажилтны утасны дугаарыг өгсөн. Надад өгсөн дугаар луу залгаж нэг цагдаагийн ажилтан утасаар яриад хоёр бор морины тамга, зүсийг асуухад манай адууны зүстэй таарч байсан. Ингээд Зүүнбүрэн сумаас Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт ирж хоёр бор морьныхоо гэрэл зургийг харсан чинь манай хоёр бор морь мөн байсан. Цаг зав бага гардаг болохоор тэр болгон адууныхаа араас явдаггүй юм. Ер нь манай адуунууд нээх холдоод байдаггүй. Ойрхон л бэлчээрт байдаг. Адуугаа бэлчээрт нь гаргаад 10 хоноод араас нь очиж шалгаж, бүртгэдэг. Тэгээд хэсэг хугацааны дараа дахин очиж шалгадаг юм. Адууны зүс нь хөх бор, цагаан бор зүсмийн адуутай. Би адуугаа хараад зүс, тамга бусад байдлаар нь таньж мэднэ. Манай адуу байнга бэлчээрт байдаг. Хамгийн сүүлд 2018 оны 03 дугаар сарын эхээр л адуугаа эргэж тойрч харахад бүрэн байсан. Энэ цаг хугацаагаанаас хойш адуугаа очиж шалгаагүй бүртгээгүй байж байхад багийн дарга өнөөдөр өдөр 13 цагийн үед утасдаж алдагдсан адууны талаар хэлэхээр нь бэлчээрт байсан адуугаа очиж шалгахад хоёр бор морь байхгүй байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/

            Гэрч С.Отгонбаярын 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 11-ний өглөө миний таних Алагаа гэх залуу над руу 9 цагийн орчим залгаад “2 адуу зармаар байна, та зараад өгөөч” гэхээр нь би Алагаатай өвсөн цехийн хажууд уулзах үед 2 ширхэг цагаан морьтой нэгийг нь унасан, нэгийг нь хөтөлсөн байсан. Тэгэхээр нь би Алагааг дагуулаад өөрийн таних Заяа гэгчийн гэрт очоод “энэ хүн 2 морь зарна гэж байна, авах юм уу” гэж асуухад “авна, гарал үүсэл нь хаана байгаа юм бэ” гэж асуухад Алагаа “гарал үүсэл байхгүй, би гарал үүсэл олж өгнө” гэсэн. Тэгээд би Алагаа хамт хашаанд морийг оруулаад явсан. Морийг хашаанд оруулсан хойно Алагаа надаар миний машинтай Сэлэнгэ хүргүүлнэ гэж байсан учраас би Алагаагийн морины эмээлийг машины арын багаажиндаа хийгээд харин өмсөж явсан дээл болон савхин хүрмийг миний машинд үлдээсэн. Мах зарсан хүнээсээ мөнгө төгрөгөө авчихаад Сэлэнгэ явахдаа над руу ярина гэсэн учраас би хүлээж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/

            Гэрч С.Отгонбаярын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “... Миний хувьд энэ талаар мэдэх зүйл алга байна. Би гэртээ байж байхад Б.Даваадорж нь “Дархан-Уул аймагт орж ирж байна, морь зарах гэж ирсэн юм, та надад зараад өгөөч” гэж хэлсэн. Би “өвсөн цехийн хашааны хажууд байна” гэхээр би өөрийн хээр халзан морьтойгоо явж очиход Б.Даваадорж нь бор зүсмийн морь унчихсан, хажуудаа бор зүсмийн морийг хөтөлсөн байдалтай байж байсан. Ингээд Б.Даваадорж нь хэлэхдээ “Миний өөрийн морь байгаа юм, энэ 2 морийг зараад өгөөч” гэхээр нь би өөрийн танил Ж.Мөнхзаяагийн гэрт дагуулж очсон. Ингээд Б.Даваадоржийн авчирсан 2 морийг Ж.Мөнхзаяад зарах гэтэл Ж.Мөнхзаяа “гарал үүслийн гэрчилгээгүй бол авахгүй” гээд байсан ба Б.Даваадорж нь “амралтын өдөр байсан учир гарал үүслийн гэрчилгээ авч чадсангүй, ажлын өдөр гарал үүслийн гэрчилгээ авчирч өгнө” гэж ярилцаад байсан. Тэгээд Б.Даваадорж нь намайг “Дарханы зах руу юм уу эсвэл Сэлэнгэ аймаг руу хүргэж өгөөч” гэхээр нь би зөвшөөрч гэрээсээ очиж өөрийн 99-07 ДАХ улсын дугаартай автомашинаа авчирахад нэг адууг нь алчихсан байсан. Тэгээд би дотороо бодохдоо морио Ж.Мөнхзаяад зарчихсан юм байна гэж бодоод Б.Даваадоржийн хэрэглэж байсан эмээл, хазаар, ногт, бугуйл зэргийг нь машиныхаа багажинд хийгээд байж байтал цагдаа нар ирээд үзлэг хийж шалгасан. Миний машин хулгайн хэрэгт ямар ч оролцоо байхгүй. Би Б.Даваадорж “надаар хүргүүлнэ” гэхээр нь би гэрээсээ машинаа авчираад байсан юм. Надад ямар нэгэн байдлаар хулгайн морь гэдгийг нь мэдээгүй надад хэлэхдээ “миний өөрийн морь байгаа юм надад зараад өгөөч” гэхээр нь би морийг нь зарж өгөхөөр Ж.Мөнхзаяагийн гэрт дагуулж очсон. Миний хувьд хулгайх хийхэд нь оролцоогүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/

           Гэрч Ж.Мөнхзаяагийн 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байж байхад өглөө 10 цагийн орчимд над руу дэлдэн Отгоо гэх хүн залгаад ойр зуурын юм ярьж байгаад “нэг адуу авчих уу, тарган адуу байна” гэхээр нь “ханш нь ямар үнэтэй байна, үнэ тохирвол би авна” гэж хэлсэн. Тэгээд удаагүй надтай дахиж яриагүй байж байгаад манай гэрт шууд ирсэн. Танихгүй нэг залууг дагуулчихсан, тэр залуу нэг цагаан морь унаад, дахиад нэг цагаан морь хөтөлсөн байсан. Харин С.Отгонбаяр хээр морь унасан байсан. Тэгээд надаас “энэ 2 цагаан морийг авах уу” гэхээр нь үнийг нь асуухад С.Отгонбаяртай цуг явж байсан, миний урьд өмнө нь хараагүй танихгүй залуу “нэг нь 450.000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд би анхнаас нь нэг морь авна гэж С.Отгонбаяртай ярьсан учраас “нэгийг нь авна” гэхэд “та 2-ланг нь авчихаач” гээд байхаар нь “за тэгвэл яахав үнэ тохирч болно, чи харин 2 адууныхаа гарал үүслийн бичгийг аваад ир, мөн тухайн багийн даргаас нь бичиг авчир, тэгвэл би авна” гэтэл нөгөө залуу “амралтын өдөр таарчихсан, мөн дээрээс нь би Сэлэнгийн биш Увсын хүн болохоор бичиг авч чадаагүй, наад мал чинь найдвартай, асуудалгүй” гэж хэлсэн. Тэгээд С.Отгонбаяр яваад өгсөн. Харин нөгөө залуу үлдээд манай гэрт ороод ирсэн. Тэгээд дахиад надаас “мал авчихаач” гэж гуйгаад байсан. Би гарал үүслийн бичиг нэхэж аваагүй нилээд удсан. Тэгж байтал С.Отгонбаяр машинтайгаа ирээд “нөгөө залууг дагуулаад гарал үүслийн бичиг аваад ирье” гэж хэлээд явчихсан. Яваад нилээд удаж байгаад буцаж ирэхдээ “гарал үүслийн бичиг олдохгүй байна, маргааш аваад ирье, адуу ямар ч асуудагүй” гэхээр нь би “хэрэв гарал үүслийн бичиг өгвөл би адууны мөнгийг нь өгнө” гэж хэлж байсан юм. Тэгээд орой болж байсан учир “нэг малыг нь ямар ч байсан гаргая, харин нөгөөхийг нь 2-3 хоногийн дараа болно, тэр болтол бичгийг нь авчир, би зах руу оруулахад надаас гарал үүслийн бичиг нэхнэ, та нар асуудалгүй л юм бол бичгээ өг” гэж хэлээд нэг малыг эхлээд гаргаж байхад цагдаа нар ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/

            Гэрч Ж.Мөнхзаяагийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...Миний хувьд Б.Даваадорж гэж залууг хулгай морь надад зарж борлуулах гэж байгаа талаар мэдээгүй. Тухайн үед би гарал үүслийн гэрчилгээгүй морь Б.Даваадорж нь авчирахаар нь өглөөнөөс орой болтол “би гарал үүслийн гэрчилгээгүй, морь худалдаж авахгүй” гэж хэлээд хашаандаа байлгасан. Тэр үед Б.Даваадорж нь амралтын өдөр байсан болохоор гарал үүслийн гэрчилгээгээ аваагүй гээд байсан юм. Мөн миний өөрийн морь гээд байсан. Мөн өөрсдөө гарал үүслийн гэрчилгээ олох гээд явсан боловч олдоогүй. Би гарал үүслийн гэрчилгээ авчирах юм бол маргааш нь хүнд зарвал арай өнгөлөг харагдах юм болов уу гэж бодоод морины дэлийг дарчихсан юм. Надад ямар нэгэн байдлаар хулгайн морь гэдгийг нь мэдээгүй. Хулгайх хийхэд нь оролцоогүй. С.Отгонбаяртай бага хүүхэд байхаасаа эхлэн нэг газарт байдаг байсан болохоор багаас нь мэднэ. С.Отгонбаяр ямар нэгэн холбоо байхгүй байх. Намайг таньдаг болохоор л надад зарж борлуулах гэж дагуулж ирсэн гэж байсан. Түүнээс биш С.Отгонбаяр хулгайн морь гэдгийг мэдэж байсан бол надад юу гэж дагуулж ирээд зарах билээ дээ. С.Отгонбаяр тэр залууг дагуулаад хоёулаа морьтой ирсэн. Тэгээд намай гэрт үлдээгээд морио унаж яваад өдөр ирэхдээ машинаа унаж ирсэн. С.Отгонбаярын машинд малын махыг ачсан болон ашигласан зүйл байхгүй. Манай гэрт унаад ирчихсэн байхад нь цагдаа нар үзлэг хийгээд байсан. Тэр танихгүй залууг буцаад хүргэж өгөхөөр ярилцаад машинаа авчирсан юм шиг байна лээ. Б.Даваадорж нь алдаг бор морийг унчихсан, орос цэрэг эмээлтэй, улаан хамартай хазаараар хазаарлаж, бугуйлаа эмээлэндээ хийчихсэн ирж байсан. Улаан хамартай шар өнгийн ногтоор хөтөлж яваа бор морийг ногтолсон хөтөлж ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар тал/

            2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Ашид Билгүүн” ХХК-ний үнэлгээний: 

           

Үнэлгээний зүйл

Нэгж үнэ

Тайлбар

1

Бор морь /18 настай/

700.000

2018 оны 03 дугаар сарын байдлаар

2

Бор морь /19 настай/

700.000

зах зээлийн дундаж үнээр

 

Нийт

1.400.000

тогтоосон болно.

Тайлангаар үнэлэгдэж буй малын 2018 оны 03 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 1.400.000 төгрөгөөр тооцов...” гэх дүгнэлт /хх-ийн 43-45 тал/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7 дугаар тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10 дугаар тал/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13 дугаар тал/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 15 дугаар тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 45 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 дугаар тал/

Б.Даваадоржийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар тал/

Б.Даваадоржийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 59-63 дугаар тал/

      Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71 дүгээр тал/ зэрэг болно.        

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох

баримтуудыг дүгнэхэд

 

          Шүүгдэгч Б.Даваадорж нь 2018 оны 03 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багийн нутагт орших “Охиндий” гэх газраас иргэн Г.Бат-Эрдэний 2 тооны адууг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

          Үүнд: Хохирогч Г.Бат-Эрдэнийн /хх-ийн 19-21/, гэрч А.Батбаатарын /хх-ийн 25-26/, С.Отгонбаярын /хх-ийн 27-27-29/, Ж.Мөнхзаяагийн /хх-ийн 30-30-32/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, алдагдсан эд зүйлд үнэлгээ тогтоосон Ашид билгүүн ХХК-ий үнэлгээний тайлан /хх-ийн 43-45/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-10/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-17/ болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг болно.               

            Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.

           Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Г.Бат-Эрдэнийн мэдүүлэг нь гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна.

             Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Даваадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан “мал хулгайлах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.  

             Иймээс шүүгдэгч Б.Даваадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан “...мал хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож хуулинд заасан 02 жилийн хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Б.Даваадоржид ял шийтгэл оногдуулахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тус шүүхийн 118 тоот тогтоолоор гэм буруутайд тооцогдож 02 жилийн хорих ялаар шийтгүүлж 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаандаа мөн энэ төрлийн санаатай гэмт хэрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн зарим хэсгийг нөхөн төлөөгүй, гэм буруугийн талаар маргаангүй байгаа зэргийг харгалзан үзэв.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4-д зааснаар шүүгдэгч Б.Даваадоржид энэ шийтгэх тогтоолоор оногдуулах 02 жилийн хорих ял дээр тус шүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тус шүүхийн 118 тоот оногдуулсан 02 жилийн хорих ялаас 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл тооцож эдлээгүй үлдсэн 01 жил 06 сарын хорих ялыг нэмж түүний биечлэн эдлэх ялын хэмжээг 03 жил 06 сарын хугацаагаар  тогтоов.

            Шүүгдэгч Б.Даваадоржийн эдлэх 03 жил 06 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр бүүрэгтэй, саарал өнгийн дэвстэй, саарал өнгийн 2 оломтой, сараал өнгийн урагдсан даавуун гөлөмтэй, дөрөөгүй эмээл 1 ширхэг, улаан өнгийн даавуугаар бүрсэн хамартай шаргал өнгийн ногт 1 ширхэг, улаан өнгийн даавуугаар бүрсэн хамартай, төмөр амгаатай, мяндсан жолоотой хазаар 1 ширхэг, суран бугуйл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэн өгөх нь зүйтэй.

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Даваадоржийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 33 хоногийг, мөн өмнөх шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон 51 хоног бүгд 84 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохоор тогтов.

    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Даваадорж түүний нэр хөрөнгөнөөс нийт адууны үнэлгээ 1.400.000 төгрөгнөөс буцаан өгсөн адууны үнэ 700.000 төгрөг, адууны махны борлуулсан үнэ 450.000 төгрөгийг хасч үлдэх 250.000 төгрөг дээр алдагдсан малаа очиж авахад зарцуулсан шатахууны үнэ 30.000 төгрөгийг нэмж 280.000 төгрөгийг гаргуулан хохирогч Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар баг Охиндий гэх газарт оршин суух Ар тогруутан овогт Готовын Бат-Эрдэнэд /МЮ62102577/ олгохоор заав. 

    Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Барлагууд овогт Буянтогтохын Даваадоржиийг мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Барлагууд овогт Буянтогтохын Даваадоржид 02 жилийн хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,4-д зааснаар ялтан Б.Даваадоржид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр тус шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 118 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 01 жил 06 сарын хорих ялыг нэмж түүний биечлэн эдлэх ялын хэмжээг 03 жил 06 сарын хугацаагаар тогтоосугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Даваадоржид оногдуулсан 03 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхийи ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан Б.Даваадоржийн дээрх хоёр гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 84 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.  

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Б.Даваадорж түүний нэр хөрөнгөнөөс 280.000 төгрөгийг гаргуулан хохирогч Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар баг Охиндий гэх газарт оршин суух Ар тогруутан овогт Готовын Бат-Эрдэнэд /МЮ62102577/ олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр бүүрэгтэй, саарал өнгийн дэвстэй, саарал өнгийн 2 оломтой, сараал өнгийн урагдсан даавуун гөлөмтэй, дөрөөгүй эмээл 1 ширхэг, улаан өнгийн даавуугаар бүрсэн хамартай шаргал өнгийн ногт 1 ширхэг, улаан өнгийн даавуугаар бүрсэн хамартай, төмөр амгаатай, мяндсан жолоотой хазаар 1 ширхэг, суран бугуйл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэн өгсүгэй.

8.Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

9.Ялтан Б.Д урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ