Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/984

 

                                                                                                                                   

 

 

 

 

 

2024           08             27                                          2024/ДШМ/984

 

 

Б.Хд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Батгэрэл,

шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Сонгинохайхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/777 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Хд холбогдох 2408 01058 0681 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Боржигон овгийн Б.Х, 1986 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймагт төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Баянгол эмнэлэгт тогооч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт .............. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.............../,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1333 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,  

Шүүгдэгч Б.Х нь 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Мандал овоогийн гудамжинд хохирогч А.Ч шалтгаангүйгээр нүүр рүү нь цохих, маажих зэргээр халдаж биед тархи доргилт, дух, зүүн нүдний доод зовхи, эрүү баруун сарвуунд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.Хы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...шүүгдэгч Б.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах 2 сарын ялыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Хаас 4.434.500 төгрөгийг 6 сарын хугацаанд гаргуулж хохирогч А.Чанцалмаад олгож, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Б.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж өгнө үү. Манайх ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр маань барилга дээр ажилладаг. Охин одоо 4 настай боловч босч явж, хөл дээрээ ч зогсож чаддаггүй, төрөлхийн тархины саажилт, доод мөчний хос саажилттай, зөвхөн сууж чаддаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тул би байнгын асарч, асран хамгаалж охиноо эмчлүүлдэг. Манай охин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвд хэвтэн эмчлүүлдэг, уг төвийн эмнэлгийн хяналтанд байдаг. 2024.08.13-наас охиноо хэвтүүлэн эмчлүүлэх болсон тул эмчийн бичиг авсан байгаа. Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сувилалд үргэлжлүүлэн сувилгаа хийлгэх шаардлагатай юм. Хүүхэд босч зогсож, явж чаддаг болтол нь байнгын асаргаа сувилгаа эмчилгээ хийлгэж, Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн аль сайн гэсэн бүхий л эмнэлэгт үзүүлж, эмчлүүлж асарч тэтгэн хүүхдээ хөл дээр нь босгох гээд зүтгэж яваа жирийн нэг ээж хүн байна. Миний охиныг БНСУ-д явж эмчлүүлбэл эмчилгээ сайн үр дүнтэй гэсэн тул хороо, дүүрэг гээд бүхий л албаны хүмүүс “тусалж дэмжин хандивын аян үргэлжлүүлж өгье” гэсэн тул эдгэрнэ гэж маш их итгэж байгаа. Миний хувьд болсон асуудалдаа маш их гэмшиж, үйлдсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байна. Хохирогчтой уулзаж, уучлалт гуйсан, хохирлоо анхан шатны шүүх хуралдаанд бэлэн авчирсан боловч хохирогч ирээгүй, дансыг нь авч чадаагүй байсан юм. Дахин ийм асуудал огт гаргахгүй, миний хувийн байдал, охины минь эмчилгээнээс шалтгаалж бид Улаанбаатар хот, хөдөө орон нутагт зорчиж хүүхдээ эмчлүүлдэг тул уг байдлыг минь харгалзан үзэж надад оногдуулсан 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, өөрчилж 450 нэгжээр торгох ялаар сольж өгнө үү...” гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэснийг дахин хянаж, хөнгөрүүлж торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү. Б.Х нь ам бүл 3, нөхөр, 4 настай охины хамт амьдардаг. Түүний охин Ганхуяг овогтой Хулан нь одоо 4 настай боловч босч, зогсож чадахгүй, явж чадахгүй, тархины саажилт, доод мөчний хос саажилттай, зөвхөн сууж чаддаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тул хүүхдээ хөл дээрээ зогсож, явж чаддаг болгохын тулд байнгын эмчилгээг өдөр бүр тогтмол хийлгэж асардаг юм. Нөхөр Ганхуяг нь барилга дээр ажилладаг, Халиун өөрөө Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлгийн гал тогоонд тогоочоор ажилладаг, одоогоор түр чөлөөтэй байгаа, цаашид үргэлжлүүлэн ажиллана. Б.Х нь үйлдсэн үйлдэлдээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйсан, хохирлоо нөхөн төлнө. Цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх боломжтой бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ байнгын асаргаандаа байлгаж агаар салхинд гаргаж, эмнэлэг, сувилал, физик эмчилгээнд явуулж байнгын эмчилгээ хийлгэхээр маш олон удаагийн давтамжтайгаар эмнэлэгт үзүүлж эмчлүүлдэг тул түүний ар гэрийн байдал, охиноо асарч асран хамгаалж Улаанбаатар хотын бүхий л нутаг дэвсгэрт эмчилгээ, сувилгаа хийлгэж нутаг дэвсгэрт харгалзахгүй зорчих шаардлагатай гэдэг. 2024.08.13-наас Сонсголонгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвд хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж эмнэлгийн хэвтэх бичиг хийж өгсөн байгаа. Мөн Өвөрхангай аймгийн Хархоринд байрлах Хужиртын рашаан сувилалд үргэлжлүүлэн сувилгаа хийх болсон тул Б.Хы хувийн байдал, ар гэрийн хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг нь харгалзан үзэж түүнд оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг торгуулийн ялын доод хэмжээгээр өөрчлөн хөнгөрүүлж өгнө үү...” гэв.  

Прокурор С.Батгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хурал дээр шүүгдэгч Б.Х хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, гадагшаа эмчилгээнд явах талаар ярьсан боловч баримт авч ирээгүй байсан. Өнөөдөр давж заалдах шатны шүүх хуралд энэ талаар нотлох баримтыг гаргаж өгч байна. Анхан шатны шүүх хувийн байдлын талаар шүүхээс оногдуулсан хохирлыг төлж барагдуулаагүй. Шүүгдэгч Б.Х урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан гэх утгаар нь 2 сарын зорчих эрх, хязгаарлах ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Харин өнөөдөр гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн байна. Мөн 2024 оны 05 дугаар 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх орлого нотолсон “Хаан” банкны хуулгаас үзэхэд тодорхой хэмжээний орлого олдог нь тогтоогдож байна. Түүнчлэн хохирогчийн нэхэмжилсэн хохирлын 1.133.000 төгрөгийг төлсөн. Хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нь нотлох баримтаар авагдсан, сар бүр хүүхдээ Сонсголонд байрлах эмнэлэгт үзүүлдэг гэх зэрэг баримтууд байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулаад 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг өөрчлөөд торгуулийн ял шийтгэл оногдуулахад прокурорын зүгээс татгалзах зүйлгүй гэж үзэж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:     

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.        

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны талууд, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсэний үндсэн дээр шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.          

Тодруулбал, шүүгдэгч Б.Х нь 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Мандал овоогийн гудамжинд хохирогч А.Чзодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :  

- хохирогч А.Ч“....2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би 18 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-овоо 25-20 тоот гэрээсээ хүүгийн хамт машинаа угаалгах гээд гудамжаар баруун чиглэлтэй төв зам руу орох гээд гудамжаар эргэх гэхэд урдаас 2 машин гараад ирэхээр нь баруун гар тал руугаа хашаа руу шахаж зогссон. Тэгээд эхний машин нь зөрөөд, хойно нь зогсож байсан 19-87 УНЯ улсын дугаартай саарал өнгийн “тоёото акуа” машинаас нэг эрэгтэй хүн бууж ирсэнээ миний машины урд гупер руу өшиглөсан, машинаас нэг эмэгтэй хүн бууж ирсэнээ над руу дайраад байсан ахыг холдуулсан, тэгсэн машинаас дахиад цагаан куртиктэй махлагдуу эмэгтэй бууж ирсэнээ миний нүүр рүү самардсан, миний харааны шил унасан...миний нүүр, гар руу нилээн олон удаа самардаж маажсан, доромжилсон...” гэх мэдүүлэг /хх-09, 11/,

- шинжээчийн дүгнэлт “...А.Чбиед тархи доргилт, дух, зүүн нүдний доод зовхи, эрүү, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр 1 удаагийн цохих, цохигдох, маажигдах үйлчлэлээр, 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно /хх-18-19/,

- шүүгдэгч Б.Хы “...Би 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нөхөр Ганхуяг болон 2 найзын хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт айлд очих гээд явж байсан чинь гудамжинд машин зөрж байгаад нөгөө машины жолооч манай нөхөртэй маргалдаад байхаар нь нөгөө жолооч эмэгтэйтэй маргалдсан, намайг хойш нь түлхээд байхаар нь нүднийх нь доор маажаад нүдний шилийг нь газарт унагачихсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-38/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.   

Тухайн нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, эх сурвалжаа харилцан нотолсон буюу хангалттай байх шалгуурт нийцсэн байх тул шүүгдэгч Б.Хы үйлдсэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.   

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хоорондын шалтгаант холбоог нотолж буй дээрх нотлох баримтуудыг үгүйсгэн няцаах үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан  байх ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн нь бусад нотлох баримтаар тогтоогдсон байгааг дурдах нь зүйтэй.       

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг. 

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл,  хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарна.  

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар зохих дүгнэлт хийсэн байна.

Харин Давж заалдах шатны шүүхээр шүүгдэгч Б.Хд холбогдох хэргийг хянан хэлэлцэхэд тус шүүгдэгчийн хувьд ам бүл 3, бага насны ба хөгжлийн бэрхшээлтэй охины хамт амьдардаг, бага насны хүүхдийн өвчин, түүнийг тогтмол эмчид үзүүлэх, эмчлүүлэх, зөвлөгөө авах шаардлага үүссэн зэрэгт хамаарах эмнэлгийн болон бусад үйл баримт  судлагдсан, мөн хохирогч А.Чанцалмаад 1.134.000 төгрөгийн хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, торгох ялыг төлөх хугацааг 3 сараар тогтоож шийдвэрлэлээ.   

Иймд анхан шатны шийтгэх тогтоолд ял шийтгэлийн хэмжээнд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарын гаргасан “ял хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлыг хангасан болно.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/777 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн :

            2 дахь заалтын: “...шүүгдэгч Б.Хд 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял...” гэснийг  

“...шүүгдэгч Б.Хд 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял...” гэж өөрчилж,

            3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалт : ”Шүүгдэгч Б.Х нь Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг түүнд анхааруулсугай.” гэснийг    

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг төлөх хугацааг 3 сарын хугацаагаар тогтоож, тус хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Хд мэдэгдсүгэй.” гэж өөрчилсүгэй.    

2. Шүүгдэгч Б.Х нь хохирогч А.Чанцалмаад 1.134.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хангасугай.  

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.     

 

 

ДАРГАЛАГЧ,                                                                                                                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ЗОРИГ

 

        ШҮҮГЧ                                                   Б.БАТЗОРИГ

 

         ШҮҮГЧ                                                     Г.ГАНБААТАР