| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Анхбаяр |
| Хэргийн индекс | 128/2025/1045/З |
| Дугаар | 128/ШШ2026/0320 |
| Огноо | 2026-03-31 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2026/0320
2026 03 31 128/ШШ2026/0320
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Анхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ч” ХХК /РД:/
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосын газар,
Ашигт малтмал, газрын тосын газрын Кадастрын хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэгчийн ашигт малтмалын MV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж,
Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах”
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл:
1.1 Нэхэмжлэгч “Ч” ХХК-аас шүүхэд анх бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Манай "Ч" ГХӨХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1/4606 дугаар албан тоотоор өгсөн шийдвэрийг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Манай компани нь гадаадын хөрөнгө оруулалттайгаар 2008 оны 05 сарын 26-ны өдөр Монгол Улсад үүсгэн байгуулагдаж, Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт регистрийн дугаарт бүртгэгдэн албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж ирсэн болно. Хариуцагч талаас "Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл”-ийг “2037 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дуустал хугацаа"-гаар олгож, гэрчилгээг гаргаж өгсөн бодит үйл баримтын тухайд: Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас 2008 оны 06 сарын 17-ны өдөр Ашигт малтмалын тухай Монгол Улсын хуулийн 26 дугаар зүйлийг үндэслэн С аймгийн сумын Т-1 нэртэй газарт орших 41 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч манай “Ч” ХХК-д А дугаар "Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл"-ийг "2037 оны 05 сарын 22-ны өдөр дуустал хугацаа"-гаар олгож, уг тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2008 оны 06 сарын 17-ны өдөр гаргаж өгсөн. Тиймээс нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл хариуцагчаас гаргаж өгсөн А дугаар "Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл"-д заасан хугацаа буюу “2037 оны 05 сарын 22-ны өдөр дуустал хугацаа”-аар ойлгож, тасралтгүй хөрөнгө оруулж, холбогдох төлбөрийг төлж, үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн болно. Энэхүү А дугаар "Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл”-ийг бид өөрсдөө үйлдсэн зүйл байхгүй бөгөөд холбогдох журмын дагуу Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас албан ёсоор манай компанид олгосон. Тиймээс ч бид уг тусгай зөвшөөрлийн хүрээ, хугацаанд нийцүүлэн бүх үйл ажиллагаагаа явуулж, харилцаж ирсэн ба тус тусгай зөвшөөрөл өөрөө албан ёсны эх сурвалж бүхий баримт, шийдвэр гэж ойлгож байгаа болно. Нэхэмжлэгч нь хариуцагчаас олгосон А дугаар "Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл”-д заасан хугацаанд бүрэн итгэж С аймгийн сумын нутагт орших Т-1 нэртэй алтны шороон ордын уурхайд тасралтгүй хөрөнгө оруулж, 2022 оны 10 сарын 05-ны өдөр Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны Улсын комисс ашиглалтад хүлээн авч 22/34 дугаар акт үйлдсэн тухай: Нэхэмжлэгч нь С аймгийн сумын нутагт орших Т-1 нэртэй алтны шороон ордын уурхайг ашиглалтад оруулахад бэлэн болгож, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 2022/24 тоот албан хүсэлтийг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны Улсын комисст илгээж, Улсын комисс нь 2022 оны 05 сарын 13-ны өдөр холбогдох бичиг баримтуудтай танилцаж, Байнгын ашиглалтад хүлээн авах шийдвэрийг буюу 22/34 дугаар актыг 2022 оны 10 сарын 05-ны өдөр гаргасан. Дээрх хугацаанд С аймгийн сумын Засаг даргын А/209 тоот захирамжийн дагуу С аймгийн сумын 3-р баг Т MV-0 хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий 411105м.кв газрыг нөөц газар зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн А-000013 дугаарт бүртгэж Аж ахуй нэгжийн газар ашиглах эрхийн 0000 дугаар гэрчилгээг олгосон. Уг нэгж талбарын ******* дугаар бүхий газрын төлбөрийг жил бүр ямар нэгэн зөрчилгүйгээр тасралтгүй төлж ирсэн. Тиймээс нэхэмжлэгчээс төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 1,9 тэрбум төгрөг, жилд 64,5 мян.м³ алт олборлох хүчин чадалтай, 32 ажлын байрыг шинээр бий болгох төслийг хэрэгжүүлж энэ хүрээнд нэхэмжлэгч “Ч” ХХК өөрийн болон БНХАУ-ын иргэн HE Y нарын хөрөнгө оруулалт, санхүүжилттэйгээр “Б” ХХК-тай “Ерөнхий болон туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээ"-г байгуулж, “Э" ХХК-аар "Техник эдийн засгийн үндэслэл"-ийг боловсруулж, "А" ХХК-аар "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ"-г хийлгүүлж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ерөнхий шинжээчээр "Байгаль орчны менежментийн төлөвлөгөө"-г батлуулж, Ашигт малтмал, газрын тосны газрын Хайгуул, ашиглалтын газраар "Уулын ажлын төлөвлөгөө"-г /2025 оны/ батлуулж, Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газраар “2025 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөө"-г батлуулж, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Уул уурхайн аврах ангийн захиргаанаас зөвшөөрсний дагуу "Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө"-г боловсруулан баталж, "Б" ХХК-аар "Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны тайлан"-г хийлгүүлж, "М" ХХК-аар "Байгаль орчны Аудитын тайлан"-г хийлгүүлж, "Т алтны ордны шороон ордын 14-22-р шугам хоорондох MV-0 тоот тусгай зөвшөөрлийн талбайн гидрогеологийн судалгааны ажлын товч тайлан”-г хийлгүүлж, "Л" ХХК-аар "MV-0 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан ажлын тайлан"-г хийлгүүлж Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газраар хянан баталгаажуулж, Шинжлэх ухааны академийн Түүх, Археологийн Хүрээр "Угсаатны зүйн авран хамгаалах судалгааны ажил” болон “Археологийн авран хамгаалах судалгааны ажил"-ыг тус тус хийж гүйцэтгүүлж, Ус ашиглах дүгнэлтийг зохих журмын дагуу гаргуулсан тул түүнийг үндэслэн Хараа- голын Сав газрын захиргаанаас 2025 оны 07 сарын 08-ний өдөр А/46 дугаар "Ус ашиглах зөвшөөрөл олгох тухай" тушаалыг гаргаж, "Ус ашиглах" 23 дугаар гэрээг байгуулсан, С аймгийн Ус Цаг Уур Орчны Шинжилгээний Төвтэй "Байгаль орчны төлөв байдлын хяналт шинжилгээ хийх талаар байгуулсан гэрээ"-г байгуулан дүгнэлт гаргуулж, С аймгийн сумын Б тосгонтой “Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, үйлчилгээний гэрээ"-г байгуулж, С аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмал хайгуул, ашиглалт явуулах аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааны баримт бичгүүдийн хянан бүртгэх хуудсаар холбогдох бичиг баримтын бүрдлийг хангуулж, энэ хүрээнд тасралтгүй хөрөнгө оруулалтыг хийж, үйл ажиллагааг явуулж ирсэн. Тиймээс бидний энэхүү хөрөнгө оруулалт, үйл ажиллагааг бүрэн хүлээн зөвшөөрч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Улсын комисс ашиглалтад хүлээн авах шийдвэрийг буюу 22/34 дугаар актыг 2022 оны 10 сарын 05-ны өдөр гаргасан байдаг болно. Эдгээр бүх үйл ажиллагаа болон хөрөнгө оруулалтууд нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас манай “Ч” ХХК-д "2037 оны 05 сарын 22-ны өдөр дуустал хугацаа"-гаар олгосон А дугаар "Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл"-ийн хүрээнд хэрэгжүүлж ирсэн болно. Хариуцагч талаас “Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл"-ийн 31 дэх жилийн төлбөрийг 2025 оны 07 сарын 22-ны өдөр төлүүлж, гэрчилгээний хавсралтад тэмдэглэл хийж, тамга тэмдгээр баталгаажуулсан /2025 оноос 2026 оны төлбөр/ бодит үйл баримтын тухай: Энэхүү тусгай зөвшөөрлийг манай компанид олгосноос хойш хуульд заасан журмын дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлж ирсэн ба энэхүү тэмдэглэгээг "Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл”-ийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтад тусгаж, Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэс баталгаажуулан тамга, тэмдгээ дарж ирсэн. Тухайлбал, Хамгийн сүүлд буюу 2025 оны 07 сарын 22-ны өдөр тусгай зөвшөөрлийн 31 дэх жилийн төлбөрийг төлсөн ба гэрчилгээний ар талд тэмдэглэл хийгдэж, тамга тэмдгээр баталгаажуулсан болно. Энэ үед хариуцагч тал ч манай компанийн ойлгож ирсэнтэй нэгэн адилаар ямар нэгэн хугацаа дууссан асуудал байхгүй гэж үзэж, хүлээн зөвшөөрч төлбөр төлөлтийг зохих журмын дагуу баталгаажуулсан байдаг. Энэхүү төлбөр нь нэг жилийн хугацааны төлбөр буюу 2026 оны 07 сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны тусгай зөвшөөрлийн төлбөр болно. Ийнхүү тусгай Зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлсөн тухай тодорхойлолтыг хариуцагч талын Кадастрын хэлтсээс 2025 оны 07 сарын 28-ны өдөр бичгээр үйлдэж гарын үсгээ зурж, тамга тэмдгээр баталгаажуулан манайд өгсөн байдаг. Гэтэл 2025 оны 09 сард бидэнд мэдэгдэхгүйгээр манай А дугаар тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон талаар албан бус яриа гарсан тул албан ёсоор бүрэн магадлан тодруулах үүднээс 2025 оны 09 сарын 11-ний өдөр 25/38 тоот албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт хандан хүргүүлсэн. Гэвч бидний албан бичгийг хүлээн авсан атлаа ямар нэгэн хариу өгөхгүй байсан тул арга буюу дахин 2025 оны 10 сарын 02-ны өдөр 25/45 тоот албан чигээр хандахад 2025 оны 09 сарын 25-ны өдрийн 1/4606 дугаар албан тоот хариуг манайд ирүүлсэн. Уг 2025 оны 09 сарын 25-ны өдрийн 1/4606 дугаар албан тоотод дараах үндэслэл, тайлбарыг хийж ирүүлсэн байна. Үүнд: "Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.22 дахь заалтыг үндэслэн Уул уурхайн кадастрын бүртгэлийн системд 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар шүүлт хийхэд “Ч*******” ХХК /РД: /-ийн эзэмшилд байсан С аймгийн сумын нутагт Т-1 нэртэй 25 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МВ-0 дугаартай тусгай зөвшөөрөл анх 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 30 жилийн хугацаатайгаар олгогдсон байх бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 2-оос доошгүй жилийн өмнө түүнийг эзэмшигч нь төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу хугацаа сунгуулах тухай өргөдөл гаргана заасан хугацаанд гаргаагүй тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т заасны дагуу 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон бүртгэлтэй байна. Иймд ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх тухай танай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна" гэсэн шийдвэрийг өгсөн. Гэтэл хариуцагчийн дээрх албан тоотын агуулгад "... кадастрын бүртгэлийн системд шүүлт хийхэд ..." гэсэн байгаагаас үзэхэд зөвхөн кадастрын бүртгэлийн системдээ шүүлт хийх замаар хариуг өгсөн байгаа нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй байна. Учир нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг уг гэрчилгээнд тусгаж өгсөн хугацаагаар тодорхойлохгүйгээр зөвхөн уг системд шүүлт хийх замаар шийдвэр гаргасан нь учир дутагдалтай бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохирооход хүргэсэн байна. Энэ талаар бүрэн дүүрэн нягтлахгүйгээр, бодит байдалд нийцэхгүй шийдвэр гаргаж энэ олон жилийн хугацаанд бидний хийж хэрэгжүүлж ирсэн бүх ажил, бүх хөрөнгө оруулалтыг талаар болгож хохироох нөхцөл байдалд хүргэсэнд гомдолтой байна. Дээр тайлбарласанчлан манай компанид олгосон хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд “2037 оны 05 сарын 22-ны өдөр дуустал" гэсэн хугацааг баримтлахгүйгээр шийдвэр гаргасан байгаа нь үндэслэлгүй болсон байна. Өнөөдрийг хүртэл Ашигт малтмал, газрын тосны газар болон манай компани аль аль нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд тусгагдсан хугацаагаар ойлгож, эрх үүргээ хэрэгжүүлж ирсэн байхад хууран мэхлэх арга хэрэглэж байгаа мэтээр гэнэт өөрийн гаргасан шийдвэр, олгосон гэрчилгээгээ үгүйсгэсэн, зөрчилдсөн, бодит байдалд нийцэхгүйгээр шийдвэр гаргаж биднийг илтэд хохироох нөхцөл байдалд хүргэж байна. Түүнчлэн тус албан тоотод "... MB-0 дугаартай тусгай зөвшөөрөл анх 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 30 жилийн хугацаатайгаар олгогдсон..." гэсэн байх боловч Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас 2008 оны 06 сарын 17-ны өдөр Ашигт малтмалын тухай Монгол Улсын хуулийн 26 дугаар зүйлийг үндэслэн С аймгийн сумын Т-1 нэртэй газарт орших 41 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч манай “Ч” ХХК-д А дугаар "Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл"-ийг олгож байсан болно. Тиймээс 1/4606 дугаар албан тоотоор өгсөн шийдвэр нь үндэслэлгүй болохыг харуулж байна. Мөн Ашигт малтмал, газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-ийг үндэслэл болгосон байх боловч 53.1.1 дэх заалт нь "Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан:" гэж заасан байна. Манай “Ч*******” ХХК-д 2008 оны 06 сарын 17-ны өдөр тусгай зөвшөөрлийн гэрчилгээг гаргаж өгсөн ба А дугаар "Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл"-ийн хугацааг тус гэрчилгээнд "2037 оны 05 сарын 22-ны өдөр дуустал хугацаа"-гаар олгож байгаагаа тодорхой дурдсан, энэ хугацаа дуусаагүй, Ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан хүсэлт хүргүүлэх үндэслэл болоогүй байгаа болно. Тус албан тоотоор "... 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон бүртгэлтэй байна" гэх боловч тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлсөн тухай тодорхойлолтыг хариуцагч талын Кадастрын хэлтсээс 2025 оны 07 сарын 28-ны өдөр бичгээр үйлдэж гарын үсгээ зурж, тамга тэмдгээр баталгаажуулж байсан болно. Гэтэл энэ бүх бодит үйл баримтаа гэнэт бүхэлд нь үгүйсгэж үндэслэлгүй шийдвэр гаргасан байгааг үнэхээр ойлгох аргагүй, хүлээн зөвшөөрөх, зөвтгөх боломжгүй байна. Хэрэв тухайн албан тоотод дурдсан үндэслэл үүссэн бол Ашигт малтмал, газрын тосны газар нь өнөөдрийг хүртэл тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлүүлж, харилцан баталгаажуулж, бидний зүгээс ийм их хөрөнгө оруулалтыг тасралтгүй хийж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүсэх байсан. Тиймээс дээрх бүх бодит үйл баримт, үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын гаргасан шийдвэр үндэслэлгүй, бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироосон байх тул маргаан бүхий шийдвэр буюу актыг хүчингүй болгож бидний эрх, ашиг сонирхлыг хуулийн дагуу хамгаалж, зөрчигдсөн эрхийг маань сэргээж өгнө үү. Тус шийдвэрээс болж манай компани 2008 оны 06 сарын 17-ны өдөр олгогдсон А дугаар "Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл”-ийн дагуу "2037 оны 05 сарын 22-ны өдөр дуустал хугацаа"-д үйл ажиллагаагаа явуулж чадахгүй эрх зөрчигдөх, нийт оруулсан хөрөнгө, үйл ажиллагаагаараа хохирч үлдэх үр дагаварт хүрээд байна. Шийдвэрийг хүчингүй болгосноор бид олгогдсон тусгай зөвшөөрлийн хугацаанд ашигт малтмалын үйл ажиллагаагаа хэвийн явуулах, төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрлийн эрх маань сэргэх бүрэн боломжтой болох юм. Нэхэмжлэгч нь хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1/4606 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгуулснаар хариуцагч талаас шийдвэрийнхээ үндэслэл болгоод байгаа "... хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т заасны дагуу 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон бүртгэлтэй байна. Иймд ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх тухай танай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна" гэсэн үндэслэл арилж, нэхэмжлэгчийн "Тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах эрх" маань сэргэж, хуулиар тодорхойлсон буюу “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх" маань бүхэлдээ сэргэж, хамгаалагдах, тусгай зөвшөөрлийн хугацаанд ашигт малтмалын үйл ажиллагаагаа хэвийн явуулах, төслийн үйл ажиллагааг саадгүй хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх маань бүхэлдээ сэргэх юм. Манай компанид ямар нэгэн мэдэгдэл, шийдвэр ирүүлээгүй, ямар нэгэн сонсох ажиллагаа хийлгүйгээр, 2025 оны 09 сарын 25-ны өдрийн 1/4606 дугаар албан тоотоор дээрх хариуг өгсөн нь мөн хуульд нийцэхгүй, бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчин хохироосон шийдвэр болсон байна. Иймд Ашигт малтмал, Газрын тосны газрын 2025 оны 09 сарын 25-ны өдрийн 1/4606 дугаар албан тоотоор өгсөн шийдвэрийг хүчингүй болгож, бидний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү...” гэжээ.
1.2 Нэхэмжлэгч “Ч” ХХК-аас 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тодруулж, нэмэгдүүлэн ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Анх нэхэмжлэгч нь уг тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын 2008 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1018 дугаар шийдвэрээр шилжүүлэн авсан ба тусгай зөвшөөрлийн гэрчилгээг мөн оны 07 дугаар сарын 16-ны өдөр өгч тусгай зөвшөөрлийн дуусах хугацааг 2037 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэж заан олгосон ба энэхүү тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нэг ч удаа солигдоогүй хэвээрээ байгаа билээ. Хариуцагч төрийн захиргааны байгууллагын хувьд тусгай зөвшөөрөл эзэмшигчийг үнэн зөв мэдээллээр хангах, алдаа, төөрөгдөл үүсгэхгүй баримт бичиг, гэрчилгээ олгох нь зүйн хэрэг ба тусгай зөвшөөрөл эзэмшигчийг төөрөгдүүлж, алдаа гарган тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргахгүй байхыг нь хүлээн дуусгавар болгосон бүртгэл хийх нь зорилго биш. Харин ч эсрэгээрээ ийм төөрөгдөл, үл ойлголцол үүсгэх, алдаа гаргах нөхцөл байдлыг бий болгохоос хамгаалах, урьдчилан сэргийлэх байдлаар ажиллах, анхааруулах нь тус байгууллагын зорилгод нийцнэ гэж үзэж байна. Хэрэв анхнаасаа тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд 2037 онд дуусгавар болно гэж олгоогүй байсан бол нэхэмжлэгчийн өмнө нь тайлбарласан төөрөгдөл үүсэхгүй бөгөөд бодит байдалд хүсэлтээ цаг хугацаанд нь гаргах бүрэн боломжтой байсан. Бодит байдалд нэхэмжлэгчийн зүгээс тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагааг хэвийн явуулж, хуульд заасан үүргээ биелүүлж байгаа атал яагаад тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах өргөдлийг гаргахгүй байх үндэслэлгүй бөгөөд гол шалтгаан нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд дуусах хугацааг өөрөөр бичсэн, уг хугацаанд итгэсэн байсан учир ийнхүү өргөдлөө гаргаагүй нь тодорхой байна. Энэ нь шууд нэхэмжлэгчээс шалтгаалсан буруутай үйл ажиллагаа гэж үзэх ямар ч боломжгүй ба хариуцагч тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгодог эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа, олгосон гэрчилгээ тодорхойлж өгсөн тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанаас хамаарч байхад зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн буруу мэтээр маргаан бүхий актыг гаргаж нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч талаас өөрсдийн өгсөн тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус эсхүл бусад байдлаар мэдэх ёстой байсан мэтээр тайлбарлаж өөрсдөө ямар ч хууль зөрчөөгүй юм шиг тайлбар өгч байгааг хүлээн авах боломжгүй ба нэгэнт алдаа гаргасан, нэхэмжлэгчийн төөрөгдүүлсэн учир түүний үр дагаврыг арилгаж нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэх нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрхээ эдлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа тул дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлж байгааг хүлээн авч ханган шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Хоёр. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:
2.1 Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: “...С аймгийн сумын нутагт орших Т гол нэртэй ашигт малтмалын ашиглалтын MV-000******* дугаартай тусгай зөвшөөрлийг ЭХГУУ /хуучин нэрээр/-н сайдын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 021-р тушаалаар "М*******" нэгдэлд олгож, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төв /хуучин нэрээр/-ийн даргын 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1593 дугаар шийдвэрээр "Эх *******" ХХК-д хэсэгчлэн шилжүүлснийг бүртгэн, шинээр MV-0 тоот тусгай зөвшөөрөл олгожээ. "Эх *******" ХХК-с С аймгийн сумын нутагт орших Т 1 нэртэй 41 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МѴ-0 дугаар тусгай зөвшөөрлийг бүхэлд нь шилжүүлэх хүсэлт гаргасныг хянан үзээд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газар /хуучин нэрээр/-ын даргын 2008 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1018 дугаар шийдвэрээр "Ч" ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д "Өргөдөл гаргасан этгээд тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 26.3.2, 26.3.3-т заасны дагуу хийснээс хойш ажлын 3 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллага ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар олгож, тусгай зөвшөөрөл болон уурхайн талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ" гэж заасны дагуу С аймгийн сумын нутагт орших Т гол нэртэй ашигт малтмалын ашиглалтын MV-000******* дугаартай тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар анх олгожээ. Ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д "Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 2-оос доошгүй жилийн өмнө түүнийг эзэмшигч нь төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу хугацаа сунгуулах тухай өргөдөл гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана" гэж заасны дагуу "Ч" ХХК нь С аймгийн сумын нутагт орших Т 1 нэртэй ашигт малтмалын ашиглалтын MV-0 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаагүй тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр хугацаа дууссан байна. “Ч*******" ХХК нь тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахдаа Маягт К-7 буюу гаргасан зөвшөөрлийн нотолгоо гаргадаг бөгөөд, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуульд заасан бүхий л үүргийг залгамжлан биелүүлэхээ бүрэн хүлээн зөвшөөрч гарын үсэг зурдаг. Тодруулбал "Эх *******" ХХК-д ашигт малтмалын ашиглалтын МѴ-0 дугаар тусгай зөвшөөрлийг шилжүүлэн бүртгэхдээ анх олгосон огноог 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөр тооцсон байх тул тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөр дуусгавар болсныг бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2025 оны 09 сарын 25- ны өдрийн 1/4606 дугаар албан бичгийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
2.2 Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: “...Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэгчийн ашигт малтмалын MV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 1.С аймгийн сумын нутагт орших Т гол нэртэй ашигт малтмалын ашиглалтын MV-000******* дугаартай тусгай зөвшөөрлийг Эрчим хүч, геологи, уул уурхайн /хуучин нэрээр/-н сайдын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 021-р тушаалаар "М*******" нэгдэлд олгож, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төв /хуучин нэрээр/-ийн даргын 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1593 дугаар шийдвэрээр "Эх *******" ХХК-д хэсэгчлэн шилжүүлснийг бүртгэн, шинээр MV-0 тоот тусгай зөвшөөрөл олгожээ. "Эх *******" ХХК-с С аймгийн сумын нутагт орших Т 1 нэртэй 41 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-0 дугаар тусгай зөвшөөрлийг бүхэлд нь шилжүүлэх хүсэлт гаргасныг хянан үзээд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газар /хуучин нэрээр/-ын даргын 2008 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1018 дугаар шийдвэрээр "Ч" ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байна. 2.Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д "Өргөдөл гаргасан этгээд тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 26.3.2, 26.3.3-т заасны дагуу хийснээс хойш ажлын 3 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллага ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар олгож, тусгай зөвшөөрөл болон уурхайн талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ" гэж заасны дагуу С аймгийн сумын нутагт орших Т гол нэртэй ашигт малтмалын ашиглалтын MV-000******* дугаартай тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар анх олгожээ. Ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д "Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 2-оос доошгүй жилийн өмнө түүнийг эзэмшигч нь төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу хугацаа сунгуулах тухай өргөдөл гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана" гэж заасны дагуу "Ч" ХХК нь С аймгийн сумын нутагт орших Т 1 нэртэй ашигт малтмалын ашиглалтын MV-0 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаагүй тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр хугацаа дууссаныг Ашигт малтмал, газрын тосны газрын уул уурхайн кадастрын бүртгэлийн системд бүртгэсэн нь үндэслэлтэй байна. "Ч*******" ХХК нь тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахдаа Маягт К-7 буюу гаргасан зөвшөөрлийн нотолгоо гаргадаг бөгөөд, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуульд заасан бүхий л үүргийг залгамжлан биелүүлэхээ бүрэн хүлээн зөвшөөрч гарын үсэг зурдаг. Тодруулбал "Эх *******" ХХК-д ашигт малтмалын ашиглалтын MV- 0 дугаар тусгай зөвшөөрлийг шилжүүлэн бүртгэж тусгай зөвшөөрлийн нэгдүгээр хавсралтад "Анх олгосон огноог 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөр тооцно" гэж тэмдэглэгээ хийсэн бөгөөд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөр дуусгавар болсныг бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд "Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэгчийн ашигт малтмалын MV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар, тэдгээрт хавсаргасан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Тогтоогдсон үйл баримтын тухайд:
1.1 Хэрэгт авагдсан баримтуудаар маргаан бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах талбайг багтаасан тусгай зөвшөөрлийг,
1995 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Эрчим хүч, геологи, уул уурхайн сайдын 99 дүгээр тушаалаар С аймгийн сумын нутагт орших Тын алтны шороон ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг “М*******” нэгдлийн харьяа Тын алтны үйлдвэрт 10 жилийн хугацаагаар олгож, 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 021 дугаартай гэрчилгээг олгожээ.[1]
1.2. 1997 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тухайн тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгүүлэх өргөдлийн дагуу Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын алба А-******* дугаар кодоор бүртгэжээ.[2]
1.3. 2004 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 5-4088 дугаартай албан бичгээр “... ““М*******” нэгдлийн эзэмшилд байгаа 302 гектар уурхайн эдэлбэр бүхий /021/*******А тоот ашигт малтмал ашиглах лицензийг /солбицол хэвээр/ танай компанид (“Д*******” ХХК-д) шилжүүлснийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2004 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 694 дугаар шийдвэрийг үндэслэн бүртгэж, хавсралтад тэмдэглэгээ хийснийг мэдэгдье” гэжээ.[3]
1.4. 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 1593 дугаартай шийдвэрээр “...*******А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас Т-1 нэртэй 41 гектар талбайг ...“Эх *******” ХХК-д хэсэгчлэн шилжүүлснийг бүртгэхээр шийдвэрлэсэн байна.
Ингэхдээ шинээр А дугаартай тусгай зөвшөөрлийг бичиж олгожээ. [4]
1.5. 2008 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1018 дугаар Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын шийдвэрээр А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “Эх *******” ХХК-аас “Ч*******” ХХК-д шилжүүлж бүртгэжээ.[5]
1.6. Түүний дагуу 2008 оны 06 дугаар сарын 17-ны өдөр олгосон Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн А дугаартай гэрчилгээнд “...С аймгийн сумын нутаг “Т 1” нэртэй газарт орших 41 га талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч “Ч*******” ХХК-д энэхүү тусгай зөвшөөрлийг 2037-05-22 дуустал жилийн хугацаагаар олгов[6]” гэжээ.
1.7. Ашигт малтмал, газрын тосны газраас 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ашигт малтмалын MV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэсэн байна.
1.8. Дээрх шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргахад Ашигт малтмал, газрын тосны газраас 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1/4606 дугаартай албан бичгээр “…тусгай зөвшөөрөл анх 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 30 жилийн хугацаатайгаар олгогдсон байх бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар хугацаа дуусахаас 2-оос доошгүй жилийн өмнө хугацаанд гаргаагүй тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон бүртгэлтэй байна. …тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй”[7] гэсэн хариуг өгчээ.
Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд
2.1. Уг шийдвэрийг эс зөвшөөрч “Ч*******” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1/4606 дугаар албан тоотоор өгсөн шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
2.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа
“Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэгчийн ашигт малтмалын MV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж,
Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” гэж өөрчлөн, ихэсгэсэн.
Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагатай холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийг хариуцагчаар татан оролцуулсан.
Гурав. Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:
3.1 Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “гэрчилгээнд заасан хугацаа дуусаагүй байхад хугацаа дууссан гэж тусгай зөвшөөрлийг дуусгавар болгон бүртгэсэн нь хууль бус, компани төрийн захиргааны байгууллагаас олгосон гэрчилгээнд заасан хугацааг баримтлаж байсан” гэж, хариуцагч хариу тайлбартаа “өмнөх эрх эзэмшигчийн эрх, үүргийг үргэлжлүүлдэг тул анх тусгай зөвшөөрөл олгосноос хойш хуульд заасан 30 жилийн хугацаа дууссан, сунгуулах хүсэлт гаргаагүйгээс шийдвэр үндэслэлтэй” гэсэн агуулгаар маргажээ.
3.2. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно: 53.1.1.тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан”,
26 дугаар зүйлийн 26.5-д “Өргөдөл гаргасан этгээд тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 26.3.2, 26.3.3-т заасны дагуу хийснээс хойш ажлын 3 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллага ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар олгож, тусгай зөвшөөрөл болон уурхайн талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ” гэж заасан.
3.3. Маргааныг шүүхээс шийдвэрлэхэд энэ тохиолдолд тусгай зөвшөөрөл анх олгосон болон дуусгавар болох хугацааг хэрхэн тооцохыг тогтоох шаардлагатай байна.
3.4. Хэрэг дэх нотлох баримтуудаар Эрчим хүч, геологи, уул уурхайн сайдын 1995 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 99 дүгээр тушаалаар тусгай зөвшөөрлийг “М*******” нэгдлийн харьяа Тын алтны үйлдвэрт 10 жилийн хугацаагаар[8],
“Д*******” ХХК-д 2004 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 694 дугаар шийдвэрээр шилжүүлэн олгосон *******А дугаартай тусгай зөвшөөрлийн (2007 оны) гэрчилгээнд “30 жилийн хугацаагаар[9]
“Эх *******” ХХК-д 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдөр олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд “30 жилийн хугацаагаар[10]
“Ч*******” ХХК-д шилжүүлсэн 2008 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1018 дугаар шийдвэрээр олгосон А дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд 2037 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаагаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус тус олгосон гэжээ.
Үүнээс үзвэл тусгай зөвшөөрөл дуусгавар болох хуулийн хугацааг захиргаа дээрх шийдвэрүүдийн алинаас эхлүүлэн ямар хугацаагаар хэрхэн тооцож байгаа нь ойлгомжгүй байна.
3.5. Тодруулбал, хариуцагчийн тайлбараар “анх сайдын тушаалаар 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдөр олгосноос хуульд заасан 30 жилийн хугацаагаар тооцсон” гэвэл Эрчим хүч, геологи, уул уурхайн сайдын 1995 оны өдрийн 99 дүгээр тушаалаар “10 жилийн хугацаагаар олгосон”,
1997 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тухайн тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу шинэчлэн бүртгүүлсэн тул анх олгосон хугацааг баримтлана гэж үзвэл Ашигт малтмалын тухай(1997 оны) хуулийн 18 дугаар зүйлийн 8-д зааснаар ашиглах лицензийг 60 жилийн хугацаагаар олгож байсанд хамаарах эсэх,
“Д*******” ХХК-д гэрчилгээ олгосон 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д заасан “30 жилийн хугацаагаар” гэж зааснаас тоолох эсэх,
“Эх *******” ХХК-д олгосон шинэчилсэн гэрчилгээнд заасны дагуу 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс дээрх хуулийн заалтад заасан хугацаагаар олгосон эсэх,
Энэ нь “Ч*******” ХХК-д 2008 оны 06 дугаар сарын 17-ны өдөр олгосон А дугаартай тусгай зөвшөөрөлд бичигдсэн “2037 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг дуустал” гэсэн хугацаатай хамааралтай эсэх зэрэг нөхцлийг хариуцагчаас хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй байна.
3.6. Түүнчлэн 021(1995-08-25) тоот лицензийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтад 1998-аас 1999 он хүртэл лицензийн 10 дахь жилийн төлбөрөө төлсөн гэж, 1999-өөс 2006 он хүртэл лицензийн 27-34 дэх жилийн төлбөр төлсөн болохыг бүртгэсэн[11],
Хариуцагчаас тусгай зөвшөөрлийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон гэсэн атлаа 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх 31 дэх жилийн төлбөрийг хүлээн авч, бүртгэн тэмдэглэсэн [12] зэрэг нь тусгай зөвшөөрлийн хугацааг хэрхэн тогтоосныг ойлгомжгүй болгож байна.
3.7. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2-д “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан.
Энэхүү хуулийн дагуу маргааны тухайд захиргаа хуульд заасан хугацааг тодорхой эргэлзээгүй тогтоосон байх шаардлагатай бөгөөд тэдгээрийг үйл баримттай холбогдуулан ач холбогдол бүхий үндэслэлийг нарийн судалж, бодит байдалд нийцүүлэн шийдвэрийн үндэслэлдээ тодорхой заах үүрэгтэй.
3.8. “Ч*******” ХХК-ийн 2008 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “гаргасан зөвшөөрлийн нотолгоо”-нд “1995 оны 08 дугаар сарын 25-ны өдөр анх олгогдсон А дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахыг хүсч байна. ...“Эх *******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан тохиолдолд дээрх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуульд заасан бүхий л үүргийг нь залгамжлан биелүүлэхээ бүрэн хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлж энэхүү нотолгоог гаргав”[13] гэсэн боловч гэрчилгээг олгохдоо 2037 онд дуусгавар болохоор заасан байгаагаас үзэхэд тухайн “нотолгоог гаргахдаа дуусах хугацааг мэдэх боломжтой” гэсэн хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
3.9. Эдгээрээс дүгнэхэд, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг хариуцагчаас хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй байх ба үүнийг захиргаа өөрөө тодруулж, дүгнэснээр шийдвэрээ гаргах шаардлагатай тул “Ч*******” ХХК-ийн MV- дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хариуцагч Ашигт малтмал газрын тосны газраас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
3.10. Ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 2-оос доошгүй жилийн өмнө түүнийг эзэмшигч нь төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу хугацаа сунгуулах тухай өргөдөл гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана: 28.1.1.ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар; 28.1.2.үйлчилгээний хөлс болон тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн баримт; 28.1.3.байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийг энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хянасан тухай баримт”, 28.2-т “Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 28.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигч уг зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцөлийг хангасан эсэхийг хянаж зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 27.1.7-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэж өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ” гэж заажээ.
Тодруулбал, Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь заасан баримтуудыг хавсаргасан өргөдлийг гаргасны үндсэн дээр төрийн захиргааны байгууллага хянаж тусгай зөвшөөрлийг сунгах эсэхийг шийдвэрлэхээр хуульчилжээ.
3.11. Нэхэмжлэгч нь уг хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдөлтэй холбоотой баримт гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанд өргөдөл гаргаагүй болохоо хүлээн зөвшөөрсөн болно.
3.12. Иймд гаргаагүй өргөдөлд хамааруулан хариуцагчид даалгах шийдвэр гаргах үндэслэлгүй тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АНХБАЯР
[1] Хэргийн хавтас 2, хуудас-27
[2] Хэргийн хавтас 2, хуудас-112
[3] Хэргийн хавтас 2, хуудас-82
[4] Хэргийн хавтас 2, хуудас-122, 172
[5] Хэргийн хавтас 1, хуудас-80
[6] Хэргийн хавтас 1, хуудас-11
[7] Хэргийн хавтас 1, хуудас-45
[8] Хэргийн хавтас 2, хуудас-27
[9] Хэргийн хавтас 2, хуудас-66
[10] Хэргийн хавтас 2, хуудас-167
[11] Хэргийн хавтас 2, хуудас-28, 67
[12] Хэргийн хавтас 1, хуудас-12, 15
[13] Хэргийн хавтас 1, хуудас-66