Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 98

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Улсын яллагч                              А.Энхтуяа

 Хохирогч                                   К.Цогбадрах

 Нарийн бичгийн дарга              Б.Намуунзул нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Капаашийн Цогбадрахад холбогдох 1831000500077 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1964 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1 Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг 11 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Харчин овогт Капаашийн Цогбадрах /РД:МЮ64050319/   

        

Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч К.Цогбадрах нь 2017 оны 01 дүгээр сар, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр, 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрүүдэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Х.Алтанцэцэгийн эрх чөлөөнд халдаж, зодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

           Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч К.Цогбадрахын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээж байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү ...” гэх мэдүүлэг

            Хохирогч Х.Алтанцэцэгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “....К.Цогбадрах бид хоёр гэр бүлийн баталгаатай хамтран амьдарч байх хугацаандаа К.Цогбадрах нь архидан согтуурч гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг байсан. 2006 онд бага хүүгээ согтуугаар гал руу хийх гэж байхад нь хажуу айлын хүн таарч, болиулсан байдаг. Үүний дараа би гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандаж шүүх гэрлэлтийг цуцалсан. Үүнээс хойш тусдаа амьдарч байгаад К.Цогбадрах нь би архинаас гарлаа, намайг ойлгооч гээд ирэхэээр нь ойлгож хүлээн авч хамтран амьдрах болсон. Гэтэл нэг жил орчим архи уухгүй байж байгаад эргээд архиндаа орсон. Намайг үсдэж авч зоддог, элдвээр хэлж доромжилдог, юу л бол юу хийхээс буцахгүй хүн байгаа юм. Ач зээгээ ч хүчиндэж мэднэ гэж айж цуг үлдээдэггүй, үнэхээр дарамттай байдаг, гэртээ ч үлдээж болохгүй, аюултай хүн байгаа юм. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг   

Хохирогч Х.Алтанцэцэгийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 1 дүгээр сар дөнгөж гарч байсан шиг санагдаж байна, хамтран амьдрагч К.Цогбадрах нь согтуугаар миний эрх чөлөөнд халдаж агсан согтуу тавиад байхаар нь би цагдаагийн байгууллагад хандаж эрүүлжүүлэх саатуулах байранд хүргүүлж эрүүлжүүлэх арга  хэмжээ авахуулсан. К.Цогбадрах нь байнга архи ууж, уух болгондоо агсан согтуу тавьж, гэр орны эд зүйл эвдэж, миний эрх чөлөөнд халддаг...маш их дарамтанд амьдарч ирсэн. 2017 оны 11 сарын 20-ны өдөр би зээ хүүгээ тэврээд сууж байтал гаднаас К.Цогдбадрах согтуу орж ирээд намайг элдвээр харааж, зүхэж үсдэж аваад толгой руу хэд хэдэн удаа цохисон, тэр үед манай хүргэн Баяржаргал хүүхэд уйлах чимээнээр ирээд салгасан...тэрнээс хойш 2-3 хоногийн дараа К.Цогбадрах нь согтуу орж ирээд сууж байгаад зурагтын удирдлага шидэж толгойг цохиж, зүүн шанаа руу гараараа цохиж, гар мушгиж гэмтээсэн. 2018 оны 02 сарын 17-ны орой К.Цогбадрах айлаар золгуут хийж ирчихээд согтуу байхаар нь унтуулах санаатай хэвтүүлтэл унтахгүй жаахан хүүхдийн хажууд шалдан нүцгэн гүйгээд байхаар нь өмд гутлаа өмсөөч жаахан хүүхэд байна гэхэд К.Цогбадрах нь ширээн дээр байсан боорцог авч шидээд байхаар нь  аргаа бараад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/

            Хохирогч Х.Алтанцэцэгийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...2017 оны 01 дүгээр сар дөнгөж гарч байсан шиг санаж байна. Хамтран амьдрагч К.Цогбадрах согтуугаар миний эрх чөлөөнд халдаж, агсам согтуу тавиад байхаар нь би цагдаагийн байгууллагад хандаж эрүүлжүүлэх байранд хүргүүлж, арга хэмжээ авахуулсан. К.Цогбадрах байнга архи ууж, уух болгондоо агсам согтуу тавьж, гэр орны эд зүйл эвдэж, миний эрх чөлөөнд халддаг. Энэ асуудал удаа дараа болж байгаа. Намайг ил харагдах газар луу цохидоггүй. Дандаа толгой, тархи, салтаа руу өшиглөх зэрэг үйлдэл хийж байсан. Тэгээд миний бие гайгүй болохоор гэмтэл учраагүй юм байлгүй гэж бодоод эмнэлэгт үзүүлж байгаагүй. Би маш их гомдолтой байна. Хуулийн дагуу иргэн К.Цогбадрахад хариуцлага тооцуулмаар байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/

Гэрч А.Цэрэнцоогийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би багадаа эмээгийндээ амьдардаг байхад ээж маань дүү нарыг дагуулаад эмээгийнд хүрч ирээд “К.Цогбадрах агсам согтуу тавиад хөөж туулаа” гээд ирдэг байсан. Тэгээд ээж маань аргаа бараад К.Цогбадрахаас гэрлэлтээ цуцлуулсан байх гэж боддог. Намайг 2011 оноос хойш ээжтэйгээ амьдарч эхлэхэд К.Цогбадрах архи ууж ирээд ээжид байнга агсам тавьдаг байсан. Цагдаад хандаж баривчлуулж үзсэн ерөөсөө засраагүй. Архи ууж агсан тавьдаг асуудал нь даамжирч улмаар ээжийн эрх чөлөөнд халдаж зодож эхэлсэн. Ерөнхийдөө л байнга агсан согтуу тавьлаа гээд цагдаа дууддаг болсон ба заримдаа санаа зовоод цагдаад дуудлага өгдөггүй, унтуулах ч юм уу аргалдаг болсон. Энэ нь сүүлийн 3 жил үргэлжилж байгаа. 2013 онд ээж маань банкинд зээл тавьж хашаа байшин авсан. Тэгэхэд К.Цогбадрах хойшоо гараад бага сага зээл төлөлцөж байгаад больсон. Би наад байшинг чинь авч өгсөн гэж агсан согтуу тавьж, “наад байшинг чинь шатаана” гэж айлгаж сүрдүүлэх жишээтэй. Ээжийн эрх чөлөөнд халдаж зодсон нь 2017 оны 01 сар дөнгөж гараад байсан санагдаж байна би цагдаад дуудлага өгч баривчлуулсан. 2017 оны 05 сард гэрт агсан согтуу тавиад бас шүүхээр баривчлагдаж байсан. 2017 оны 11 сард гэрт агсан согтуу тавиад байхаар нь гаргатал үүдний цонхыг хага цохиод бид нарт агсан согтуу тавиад байсан...сүүлд 2018 оны 02 сард санагдаж байна. Арын өрөөнд унтаж байхад хүн хашгирах чимээнээр сэрээд хартал ээжийг маань үснээс нь зулгааж хоолойг нь боож толгой тархи руу нь цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,

            Гэрч С.Баяржаргалын 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Хадам аав К.Цогбадрах нь жаахан архи дарс хэрэглэдэг. Архи дарс ууж элдэв авир гаргаж байхыг нь би хараагүй. Хүнтэй эвтэй, тусархуу, хөдөлмөрч хүн шиг л санагддаг. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар тал/

           Гэрч П.Даваадашийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...К.Цогбадрах нь ажилсаг, хөдөлмөрч, шаргуу ажилладаг, эхэлсэн ажлаа дуусгаж чаддаг. Дуу муутай ч цөөхөн хэдэн үгээрээ марзагнаж хамт олныг хөгжөөж чаддаг. Бусдыгаа уриалаад ажил хөдөлмөр хийдэг. Би хэрэг явдлын талаар мэдэхгүй. К.Цогбадрахыг архи уугаад гэртээ орохоор нь эхнэр нь гэрээсээ хөөж туугаад цагдаа дуудаад өгдөг. Би ямар учиртайг нь мэдэхгүй. Хааяа К.Цогбадрах эхнэр “хөөгөөд байна” гээд манайд ирж хонодог байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр тал/

Гэрч П.Сарангэрэлийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би иргэн К.Цогбадрахыг манай сумын иргэн гэдгээр нь мэднэ. Намайг 2009 онд багийн засаг даргаар ажиллаж байхад л манай баг дээр эхнэр Х.Алтанцэцэг болон хүүхдийнхээ хамтаар амьдарч байгаад 2012 оноос Алтанбулаг сумын 1 дүгээр баг руу шилжин явахдаа хашаа байшингаа зарсан. К.Цогбадрах нь ажилсаг, хөдөлмөрч, дуу муутай ч цөөхөн хэдэн үгээрээ марзагнаж хамт олныг хөгжөөж чаддаг. Сүүлийн үед архи уугаад байгаа. Би уг нь таарах болгондоо “битгий уу” гэж хэлдэг. Тэрнээс гудамжинд хүнтэй муудалцаж, хэрэг төвөг тарьж, асуудал үүсгээд байдаггүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр тал/

Гэрч Б.Баттулгын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х.Алтанцэцэгийн гомдлын дагуу биечлэн уулзаж ярилцахад К.Цогбадрахыг архины эмчилгээнд явуулмаар байна. Байнга архи ууж агсан согтуу тавиад, сэтгэл зүйн дарамтанд оруулдаг, уг нь бид хоёр гэрлэлтээ цуцлуулаад удаж байгаа гурван хүүхдийн маань эцэг гэдгээр нь орох оронгүй болохоор нь гэртээ байлгадаг байсан чинь архи уухаараа л агсан тавиад байх юм гээд уйлаад ярьж байсан. Х.Алтанцэцэг маш хэцүү байгаа юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр тал/,

Гэрч Б.Мөнхзулын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Цагдаагийн хэсгээс иргэн К.Цогбадрахыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар мэдэгдэж хамтарсан багийг хуралдуулсаны дараа нь гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээг хийхэд К.Цогбадрах нь 2006 онд Х.Алтанцэцэгээс албан ёсоор шүүхээр гэр бүлээ цуцлуулсан боловч одоог хүртэл хамтран амьдарч байгаа нь тогтоогдсон. К.Цогбадрах нь хамтран амьдарч байх хугацаандаа Х.Алтанцэцэгийг удаа дараа сэтгэл санаа, бие махбодын, эдийн засгийн хүчирхийлэл үйлддэг болох нь Х.Алтанцэцэгтэй хийсэн ярилцлганаас тогтоогдсон. К.Цогбадрах нь архаг архичин болон архины хамааралтай иргэдийн судалгаанд байдаг сая гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг иргэдийн судалгаанд авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар тал/

Гэрч Ж.Түмэндэмбэрэлийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...К.Цогбадрах нь гэртээ ороод агсам согтуу тавьдаг талаар би мэдэхгүй. Миний мэдэхийн согтуу ирчихээд гэрийнхээ хаалгыг нүдээд орилж хашгираад байдаг. Энэ асуудал нь удаа дараа болж байгаа, яагаад орилж, хашгираад байдаг юм бол гээд гайхаад байдаг байсан чинь Х.Алтанцэцэг эгч согтуу ирэхээр нь гэртээ оруулдаггүй юм шиг байна лээ. Сүүлийн үед их архи уудаг болсон байна лээ намайг гудмаар машинтайгаа явж байхад байнга гудамжинд согтуу харагддаг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар тал/

Гэрч К.Өлзийбадрахын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...К.Цогбадрах миний төрсөн дүү байгаа юм. Эхнэр Х.Алтанцэцэг болон хүүхэд, ач зээ нарынхаа хамт Алтанбулаг сумын 1 дүгээр багт амьдардаг. Миний дүү К.Цогбадрах нь залуу байхдаа архи дарс уугаад байдаггүй, амьдралын төлөө явдаг залуу байсан. Сүүлийн үед архи дарс уухаараа эхнэр, хүүхдүүддээ агсам тавиад байгаа сураг дуулдсан. Миний мэдэх К.Цогбадрах хүнд тусархуу, хүнтэй эвтэй, найртай, найз нөхдийн дунд нэр хүндтэй, ажилсаг хүн байгаа юм. Сүүлийн үед архи уугаад байдаг болсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр тал/

Гэрч Ц.Хулан 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манай аав К.Цогбадрах нь  ер нь байнга архи уудаг, архи уугаад ирэх болгондоо ээжид агсан тавьж хэл амаар доромжилж хэлэх хэлэхгүй үгээр хэлж сэтгэл санааны дарамтанд оруулдаг. Гэрийнхээ эд зүйлийг эвдэж цонх байнга хагалдаг. Энэ асуудал нэг биш нилээн хэдэн жил үргэлжилж байна. Ээж аргаа бараад цагдаагийн байгууллагад мэдэгдэхэд заримдаа торгоод явуулсан байдаг, заримдаа баривчлуулсан байдаг. Ээжийг маань хэд хэдэн удаа зодож байсан. Үснээс зулгааж, өшиглөж, толгой тархи руу нь гараараа цохиж та нарыг ална гэх зэргээр айлган сүрдүүлдэг. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар тал/

Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлэгийн магадгаа №26/18 дүгнэлт хэсэгт:

“1.Яллагдагч К.Цогбадрах нь гэмт хэрэг үйлдэх үедээ Архины шалтгаант сэтгэцийн болон төрөх үйлийн эмгэгтэй боловч өөрийн үйлдлээ хариуцах чадвартай байсан болно.

2.3. К.Цогбадрах нь Архины шалтгаант сэтгэцийн болон төрөх үйлийн эмгэгтэй болно.

4. К.Цогбадрах нь гэмт хэрэг үйлдэх үедээ Архины шалтгаант сэтгэцийн болон төрөх үйлийн эмгэгтэй боловч эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай болно.

5. К.Цогбадрах нь гэмт хэрэг үйлдэх үедээ Архины шалтгаант сэтгэцийн болон төрөх үйлийн эмгэгтэй боловч түүнд албадан эмчилгээ шаардлагагүй болно....” гэх дүгнэлт /хх-ийн 50 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын -р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн  дүгээр тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар тал/

К.Цогбадрахын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар тал/

      Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн  65 дугаар тал/ зэрэг болно.

     

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох

баримтуудыг дүгнэхэд

 

          Шүүгдэгч К.Цогбадрах нь 2017 оны 01 дүгээр сард, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр, 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрүүдэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Х.Алтанцэцэгийн эрх чөлөөнд халдаж, зодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

          Үүнд: Шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Х.Алтанцэцэгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 09-10, 30-33/, гэрч А.Цэрэнцоогийн /хх-ийн 8, 36-37/, П.Сарангэрэлийн /хх-ийн 40/, Б.Баттулгын /хх-ийн 41/, Б.Мөнхзулын /хх-ийн 42/, Ж.Түмэндэмбэрэлийн /хх-ийн 43/, К.Өлзийбадрахын /хх-ийн 44/, Ц.Хулангийн /хх-ийн 45/ мэдүүлгүүд болон шинжээчийн 26/18 тоот дүгнэлт /хх-ийн 50/, К.Цогбадрахын зөрчил гаргаж байсан талаарх лавлагаанууд /хх-ийн 78-80/ гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 12-13, 19-27/ зэрэг болно.               

        Шүүх дээрх хохирогч, гэрчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.

         Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Х.Алтанцэцэгийн мэдүүлэг нь гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шинжээч эмчийн дүгнэлтээр нотлогдож байна.

         Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч К.Цогбадрахад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д заасан “...Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.  

         Иймээс шүүгдэгч К.Цогбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д заасан “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуулинд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч К.Цогбадрахад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байгаа, хохирогч гомдолтой байгаа зэргийг харгалзан хуулинд заасан хорих ял оногдуулж түүнийг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч К.Цогбадрахад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

         Хохирогч Х.Алтанцэцэгийн зүгээс хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.

   Шүүгдэгч К.Цогбадрах нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

         Шүүгдэгч К.Цогбадрах нь дээрх гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлддэг болох нь гэмт хэргийг шалгах явцад нотлогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг ялтан К.Цогбадрахыг хорих ялаа эдэлж гарч ирснээс хойш 03 жилийн хугацаанд авч уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Харчин овогт Капаашийн Цогбадрахыг мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Харчин овогт Капаашийн Цогбадрахад 11 сарын хорих ял шийтгэсүгэй.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан К.Цогбадрахад оногдуулсан 11 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Ялтан К.Цогбадрах нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар ялтан К.Цогбадрахыг хорих ялаа эдэлж гарч ирснээс хойш 03 жилийн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

7.Ялтан К.Цогбадрахад урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ