Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00524

 

 

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00524

 

Б.Б гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/00215 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б гийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 28-ны өдрийн 1460 дугаар шийдвэрээр Б.Б гаас 85,357,824 төгрөгийг гаргуулж К Б ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б.Б гийн өмчлөлийн 0 хаягт байрлах хувийн сууц, газар, үйлчилгээний зориулалттай эд хөрөнгүүдийг хурааж шинжээчээр үнэлүүлсэн. Үнэлгээний Д ХХК дээр дурдсан хаягт байршилтай 230 м.кв талбайтай нийтийн байр болон халуун усны зориулалтаар ашигладаг, сар бүр тогтмол орлого олдог эд хөрөнгийг 622 м.кв талбайтай газрын хамт 221,585,230 төгрөгөөр үнэлснийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж үзэж байна. Ингэхдээ бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг эд хөрөнгөтэй харьцуулж үнэлээгүй. Түүнчлэн, 230 м.кв талбайтай 2 давхар байшин мансардтайгаа нийт 3 давхар байсан. Гэрчилгээнд мансард нь ороогүй. Түүний хажууд 150 м.кв талбайтай 2 давхар объект байгаа. 3 давхар байшингийн мансард, 150 м.кв талбайтай 2 давхар объект бүхэлдээ галд өртсөн. Уг объектын урд талд 300 метрийн зайтай орон сууцнууд баригдаж эхэлсэн. Б.Б гийн өмчлөлийн газар нь газарт ороход бэлэн болсон. Судалгаа хийгдэж байгаа тул газрын үнэлгээ өндөр гэж үзэж байгаа. Тус объект төвийн шугамд холбогдсоноос гадна нөөцийн сав зэрэг олон зүйлийг хийсэн. Галд өртсөнөөс хойш 30,000,000 гаруй төгрөгөөр засвар хийсэн. Уг засварын зардал мөн адил үнэлгээнд ороогүй. 86 м.кв объект нь галд өртөөгүй.

Иймд үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

 

2.   Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 28-ны өдрийн 1460 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Б гийн өмчлөлийн 0 тоотод байрлах хувийн сууц, газрыг битүүмжлэн хурааж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар хөндлөнгийн шинжээч томилсон. Хөндлөнгийн шинжээч эд хөрөнгийг 221,585,230 төгрөгөөр үнэлсэн. Нэхэмжлэгч тал энэ үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж маргаж байх боловч нэхэмжлэлийн үндэс, шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

Тиймээс зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж үзэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар НШШГГ холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Б гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4.   Давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

а. Б.Б гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 221,585,230 төгрөгөөр үнэлэхдээ бусад ижил төстэй үл хөдлөх эд хөрөнгүүдтэй харьцуулж, зах зээлийн бодит үнэлгээг тогтоогоогүй, энэ талаар тайланд тусгаагүй.

б. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар төлбөр авагч, өмчлөгчтэй харилцан тохиролцож эд хөрөнгийн үнэлгээ ирүүлсэн мэдэгдлийг өгсөн боловч харилцан тохиролцох боломж олгоогүй.

в. 0 хаягт байршилтай 622 м.кв талбайтай газар нь Б.Б гийн эцэг Д.Б, эмээ Д.Д нарын өмчлөлийн хөрөнгө бөгөөд эдгээр хүмүүс 2021 онд нас барж, өв залгамжлагч нь тодорхойгүй, эд хөрөнгийг талууд харилцан тохиролцох боломжгүй байхад шинжээчээр үнэлүүлсэн нь үндэслэлгүй.

Иймд Д ХХК-ийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

2.   Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, мөн давж заалдах гомдолд заасан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

3.   Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч НШШГГ холбогдуулан0 хаягт байршилтай 83.6 м.кв талбайтай хувийн сууц, 230 м.кв талбайтай хувийн сууц, 622 м.кв талбайтай газар зэргийг нийт 221,585,230 төгрөгөөр үнэлсэн Д ХХК-ийн 2021 оны 10 сарын 14-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 120, 120-121/

 

4.   Нэхэмжлэгч нь үндэслэлээ ...зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг эд хөрөнгөтэй харьцуулж үзэлгүйгээр үнэлгээ гаргасан, манай газраас 300 метрийн зайтай орон сууц баригдаад эхэлсэн... гэж тайлбарладаг бол хариуцагч нь татгалзлаа ...шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан... гэж тайлбарлан маргасан.

 

5.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/01460 дугаар захирамжаар нэхэмжлэгч К Б ХХК-ийн гаргасан 85,357,824 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох 0 хаягт байршилтай 83.6 м.кв талбайтай хувийн сууц, 230 м.кв талбайтай хувийн сууц, 622 м.кв талбайтай газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хариуцагч Б.Б хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 327,470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна. /хх 55-57/

Дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллагаас 2021 оны 01 сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх 59/, шүүгчийн захирамжид дурдагдсан хувийн сууц, газрыг 2021 оны 07 сарын 21-ний өдөр битүүмжилж /хх 70-71/, 2021 оны 09 сарын 15-ны өдөр хураан авчээ. /хх 75-76/

 

6.   Төлбөр төлөгч Б.Б нь 83.6 м.кв талбайтай хувийн сууц, 230 м.кв талбайтай хувийн сууц, 622 м.кв талбайтай газар зэргийг нийт 900,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч К Б ХХК эс зөвшөөрсөн тухай баримт хэрэгт авагдсан. /хх 79, 80, 81/ Иймд НШШГГ-аас Д ХХК-ийг шинжээчээр томилсон нь /хх 82, 83/ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай тус тус нийцжээ.

Д ХХК-ийн үнэлгээчин Ц.Т нь Сангийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээд /хх 106/ байх ба шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээч Ц.Т-д 2021 оны 10 сарын 04-ний өдөр эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан байна. /хх 85/

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцох боломж олгоогүй гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

7.   Шинжээчээр томилогдсон Д ХХК, үнэлгээчин Ц.Т нь Хөрөнгийн үнэлгээний тайлан-даа үнэлэгдэж буй эд хөрөнгийн талаарх мэдээллийг тусгаж /баригдсан огноо, хийц, засан сайжруулалт, халаалт болон цэвэр, бохир усны системийг шийдсэн байдал, талбай, зориулалт, байршил г.м/, үнэлгээг хийсэн арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурдсан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан зохицуулалтад нийцжээ. /хх 86-108/

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн байршил, явуулдаг үйл ажиллагааг харгалзан үзээгүй гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

8.   Хувийн сууц, газрыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.

 

9.   Давж заалдах гомдолд дурдагдсан хураагдсан 622 м.кв газар нь миний аав Д.Б, эмээ Д.Д нарын өмч бөгөөд эдгээр хүмүүс 2021 онд нас барж, өв залгамжлагч нь тодорхойгүй байгаа гэсэн үндэслэл нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй.

 

10.   Нэхэмжлэгч Б.Б нь үнэлгээний тайлантай 2021 оны 10 сарын 15-ны өдөр танилцаж, мэдэгдлийн хувийг гардан авч /хх 109-110/, улмаар 2021 оны 10 сарын 26-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан /хх 1-арын нүүр/ байх тул түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

11.   Анхан шатны шүүхээс улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ. Тодруулбал, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхэд гаргах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжийн талаар тусгайлан зохицуулсан байх тул уг маргаанд тус заалтыг баримтлах нь зөв юм.

 

12.   Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/00215 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 02 сарын 17-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.НЯМБАЗАР