Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 101

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Улсын яллагч                              Д.Нямдэлэг

 Нарийн бичгийн дарга              Б.Намуунзул нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Шарнууд овогт Алтанцэцэгийн Аюушсүрэн, Боржигон овогт Цэгмидийн Баттогтох нарт холбогдох 1831000000078 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ Энерго ОНӨУҮГазарт түлшний машинч ажилтай,  ам бүл 5,  эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 2 дугаар хэсэг, 013 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Шарнууд овогт Алтанцэцэгийн Аюушсүрэн /РД:МЮ80013011/   

Монгол улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Бэрх суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ашиглалтын инженер мэргэжилтэй, Эрхэлсэн тодорхой ажилгүй,  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 3 дугаар хэсэг, 064 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овогт Цэгмидийн Баттогтох /РД:СФ73010513/   

        

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.Аюушсүрэн нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 2 дугаар баг “Россия” дэлгүүрийн ойролцоо Ц.Баттогтохыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Баттогтох нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 2 дугаар баг “Россия” дэлгүүрийн ойролцоо А.Аюушсүрэнг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

           Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч, хохирогч А.Аюушсүрэнгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр П.Баянмөнх ахыг хүргэж өгөхөөр таксины зогсоол дээр очиж Ц.Баттогтохын машинд суулгасан. Тэгээд түүнтэй маргалдаж хоорондоо цохилцсон. Би тухайн үед архи уусан байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг

Шүүгдэгч, хохирогч Ц.Баттогтохын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 30-ны орой Россия дэлгүүр орчихоод машин дотроо сууж байхад П.Баянмөнх, А.Аюушсүрэн нар ирж П.Баянмөнх машинд суусан. Тэгээд хөдлөх гэтэл А.Аюушсүрэн машины хаалга онгойлгочихоод явуулахгүй маргаан үүсгэсэн. Би хөдлөх гэж 2-3 удаа үзсэн боловч явуулахгүй миний хүзүүнд зүүсэн байсан гинжийг тасалж, нүүр лүү цохиод авсан. Тэгэхээр нь би бууж ирээд А.Аюушсүрэнгийн нүүрэн тус газарт цохиж гэмтэл учруулсан нь үнэн. Гэм буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг

            Хохирогч Ц.Баттогтохын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрийнхөө 53-37 СЭА улсын дугаартай авто машинаар хувиараа дотор таксинд явдаг юм. Тэгээд тэр өдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр би таксиндаа яваад 18 цаг өнгөрч байхад “Россия” дэлгүүрийн баруун талд машиныхаа хажууд байж байхад миний таньдаг П.Баянмөнх, А.Аюушсүрэнтэй хамт ирээд барьж явсан тортой юмнуудаа машины арын суудал дээр тавиад П.Баянмөнх машины урд суудал дээр суусан. Тэгээд би машиндаа суугаад явах гэсэн чинь хамт ирсэн А.Аюушсүрэн миний араас хүрч ирээд машины хаалга хаалгахгүй хаалган дээр тэгнэж зогсчихоод /одоогоос 4 орчим жилийн өмнө би А.Аюушсүрэнгээс турба худалдан авч байсан юм, тэгэхдээ дэлгүүрийнхээ гадна талыг оохордох гээд оохор хийчих муу сайн сав байна уу гэхэд хашаанаасаа нэг муудсан 20 литрийн сав өгсөн юм, тэрийг нь авч хэрэглэсэн/ тэр саваа нэхээд “чи намайг өрөнд оруулсан тэр сав чинь хүний сав байсан юм” гэхээр нь “сав чинь байгаа би маргааш аваачаад өгье” гэсэн чинь “үгүй” гэсэн. Тэгэхээр нь “одоо суугаад хамт яв гэрээс очоод аваад өгье” гэсэн чинь “үгүй” гээд байсан. Тэгээд л хэрүүл эхлүүлж надад агсам тавьж, намайг цохих гэж гараа зангидаж далайгаад л гарын салаавч гаргаж “чи муу архинаас гарчихаад их өөр болчихсон байна муу буриад” гэх мэтээр хэлээд байсан. Тэгээд би машинаа асаагаад явах гэсэн чинь жолооны хүрднээс барьчихаад тавихгүй байсан, би явах гэж 2, 3 удаа машинаа асаасан боловч холдож өгөхгүй хаалга хаалгахгүй зогсчихоод намайг элдэв хэл үгээр доромжилж агсам тавьсан. Би аргаа бараад А.Аюушсүрэнг машин доогуур орчихож магадгүй гэж бодоод өөрийг нь цааш нь түлхээд байсан ч явахгүй намайг заамдаж аваад дугтраад байсан. Тэгж байгаад миний хүзүүний мөнгөн гинжийг тасдаад, баруун шанаа руу 1 удаа цохиод авахаар нь үнэхээр миний тэвчээр барагдаж, уур хүрээд “чи ер нь яах гээд байгаа юм зүгээр мөрөөрөө явж байгаа хүнийг өдөөд элдвээр хэл үгээр доромжилж агсамнаад байх чинь чиний дээрэлхэдэг хүн би биш шүү” гэж хэлээд машинаасаа түлхэж гарч ирэхэд намайг “үхэж байсан муу буриад” гэхээр нь би баруун гараараа А.Аюушсүрэнгийн зүүн шанаа орчим руу нь цохиж өөрөөсөө холдуулчихаад машиндаа суух гэсэн чинь араас хүрч ирээд миний араас дахиж цохиж авахаар нь би адилхан зөрүүлээд А.Аюушсүрэнг цохиж бид хоёр нэг нэгнийгээ цохиж зодолдсон. Тэр үед А.Аюушсүрэн миний уруулын зүүн дээд хэсэг рүү цохиж миний амнаас цус гараад би доошоо тонгойх гэтэл хүрч ирээд дахиад миний нүүр лүү цохисон тэгээд машины ард очиж газраас чулуу шүүрч аваад над руу шидэх гэж нэг далайхаар нь би айгаад машиндаа ороод суусан чинь машины урд гарч ирээд дахиад нөгөө чулуугаа шидэх гэж далайснаа цаашаа “Симба” цайны газрын завсраар захын зүг яваад өгсөн юм. Тэгээд миний амнаас цус гараад тогтохгүй П.Баянмөнх надад дунд хайрцагнаас салфетка авч өгч хэсэг цусаа арчиж байгаад цагдаад дуудлага өгчихөөд би эмнэлэг явж үзүүлээд уруулынхаа дотор талд 6 оёдол тавиулсан юм. А.Аюушсүрэн машин дотор сууж байхад намайг заамдаж аваад л агсам тавьж байхдаа миний баруун шанаа руу нэг удаа цохисон. Тухайн үед нь би согтуу хүнтэй юу ярихав, гэж бодоод нэг их юм дуугараагүй, П.Баянмөнх ч гэсэн А.Аюушсүрэнг “чи одоо болиоч яв, би явмаар байна” гэж хэд хэдэн удаа хэлсэн тэгээд машинаас гарч ирээд бид хоёр зууралдаж нэг нэгэнтэйгээ цохилцсон. Тэгэхэд миний уруулын зүүн дээд хэсэг рүү их хүчтэй цохиж миний уруул дотор талдаа язарсан юм, дараа нь дахиж намайг тонгойж байхад ирээд нүүр лүү нэг удаа цхисон юм.  Би А.Аюушсүрэнг машин дотроосоо жийгээгүй, жийх боломж ч байхгүй, намайг машин дотроо сууж байхад заамдаж аван баруун шанаа руу нэг удаа цохиж нааш цааш нь дугтарч байхдаа миний хүзүүний мөнгөн гинжийг тасдчихаар нь үнэхээр миний тэвчээр барагдаж, машинаасаа түлхэж холдуулан өөрөө машинаасаа бууж А.Аюушсүрэн бид хоёр зодолдсон юм. Би машин дотор сууж байхдаа “А.Аюушсүрэнг яваад өгөөч би явмаар байна” гэж их гуйсан А.Аюушсүрэн надад агсам тавьж 10 гаран минут намайг “чи муу архинаас гараад их өөр болж муу хөгийн буриад” гэх мэтээр хэл үгээр доромжилж, “чамайг хачин болгоно шүү муу банди минь ална шүү чамайг” гэх мэтээр заналхийлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/

            Хохирогч Ц.Баттогтохын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...Би иргэн А.Аюушсүрэнтэй хоорондоо сайн дураараа эвлэрч, бидний хооронд ямар нэгэн нэхэмжлэл, эд хөрөнгийн маргаан байхгүй тул энэ хэргийг яаралтай шийдэж өгнө үү гэж хүсэлт гаргасан юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/

Хохирогч А.Аюушсүрэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тэр өдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр би 3 дугаар хороонд хамт ажилладаг нэг ээлжийн найз Ерөөлтийн гэрт Ерөөлт бид хоёр 0,75 литрийн “Ерөөл” нэртэй архи хувааж уучихаад төв рүү орж ирж хуучин зах дээр зогсдог эхнэртэйгээ уулзаж өөртөө өмд авахуулах талаар ярьчихаад гараад явж байхад корпусын таньдаг П.Баянмөнх гэх хүн тортой юмнууд барьчихсан явж таарахаар нь тортой юмнаас нь дамжилж таксины зогсоол орох гээд явж байхад таньдаг Ц.Баттогтох “Россия” дэлгүүрийн хажууд дотор таксинд явах гээд машинтайгаа зогсож байсан. Тэгээд П.Баянмөнхийг Ц.Баттогтохын машинд суулгачихаад Ц.Баттогтохын машины жолооч талаар нь очиж Ц.Баттогтохоос хэдэн жилийн өмнө түр өгсөн 60 литрийн хуванцар савыг нэхэж “нөгөө саваа яасан бэ? хүн нь надаас нэхээд байх юм” гэж хэлсэн. Тэгсэн чинь “тэр савыг чинь харин мартчихаад байх юм” гэж хэлж байсан. Би уусан архиндаа нэлээн согтсон байсан нэг мэдэхэд Ц.Баттогтохтой хэрүүл хийж байсан. Тэгээд Ц.Баттогтох миний нүүр лүү машин дотроосоо жийхэд нь би арагшаа саваад унасан. Тэгээд дээшээ босч байхад Ц.Баттогтох араас хүрч ирээд миний баруун мөр орчим руу нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би дээшээ босч ирээд Ц.Баттогтохын ам руу нь баруун гараараа нэг удаа цохиж Ц.Баттогтохоос холдсон. Тэр үед П.Баянмөнх машинаас бууж ирээд “та хоёр боль, юу болоод байгаа юм” гэж байх шиг байсан. Тэгээд би тэрүүгээр явж байсан хүмүүсээс санаа зовоод тэндээс явж эхнэр дээрээ очиж надад “өмд үзэв үү” гэж асуучихаад гэртээ ирээд амарсан. Ц.Баттогтох машин дотроосоо миний нүүр лүү жийж арагшаа унагаасан унаад босч ирж байхад дахиад миний баруун мөр орчим руу өшиглөсөн. Харин би өшиглүүлээд босч ирэхдээ Ц.Баттогтохын ам руу нь баруун гараараа нэг удаа л цохисон. Өөрөөр зодоон болоогүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/

            Хохирогч А.Аюушсүрэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...Би иргэн Ц.Баттогтохтой хоорондоо сайн дураараа эвлэрч, бидний хооронд ямар нэгэн нэхэмжлэл, эд хөрөнгийн маргаан байхгүй тул энэ хэргийг яаралтай шийдэж өгнө үү гэж хүсэлт гаргасан юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/

            Гэрч П.Баянмөнхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тэр өдөр би “Гурван мэргэд” хүнсний зах орж хүнс авчихаад гараад явж байтал таньдаг А.Аюушсүрэнтэй таараад мэнд мэдээд миний барьж явсан тортой юмнаас дамжилалцаад таксины зогсоол руу хамт явсан. Тэгэхэд “Симба” цайны газрын булан тойроод “Россия” дэлгүүрийн хажууд Ц.Баттогтох таксинд явах гээд зогсож байсан. Тэгээд би Ц.Баттогтохтой явахаар болоод өөрийн барьж явсан тортой юмнуудаа машиных нь арын суудал дээр тавьчихаад буцаад А.Аюушсүрэнгийн барьж явсан тортой юмыг авч тавьчихаад урд суудал дээр нь суухад А.Аюушсүрэн жолооч талаар тойрч ирээд жолоочийн хаалгыг нь онгойлгоод Ц.Баттогтохыг машин дотроо сууж байхад нь нэг савны талаар яриад л хоорондоо хэрүүл хийгээд /А.Аюушсүрэн Ц.Баттогтохоос нэг сав нэхээд байсан/ тэгээд бараг 10 гаран минут хэрэлдэж зогссон байх хажууд нь утсаараа фээсбүүк ороод сууж байсан. Тэгээд би яараад “за А.Аюушсүрэн минь чи явж үз, би яараад байна” гэж хэлсэн тэгсэн чинь Ц.Баттогтох машинаасаа буугаад А.Аюушсүрэнтэй заамдалцаад авсан. Тэгэхээр нь би машинаас буух гээд аваарын бүсээ зүүсэн байсан, тайлах гэж ноцолдож байгаад буугаад машиныг нь тойроод очиход А.Аюушсүрэн захын зүг гүйгээд явчихсан Ц.Баттогтох тонгойчихсон амаа дарчихсан гарынх нь хуруун завсраар цус гарч байсан. Тэгээд би машиных нь дунд хайрцагнаас салфетка авч өгөөд цусыг нь арчуулаад амыг нь ангайлгаад харахад амных нь дотор тал язарсан байсан. Ц.Баттогтох цагдаад дуудлага өгсөн. Тэгээд эмнэлэг рүү явсан юм. Ц.Баттогтох машин дотроо сууж байхдаа бол А.Аюушсүрэнг жийгээгүй намайг машин дотор сууж байхад тэр хоёр хэрэлдэж байгаад л нэг нэгнийгээ заамдаж аваад зууралдаад Ц.Баттогтох машинаасаа буусан. Тэгээд намайг машинаас буугаад тойроод очих хооронд нэг нэгнийгээ цохиж байгаа бололтой чимээ сонсогдсон би хараагүй тэгээд очиход л Ц.Баттогтох доошоо тонгойчихсон амнаас нь цус гарч байсан, А.Аюушсүрэн “Симба” цайны газрын булан тойроод гүйгээд явчихсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/

           Гэрч Б.Оюунтуяагийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр манай хамаатны Г.Нандинцэцэг бид манай ажил дээр ирээд би 18 цагт ажлаа тараад бид хоёр “Гурван мэргэд” захын урдуур өнгөрөөд 'Россия'’ дэлгүүрийн хажуугаар гараад явж байхад нэг машины урд суудал дээр нь манай хамаатны П.Баянмөнх ах сууж байсан. Тэгээд Г.Нандинцэцэг “П.Баянмөнх ах сууж байна” гэхээр нь бид хоёр очиж мэндлэх гэсэн чинь тэр машины жолоочтой нэг хүн юм яриад П.Баянмөнх ах утсаараа оролдоод сууж байсан. Тэгэхээр нь бид хоёр очихоо болиод дэргэдүүр нь өнгөрөөд “Моби шоп” дэлгүүрийн урд ирээд зогсож байхад нөгөө машины дэргэд байсан залуу жолоочийг нь машин дотор нь цохиод авсан. Тэгэхэд нөгөө жолооч нь бууж ирээд нөгөө залуутай барьцалдаж аваад тэр хоёр зодолдсон, зодоон нэг их удаан болоогүй. Тэгээд л нөгөө машины хажууд байсан залуу цаашаа яваад өгсөн нөгөө жолооч нь машиндаа орж сууж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/

            Гэрч Г.Нандинцэцэгийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр би дүү Оюунтуяагийн хамт “Монгол даатгал” ажил дээр нь байж байгаад ажлыг нь тарахаар орой 18 цаг өнгөрч байхад Гурван мэргэд захын урдуур гараад “Симба” цайны газрын хажуугаар гарахад “Россия” дэлгүүрийн хажууд эхнэр нь ногоо зардаг. Ц.Баттогтох гэдэг ах машинтайгаа байсан, урд суудал дээр нь манай хамаатны ах П.Баянмөнх суучихсан. Мөн А.Аюушсүрэн Ц.Баттогтохын талаар хаалгыг нь онгойлгоод зогсчихсон чанга чанга дуугараад хэрэлдээд байгаа бололтой байсан. Би хажуугаар нь өнгөрөөд “Моби шоп” дэлгүүрийн урд өөрийнхөө машины дэргэд ирээд зогсож байгаад эргээд харахад А.Аюушсүрэн, Ц.Баттогтох гэдэг ахтай машиных нь хажууд зодолдоод байсан. Тэгж байгаад А.Аюушсүрэн цаашаа “Симба” цайны газрын хажуугаар гараад цаашаа яваад өгсөн юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/

             Гэрч Д.Мөнхцэцэгийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд  өгсөн: “...Тэр өдөр би ажлаасаа буугаад гэртээ харьсан чинь манай нөхөр Ц.Баттогтох гэртээ ирээгүй болохоор нь утас руу нь утасдаад “хаана байна” гэж асуусан чинь “би цагдаа дээр байна, нэг хүнд зодуулчихсан юм” гэж хэлж байсан. Тэгээд орой 21 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд нь юу болсон талаар асуухад “Аюушка намайг таксинд явж байхад таарчихаад явуулахгүй, ээрч хэрүүл маргаан хийж, элдвээр доромжилж агсам тавьж байгаад уруул руу цохьчихлоо” гэж хэлж байсан. Тэгээд уруулыг нь харахад хавдчихсан дотор тал нь язарчихсан оёдол тавиулчихсан байсан юм. Манай нөхөр Ц.Баттогтох одоогоос 3, 4 жилийн өмнө байх ногооны дэлгүүрийнхээ гадна ханыг оохордох гээд оохор хийх муу сайн сав байна уу гээд А.Аюушсүрэнгээс нэг сав авсан юм шиг байсан. Тэгээд 2015 онд А.Аюушсүрэн намайг дэлгүүр дээрээ сууж байхад их согтуу орж ирээд надаас “саваа авъя” гэхээр нь тухайн үед би А.Аюушсүрэнг таньдаггүй болохоор “юун сав билээ” гэхэд “танай нөхөр чинь надаас сав авсан юм” гээд байсан. Тэгээд би “энэ мөн үү” гээд арын өрөөнд оохор хийсэн байсан, цэнхэр өнгийн савыг харуулсан чинь “биш байна пизда минь” гэхээр нь би “өө за за Ц.Баттогтохыг ирэхээр нь хэлье, би мэдэхгүй байна” гэж хэлсэн чинь “..үхэж байсан шуналтай авгай минь ална шүү” гэх мэтээр хэлээд надад агсам тавьж намайг зодох гэж гараа зангидаж далайгаад л, шүд амаа хавираад намайг айлгаж агсам тавьж байсан юм. Тэгээд би аргадаж арай гэж дэлгүүрээсээ гаргаж дэлгүүрээ хаагаад дахиад орох болов уу гэж айгаад тэр өдөр дахиж дэлгүүрээ ажиллуулж чадахгүй хааж байсан юм. Тухайн үед нөхөртөө тэр талаар хэлэх гэснээ бас хэрүүл маргаан болох юм болов уу гэж бодоод хэлэлгүй өнгөрөөж байсан юм. А.Аюушсүрэн гэх хүн тэр өдөр надад тэгж хандсан уу гэдгийг би мэдэхгүй байна. Тухайн үед надад их л түрэмгий ааш зантай их л аймар харагдаж байсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/

Гэрч А.Ерөөлтийн 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин  өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр би гэртээ архи уугаад нэлээн согтуу байж байхад А.Аюушсүрэн ирээд би дэлгүүрээс 0,75 литрийн "Ерөөл” архи авч хувааж уусан юм. Тэгээд юу болсоныг би мэдэхгүй байна А.Аюушсүрэн манайхаас явж би гэртээ унтаад үлдсэн байх, би огт санахгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/

Гэрч Б.Болормаагийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би “Гурван мэргэд” зах дээр хувиараа загас утаж зардаг юм. Тэр өдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 30-ны орой манай нөхөр А.Аюушсүрэн 18 цагийн үед ирээд “өмд авуулна” гэж байсан. Тэгээд би өөрийг нь гараад “өмдөө үзчихээд” ир гээд явуулсан. Тэгээд нэг их удалгүй, хүний утаснаас залгаас “нөгөө Ц.Баттогтох чинь энд явж байна, нөгөө саваа авах гэсэн чинь өгөхгүй байна” гэж ярьсан. Тэгээд цаашаа нэг хүнтэй хэрэлдээд байгаа сонсогдсон юм. Тэгээд хэсэг байж байгаад ирсэн. Бид хоёр зах дээр байж байгаад гэртээ хариад байж байсан чинь цагдаа нар ирээд А.Аюушсүрэнг “хүн зодсон байна” гэж хэлээд аваад явсан. Би мөн хамт цагдаагийн газар дээр ирж А.Аюушсүрэнг эрүүлжүүлэх гэхээр нь би батлан дааж авсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/

           

Шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №29 дугаартай:

“1.Ц.Баттогтохын биед уруулд язарсан шархтай зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо зуйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр тал/

 

Шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №162 дугаартай:

“1.А.Аюушсүрэнгийн биед тархи доргилтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо зуйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламж үзүүлсэн байдал /хх-ийн 30 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 45 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57,65 дугаар тал/

      А.Аюушсүрэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр тал/

      Ц.Баттогтохын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр тал/

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53,61 дүгээр тал/ зэрэг болно.

     

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох

баримтуудыг дүгнэхэд

 

Шүүгдэгч А.Аюушсүрэн нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 2 дугаар баг “Россия” дэлгүүрийн ойролцоо Ц.Баттогтохыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Баттогтох нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 2 дугаар баг “Россия” дэлгүүрийн ойролцоо А.Аюушсүрэнг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

          Үүнд: Шүүгдэгч, хохирогч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.Баттогтохын /хх-ийн 03, 14-16/, А.Аюушсүрэнгийн /хх-ийн 17-20/  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, гэрч П.Баянмөнхийн /хх-ийн 21/, Б.Оюунтуяагийн /хх-ийн 22/, Г.Нандинцэцэгийн /хх-ийн 23/,Д.Мөнхцэцэгийн /хх-ийн 24/ мэдүүлгүүд болон шинжээчийн 146, 162 тоот дүгнэлтүүд /хх-ийн 29, 35/, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД бичлэг зэрэг болно.               

           Шүүх дээрх хохирогч нарын болон гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.

           Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ц.Баттогтох, А.Аюушсүрэн нарын мэдүүлэг нь гэрчүүдийн мэдүүлгүүд, тэдний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шинжээч эмчийн дүгнэлтүүдээр нотлогдож байна.

           Хохирогч, шүүгдэгч А.Аюушсүрэн нь мөрдөн байцаалтын шатанд “...хохирогч, шүүгдэгч Ц.Баттогтох намайг машин дотроосоо жийж унагаад баруун мөр орчимд өшиглөсөн..” гэх мэдүүлэг нь гудамжинд болсон үйл явдлын талаар бичигдсэн камерийн бичлэгийг хураан авсан СД бичлэгээр үгүйсгэгдэж байгааг дурьдах нь зүйтэй.  

         Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Аюушсүрэн, Ц.Баттогтох нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “..хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.  

         Иймээс шүүгдэгч А.Аюушсүрэн, Ц.Баттогтох нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуулинд заасан торгох оногдуулахаар тогтов.

         Шүүгдэгч А.Аюушсүрэн, Ц.Баттогтох нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэм буруугийн талаар мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн байдал зэргийг харгалзан үзэж ялгамжтай буюу шүүгдэгч А.Аюушсүрэнд 600.000 төгрөгөөр торгох, Ц.Баттогтохыг 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

        Хохирогч А.Аюушсүрэн, Ц.Баттогтох нарын мөрдөн байцаалтын шатанд болон хавтаст хэргийн материалтай танилцах үедээ гаргасан  бие биенээсээ нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тодорхойлолт, тайлбарт үндэслэн тэднийг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.

   Шүүгдэгч А.Аюушсүрэн, Ц.Баттогтох нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

   Энэ гэмт хэргийн улмаас хураагдан ирсэн СД-г  хавтаст хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Шарнууд овогт Алтанцэцэгийн Аюушсүрэн, Боржигон овогт Цэгмидийн Баттогтох нарыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Шарнууд овогт Алтанцэцэгийн Аюушсүрэнг 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгөөр, Боржигон овогт Цэгмидийн Баттогтохыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан А.Аюушсүрэнд оногдуулсан 600.000 төгрөг, Ц.Баттогтоход оногдуулсан 450.000 төгрөгийн торгуулын ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгосугай.  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан А.Аюушсүрэн, Ц.Баттогтох нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг  анхааруулсугай.  

5.Энэ гэмт хэргийн улмаас хураагдан ирсэн СД-г  хавтаст хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.

6.Ялтан А.Аюушсүрэн, Ц.Баттогтох нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Ялтан А.Аюушсүрэн, Ц.Баттогтох нар урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ