Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00525

 

 

 

 

 

 

 

 

 

Х Х Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 14-ний өдрийн 184/ШШ2022/00224 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х Х Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Л , С.М нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 14,989,581.66 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д , хариуцагч Б.Л гийн өмгөөлөгч Л.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч Б.Л , С.М нар У Б Х ктай 2017 оны 08 сарын 18-ны өдөр 0 тоот Цалингийн зээлийн гэрээ болон барьцааны шинэчилсэн гэрээ-г байгуулан 11,400,000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй, 42 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн зориулалтаар зээлж авсан. Зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч Б.Л , С.М нар зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй. Зээлдэгч нар 2021 оны 07 сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 8,617,491.58 төгрөг, зээлийн хүү 6,071,536.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 291,053.87 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болно. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотойгоор нэхэмжлэгч талаас 9,500 төгрөгийн зардал гарсан.

Иймд хариуцагч нараас нийт 14,989,581.66 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү.

 

2.   Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Би анх 2013 онд цалингийн зээл авч байсан бөгөөд дахин зээл авахдаа өмнөх зээлээ хүүтэй нь хамт төлөх байдлаар зээл авч зөрүү мөнгийг гар дээрээ авдаг байсан. 2017 оны 08 сард мөн адил 36 сарын хугацаатай зээл аваад уг зээлээр өмнө авсан 8,900,000 төгрөгийн зээлийг хүүтэй нь төлж, үлдэх мөнгийг гар дээрээ авсан. Цалингийн зээл авахад заавал хамтран зээлдэгч байх шаардлагатай гэсний дагуу С.М ыг хамтран зээлдэгчээр оруулсан. Х Х Б ХХК нь зээлдэгчийнхээ захиран зарцуулах эрхийг хязгаарлаж өмнөх зээлийн төлбөрийг суутгаж авсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь зээлдэгчийн эрх, ашгийг бүрэн хамгаалж байгуулагдаагүй гэж үзэж байна. С.М ын хувьд зээлийн гэрээнээс бодитоор үр шим хүртээгүй тул хамтран зээлдэгчээс чөлөөлж өгнө үү. Б.Л гийн зүгээс үндсэн зээлийн үлдэгдэл 8,617,491.58 төгрөгийг С.М ыг оролцуулалгүйгээр төлөх хүсэлтэй байгаа. Шүүх зээлийн хүүнээс чөлөөлөх, эсхүл цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж тодорхой хэмжээнд багасгаж өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Л , С.М нараас зээлийн гэрээний үүрэгт 11,668,282.33 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х Х Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,321,299.33 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,897.91 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Л , С.М нараас улсын тэмдэгтийн хураамжид 201,642.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х Х Б ХХК-д буцаан олгосон.

 

4.   Давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагын хангагдаагүй хэсэгт өөрчлөлт оруулж хангаж шийдвэрлэж өгнө үү.

а. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг шаардах эрхээ хугацаандаа хэрэгжүүлээгүй учир хүү авах эрхээ тодорхой хэмжээнд алдсан гэж үзсэн. Гэтэл Х Х Б ХХК нь 2018 оны 12 сард шүүхэд анх хандсан, 2020 оны 06 сард эрэн сурвалжлуулсан, 2021 оны 05 сард дахин шүүхэд хандаж байсан. Үүнээс үзвэл Х Х Б ХХК нь шаардах эрхээ бүрэн хэрэгжүүлсэн байна.

б. Мөн анхан шатны шүүх 3,321,299.33 төгрөгийн хүүг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг үндэслэн хасаж шийдвэрлэсэн нь буруу. Гэтэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан зохицуулалт нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу анзад хамааралтай заалт юм. Зээлдэгч нар 2018 оны 08 сараас эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчсөн ба уг гэрээний хугацаа 2020 оны 08 сарын 07-ны өдөр дууссан. Гэтэл анхан шатны шүүхээс зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдлын улмаас зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс зээлийн хүүг илт их гэж үзэж 3,321,299.33 төгрөгийг хасч шийдвэрлэсэн нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын хангахгүй шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч Х Х Б ХХК нь хариуцагч Б.Л , С.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 8,617,491.58 төгрөг, хуримтлагдсан зээлийн хүү 6,071,536.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 291,053.87 төгрөг, нотариатын зардал 9,500 төгрөг, нийт 14,989,581.66 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ ...хариуцагч нар зээлийн гэрээ байгуулж 11,400,000 төгрөгийг зээлж авсан боловч зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй... гэж тайлбарлажээ. /хх 1-2/

Хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, түүнд хийгдсэн тэмдэглэгээ /хх 41-42/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2020 оны 09 сарын 09-ний өдрийн 6/8053 тоот албан бичгийн хуулбар /хх 88/ зэргээс үзэхэд 2020 оны 07 сарын 31-ний өдөр У Б Х к ХХК-ийг Х Х Б ХХК-д нэгтгэсэн болох нь тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар нэгтгэгдсэн хуулийн этгээдийн үйл ажиллагаа зогсож, түүний эрх, үүрэг хариуцлага нэгтгэсэн хуулийн этгээдэд шилжих тул Х Х Б ХХК нь Б.Л , С.М нарт холбогдуулан шаардлага гаргах эрхтэй.

 

3.   Хариуцагч Б.Л нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 8,617,491.58 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...11,400,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч уг зээлээр өмнөх 8,900,000 төгрөгийн зээл, хүүгийн төлбөрийг төлөөд үлдэх хэсгийг л гар дээрээ авсан, зээлийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах зээлдэгчийн эрхийг хязгаарласан... гэж тайлбарлан маргажээ. /хх 101-104/

 

4.   Б.Л , С.М нар 2017 оны 08 сарын 18-ны өдөр У Б Х к ХХК-тай №0 тоот Цалингийн зээлийн болон барьцааны шинэчилсэн гэрээ-г байгуулж, уг гэрээгээр 11,400,000 төгрөгийг 42 сарын хугацаатай, нэг сарын 1.7 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаанд зээл, зээлийн хүүг төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх 9-10/

Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар С.М нь хамтран үүрэг гүйцэтгэгч болох тул ...банкны шаардсанаар гарын үсэг зурсан, зээлийн мөнгөн хөрөнгийг ашиглаагүй... гэх тайлбар нь түүнийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Энэ талаарх хариуцагч талын тайлбар, татгалзал үндэслэлгүй.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

5.   2017 оны 08 сарын 18-ны өдрийн 0 тоот Цалингийн зээлийн болон барьцааны шинэчилсэн гэрээ нь хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцэж байгаа боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.

Тодруулбал, Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасны дагуу Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын 2017 оны 06 сарын 30-ны өдрийн 0 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-ын 2.4.14-т Банк нь төлбөр хариуцагч болон түүний холбогдох этгээдэд актив болон харгалзах хүүг нэмж актив олгох, эх үүсвэр байршуулах зэргээр төлүүлэхийг хориглоно гэж зохицуулсныг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нарын гаргасан ...11,400,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч уг зээлээр өмнөх 8,900,000 төгрөгийн зээл, хүүгийн төлбөрийг төлөөд үлдэх хэсгийг л гар дээрээ авсан... гэсэн тайлбарыг нэхэмжлэгч баримтаар няцааж чадаагүй.

Нэхэмжлэгч Х Х Б ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байх боловч түүний шүүхэд гаргаж өгсөн 0 тоот Цалингийн зээлийн болон барьцааны шинэчилсэн гэрээ нь 2017 оны 08 сарын 18-ны өдөр гэсэн огноотой байхад түүний хавсралтад 2017 оны 02 сарын 23-ны өдрөөс зээл, зээлийн хүүг төлөх хуваарийг тусгасан, мөн Зээлийн дансны хуулга нь Б.Л гийн эзэмшдэг Депозит дансны хуулга биш харин банк дотооддоо хөтөлдөг дансны хуулга байх тул эдгээр нотлох баримтуудаар хариуцагчийн татгалзал няцаагдсан гэж үзэх боломжгүй. /хх 9-10, 10-11, 64-72/

Иймд нэхэмжлэгч Х Х Б ХХК нь 2017 оны 08 сарын 18-ны өдрийн 0 тоот Цалингийн зээлийн болон барьцааны шинэчилсэн гэрээ-ний дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй байх боловч шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлэлийн шаардлагаас 11,668,282.33 төгрөгийг хангаж шийдвэрлэсэнд хариуцагч талаас давж заалдах гомдол гаргаагүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.

 

6.   Хэдийгээр зээлдэгч Б.Л , С.М нар 2017 оны 08 сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгөөр 2017 оны 02 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөж байгаа боловч энэ нь тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд өөрийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгох хууль, журмыг зөрчсөн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй гэж үзлээ.

 

7.   Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан анзын /торгууль, алданги/ хэмжээг багасгах зохицуулалтыг хэрэглэж зээлийн хүүг багасгаж шийдвэрлэснийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээс гадна энэ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан ...Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэсэн зохицуулалтад нийцэхгүй байна. Энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлтэй байх боловч хэргийн шийдэлд нөлөөлөхгүйг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 14-ний өдрийн 184/ШШ2022/00224 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 02 сарын 28-ны өдөр урьдчилан төлсөн 68,090 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.НЯМБАЗАР