Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 106

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч                               Д.Нямдэлэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч           А.Отгонбаяр

Нарийн бичгийн дарга             Б.Намуунзул нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2-д зааснаар Б.Батзоригт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 183100000002 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1977 оны 04 сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суммын 3-р баг 3-р хэсэг 96 тоотод оршин суух хаягтай, урьд 1995 оны 01 сарын 01-ний өдөр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дэх хэсэгт зааснаар, 1997 оны 06 сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2000 оны 05 сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2002 оны 01 сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 2005 онд 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаар, 2008 оны 10 сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар, 2010 оны 08 сарын 13-ны өдөр эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, 2013 оны 12 сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, 2015 оны 01 сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 200000 төгрөгөний эд хөрөнгийг хурааж 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдож байсан, Боржигон овогт Батхуягийн Батзориг, регистрийн дугаар МЮ77040757,

       

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Б.Батзориг нь 2017 оны 12 сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р багийн нутаг дэвсгэрт Д.Балжмаагийн эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтлон түүний гар утас 2500 төгрөгийг авч Д.Балжмаад 275000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

Тодорхойлох нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Батзоригийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Иргэн Д.Балжмаагийн гар утас 2.500 төгрөгийг булааж авсан нь үнэн. Гэм буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг

     Хохирогч Д.Балжмаагийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...“...өөдөөс согтуу бололтой 2 тийш найгасан хүн ирж харагдахаар нь нөгөө талаар нь тойрч гарахаар алхаж явтал өөдөөс зам хааж ирээд намайг шууд барьж аваад энгэрээс заамдаад хойшоо чирэхээр нь би орилох гэтэл миний хоолойг гараараа боогоод чирч явж байгаад дэгээдэж газарт унагаагаад миний дээр гарч хэвтээд 2-лаа сайхан секс хийе гэж хэлэхээр нь: -би чиний ээж шиг эгч шиг хүн байна эгчийн дүү ингэж болохгүй намайг явуулчих гэж хэлэхэд гэж хэлэхэд чамайг ална шүү эсхүл надтай секс хий эсхүл алуул, эсхүл өөрт байгаа зүйлээ өг гэж хэлээд дээрээс дараад хэвтээд байсан. Харин миний дээр хэвтэж байх хугацаандаа миний хацар уруул дээр үнсээд байхаар нь би түлхэж холдуулах гэтэл намайг зүгээр байгаарай надтай сайхан секс хийчихээд явж болно гэж хэлэхээр нь би чамтай секс хийхгүй эгчийгээ явуулчих гэхэд тэгвэл надад өөрт байгаа юмаа өг гэхээр нь би халаасаа ухаад 2500 төгрөг гаргаж өгөхөд одоо утсаа өг гэхээр нь өөрийнхөө халаасанд байсан нөөт 2 маркийн гар утсыг гаргаж өгөхөд гар утсыг маань авчихаад та эндээс сим картаа ав надад хэрэггүй гэж хэлэхээр нь би айж сандраад утасныхаа симыг гаргаж автал мемори картаа аваач гэж хэлэхээр нь надад мемори карт байхгүй гэж хэлэхэд за за гэж хэлээд минйи дээрээс өндийж явах гэхэд би дагаад өндийх үед миний нүдний буланд ногоон кант гялтганаж харагдахаар нь би цагдаа байна гэж ойлгоод туслаарай эргүүлээ гэж хашгирахад миний дээрээс дарсан залуу гэнэт босоод цаашаа хашааны булан хэсэг рүү гүйсэн. Тэгээд намайг босож ирэх үед 2 цагдаа гүйж ирээд та яасан гэж хэлэхээр нь сая намайг хүн дээрэмдээд миний гар утас мөнгийг маань аваад зугатаачихлаа гэж явсан газрыг нь зааж өгөхөд нөгөө 2 цагдаа намайг дээрэмдсэн залуугийн араас гүйж яваад тухайн залууг бариад ирсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/

Гэрч Б.Ариунжаргалын 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг Цэцээ гүн баар луу ороход Б.Батзориг нь миний танихгүй 3 залуутай сууж байсан. Тэгэхээр нь би Б.Батзоригийн хажуу талын ширээн дээр сууж байхад Б.Батзориг нилээн согтуу байсан. Би Цэцээ гүн баар луу өөрийн ажлын газрын А.Чинбаатар, Д.Цэцэгбал, Уранчимэг нартай орсон. Бид нар өөрсдийнхөө мөнгөөр хүний 2, 2 шил авч ууцгаасан. Б.Батзориг нь бид нартай цуг нэг ширээнд суугаагүй. Мөн бид нарт пиво авч өгөөгүй Б.Батзориг нь худал мэдүүлэг өгсөн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/

Гэрч Б.Элбэгсайханы 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...айлын хашаа овоолсон шороо хоёрын дунд хүн багтах бүхий нүхэнд нэг залуу дээшээ хараад малгайгаараа нүүрээ дараад хэвтсэн байсан......” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/

Гэрч Б.Цэрэнтогтохын 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нэг залуу дээшээ хараад малгайгаараа нүүрээ дараад хэвтсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/

Гэрч П.Халиуны 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай ээж надад утсаар ярьж хэлэхдээ ээж нь цагдаа дээр байна. Ээж нь гэртээ харих гэж явж байх замд замд үл таних согтуу ирээд дээрэмдчихсэн гэж ярьж хэлж байсан...”...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/

Гэрч А.Чинбаатарын 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажлынхаа газрын Б.Ариунжаргал Уранчимэг бид 4 шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулан ажлаа тараад нэг газар орохоор болоод 1 дүгээр сургуулийн ард байрлах Цэцээ гүн баар луу 18 цагийн үед орсон. Тэгээд бид 4 нэг ширээн дээр суугаад нэг хүний 2, 2 пиво аваад дуулаад юм яриад сууцгааж байхад Б.Ариунжаргал нь хэлэхдээ би тэр залуутай саяхан танилцсан гэж ярьж байсан. Тэгэхэд Б.Ариунжаргалтай танилцсан гэх залуу нилээн согтуу харагдаж байсан. Тэгээд бид нар удаачгүй 20 цагийн үед Цэцээ гүнээс гараад гэрлүүгээ явцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/

Гэрч Д.Цэцэгбалын 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажлынхаа газрын А.Чинбаатар, Б.Ариунжаргал Уранчимэг бид 4 шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулан ажлаа тараад нэг газар орохоор болоод 1 дүгээр сургуулийн ард байрлах Цэцээ гүн баарлуу 18 цагийн үед орсон. Тэгээд бид 4 нэг ширээн дээр суугаад нэг хүний 2, 2 пиво аваад дуулаад юм яриад сууцгааж байхад Б.Ариунжаргал нь хэлэхдээ би тэр залуутай саяхан танилцсан гэж ярьж байсан. Тэгэхэд тэр залууг нь харахад 2, 3 хүмүүстэй цуг сууж байсан. Тэр залуу нилээн согтуу харагдаж байсан. Тэгээд бид нар удаачгүй 20 цагийн үед Цэцээ гүнээс гараад гэрлүүгээ явцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/

Гэрч Б.Цэрэнтогтохын 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр орой 21 цагийн үед Д.Балжмаа гэх хүн манай эмнэлэгт ирж үзүүлсэн. Д.Балжмаагийн биед үзлэг хийхэд баруун хацар хавдаж улайсан, доод эрүү эмзэглэлтэй, хүзүүний баруун талд зулгарсан шархтай, дээд талд нь зулгарсан шархтай, баруун шилбэ эмзэглэлтэй байсан. Зовиур нь толгой өвдөнө зүрх дэлсэнэ гэж байсан. Үзэхэд даралт ихэссэн байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар тал/

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 сарын 03-ны өдрийн 34 дугаартай:

“1.Д.Балжмаагийн биед дээд уруул хүзүүний баруун талд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, баруун зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 56 дугаар тал/

Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 49 дүгээр тал/

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байдал /хх-ийн 55 дугаар тал/

Б.Батзоригт түргэн тусламж үзүүлсэн хуудас өвчний түүх  /хх-ийн 73-96 дугаар хуудас/

Б.Батзоригийн мэс заслын тасгийн өвчний түүх /хх-ийн 98-111 дүгээр хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 112-114,  117-155 дугаар тал/

Б.Батзоригийн 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 69-71 дүгээр тал/ зэрэг болно.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох

баримтуудыг дүгнэхэд

 

        Шүүгдэгч Б.Батзориг нь 2017 оны 12 сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р багийн нутаг дэвсгэрт Д.Балжмаагийн эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтлон түүний гар утас 2500 төгрөгийг дээрэмдэн авч Д.Балжмаад 275000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

         Үүнд: Шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Балжмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 18-19/, хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-15/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-12/, гэрч Б.Ариунжаргалын /хх-ийн 22-24/, Б.Элбэгсайханы /хх-ийн 25-26/, Б.Цэрэнтогтохын /хх-ийн 27-28/, А.Чинбаатарын /хх-ийн 30-31/, Д.Цэцэгбалын /хх-ийн 32-33/, Д.Уранчимэгийн /хх-ийн 36-37/, Б.Цэрэнтогтохын /хх-ийн 42-43/ мэдүүлгүүд болон шинжээчийн А-34 тоот дүгнэлт /хх-ийн 56/, согтуурсан мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-10/ зэрэг болно.               

        Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.

        Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.Балжмаагийн мэдүүлэг нь гэрчүүдийн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хийгдсэн ажиллагаанууд, тэдгээрийн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.        

         Шүүгдэгч Б.Батзоригт холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

          Иймд шүүгдэгч Б.Батзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтлон дээрэмдэх...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

         Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...шүүгдэгч Б.Батзориг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн энэ гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримтлан хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг ханган шийдвэрлэх үндэслэлгүй байна.

         Учир нь: Шүүгдэгч Б.Батзориг нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ шөнийн цагаар ганцаараа явсан настай эмэгтэй хүний эрх чөлөөнд халдсан ба түүнээс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг таслан зогсоогдож, эд зүйлийг хохирогчид буцаан өгүүлсэн байна.

         Иймээс шүүгдэгч Б.Батзориг бусдад төлөх төлбөр хохиролгүй байгааг түүнийг хохирлоо сайн дураар нөхөн төлсөн гэж үзэх боломжгүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршигийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүх хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

    Шүүгдэгч Б.Батзориг нь гэм буруугийн талаар маргаангүй байгаа байдлыг харгалзан үзэж дээрх зүйл заалтанд заасан 03 жилийн хорих ял оногдуулж, дээрх ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн  байдлыг харгалзан шүүгдэгч Б.Батзоригт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Батзоригийн энэ гэмт хэргийн улмаас 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 13 хоног, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 11 хоног бүгд 24 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохоор тогтов.

     Шүүгдэгч Б.Батзориг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1-д зааснаар Боржигон овогт Батхуягийн Батзоригийг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтлон дээрэмдэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Батхуягийн Батзоригт 03 /гурав/ жилийн хорих  ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Батзоригт оногдуулсан 03 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Батзоригийн энэ гэмт хэргийн улмаас 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 13 хоног, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 11 хоног бүгд 24 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5.Ялтан Б.Батзориг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Ялтан Б.Батзоригт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ                                        Б.ЭРДЭНЭХИШИГ