Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/987

 

 

 

 

 

 

   2024           08             27                                      2024/ДШМ/987

 

 

Б.Бт холбогдох                                                                                                        эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Энх-Оюун,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Ж.Гантулга, Н.Нарантуяа,           

Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/718 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Ж.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Бт холбогдох 2306 00000 2461 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Боржигон овгийн Б.Б, 1984 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .............. тоотод оршин бүртгэлтэй, /РД:................/.

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 442 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосон,

- Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.800.000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хохирлоо нөхөн төлөх үүрэг хүлээлгэсэн,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн. 

Шүүгдэгч Б.Б нь:

2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 58-91 УБА улсын дугаартай “мерседес бенз С530” загварын тээврийн хэрэгсэлд НҮБ-н 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, цэвэр жин нь 147,3494 грамм, “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

2023 оны 08 дугаар сарын 07-ны 20:50 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Perfect empire” нэртэй тоглоомын газрын үүдэнд хохирогч Э.Уыг “хойшоо зогс, хана налаад суу, инээгээд байна уу” гэх зэргээр дарамтлан хутга гарган далайж, улмаар 21:10 цагийн үед уг тоглоомын газар орж ирэн тодорхой шалтаг, шалтгаангүйгээр хохирогч Э.У руу 4-5 удаа хутгатай гараараа хүчтэй савчиж, түүний зүүн суганы доод хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хохирогчийг алахыг завдсан шууд чиглэсэн үйлдлээ санаатай хийсэн боловч хохирогчийн эсэргүүцэлтэй тулгаран хүнийг алахыг завдсан,

2023 оны 08 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22б дугаар байрны гадна хууль сахиулагч болох Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Н.Б “хутгаа хаячих” гэсэн хууль ёсны шаардлагыг “би шийдсэн хүн шүү, бүгдийг чинь ална шүү” гэж хүч хэрэглэхээр заналхийлэн эсэргүүцэж, гартаа барьсан хутгаараа далайх оролдлого хийн хүч хэрэглэж зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Нийслэлийн прокурорын газраас : Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Боржигон овогт Б.Быг хүнийг алахыг завдсан, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Бын нийт эдлэх ялын хэмжээг 14 жилийн хугацаагаар тогтоож, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 316 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хохирогч Э.У, Н.Б нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрсдийн эрүүл мэндэд учирсан гэм хорын болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох Б.Баас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сиди-г хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, ажлын хэсэг нь 20 см урттай мөнгөлөг өнгийн 10 см урт иштэй хутга 1 ширхэг, ажлын хэсэг нь 10 см урттай бор өнгийн 9 см урт иштэй хутга 1 ширхэг, ажлын хэсэг нь 7 см урттай бор өнгийн 13 см урт иштэй эвхэгддэг хутга 1 ширхэг нийт 3 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цэвэр жин нь 147.3 грамм цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, хөр өнгийн жижиг гар жин зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би мөс гэх хар тамхийг аваад 30 минут болоогүй цагдаад баригдсан. Намайг хууль бусаар хадгалсан, цаашлаад бодисыг хуваах, хэмжих, нөхцөл байдалтай, хүнд худалдаалах зорилготой хадгалж байсан гэдэгт гомдолтой байна. Учир нь би 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өөрийн утасны “Wechat”-д үл таних хүн мөс худалдаж авах уу гэж орж ирснийг граммыг нь 50.000 төгрөгөөр авах уу гэж санал тавьсныг би зөвшөөрч өөрөө хэрэглэх зорилгоор худалдан авъя гэж тохиролцсон. Тэгээд би дэлгүүрээс жижиг гар жин худалдаж аваад тухайн хүнтэй уулзах гэсэн боловч уулзаагүй мөсийг тэндээс очиж аваарай гэж байршил зааж өгсөн, тухайн газар очтол мөс гэх зүйл байсан. Тэгээд тэр мөсийг аваад өөрийн ажил болох Да хүрээ техникийн захын хойд талд машинтайгаа очиж зогсоод машин дотроо мөс гэх зүйлийг хэрэглэж байгаад хар тамхитай тэмцэх тасгийнханд баригдсан. Тухайн үед миний машин дотроо хэрэглэж байсан хэрэгслүүд болох, соруул, мөнгөн цаас, буюу палигаа, гал гэх мэт хэрэгслүүдийг яагаад нотлох баримтад оруулаагүй вэ, би уг нь мөс гэх зүйлийг цааш нь худалдаалах зорилго огтоос байгаагүй. Зөвхөн гар жин гэдэг зүйлээр цааш нь худалдаалах зорилготой байна гэж үзэж байна. Би тэр хүнээс мөнгөөрөө худалдаж авч байгаа болохоор дутуу граммтай худалдаад авчих вий гэж гар жин худалдаж авч очсон. Мөн тэр өдөр Хар тамхитай тэмцэх тасгийнхан намайг баривчлаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Гэтэл 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж тогтоолд өөрчлөлт оруулсан. 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах манай байрны доод талын “писи” тоглоомын газар ажилдаг хохирогч У гэх хүнтэй тамхилж зогсож байгаад үл ялих зүйлээс болж маргалдсан. Тэгээд цаашаа явж байтал утасны цэнэг дууссан, тэгээд таньдаг хүнээрээ утсаа цэнэглүүлэхээр “писи” тоглоомын газарт утсаа өгөөд оруулсан. Удалгүй би араас нь утсаа авахаар ортол У урдаас сандал бариад босоод ирсэн. Тэгэхээр нь би гэр рүүгээ оруулж тавих гэж байсан, халаасанд байсан хутгаараа айлгах оролдлого хийсэн. Тэгээд цэнэглүүлж байсан утсаа аваад гараад явсан. Надад хүн алах зорилго санаа, сэдэл үнэхээр огт байгаагүй, байхгүй. Тухайн үед би өөрийнхөө оюун санааг 100 хувь хянаж байсан, эрдэнэт хүний амь насыг хохироож болохгүй гэдгийг би мэдэж байсан. Гэтэл намайг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж байгаад маш их гомдолтой байна. Би дээрх үйлдлүүдийг хийсэндээ маш ихээр харамсаж, гэмшиж, ухаарч, ойлгож байна. Би гэр бүлдээ ганцаараа ажил хийдэг, эрхэлсэн тодорхой өөрийн гэсэн ажилтай, 3-17 насны дөрвөн охин хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг. Би өндөр настай ээж, үр хүүхэд, хань ижлээ хэцүү байдалтай үлдээж байгаадаа одоог хүртэл харамсаад барахгүй байна. Би дээрх зүйлчлэл зүйл ангиудыг тохироогүй гэж энэхүү гомдлоо бичлээ. Эрхэм хүндэт давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс миний хийсэн гэмт хэрэгт тохирсон зүйлчлэлээр зүйлчилж найштайгаар шийдвэрлэж өгнө үү гэж та бүхнээс чин сэтгэлээсээ хүсэж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь шударга ёсны зарчимтай нийцээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасныг зөрчсөн хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 9-11 дүгээр талд өмгөөлөгч миний гэм буруугийн дүгнэлт бичигдсэн байх ба шийтгэх тогтоолд өмгөөлөгч миний саналын үндэслэл болгосон баримт дүгнэлтийг хэрхэн яаж няцаан үгүйсгэсэн үндэслэлээ огт дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. 154-156 дугаар талд: 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №584 дугаартай дүгнэлт, явуулсан байгууллагын нэр ЦЕГ-ХТТГ-МШХ-Т-АД Д. Тулга. Үзсэн- 2023 оны 7 дугаар сарын 19-ны өдөр. Эмнэл зүйд: -3ан төрхийн өөрчлөлт. Сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдал. Хэт үнэлсэн бодол санаа. Дэмийрэл тест бодол санаа. Бусадтай тааламжгүй сэжиглэмтгий харилцана. Аялан дагана. Нийгэмтэй дасан зохицож чадахгүй, хэрэг төвөгт орооцолдоно. Сэтгэцийн онош: Бие хүний паранойд эмгэг, засрал сайжралын байдал. Б.Б нь 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 21 цаг 10 минутын орчим хохирогч Э.Ут хөнгөн хохирол учруулан хохирогчийн алахыг завдсан, 2023 оны 8 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө хууль сахиулагчийг эсэргүүцсэн хэрэгт холбогдсон байна. Хавтаст хэрэгт авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт нь 2023 оны 8 дугаар сарын 7-ны 21 цаг орчим болон 7-ноос 8-нд шилжих шөнийн хэрэг учрал болохоос өмнө 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн үзлэгээр 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдөр гарсан дүгнэлт байх ба энэхүү дүгнэлтээр Б.Б нь бие хүний паранойд эмгэг, засрал сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй болох нь тогтоогдсон байхад 2023 оны 8 дугаар сарын 7-ны 21 цаг орчим болон 7-ноос 8-нд шилжих шөнийн хэрэг учрал болох үед Б.Быг сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай эсэхийг нь огт шалгаж тогтоолгүй миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Дараах тохиолдолд заавал шинжилгээ хийлгэнэ.” 2.3-д зааснаар “гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдлыг тодорхойлох;” гэж зааснаар Б.Бын Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтийг заавал шинжилгээ хийлгэх шаардлагатай байхад сэтгэцийн байдлын тогтоолгүй шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Анхан шатны шүүхээр хэлэлцсэн нотлох баримтаар ноцтой зөрүүтэй хэргийн үйл баримтыг хэрхэн яаж үнэлж дүгнэсэн талаар дүгнэлт хийлгүй хэт нэг талыг барьж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн талаар: Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор К.Чимэгээ яллагдагч Б.Б 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн орой 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Perfect empire” нэртэй ПС тоглоомын газрыг ажиллуулдаг Э.У руу тодорхой шалтгаангүй гартаа хутга барьж дайрч зүүн суганы доод хэсэгт хутгалж хохирогчийг алахыг завдсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 2306000002461 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн байна.

Хууль тогтоогч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг ”...гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж хуульчилсан байна. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд яллагдагч Б.Быг хохирогч Э.Уыг алах үйлдэл нь түүний эсэргүүцэлтэй тулгарч хүнийг санаатай алах үйлдэл төгсөөгүй байна гэж дүгнэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэгт цугларсан хохирогч Э.У, гэрч Н.Бадрал нарын мэдүүлэг, хохирогч Э.Уын биед үүссэн гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, “Perfect empire” нэртэй ПС тоглоомын  газрын дотор талд байрлах камерын бичлэг зэрэг нотлох баримтаар яллагдагч Б.Б хохирогч Э.Утай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг хутгалан, хэрэг үйл явдал болсон газраас гар утсаа текэн дээрээс  аван гарч байгаа үйл баримт тогтоогддог. Б.Б 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчаар “...хохирогч Э.Утай 13 хороололд олон жил нэг дор амьдарч байгаа, бие биеэ мэднэ, хувийн өс хонзон, өглөг авлага байхгүй тухайн өдөр тоглоомын газар руу цэнэглүүлэхээр  оруулсан утсаа авахаар ороход текний хажууд зогсож байсан Э.У намайг сандлаар цохих гэхэд нь би биеэ хамгаалах зорилгоор халаасандаа байсан хутгаар түүнийг хутгалж гэмтээсэн. Би түүнийг хутгалаад утсаа аваад гарсан...” мэдүүлсэн байдаг. Э.У 2 дахь удаагаа хохирогчоор “... Би Б ахыг хараад  айсандаа шууд сандал бариад авсан чинь Б ах баруун гартаа хутга бариад намайг хутгалах гээд дайраад байсан. Энэ үед би сандал бариад Б ахыг холдуулах гээд чичиж зогссон. Текний ард би эхнэрийн хамт байсан болохоор юу ч хийж чадаагүй байсан, Б ах намайг хутгалчхаад хутгаа бариад гараад явсан...” 2-р хх 16 тал мэдүүлсэн байна. Эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар яллагдагч Б.Бын хохирогчийг алахад чиглэсэн идэвхтэй үйлдэл нь түүний хүсэл зоригийн эсрэг таслан зогсоогдсон, Б.Б хохирогчийг алах шууд санаа зорилго байхгүй тэдний хувийн таарамжгүй харилцааны маргааны улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан байна. Яллагдагч Б.Бын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн талаа: Анхан шатны шүүх Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Н.Бнь Б.Бын үйлдлийг таслан зогсоох зорилгоор хутгаа хаячих гэсэн шаардлага тавихад би шийдсэн хүн шүү бүгдийг чинь ална шүү гэж эсэргүүцэж гартаа барьсан хутгаараа далайх үйлдэл тодорхой цаг хугацаанд үргэлжлүүлэн хийсэн үйл баримтууд тус тус тогтоогдлоо гэж түүний гэм буруугийн талаарх дүгнэлтийг гаргасан. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Бэнгэрийн камер 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2 цагаас 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 23:50 цаг хүртэл хугацаанд 1 минут бичлэг хийгдээд үлдсэн хугацаанд Б.Бын үйлдлийг баримтжуулсан бичлэгийг яагаад хийгдээгүй энэ үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргасан. Шүүгдэгч Б.Б хохирогч Н.Б, гэрч М.Энхбаяр нарын тавьсан хууль ёсны шаардлагыг 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 21:30 цагаас 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 23:50 цаг хүртэл хугацаанд эсэргүүцсэн түүний үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл зааснаар эргэлзээгүйгээр тогтоогдоогүй байх тул мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэх үндэслэлээр гомдол гаргаж байна.

Гурав. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн талаар: Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заавал байх шинж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор авч явсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан санаа зорилго сэдэлт байсан эсэхийг эргэлзээгүйгээр тогтоогоогүй болно. Эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Б түүний унаж явсан тээврийн хэрэгслээс хураан авсан 147,3494 грамм мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө болон хойших хугацаанд бусдад ашиг олох зорилгоор худалдан борлуулсан үйл баримт нотлогдоогүй харин 44 тооны авто машин худалдан борлуулж 550.210.698 төгрөгийн гаалийн бүрдүүлэлт хийн, 248.497.192 төгрөгийн татвар төлсөн баримт 3-р хх 129-131 тал авагдсан байна.

Шүүгдэгч Б.Бын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдэл нь эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлээр гомдол гаргаж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлээр гомдол гаргаж байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарын саналыг бүрэн дэмжиж байна. Хүнийг санаатай алах гэмт хэрэгт завдсан гэсэн тухайд, хуулийн үг зүй, хэрэглээний талаас тайлбар хэлье. Прокуророос шүүгдэгч нь хохирогчийг 4 удаа хутгалсан гэсэн аргументийг дэвшүүлсэн. Хэргийн үйл баримтыг үзвэл, хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үйлдлийн шинж чанарт ач холбогдол өгч, дүгнэлт хийх ёстойг дүгнэсэн. Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж, гэмт хэргээ төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзана. Төгсгөж чадаагүй нөхцөл байдал гэдэгт гадны хүчин зүйлээр таслан зогсоогдох, тухайн үйлдлийг хэрэгжүүлсэн этгээд үйлдлээ эцэст нь хүргээгүй гэсэн хоёр зүйл яригдах бөгөөд шүүх үүнд дүгнэлт хийх ёстой. Шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг бус гэрчүүдийн мэдүүлгийг гол нотлох баримтаар үнэлэх гэхэд хохирогчийн эхнэр “Текний хойноос гүйгээд гараад ирсэн чинь манай нөхрийн өмссөн байсан цагаан өнгийн футболк зүүн талын суганы хэсэгт цус болсон байсан, нөгөө Б гэх эрэгтэй хутгаа барьчхаад манай нөхөртэй хэрэлдээд зогсоод байсан” гэдэг. Хутгыг 4 савчсаны дараа 5 дахь үйлдлээрээ хохирогчийн амь насыг хохироор боломжтой байсан ч санаатай алах зорилго байгаагүй тул үйлдлээ шууд хүргээгүй. Мөн цагдаагийн байгууллагын ажилтан хийн буу ашиглаж үйлдлийг таслан зогсоосон гэдэг боловч хутга савчсан үйлдлийн дараа шүүгдэгч өөрийгөө ална гэсэн талаар мэдүүлсэн цагдаагийн алба хаагчийн мэдүүлгээр хохирогчид зүсэгдсэн шарх үүсгэсний дараа хутга барьсан үйлдлийг нь зогсоосон болохоос шууд чиглэсэн үйлдэл буюу хутга бариад явж байхад нь таслан зогсоогоогүй. Хоёр өөр нөхцөл байдал нэг үйл баримт дээр авагдсан  байх тул миний үйлчлүүлэгчийн үйлдэл хэрэгжүүлсэн дараалал нь хүнийг хохирооно гэсэн нөхцөл байдлыг бий болгоогүй. Хөндлөнгийн шинж чанартай эхнэрийн “хутгаа барьчихаад хэрэлдээд зогсоод байсан” гэсэн мэдүүлгээс хэрэлдэж зогсохын оронд хэрэгжүүлэх боломжтой байсан эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй. Хутга савчсан, далайсан үйлдлийн аль нэгийг зорилго, чиглэлтэй хийсэн бол тэр ойр зайнаас хохирогчийн амь нас хохирох бүрэн боломжтой байсан. Зөвхөн урдуур нь савчих бус нүүр, амин газар, хүзүү хоолой руу чиглэсэн байдалтай хэрэгжүүлэх бүхий л нөхцөл байдал шүүгдэгчид байсан. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа үйл баримтаар давж заалдах шатны шүүх үйлдлийн шинжид нь дүгнэлт хийж өгнө үү. Гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлууд нь цаг хугацааны хувьд 2-3 удаагийн завсарлагатай, үүнд цагдаагийн алба хаагч огт хамааралгүй, үйлдлээ төгсгөж чадаагүй хөндлөнгийн гэрчийн мэдүүлгийг үнэлж үзнэ үү. Шинжээчийн дүгнэлтээр хэрэг хариуцах чадвар гэдгийг тухайн үед болж байгаа үйлдлийг ухамсарлан ойлгож байгаа, удирдан жолоодох чадвар гэсэн хоёр чадварт дүгнэлт хийгээгүй. Гэтэл одоо эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай үед нь хийсэн үү, хэрэгжүүлсэн үйлдэлд нь сэтгэц эмгэгийн өөрчлөлтүүд удирдан жолоодох чадварт нь нөлөөлж байсан уу гэдэг шинжлэх ухааны хувьд, тусгай мэдлэгийн хүрээнд үндэслэл бүхий эргэлзээ байгааг өмгөөлөгчийн хувьд нэмж хэлье. Иймд миний үйлчлүүлэгчийн үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл буюу хүнийг санаатай алах гэмт хэрэгт завдсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн аль тохирох зүйл хэсгээр хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгч болон бусад өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг дэмжиж байна. 1 дүгээр хавтаст хэргийн 6 дахь талд авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн болон анх дуудлага өгсөн баримтыг шинжлэн судлуулахыг хүсэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Өмнөх шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаахдаа зүйлчлэл яагаад өөрчлөгдөж, хүндрэх болсон талаар дурдсан. Гэтэл захирамж биелэгдээгүй ирсэн. Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ их гэдгээр зүйлчлэл хүндрэх үндэслэлгүй бөгөөд хуульд их хэмжээ гэсэн зохицуулалт байхгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгчид оногдуулсан нийт хорих ялыг түүний хувийн байдалтай холбогдуулан хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч Б.Тэнгисийн шинжээчийн дүгнэлттэй холбоотой тайлбарын хувьд, мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналт, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд шинжээчийн дүгнэлтэд дурдсан хэрэг хариуцах чадвартай холбоотой ямар нэгэн санал, хүсэлтийг гаргаж байгаагүй. Хэрэв урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд гаргасан бол шинжээч эмч нарыг шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэж, оролцуулах боломж байсан. Гэм буруугийн шүүх хуралдаанаар энэ асуудлыг ярьсан ч хэлэлцүүлгийн шатанд шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг зэргийг шинжлэн судалж хэргийг шийдвэрлэсэн. Өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн хувьд гэрчийн эхний мэдүүлгийг дурдаж байна. Анхан шатны шүүх хуралдаанд хэргийн оролцогч, шүүгч нар тухайн PC тоглоомын газрын хяналтын камерын бичлэгийг бүхэлд нь шинжлэн судалсан. Уг бичлэгээс ямар процесс болсон, гэмт хэрэг яаж таслан зогсоогдож байгаа талаар тодорхой харагдана. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиуд эрс тэс өөр бөгөөд шүүгч, прокурор үүнд бодитой хууль зүйн дүгнэлт хийж, хяналтын камерын бичлэгийг их нухацтайгаар шинжлэн судалж байж шийдвэрээ гаргасан. Өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд хэрэгт авагдсан камерын бичлэгийг үзээгүй юм шиг байна. Өмгөөлөгч Н.Нарантуяа хэргийн газрын үзлэгийн баримтыг шинжлэн судлуулъя гэж байна. Хэргийн газрын үзлэгээр эд зүйл хурааж авахдаа мөрдөгч нар гар утсаар бичлэг хийж давхар баримтжуулсан байдаг. Үүнийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаар тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг баримтжуулсан бичлэг, мөн шүүгдэгчийн жолоодон явсан тээврийн хэрэгслээс хураан авсан эд зүйл зэргийг баримтжуулсан бичлэгийг шинжлэн судлахад цэвэр жингээр 147,3 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, гар жин зэрэг гарч ирсэн. Шүүх хуралдааны шатанд шүүгдэгч мэдүүлэхдээ нэг удаагийн сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ хамгийн ихдээ 1 грамм орчим байдаг гэсэн бөгөөд 147,3 грамм бодисыг 147 удаа хэрэглэхээр, мөн нэг граммын зах зээлийн ханш 500.000-1.000.000 төгрөгөөр зарагддаг гэж мэдүүлсэн тул эдгээр нотлох баримтыг шинжлэн судлаад шүүгдэгчийг тухайн бодисыг худалдаалах зорилготой байсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар, гэм буруугийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан хяналтын камерын бичлэг, эд мөрийн баримтуудаар шүүгдэгч нь гэмт хэрэг гарсан өдөр PC тоглоомын газрын үүдэнд хохирогчийг дарамталж энгэрээсээ хутга гарган далайж, улмаар хохирогч зугтаан тоглоомын газар руу гүйж ороод хаалгаа цоожилсон. Гэтэл шүүгдэгч араас нь хөөж ирээд тоглоомын газрын хаалгыг нүдэж байгаад хэсэг хугацааны дараа тоглож байсан хүн гарахад зөрж ороод үйл баримт болсон. Ороод хутгатай гараа савчиж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүнийг алахыг завдсан шууд чиглэсэн үйлдлээ санаатай хийсэн боловч хохирогчийн эсэргүүцэлтэй тулгаран хүнийг алахыг завдсан болох нь нотлогдож, уг гэмт хэргийн шинжийг хангасан. Эд мөрийн баримтаар 3 хутга хураан авсан бөгөөд хамгийн том хутгаар нь гэмт хэрэг үйлдсэн болох нь камерын бичлэгээр тогтоогддог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн талаар, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага, мэдээллийн дагуу албан үүргээ гүйцэтгэхээр гэмт хэрэг гарсан газарт очиж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж илрүүлсэн боловч Б.Б цагдаагийн алба хаагчийн өөдөөс хутгатай гараараа эсэргүүцэл үзүүлж, улмаар алба хаагч таслан зогсоож чадаагүй. Цагдаагийн бүрэлдэхүүн болон тусгай албаныхан 2-3 цагийн хугацаанд ажиллаж шүүгдэгчийн үйлдлийг таслан зогсоосон. Тиймээс эдгээр нотлох баримтуудаар тус гэмт хэргийн шинжийг хангасан болох нь бүрэн тогтоогдсон. Хэлэлцүүлгийн шатанд Б.Б нь тухайн хутгаа гартаа скочидсон, цагдаагийн алба хаагчийг ойртуулахгүй үйл баримт тогтоогдсон. Өмгөөлөгч Ж.Гантулга цагдаагийн алба хаагч гомдол, мэдээллийг бүртгэж авсан цаг хугацаа, тоглоомын газрын хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэлийн цаг хугацааны талаар ярьж байна. Тухайн үед гэгээтэй байсан ба энэ талаарх Б.Бын мэдүүлэг, түүнийг үрлэн сумаар буудаж унаган хутгыг нь салгаж, таслан зогсооход харанхуй болсон байсан нь бичлэгээс харагдана. Тиймээс цаг хугацааны хувьд 2-3 цаг болсон гэдэг нь шүүгдэгчийн мэдүүлгээр ч нотлогдон тогтоогдоно. Улсын яллагчаас шүүгдэгчид ялын санал гаргахдаа түүний үйлдсэн хэргүүдийн шинж, хор уршиг болон 5 удаагийн ял шийтгэгдэж байсан хувийн байдал зэргийг харгалзсан. Анхан шатны шүүх энэ талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүгдэгчид 14 жилийн хорих ялыг оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж дүгнэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:    

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх  үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.        

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тал, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь бодит байдлаар шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн

2.1 дэх заалт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Тодруулбал, Шүүгдэгч Б.Б нь :

2.1. 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 58-91 УБА улсын дугаартай “мерседес бенз С530” загварын тээврийн хэрэгсэлд НҮБ-н 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, цэвэр жин нь 147,3494 грамм, “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан болох нь :   

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл “2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын иргэн Б нь өөрийн эзэмшлийн 58-91 УБА улсын дугаартай Мерседес Бенз С350 маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн үндэстний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан мансууруулах эм, сэтгэцд нөлөөт бодис...хадгалсан гэх мэдээллийг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 16 цаг 00 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв” /1-р хх 126/,

- 2023.06.02-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл“...Бын эзэмшлийн 58-91 УБА  улсын дугаартай мерседес бенз 350 маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд талд байрлах жолоочийн суудлын доод хэсгээс хар өнгийн уутанд хийсэн цагаан гялгар ууттай 30,8 грамм жинтэй мөс мэт зүйл, цагаан гялгар уутанд хийсэн 123,6 грамм жинтэй мөс мэт зүйл байсныг 1 дугаараар тэмдэглэн хураан авав. Мөн баруун урд суудал дээр байх гар цүнх дотроос жижиг гар жин байсныг 2 дугаараар тэмдэглэн хураан авав...” гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 127-130/,

- хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл“...метамфетамин илэрсэн, амфетамин илэрсэн...”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 131-136/,

- эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хураан авсан эд зүйл болон эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 138-141/,

- шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2655 дугаартай “...Ирүүлсэн шээс нь дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Б.Б ХМ84081916 2023.06.02” гэсэн хаягтай шээснээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно.” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх 159-161/,

- шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 15-ны
өдрийн 2656 дугаартай “...1 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйлийн
цэвэр жин нь 29,1494 грамм, 2 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг мөс мэт
зүйлийн цэвэр жин нь 118,2 грамм болов. Г-126 134,5 грамм мөс мэт зүйл гэж
хаягласан гялгар ууттай цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйлээс метамфетамин
илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай
конвенцын жагсаалтад багтдаг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх 164-166/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 584 дугаартай шинжээчийн “Б.Б нь бие хүний паранойд эмгэгээр СЭМҮТ-д 2 удаа хэвтэн эмчлэгдсэн өвчний түүх байна. Б.Б нь одоо бие хүний паранойд эмгэг, засрал сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй байна. Б.Бын дээрх эмгэг нь олдмол эмгэг болно. Б.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Б сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.Б нь мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай донтой гэх шинж тэмдэг илрээгүй байна.” /1-р хх 154-156/,

- Б.Б сэжигтнээр“... 2023.06.01-ний өдрийн үүрийн 06 цагийн үед “Wechat” апплекэйшнээр над руу “Б.Б” гэх нэртэй хаягнаас “мөс” авах гэж байгаа юм уу гэж асууж холбогдсон. Тэгэхээр нь би авья гэж хэлээд 150 грамм мөс 5 сая төгрөгөөр худалдаж авахаар ярилцаж тохиролцсон. Тус өдрийн 07 цагийн үед 13 дугаар хорооллын “Оргилох булаг” гэх нэртэй сүмийн хойд талд хашааны буланд гялгар уутанд 150 грамм “мөс” тавьсан байсан. Мөсөө авсны дараа мөнгийг нь шилжүүлэхээр тохирсон байсан. Тус мөсийг өмсөж явсан хувцасны халаасандаа авч явж байгаад өнөөдөр 14 цагийн үед Да хүрээ захын хойд талын гэр хороололд явж байхдаа цагдаад баригдсан. Цагдаа нар машинд орж ирэхээс өмнө мөсийг машины суудал доороо шидчихсэн юм...” гэх мэдүүлэг /1-р хх 244-246/,

- Б.Б яллагдагчаар “... би “Б.Б” гэх wechat-тай хүний талаар мэдэхгүй байна. Би 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэрээсээ гараад Мөс хайгаад хүмүүсээс асуугаад явж байтал “Б.Б” wechat-тай хүнээс  над руу шууд чат бичээд залгаж орж ирээд Мөс авах уу гэж асуусан, тэгэхээр нь авъя гэсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын Оргилох булаг гэх нэртэй газрын хашааны буланд мөсөө тавина гэж хэлсэн. Ингээд 2023.06.02-ны өдрийн үдээс хойш 14 цагийн үед Оргилох Булаг нэртэй газрын хашааны булангаас очиж Мөсөө аваад Да хүрээ захын хойно явж байгаад цагдаад баригдсан. Би эхэлж Мөсөө аваад дараа нь мөнгөө шилжүүлнэ гэж тохирсон. Гэхдээ мөнгөө шилжүүлж амжаагүй…” гэх мэдүүлэг /2-р хх 4, 139/ зэрэг нотлох баримтуудаар,

2.2. 2023 оны 08 дугаар сарын 07-ны 20:50 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Perfect empire” нэртэй тоглоомын газрын үүдэнд хохирогч Э.Уыг “хойшоо зогс, хана налаад суу, инээгээд байна уу” гэх зэргээр дарамтлан хутга гарган далайж, улмаар 21:10 цагийн үед уг тоглоомын газар орж ирэн тодорхой шалтаг, шалтгаангүйгээр хохирогч Э.У руу 4-5 удаа хутгатай гараараа хүчтэй савчиж, түүний зүүн суганы доод хэсэгт хутгалж, хохирогчийг алахыг завдсан  болох нь :

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл “... 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдад хутгалуулсан гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг 2023.08.08-ны өдрийн 02:00 цаг хүлээн авч, тэмдэглэл үйлдэв...” /1-р хх 5/,

- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “... 01 минут 05 секундээс эхлэн захын малгайтай эрэгтэй мэт хүн нь энгэр хэсгээсээ нарийн зүйлийг баруун гараараа гаргаж ирээд дайлгаж голд зогсож байсан залуу руу дайрч байгаа нь бичигдсэн байна. Голд зогсож байсан залуу нь эсэргүүцэл үзүүлэн шатаар буун зугтаж байна. Харин захад зогсож байсан залуу нь дотогш орж байх ба түүний дараа энгэрээсээ нарийн зүйл гаргаж ирж буюу малгайтай залуу араас нь дотогш орж байгаа нь бичигдсэн байна... өмнөх бичлэгт гарсан саравчтай малгайтай, хутга мэт зүйл барьсан эрэгтэй хүн нь ПС тоглоомын газрын тек хэсэг дээр сууж байх залуу руу 5 удаа тухайн хутга мэт зүйлээрээ далайлган довтолж байгаа нь дүрс бичлэгт бичигдсэн байна. Тухайн үйл явдал болж байхад ПС тоглоомын газарт байсан хүмүүс босож гүйлдэн сандралдаж байгаа үйлдэл дүрс бичлэгт бичигдсэн байна. Текны ард сууж байсан залуу хутга мэт зүйл барьсан саравчтай малгайтай залуугийн өмнөөс сандал барьж эсэргүүцэж биеэ хамгаалж байгаа үйл явдал нь тухайн бичлэгт гол баганын цаагуур орж хальт бичигдсэн байна. ... цааш үргэлжлүүлэхэд хутга мэт зүйл барьсан залуу нь тухайн ПС тоглоомын газраас гараад гүйж байгаа нь бичигдсэн байна...” /1-р хх 14-20/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 21-27/,

- эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /сиди/ /1-р хх 34/,

- хохирогч Э.Уын “...2023 оны 8 дугаар сарын 7-ны 20 цаг өнгөрч
байхад Б ах найз Мөнххуяг бид хоёрыг ПС тоглоомын гадна талд дуудсан. Тэгээд уулзаж байтал Б ах шууд “дүү нар яагаад байгаа юм, инээгээд байгаа
юм уу” гэж хэлсэн. Тэгэхэд нь “та яагаад байгаа юм бэ” гэтэл өврөөсөө том хутга
гаргаж ирээд гараа далайхаар нь Мөнххуяг шатаар доошоо зугтааж, би ажил руугаа
орж хаалгаа хаасан. 10 гаруй минутын дараа хүн гарах хэрэгтэй болоод хаалга
онгойлготол орж ирээд толгой компьютерын ойролцоо байсан над руу хутгаараа
далайгаад саваад л байсан. Тэгж байгаад миний зүүн суга хэсгийг дүрсэн...”/1хх-40-41/, “...Б ах намайг “хана налаад суу” гэж тушаасан. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм бэ” гэсэн чинь халаасандаа гараа хийгээд юм гаргаж ирэх гэж байх шиг байсан. Энэ үед Мөнххуяг шууд Б ахын баруун гарын бугуй хэсгээс нь барьж аваад зогсоох гэж оролдсон, харин Б ах баруун халааснаасаа гаргаж ирсэн хутгаа зүүн гар руугаа шилжүүлээд далайгаад над руу дайрсан. Тухайн үед манай найз Мөнххуяг гарыг нь тавиад зугтаасан. Харин би писи тоглоомын газар руугаа ороод үүдний хаалга болон дотор хаалгаа хамт түгжсэн. Дотогшоо ороод би цагдаад дуудлага өгсөн. Хэсэг хугацаа өнгөрөхөд писи тоглоомын газарт үйлчлүүлж байсан зарим хүмүүс гарах гээд байхаар нь камер харж байгаад нэг нэгээр нь гадагшаа гаргаж эхэлсэн. 20 цагийн үед Б ахын хуурай дүү гэж хүнээр өөрийн гар утсаа цэнэглүүлэхээр өгч явуулсан байсан...Хэсэг хугацааны дараа хэдэн үйлчлүүлэгч тооцоогоо хийгээд гарах гэж байхад хаалгаар Б ах ороод ирсэн. Би Б ахыг хараад айсандаа шууд сандал бариад авсан чинь Б ах баруун гартаа хутга бариад намайг хутгалах гээд дайраад байсан. Энэ үед би сандал бариад Б ахыг холдуулах гэж чичиж зогссон. Текний ард би өөрийн эхнэртэйгээ хамт байсан болохоор айгаад юу ч хийж чадахгүй байсан. Б ах над руу хэд хэдэн удаа далайж савах үед хамгийн сүүлийн савалт нь миний зүүн хавиргыг онож хутгалсан. Б намайг хутгалчхаад хутгаа бариад гараад явчихсан...Би шууд цэргийн эмнэлэг рүү явж 7 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /2-р хх 16-17, 18/,

- гэрч Н.Б“...тухайн үед Б 2 гартаа хутга барьчихсан орж ирээд админ залууг учир зүггүй далайж хутгалаад байсан. Тэгэхээр нь би болиулах гээд очтол
наашаа харахаар нь би зугтаагаад гарсан” гэх мэдүүлэг /1-р хх 44-45/,

- гэрч С.Б“...2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 20 цагт
ажлаа тарчихаад нөхөр Уын ажилладаг “perfect emfire” нэртэй цахим тоглоомын газарт ирсэн. Намайг очиход манай нөхрийн найз Х хамт байсан. Намайг ирээд удаагүй байхад гаднаас нэг эрэгтэй хүн орж ирэхэд манай нөхөр тэр хүнийг Б ах юу байна гээд мэнд мэдэхэд тэр хүн аан чи гарч байгаа юм уу гээд гараад явсан. Нөхөр бид хоёр текний ард хоёулаа сууж байхад 21 цагийн орчим Х гадагш гарахад нь манай нөхөр араас нь тамхилах гэж гарсан. Гараад 5 минут орчмын дараа манай нөхөр ганцаараа буцаж орж ирээд хаалга дотроос нь түгжээд тоглоомын газрынхаа хаягийг зааж өгөөд хутгатай хүн байна гэж цагдаад дуудлага өгсөн. Дуудлага өгч байхад гадна хаалгыг Б гэдэг хүн нүдэж байгаад болиод явчихсан. Явсных нь дараа нөхөр бид хоёр тоглоомын газрын үүдний бичлэгийг шүүж үзэхэд Х манай нөхөр, Б гурав тамхилж зогсож байхад Б гэх хүн цээжнээсээ хутга гаргаж ирэхэд Х гарыг нь бариад авсан. Тэгсэн чинь Б гэх хүн нөгөө гараараа хутгаа аваад далайхад Х зугтчихсан. Манай нөхөр шууд тоглоомын газар руугаа эргэж орж ирсэн байсан. Тагаад 15 минут орчмын дараа цахим тоглоомын газарт үйлчлүүлж байсан хүн гаръя гэхээр нь хаалгаа онгойлгосон. Тэгээд буцаж түгжээгүй юм шиг байна лээ. Би утсаа оролдоод текний ард сууж байсан чинь манай нөхөр миний хажуугаар текний доогуур ороод ирсэн, би өндийгөөд харсан чинь нөгөө хаалга нүдээд байсан Б гэдэг хүн буцаад ороод ирсэн нэг гартаа хутга барьчихсан манай нөхөр рүү далайгаад савчаад дайраад байсан. Би хажууд нь зогсож байсан. Миний урдуур гар нь яваад манай нөхөр рүү дайраад байсан. Би текний хойноос гүйгээд гараад ирсэн чинь манай нөхрийн өмссөн байсан цагаан өнгийн футболк зүүн талынхаа суганы хэсэгт цус болчихсон байсан. Нөгөө Б гэх эрэгтэй хүн хутгаа барьчихаад манай нөхөртэй хэрэлдээд ална гээд л зогсоод байсан. Манай нөхөр өмнө нь Б гэдэг манай байрны ах намайг ална гээд яваад байна гэж надад өнгөрдөг хавар нэг хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 47/,

- гэрч А.М“...Би өчигдөр орой 21 цагийн үед өөрийн ажилладаг
“perfect empire” гэх Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах интернэт
тоглоомын газраас гадаа гарахад үүдэнд зүс таних Б гэх залуу зогсож байсан.
Тэгэхээр нь би очоод сайн уу ахаа гэж мэндлээд тамхи татаад зогсож байхад араас
цуг ажилладаг найз У гарч ирсэн. Б хойшоо зогс гэсэн чинь
У “та яагаад байгаа юм бэ би яасан юм бэ” гэсэн чинь Б ах “би чамайг
хойшоо зогс гэж байна шүү дээ” гэж хэлээд л өмсөж явсан яакны энгэрийн халааснаасаа том хутга гаргаад ирсэн. Тэгэхээр би нөгөө хутгатай гараас нь бариад авсан чинь нөгөө гартаа хутгаа шилжүүлээд та нар яагаад байгаа юм бэ гээд шууд орилоод эхэлсэн. Тэгсэн У дотогшоо хаалгаар ороод явсан. Тэгэхээр нь би Б ахын гарыг нь тавиад шатаар гүйгээд л зугтаасан...У руу залгаад хаалгаа битгий онгойлгоорой цагдаа дууд гэж хэлээд гэрийнхээ гадаа очоод тамхи татаад тайвширчхаад буцаад ирсэн чинь Б ах гадаа эргэлдээд явж байхад нь би цагдаа иртэл харж байя гээд зогсож байхад над руу У залгаад намайг Б ах хутгалчихлаа гэсэн тэгээд Б ах холдоод явахаар нь би ажил руугаа яваад орсон чинь У нил цус болсон зүүн суган доороо нэг гараараа дараад байж байсан. Тухайн үед Б.Б ахаас ямар нэгэн архи, согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байсан. Харин сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байсан үгүйг сайн мэдэхгүй байна. Гаднах төрх нь 2 нүд нь улаанаар эргэлдсэн хараа нь тогтохгүй зүгээр байж байснаа гэнэт л уурлаад эхэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 49/,

- эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /3 ширхэг хутга/ /1-р хх 69/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1-р хх 70/,

- шинжээчийн дүгнэлт: Э.У. Цээжний шархаа өвдөнө, амьсгал давчидна. Амьсгал 1-18 удаа, цээжний зүүн талд суганы дунд шугамаар 3, 4 дүгээр хавирга орчим 3-4 см орчим босоо дээрээс доош, урдаас арагш, зүүнээс барун чиглэлтэй хавирганд тулсан шархтай...“Э.Уын биед цээжний зүүн талд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /2-р хх 31-32/,

- Б.Бын яллагдагчаар “... машинд байсан хоёр ширхэг хутгыг аваад гэртээ аваачиж тавихаар явсан... Ууганаа над руу сандал бариад дайрсан. Тэгээд цочоод хутгаа халааснаасаа гаргаад иртэл тэр залууг хатгасан...” гэх мэдүүлэг /2-р хх 65-66/ зэрэг нотлох баримтуудаар,

2.3. 2023 оны 08 дугаар сарын 07-с 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22б дугаар байрны гадна хууль сахиулагч болох Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Н.Б“хутгаа хаячих” гэсэн хууль ёсны шаардлагыг “би шийдсэн хүн шүү, бүгдийг чин ална шүү” гэж хүч хэрэглэхээр заналхийлэн эсэргүүцэж, гартаа барьсан хутгаараа далайх оролдлого хийн хүч хэрэглэж зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцсэн болох нь:

- хохирогч Н.Б“...Анх хэргийн газарт цагдаагийн дэд ахлагч Н.Эхамт ЦЭЦ-115 чиглэлд үүрэг гүйцэтгэж байгаад очсон. Энэ чиглэл нь Баянзүрх дүүргийн 6, 15, 18 дугаар хороог хариуцсан чиглэл. Анх ПС тоглоомын газарт хүн хутгалуулсан гэсэн дуудлага ирсний дагуу ПС тоглоомын газарт дуудлагаар очих үед хэргийн холбогдогч гараад зугтаасан гээд хутгалуулсан залуу ПС тоглоомынхоо газарт сууж байсан. Ингээд эмнэлэг дуудчихаад ирэх хугацаанд нь ПС тоглоомын газрын хяналтын камерыг шүүсэн. Хяналтын камерыг шүүгээд сууж байх үед эмч ирсэн. Яг энэ үед нэг залуу гаднаас орж ирээд урд угаалгын газар луу явсан байж магадгүй гэж хэлсэн. Ингээд цагдаа Энхбаярын хамт ПС тоглоомын газраас гараад урагш угаалгын газрын зүг рүү явсан. Тэгтэл 226 байрны хажуу талаас нэг танихгүй эмэгтэй хүн “хутгатай хүн байна” гээд гүйж ирсэн. Тэгээд гүйгээд яваад очтол 226 байрны 3 дугаар орцны үүдэнд камераар харсан хүн мөн байсан. Ингээд бид хоёрыг харчихаад урагшаа чиглэлтэй алхаад явахаар нь араас нь хөөсөн чинь бид хоёроос шууд зугтаасан. Араас нь хөөгөөд 226 байрны үзүүр хэсэгт гүйцэж очих үед Б над руу эргэж хараад үүрч явсан жижиг цүнхээ тайлж хаяад “ойртох юм бол ална шүү” гээд хутгатай гараараа далайгаад над руу дайрсан. Тэр хүн хутгаа хоёр гартаа скочоор ороосон байдалтай харагдаж байсан. Ингээд би энгэрийн камераа асаагаад гартаа резинэн бороохойгоо бариад “хутгаа хаячих” гэсэн чинь “би хутгаа хаяхгүй би шийдсэн хүн шүү бүгдийг чинь ална шүү” гээд шаардлага биелүүлээгүй. Мөн хажуугаар өнгөрсөн хүмүүсийг “ална шүү, хутгална шүү”  гэж хэлж байсан. Ингээд Быг тайвшруулах зорилгоор ярилцлага хийсэн. Ятгасан, тамхилсан. Энэ үедээ жижүүрийн бүрэлдэхүүнийг дуудсан. Энэ үед цагдаагийн дэслэгч Баар ахлуулсан бүрэлдэхүүн хэргийн газар дээр нэмэлтээр ирсэн. Ингээд Быг тойрч зогсоод ярилцлага хийсэн. Б тухайн үед “ойртож ирээд үзээрэй, та нар баатар болох гэж байж үхэв” гээд хутгатай гараараа далайгаад дөхүүлэхгүй байсан. Хутгыг нь булааж авах гээд 2 удаа ойртож оролдлого хийсэн боловч скочтой байсан учраас хутгыг нь булааж авч чадаагүй. Ингээд Бтай 3 цаг орчим ярилцаад амжилтад хүрээгүй. Энэ байдлаа хэлтсийн даргад танилцуулсан. Ингээд Нийслэлийн цагдаагийн газар, манай газар гээд маш олон хүмүүс хэлэлцээр хийхээр ирсэн. Би Бтай ойрхон буланд шахаад зогсож байсан болохоор яг ямар хүмүүс ирснийг мэдээгүй. Харанхуй байсан. Дарга нар хэлэлцээр хийгээд ярилцахад ямар ч хүнд буулт хийхгүй эсэргүүцэж байсан. Бын ганц тавьж байгаа шаардлага нь “миний бага хүүхдийг уулзуул, би амиа хорлоно” гэж байсан. “Миний сүүлчийн хүслийг биелүүл” гэж байсан. Ингээд хэлэлцээр нь амжилтгүй болоод баривчлах ажиллагаа эхэлсэн. Хэн буудсан эсэхийг мэдэхгүй...Эхний буун дууг Бын дээгүүр буудах үед Б үсэрч босоод орилоод “яах гээд байгаа юм бэ?” гээд хутгаа далайж эхэлсэн. Ингээд дараалсан дахин 2 удаагийн буудлагаар Быг оносон. Быг дарж байгаад гавласан. Мөн энэ үед скочдсон байсан хутгыг гараас нь салгаж авсан. Ингээд босгож зогсоож байгаад биед үзлэг хийхэд бас нэг хутга гарч ирээд нийт  3 хутга хурааж авсан. Би хамгийн анх очоод хутгаа хаячих гэсэн шаардлага тавих үед “хутгаа хаяхгүй ойртвол ална шүү” гээд тавьсан шаардлагыг биелүүлээгүй, Баас тавьсан шаардлагыг бүгдийг биелүүлсэн...’’ гэх мэдүүлэг /2-р хх 124/,

- гэрч Н.Э“...Б гэх хүн бид хоёрыг хараад гүйчихсэн.
Бид 2 хойноос нь гүйгээд нэлээн зэрэгцээд ирэхэд 226 байрны урд талын “Хард
рок”-той байрны хашаанд тулаад мухарт шахагдаад тулаад зогссон. Тэгээд барьж
явсан цүнхээ газарт хаяад эргээд харахад 2 гартаа хутга бариад тэрийгээ дээрээс
нь гартаа скочоор ороож тогтоосон байсан. Бид 2 дөхөж очиход “ойртвол ална шүү,
би шийдчихсэн хүн шүү, шууд дүрнэ шүү” гээд орилоод байсан. Тэгээд бид 2 “за чи
хутгаа хаячих аа” гэж зөндөө хэлсэн. Бид хоёрыг бол эсэргүүцээд “ойртвол ална шүү”
гээд бид хоёрын үгийг авахгүй эсэргүүцсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 99/,

- гэрч В.Д“2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх
дүүргийн 21 дүгээр хорооны Дарь-Эх гэх газар үер усны гамшиг болсон голомтод
ажиллаж байхад 102 дугаарын утсанд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг
дэвсгэрт байх “perfect empire” гэх нэртэй ПС тоглоомын газарт хүн хутгалсан
хэргийн газарт манай удирдлагууд очиж хүн хутгалсан иргэнтэй ярилцлага хийж
хутгыг нь тавиулах гэсэн боловч шаардлага эсэргүүцээд байсан учраас намайг
үерийн голомтоос дуудаж хутгатай иргэний үйлдлийг таслан зогсоох үүрэг өгсөн.
Үүний дагуу үерийн голомтоос ажил дээрээ ирээд нэг бүрийн тусгай хэрэгсэл болох
“Екол” маркийн резенин сумаар бууддаг бууг аваад хэргийн газарт очсон. Намайг
очих үед хоёр гартаа хутга барьсан, хутгаа гартаа скочдсон байдалтай эрэгтэй хүн
мансуурсан байдалтай “ойртох юм бол та бүхнийг хутгалаад өөрийнхөө амийг
хорлоно” гэсэн яриа өгүүлэл гаргаад сууж байсан. Энэ үед цагдаагийн удирдлага
болон тухайн хүний ойр орчимд байсан цагдаагийн алба хаагч тэр иргэнийг “хутгаа
хаячих” гэсэн шаардлагыг удаа дараа тавьсан боловч тэр иргэн шаардлагыг
биелүүлэхгүй, дөхсөн цагдаагийн алба хаагч руу хутгаа далайсан үйлдлээ
үргэлжлүүлж байсан. Ингээд авч ирсэн тусгай хэрэгсэл болох “Екол” маркийн
резинэн сумаар бууддаг бууг удирдлагад танилцуулахад “аюулгүй байдлаа хангаад
араар нь тойрч очоод хэрэглэ” гэсний дагуу хутга барьсан иргэний хойд хашааны
цаанаас 5 метр орчим зайнаас Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий
прокурорын хамтарсан 2017 оны А/224, А/102 дугаар тушаалаар баталсан “Биеийн
хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар”-ын дагуу алба хаагч биеийн хүч,
тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх журмын дагуу нэг удаа анхааруулж хий
буудсан. Энэ үед хутга барьсан иргэн босож ирээд довтолгоогоо үргэлжлүүлэх гэхэд
нь журамд заасны дагуу зузаан мах хэсэг болох хонго хэсэг рүү нь 2 удаа буудсан.
Ингээд дайчлан баривчилсан. Дайчлан баривчилсны дараа хутгатай иргэний биед
үзлэг хийхэд зүүн талын хонгоны мах болон хавирганы доод хэсэгт сумны ором
гарсан байсан. Би нийт 3 удаа буудсан. Эхний буудалт нь хий буудсан, дараагийн
буудсан нь хонго хэсэгт, хамгийн сүүлийн буудалт нь хонго хэсэгт барьсан буудсан боловч хавирга руу буудагдсан байсан. Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар
зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг,
зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох
хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд
тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, 23.6 дахь
хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд
биелүүлэх үүрэгтэй”, 23.7 дахь хэсэгт Цагдаагийн алба хаагч, олон нийтийн
цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл хуулийн дагуу явуулж
байгаа ажиллагаанд нь саад учруулсан бол албадан гүйцэтгэж, гэм буруутай
этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан...” гэх мэдүүлэг
/2-р хх 133-134/,

- гэрч А.Х“Би 2021 оны 6 сард Баянзүрх дүүргийн цагдаагийн
газрын хоёрдугаар хэлтэст эрүүгийн мөрдөгчөөр томилогдон одоог хүртэл ажиллаж
байна. 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны
нутаг дэвсгэрт хутгатай хүн алба хаагч эсэргүүцээд байна гэсэн дуудлага
мэдээллийн дагуу тус хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид бие
бүрэлдэхүүнээрээ очсон. Очих үед яллагдагч Б.Б нь хоёр гартаа хутга
барьж гараа скотчоор ороосон байдалтай байсан. Тухайн үед яллагдагч
Б.Бт хандан цагдаагийн байгууллагын зүгээс удаа дараа хутгаа газарт
тавихыг шаардахад “би шийдсэн хүн, нэг бол би үхнэ, нэг бол насаараа шоронд
явна” гэж орилж тогтворгүй байсан. Яллагдагч Б.Бт удаа дараа хутгаа
тавихыг цагдаагийн алба хаагчид шаардахад хүүхэдтэйгээ уулзмаар байна гэж
байсан. Тухайн үед Б.Б нь хутгаа тавихгүй мөн сэтгэл санааны хувьд
тогтворгүй байсан тул хүүхдийг нь уулзуулах боломжгүй аюултай байсан болохоор
Б.Бын зүгээс тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Гэхдээ эхнэр, хүүхдийг
нь бол холоос харуулж байсан...” гэх мэдүүлэг /2хх-136-137/,

- Б.Бын яллагдагчаар “... ПС тоглоомын газраас гараад явж байтал араас цагдаа нар гүйгээд ирсэн. Тэр үед нь миний буруу... Би хөдөө яваад миний зүүн гар өвдөөд байсан учраас скочдсон. Намайг буудах үед миний гараас хутга салаад унасан...миний биеэс хураагдсан 3 ширхэг хутганы 2 ширхэг нь миний хөдөө авч явсан хутга байгаа юм. Эвхэгддэг хутга нь ПС тоглоомын газарт миний цэнэглэж байсан утасны хажууд байхаар нь араас хутга шөвөг бариад гараад ирж магадгүй гэж бодоод утасныхаа хамт авчихсан...” гэх мэдүүлэг /2-р хх 66/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдсон байна.

Шүүгдэгч Б.Б дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болохыг тус тус нотолж буй нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байх шалгуурыг хангасан байх бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэрэг бүрийн шинж хэрхэн нотлогдсон талаарх  анхан шатны шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар дүгнэлт хийснийг үгүйсгэх үндэслэлгүй байна.   

Шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн  шатанд танилцуулж, тайлбарласан байх ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг нотлохгүй, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй учраас шүүгдэгч  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь тус хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.    

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийн хувьд шүүгдэгч нь “би худалдаалах зорилгогүй, өөрөө хэрэглэх гэж байсан” гэж мэдүүлэх, мөн тэрээр өөр бусад хөдөлмөрөөр орлого олдог байсан эсэх нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгыг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалж бусад нотлох баримтаар нотлогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн үйлдлийн хэв шинж, арга болон тухайн төрлийн гэмт хэргийн онцлог шинжээс хамаарч “худалдаалах”  гэдэгт нь зөвхөн төлбөртэй худалдах хэлбэрээр хязгаарлагдахгүй бөгөөд хариу төлбөртэй эсхүл төлбөргүйгээр бусдад шилжүүлж байгаа /худалдах, бэлэглэх, солилцох, эсхүл үүргийн гүйцэтгэлд тооцох, өрөнд өгөх, авах гэх мэт/ аливаа хэлбэр, арга хэрэгслээр түгээж, олж авч байгаа үйлдлийг багтааж ойлгохоос гадна хууль бусаар олж авсан, хадгалсан мансууруулах эм, бодисын төрөл, тэдгээрийн хэмжээ, хүний эрүүл мэнд, амь насанд аюултайгаар нөлөөлөх шинж чанар, зах зээлийн үнэ, түүнчлэн түгээх, борлуулах зэрэгт ашиглах зориулалт бүхий сав, баглаа боодол, жин хэмжүүрийг бэлтгэсэн байдал, зөвшөөрөгдөхүйц хэрэглээний дундаж тун (0.33-1гр)-аас хэрхэн хэтэрсэн эсэх, хэрэглэх зөвшөөрөлтэй байсан эсэх зэргийг мансууруулах эм, бодисыг худалдаалах зорилгыг тогтоох шалгуур, шаардлагад хамааруулан үздэг.        

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хамаарах бүхий л нотлох баримтууд, тухайлбал; гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хураан авсан эд зүйл болон эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэргээс үзэхэд шүүгдэгч Б.Б нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг “метамфетамин”-ы агууламжтай, мөс гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бага бус хэмжээтэй буюу нийт бохир жин 154,4 гр, цэвэр жин 147,3494 граммаар олж авч хадгалж байсан, мөн тухайн бодисуудыг хэмжих зорилго, зориулалт бүхий жин хэмжүүр тэдгээр бодисын хамт илэрч хураагдсан, тэрбээр мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бодисыг хэрэглэх тусгай зөвшөөрөлгүй зэрэг нь тогтоогдсон байх тул “мансууруулах эм, бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан” тухайн гэмт хэргийн шинж хангагдсан болохыг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.   

Харин мөрдөгч, прокурор, анхан шатны шүүх нь шүүгдэгчид холбогдох тухайн хэргийн зүйлчлэхдээ “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан” гэх шинжийг орхигдуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

            Мөн хүнийг алахаар завдсан гэмт хэрэгт хамаарах нотлох баримтууд буюу гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хохирогч Э.У, гэрч Н.Бадрал, С.Батцэцэг, А.Мөнххуяг, шинжээчийн дүгнэлт зэргийг харьцуулан шалгахад:

- шүүгдэгч Б.Б нь гэм буруугийн нэгдмэл санаатай хэлбэрийн хүрээнд үргэлжилсэн үйлдлээр үргэлжилсэн тухайн цаг хугацаанд “зэвсэг” болох хутга хэрэглэж хохирогч Э.Уыг “ална” гэж тулган далайж улмаар зугтаасных нь дараа дахин “хутга” барьж ална гэх үйлдлээ үргэлжлүүлэн олон нийтийн газар, олны өмнө Э.У руу хутга барьж довтлохдоо хэрцгий догшин, бүдүүлэг авирлаж 4-5 удаа хутгатай гараараа савчиж, түүний амин чухал эрхтэн бүхий цээж хэсэг буюу зүүн суганы хэсэгт хутгалж буюу “хүнийг алах”-аар завдсан болохыг нотолж буй үйл баримтуудыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй, 

- хохирогч,  холбогдох гэрч нарын хувьд тэдэнд хууль сануулан мэдүүлэг авсан байх бөгөөд тэдний мэдүүлгийн эх сурвалж тухайн болон хөндлөнгийн бусад нотлох баримтын эх сурвалжаар давхар батлагдсан, зөрүүтэй болон зөрчилтэй асуудалгүй байх бөгөөд бусдыг гэмт хэрэгт гүтгэсэн, худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй,

- хохирогч нь анхнаасаа шүүгдэгчийн эсрэг хууль бус, зүй бус аливаа үйлдэл хийгээгүй буюу түүнийг дээрэлхэн дарамталсан, довтолсон гэж үзэх үндэслэл, баримтгүй,

- шүүгдэгч нь хохирогчийг “ална” гэж хутга хэрэглэж довтолсон үйлдлүүдээ олон нийтийн газар, олон нийтийн өмнө ичгүүр сонжуургүй, хэрцгий догшин, бүдүүлэг авирлах арга замаар буюу өөрийн гэмт үйлдлээ бүрэн ухамсарлаж, өөрийн хүч чадал, зорилгыг бусдад харуулахыг илэрхий эрмэлзсэн гэмт ухамсар, сэтгэхүйн хүрээнд ноцтойгоор хэрэгжүүлсэн,   

- шүүгдэгчийн тухайн хохирогчийг “алахад чиглэсэн сэдэлт, зорилго бүхий гэмт үйлдэл” нь хохирогчийн өөрийгөө бусдын аюултай довтолгооноос хамгаалахаар зайлж бултах, сандал барих зэргээр эсэргүүцсэн, мөн хэргийн газарт ойр байсан хүмүүсийн зүгээс шүүгдэгчийн үйлдлийг жигшин зэвүүцэж үйлдлээ зогсоохыг шаардах, орилж хашхирсан нөхцөл байдал, түүнчлэн шүүгдэгч нь хутга барин хохирогч руу довтолж 4-5 удаа хутгатай гараараа савчиж, улмаар түүний амин чухал эрхтэн бүхий цээж хэсэг буюу зүүн суганы хэсэгт “цээжний зүүн талд суганы дунд шугамаар 3, 4 дүгээр хавирга орчим 3-4 см орчим босоо дээрээс доош, урдаас арагш, зүүнээс баруун чиглэлтэй” хутгалахад “хавирганд тулсан” зэрэг шүүгдэгчийн хүсэл зоригоос үл хамаарах бодит шалтгаан, нөхцөл байдлын улмаас “хохирогчийн амь нас эрсдээгүй” байх тул шүүгдэгчийн гэмт үйлдлийг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж зүйлчилсэн нь үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, тухайн гэмт үйлдлийн улмаас хохирогч эмнэлгийн тусламж шуурхай авсан, улмаар гэмт үйлдэл таслан зогсоогдсон нөхцөл байдал, ялангуяа хутгалахад “хавирга тулсан”-ы улмаас амь насаа алдаагүй, харин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан байх нь шүүгдэгчийн үйлдсэн “хүнийг алах”-аар завдсан тухайн гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэлд хамаарахгүй. 

Түүнчлэн тус шүүгдэгч нь “хүнийг алах” гэмт үйлдэл нь дээр дурдсан нөхцөл байдлын улмаас тийнхүү төгс хэрэгжээгүй буюу таслан зогсоогдсоны дараа буюу  2023 оны 08 дугаар сарын 07-с 08-нд шилжих шөнө хууль сахиулагч Н.Быг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлэн эсэргүүцсэн гэмт хэргийг зэвсэг буюу хутга хэрэглэж үйлдсэн болох нь эргэлзээгүй бөгөөд хангалттай нотлогдсон байгааг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй.   

Шүүгдэгчийн хувьд өмнө нь бие хүний паранойд эмгэгээр СЭМҮТ-д 2 удаа хэвтэн эмчлэгдсэн өвчний түүхтэй, тус эмгэг засрал, сайжралын байдалтай, олдмол бөгөөд тэрээр үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай донтой гэх шинж тэмдэг илрээгүй болохыг  шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжээчийн 2023.08.07-ны өдрийн дүгнэлтээр баталсан байх тул тус тусгай мэдлэгийн асуудлыг таамаглаж буюу тусгай мэдлэгтэй мэт үгүйсгэн дүгнэх үндэслэлгүй байх бөгөөд шүүгдэгч нь тухайн эмгэгийн засрал, сайжралын байдалтай байсан, мөн тус дүгнэлт гарсан өдрөөс дараагийн өдөрт шилжих цаг хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх нь түүний үйлдсэн дээрх нийлмэл гэмт хэргүүдийн нотлогдсон байдлыг бүхэлд нь үгүйсгэн няцаах, хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлд хамаарахгүй байна.      

“Эргэлзээ” гэдгийг Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтын эх сурвалжийг бүхэлд нь тухайн хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай, хангалттай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжигдсэн эсэх шалгуураар тал бүрээс нь шалгаж, үнэлж дүгнэсний эцэст няцаан үгүйсгэх боломжгүй буюу хангалттай эх сурвалжтай, үндэслэл бүхий эргэлзээ үүссэн байхыг ойлгодог учраас шүүгдэгчийн үйлдсэн нийлмэл гэмт хэрэгт хамаарах нотлох баримтуудыг  харьцуулан шалгаж, дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “эргэлзээтэй байдал” тогтоогдоогүй байгааг тэмдэглэх нь зүйтэй. 

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг баримтлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, нийт эдлэх ялыг 14 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэхдээ дээр дурдсан харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар дүгнэсэн, түүнд оногдуулсан тухайн хорих ялын хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн тухайн нийлмэл гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. 

Харин анхан шатны шүүх нь шүүгдэгчийн “хүнийг алах”-аар завдсан гэмт хэрэгт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг орхигдуулсан байх тул зөвтгөх нь зүйтэй. 

4. Иймд анхан шатны шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг орхигдуулсныг зөвтгөсөн өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, харин давж заалдах журмаар гаргасан шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын “шүүгдэгчид холбогдох хүнийг алахаар завдах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийн зүйлчлэлийг тус тус хөнгөрүүлэн өөрчлүүлэх,  хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлэн эсэргүүцсэн гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэнийг ашигтайгаар шийдвэрлүүлэх” агуулга бүхий гомдлыг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах, хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлүүлэх” тухай гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   

Шүүгдэгч Б.Б 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцов.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь : 

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/718 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн :

            2, 3 дах заалт дахь : “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт...” гэж тус тус өөрчилсүгэй.   

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.    

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БАТЗОРИГ

 

                                   ШҮҮГЧ                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ


 ШҮҮГЧ                                                  Г.ГАНБААТАР