Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 110

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Улсын яллагч                              Д.Нямдэлэг

 Нарийн бичгийн дарга             Б.Намуунзул нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Ренчиндамбад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831000410074 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1965 оны 01 дүгээр сарын 17-нд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2 эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг Булгийн 2-9 тоотод оршин суудаг, ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Аргаа овогт Самбарын Ренчиндамба /РД:РС-65011713/

             

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч С.Ренчиндамба нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 17 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг Булагийн 2-9 тоот өөрийн гэртээ Д.Ганчимэгийг хутгалан түүний биед хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Ренчиндамбын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Өөрийн болгоомжгүй үйлдэл, хөл муутайгаасаа болж ийм зүйл болсонд маш их гэмшиж байна. Хохирогчид эмчилгээний төлбөрийг төлж гомдол саналгүй болгосон....” гэх мэдүүлэг

     Хохирогч Д.Ганчимэгийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С.Ренчиндамба ах босох гэж байгаад сөхөрөхөөр нь би унах гэж байна гэж бодоод түшээд авсан тэгтэл хэвлийн баруун хэсэгт халуу оргихоор нь Дамбын гар луу хартал гартаа хар иштэй хутга барьсан байхаар нь Дамба ахаа намайг та хутгаар хатгачихлаа гэхэд Эрдэнэчимэг эгч яасан гэнээ гээд цамцын минь сөхөөд хартал уг газраас цус гарч байсан. Тэгээд Алтанбулаг сумын эмнэлэг явж нэг оёдол тавиулаад аймгийн Нэгдсэн эмнэлэг орж үзүүлэхгүй бол болохгүй гэхээр нь аймгийн эмнэлэгт ирж үзүүлсэн. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/

            Гэрч Э.Дэжидийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 30 нд манайх сар шинийн буузаа хийхээр махаа татаж дуусаад би өөрийн хуурай дүү, Э.Лхагвасүрэн, Ж.Эрдэнэчимэг найз Д.Ганчимэг нарыг ирж бууз хийлцэж өгөөч гээд утсаар дуудсан. Ирж бууз хийж өгөх хүмүүстэй хоол хийгээд бэлдье гээд гал дээр хонины бүхэл мах чанаад байж байтал Д.Ганчимэг ирсэн. Тэгтэл манай нөхөр Дамба урд өдөр нь архи уусан байсан болохоор шартаад байна гээд Д.Ганчимэгийг дэлгүүр лүү пивонд явуулсан. Д.Ганчимэгийг явсан хойгуур Э.Лхагвсүрэн зхнэр Ж.Эрдэнчимэг нар ирсэн. Гэр орноо янзлаад чанасан махаа гаргаад байж байтал Д.Ганчимэг 2 литрийн хоёр том пиво аваад орж ирсэн. Ингээд цаг харахад 17 цаг болж байсан шиг санаж байна. Би хийсэн хоолоо аягалаад ирсэн хүмүүстэй өгөөд өөрөө хоолоо идээд босоод гурилаа зуурах санаатай жижиг өрөөнд ороод гурил хийж байгаад хартал манай нөхөр мах идээд суугаад Д.Ганчимэг авчирсан пиво аягалж тойруулж харагдахаар нь Дамбыг босоод юм хийгээч хүмүүс бууз хийхээр ирсэн байхад гээд яриад зогсож байтал Д.Ганчимэг гэнэт ёолохоор нь хүүш юу  боловоо гээд очтол Д.Ганчимэгийн хэвлийн тус газраас цус гарч байсан. Яасан бэ гэхэд Дамба босоод явах гэж байгаад сөхөрөөд унах гэхээр нь бариад автал гартаа байсан хутгаараа миний хэвлий рүү хатгачихлаа гэхээр нь шархыг нь дарж боогоод Алтанбулаг сумын эмнэлэг орж Д.Ганчимэгийн хэвлийнд 3 оёдол тавиулаад Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг хүргэж өгсөн тэнд эмнэлэгт хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/

    Гэрч Э.Лхагвасүрэнгийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 30 ны өдөр 14 цагийн үед байх гэртээ 0.5 литрийн Ерөөл архи уучаад хэвтэж байтал манай эхнэр Ж.Эрдэнэчимэг босооч Дэжид эгч ирээд бууз чимхэлцээд өгөөч гээд байна хамт явья гэхээр нь босоод хувцасаа өмсөөд Дамба ахынх руу эхнэрийн хамт явсан. Тэгээд Дамба ахынд очиход Дамба ах эхнэрийн хамт байсан өдөр нь гэртээ архи уусан байсан болохоор тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг мэдэхэд Дамба ахынд цагдаа нар ирсэн Дамба ахыг гэрээс нь аваад явсан тэгэхэд л ухаан орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/

            Гэрч Ж.Эрдэнэчимэгийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 30 ны өдөр гэртээ байж байтал Дэжид эгч утсаар дүү ирж сар шинийн бууз чимхэлцээд өгөөч гэхээр нь зөвшөөрсөн. Тэр үед манай нөхөр Э.Лхагвасүрэн ганцаараа нэг шил архи уусан байсан болохоор гэртээ үлдээх гэсэнээ болиод гарч яваад нэмээд архи уучих байх гэж бодоод дагуулаад Дамба ахынх руу явсан, Дамба ахынд очиход 15 цаг болж байсан шиг санаж байна. Тэднийд ороод удаагүй байхад Д.Ганчимэг гаднаас 2.5 литрийн пиво барьсан орж ирсэн. Тэгээд Дэжид эгч бүгдээрээ бууз хийхээсээ өмнө хоол хийж идье гээд гал дээр мах чанасан. Дамба ах өчигдөр жаахан архи уусан шартаад байна гээд Д.Ганчимэгийн авчирсан пивоноос уусан. Хоол болох зуур би буузны махыг нь амталсан. Тэгээд гал дээр тавьсан хоол унд нь болоод бид нар ширээ тойрч суугаад хоолоо идэж байх зуур нэг пиво тойруулж бид нар ууцгаасан. Тэгээд Дэжид эгч босоод жижиг өрөө рүүгээ ороод гурилаа зуурах гээд тэнд юм янзалж харагдсан Дамба ах мах идээд сууж байсан ба Д.Ганчимэг гэнэт ёолоод та намайг хутгаар зүсчихлээ гээд орилохоор нь би юу болсон бэ гээд Д.Ганчимэгийн цамцын сөхөөд хартал баруун ташааны хавиас нь цус гарч байсан. Тэгтэл цаад жижиг өрөөнөөс Дэжид эгч гарч ирээд яасан юу болсон бэ гээд Д.Ганчимэгийг шархыг нь боогоод бид хоёр Алтанбулаг эмнэлэг аваад явсан. Тэнд очоод эмчид үзүүлэхэд Д.Ганчимэгийн шарханд оёдол тавиад аймгийн нэгдсэн эмнэлэгт аваачиж үзүүлнэ гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/

            Гэрч Н.Гантулгын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг эмнэлэг дээр байхад 18 цагийн үед байх Аптанбулаг сумын иргэн Д.Ганчимэг нь хэвлийн баруун хажуу талдаа зүсэгдсэн шархтай уг шархаа давуугаар хэрж боосон өөрийн биеэр хүмүүсийн хамт ирсэн. Д.Ганчимэгээс юу болсон талаар асууж лавлахад миний хажууд мах идээд сууж байсан хүн хутгаараа хатгасан гэж анх хэлж байсан. Шархны боолтыг авч шалгаж үзэхэд ерөнхийдөө уг шархний өөхөн хэсэг нь наашаа бүлтийсэн, 2-3 см өргөн, шархлуу багаж хийж үзэхэд 4-5 см доошоо хавж хатгасан гүн шарх байсныг талбайг ариутган цэвэрлэж 3 оёдол тавьж боолт хийж Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар тал/

            Гэрч Б.Баттулгын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Иргэн С.Ренчиндамба нь манай багийн иргэн байгаа юм, С.Ренчиндамба нь эхнэр Дэжидийн хамт Аптанбулаг сумын 1 дүгээр баг Булагийн 2-9 тоотод оршин суудаг. Алтанбулаг хилийн боомтоор бараа гаргаж амьдардаг, хааяа архи уусан харагддаг болохоос энэ тэнд агсарч асуудалд үүсгэж байгаагүй. Хүмүүстэй нөхөрсөг, ажилч хөдөлмөрч амьдарлын төлөө гэсэн сэтгэлтэй хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/

            Гэрч Р.Ядамжавын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би С.Ренчиндамбатай 2005 оноос хойш найзалж байгаа. Манай С.Ренчиндамба нь ажилсаг хөдөлмөрч, шаргуу ажилдаг, эхэлсэн ажлаа дуусгаж чаддаг. Дуу муутай ч цөөхөн хэдэн үгээрээ марзаганаж хамт олныг хөгжөөж чаддаг.  Сүүлийн 10 гаруй жил ажил Алтанбулаг хилээр хүний бараа зөөж амьдарч байгаа. Архи дарс тэр болгон хэрэглээд байдаггүй. Хааяа баяр ёслолын үеэр архи дарс хэрэглэдэг. Сэтгэл сайтай хөдөлмөрч. Хэнд ч үгүй гэж хэлэхгүй очоод тусалж байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр тал/

            Гэрч Б.Батжавхлангийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн хүний хэвлийн өмнөд хажуу хэсэгт жижиг хатгагдсан байдалтай байсан. Шарх орчмоор овоож хөхөрсөн байдалтай байсан. Хэвлийн баруун талын ханан дагаад доош ташуу чиглэлтэй хутгалуулсан байсан. Шархыг урт металь зоонд зооноо шархлуугаа тултал хийгээд үзэж хэмжсэн. Зоон бол 5 мм өргөнтөй урт нарийнхан металь байдаг юм. Уг багажаар нь хутгалуулсан хүний шархны гүнийг хэмждэг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар тал/

      Шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №85 дугаартай:

“1.Д.Ганчимэгийн биед хэвлийн баруун хэсэгт шарх, хэвлийн баруун доод хэсэгт сул шингэн бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 38 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 19 дүгээр тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 21-24 дүгээр тал/

Хохирогчийн хэрэглэсэн эмийн хуудас болон өвчний түүхийн хуулбар /хх-ийн 49-53 дугаар тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 63-65 дугаар тал/

Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 68-69 дүгээр тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 дүгээр тал/

Хаан банкны тодорхойлолт /хх-ийн 72 дугаар тал/

      С.Ренчиндамбын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох

баримтуудыг дүгнэхэд

 

         Шүүгдэгч С.Ренчиндамба нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 17 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг Булагийн 2-9 тоот өөрийн гэртээ Д.Ганчимэгийг хутгалан түүний биед хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

         Үүнд: Шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Ганчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 14-17/, хохирогчоос гаргаж ирүүлсэн тодорхойлолт /хх-ийн 18/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-24/, гэрч  Э.Дэжидийн /хх-ийн 26/, Ж.Эрдэнэчимэгийн /хх-ийн 30-31/, Н.Гантулгын /хх-ийн 32/, Б.Батжавхлангийн /хх-ийн 35/ мэдүүлгүүд болон шинжээчийн 85 тоот дүгнэлт /хх-ийн 38/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-09/ зэрэг болно.               

        Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.

         Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.Ганчимэгийн мэдүүлэг нь гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шинжээч эмчийн дүгнэлтээр нотлогдож байна.

         Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Ренчиндамбад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан “..хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.  

         Иймээс шүүгдэгч С.Ренчиндамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан “...хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуулинд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч С.Ренчиндамбад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас хохирогчид хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа зэргийг харгалзан үзэв.

        Хохирогч Д.Ганчимэгийн зүгээс хэргийг шалгах явцад шүүгдэгч С.Ренчиндамбаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлэг өгч, тодорхойлолт гаргаж ирүүлсэнд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.

   Шүүгдэгч С.Ренчиндамба нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав. 

   Энэ гэмт хэргийн улмаас хураагдан ирсэн хар иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар заав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Аргаа овогт Самбарын Ренчиндамбыг мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Аргаа овогт Самбарын Ренчиндамбад мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар  шүүгдэгч С.Ренчиндамбыг оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5.Шүүгдэгч С.Ренчиндамба энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

7.Шүүгдэгч С.Ренчиндамбад урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ                                               Б.ЭРДЭНЭХИШИГ