Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/1020

 

 

 

 

 

 

 

 2024              9            05                                          2024/ДШМ/1020

 

 

Э.Эт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энхбат,

яллагдагч Э.Эийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/268 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор В.Батдэлгэрийн бичсэн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай эсэргүүцлээр Э.Эт холбогдох 1914002930194  дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын  илтгэснээр хянан хэлэлцэв.

Мааньт овгийн Э.Э, 1996 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Олон улс судлал мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД: ВЮ................/,

Э.Э нь үргэлжилсэн үйлдлээр У.Б“олон улсын нислэгийн билет авч зарах гэж байгаа” гэж хуурч, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 25,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өөрийн хаан банкны 5225421756 тоот дансаар залилан авч бусдад 30,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.О“олон улсын нислэгийн билет авч зарах гэж байгаа” гэж хуурч, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 50,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 12,500,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 7,000,000 төгрөг, нийт 69,500,000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өөрийн хаан банкны 5225421756 тоот дансаар залилан авч бусдад 69,500,000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан,

Б.Бд “олон улсын нислэгийн билет авч зарах гэж байгаа” гэж хуурч, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 36,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 39,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөг, нийт 95,000,000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өөрийн хаан банкны 5225421756 тоот дансаар залилан авч бусдад 95,000,000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан,

2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хооронд иргэн Б.Бгаас 282,000,000 төгрөг авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан бусдад 282,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

О.Дтэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр О.Дөөр дамжуулан Л.Саас 75,000,000 төгрөгийг зээлүүлэн авч бусдад их хэмжээний 75,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянхонгор аймгийн прокурорын газраас: Э.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбат нь яллагдагч Э.Эт яллах дүгнэлтийг яллагдагчид гардуулан өгөхдөө: “Яллагдагч Э.Э гэх гарын үсэг зурагдсан. Хэлэлцүүлэгт яллагдагч: “...унаанд өөр хүнээр өгч явуулсан, тэгээд унаанаас авахдаа гарын үсэг зурсан...” гэх тайлбараас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу прокурор яллах дүгнэлтийг яллагдагчид гардуулж өгөөгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болох яллагдагчийн хуульд заасан эрхийг зөрчиж байна.

Яллагдагчид гардуулсан гэх яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэг, хавсралтад гэмт хэргийн улмаас хаана, хэнд, хэчнээн хэмжээний хохирол, хор уршиг учирсан хэмжээ мөнгөн дүнгийн тэмдэглэл, хэн хэнд хэчнээн хэмжээний хохирол барагдуулсан, мөн хэчнээн хэмжээний хохирол барагдуулах тухай тусгаагүй, хавсралтдаа хэдэн хуудас яллах дүгнэлт гардуулж өгсөн нь тодорхойгүй зэрэг нь хууль ёсны үндэслэлтэй яллах дүгнэлт болж чадаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, түүнийг дагаж мөрдөх заавар журмыг ноцтой зөрчсөн, мөн яллагдагч Э.Э, түүний өмгөөлөгч нар болон хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг анхаарч хохирол, хор уршгийг нэг мөр шалгах...”

Яллах дүгнэлт гардуулаагүй буюу шүүхийн хэлэлцүүлэгт ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, яллах дүгнэлтэд дурдагдсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг үгүйсгэх, няцаах боломжийг хязгаарласан шүүх хуралдаанд мэтгэлцэх боломжийг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.8 дахь хэсэгт зааснаар албан ёсоор гардуулаагүй, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” зааснаар хэргийг прокурорт буцааж, яллагдагч Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Ж.Энхбатын эсэргүүцэлд: 1.“Прокурорын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 94 дугаартай яллах дүгнэлтийг гардуулахаар яллагдагчийг дуудуулсан боловч Баянхонгор аймагт яллагдагч нь ирээгүй тул тус аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Байгаль нь Улаанбаатар хотод яллах дүгнэлтийг яллагдагч Э.Эт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дах хэсэгт зааснаар гардуулан өгч, гарын үсэг зуруулсан. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.8 дахь заалтад “яллах дүгнэлтийг албан ёсоор гардуулаагүй тухай гомдол” гэж үзэх үндэслэлгүй. Хэдийгээр хяналтын прокурор Б.Байгаль нь яллах дүгнэлтийг гардуулан өгсөн тэмдэглэлд, хэзээ, хаана, хэдэн хуудас яллах дүгнэлт гардуулан өгснийг нөхөж бичээгүй нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш юм. Учир нь анхан шатны шүүх хурал дээр шүүгдэгчид яллах дүгнэлтийг гардуулах ажиллагааг өмгөөлөгчийг байлцуулан улсын яллагчаар хийлгүүлж, шүүх хуралдааныг завсарлуулан гардаж авсны дараа хуралдааныг цааш үргэлжлүүлэн хийснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй талаар Улсын Дээд Шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 646 дугаартай тогтоолоор дүгнэсэн байна.

2.Түүнчлэн тус шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЗ/347 дугаар захирамжаар "яллагдагчид гардуулсан гэх яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэг, хавсралтад гэмт хэргийн улмаас хаана, хэнд, хэчнээн хэмжээний хохирол, хор уршиг учирсан хэмжээ мөнгөн дүнгийн тэмдэглэл, хэн хэнд хэчнээн хэмжээний хохирол барагдуулсан, мөн хэчнээн хэмжээний хохирол барагдуулах тухай тусгаагүй, хавсралтдаа хэдэн хуудас яллах дүгнэлт гардуулж өгсөн нь тодорхойгүй зэрэг нь хууль ёсны үндэслэлтэй яллах дүгнэлт болж чадаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, түүнийг дагаж мөрдөх заавар журмыг ноцтой зөрчсөн, мөн яллагдагч Э.Э, түүний өмгөөлөгч нар болон хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг анхаарч хохирол, хор уршгийг нэг мөр шалгах, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/156 дугаартай захирамжаар "...хууль ёсны үндэслэлтэй яллах дүгнэлт болж чадаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, түүнийг дагаж мөрдөх заавар журмыг тус тус ноцтой зөрчсөн, мөн яллагдагч Э.Э, түүний өмгөөлөгч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг анхаарч хохирол, хор уршгийг нэг мөр шалгаж, хохирогчид учирсан хохирол төлбөр, одоо төлөх хохирол төлбөр, хохирогч нарын яллагдагчаас зөрүүтэй авсан мөнгөн төлбөрийг нэг мөр шалгаж холбогдох ажиллагааг хийлгэх”, гэх үндэслэлээр тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр 2 удаа хэргийг прокурорт буцаасан байхад дахин нэг төрлийн зөрчил гаргаж хэргийг шүүхэд шилжүүлж байгааг, мөн урьдчилсан хэлэлцүүлэгт яллах дүгнэлт үйлдсэн прокурор оролцуулах гэсэн боловч томилолтоор өөр прокурор оролцож байгааг тэмдэглэх нь зүйтэй гэснийг үзэхэд,

Прокурор нь мөрдөн байцаалтад буцаасан хэргийг хүлээн авч, дээрх захирамжуудад заасан ажиллагааг хийх, хохирогч нарт учирсан хохирлыг тодорхой болгохын тулд дахин шинжээч томилж, шинжээчийн дүгнэлтүүдийг нийт 4 удаа гаргуулсан. Үүнд:

-“Энх-нахиа” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 191, 192, 193, 194 дугаартай шинжээчийн дүгнэлт,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээний хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 21- ний өдрийн 249 дугаартай шинжээчийн дахин дүгнэлт,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын эдийн засгийн шинжилгээний хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 169 дугаартай шинжээчийн дахин дүгнэлт,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 113 дугаартай шинжээчийн дүгнэлтийг 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргуулсан.

Үүнээс Шүүх шинжилгээний ерөнхий газрын 113 дугаартай, 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтэд үндэслэн хохирогч нарт хэчнээн төгрөгийн хохирол учирсан, хохирол төлөгдсөн эсэх, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар яллах дүгнэлтийн хавсралтад тодорхой тусган дүгнэсэн.

Яллагдагчийн өмгөөлөгчөөс мөрдөн байцаалт болон прокурорын шатанд 2 удаа гаргасан хүсэлтийг прокурор, мөрдөгч нь бүрэн хангаж шийдвэрлэсэн ба эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулан дараах байдлаар үйл баримтад дүгнэлт хийн найруулсан. Тухайлбал, яллагдагч Э.Э нь Олон улсын нислэгийн билетийг хямд үнээр захиалж, өндөр үнээр борлуулж, ашгаа хувааж авна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан:

-Хохирогч Б 2018 оны 08 сарын 17-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 194,800.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5225421756 тоот дансаар шилжүүлэн авч, 190,100.000 төгрөгийг буцаан өгч, 4.700.000 төгрөгийг,

-Хохирогч Б.Бгаас 2019 оны 01 сарын 09-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд өөрийн хаан банкны 5225421756 тоот дансаар 226,000,000 төгрөгийг, Голомт банкны 2105124153 тоот дансаар 56,000,000 төгрөгийг, нийт 282,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, 26,500,000 төгрөгийг буцаан өгч, 255,500,000 төгрөгийг,

- Хохирогч Л.Саас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр О.Дөөр дамжуулан 75,000,000 төгрөгийг өөрийн хаан банкны 5225421756 тоот дансаар шилжүүлэн авч, 75,000.000 төгрөгийг залилан бусдад нийт 335.200.000 төгрөгийн буюу буюу их хэмжээний хохирол учруулсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн байна.

Гэтэл анхан шатны шүүх нь өмнөх захирамжуудыг нэр төдий дурдан, буцаах үндэслэл болгосон нь үндэслэлгүй ба яг ямар мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаартай “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай” тогтоолд заасан шаардлагыг шүүгчийн захирамж хангахгүй байна. Үүнд: Удиртгал хэсэгт хэргийн үйл баримтын талаар товч агуулгыг бичихдээ “яллах дүгнэлтэд дурдсанаар” гэж эхлэн яллах дүгнэлтэд огт бичигдээгүй үйлдлийг бичсэн нь прокуророос үйлдсэн яллах дүгнэлт болон хэргийг бүхэлд нь хянаагүй гэж үзэхээр байна.

            Иймд Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/268 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх...”,  мөн эсэргүүцэлтэй холбоотой тайлбар дүгнэлт /шүүх хуралдааны тэмдэглэл”

Яллагдагчийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Э.Э нь бөөрний дутагдалтай 5 дугаар үед орсон өдөрт 10 хайрцаг эм тариа хийлгэж байгаа. Хүнд өвчний улмаас байнгийн эмнэлгийн хяналтад байдаг. Энэ нөхцөл байдлаас болоод хэрэг түдгэлзэхэд хүрсэн. Баянхонгор аймгийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Эийг 2 сар цагдан хорих шийдвэр гаргаснаас үүдээд биеийн эрүүл мэнд хүндэрсэн. Э.Эт бөөрний донор олдохгүй бол амь насаараа хохирох эрсдэл тулгараад байгаа. Өмгөөлөгчийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт гаргаж энэ асуудлыг буцаахаас өөр аргагүй болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.8 дахь заалтад яллах дүгнэлт албан ёсоор гардуулаагүй тухай гомдол гэж заасны дагуу прокурор гардуулж өгөөгүй. Хэргийн хувьд нэг ангийн 6 хүүхэд мөнгө олох зорилгоор энэ ажлыг хийсэн. 4 нь мөнгө олсон. Баянхонгор аймгийн “Банк бус санхүүгийн байгууллага”-аас 4 хувийн хүүтэй мөнгө зээлж аваад Э.Эт өгөөд түүнээс 10 хувийн хүү авна гэж тооцсон учраас энэ хүмүүс алдаа гаргасан. 4 шатны шинжээчийн дүгнэлтээр илүү мөнгө авсан нь тогтоогдсон. Яагаад нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэхээр, Баярмаа гэх хүн хүү Дөлгөөнийхөө өмнөөс хохирогчоор тогтоогдоод 23.000.000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр 25.000.000 төгрөг илүү авсан талаар баримт тогтоогдсон байдаг. 25.825.000 төгрөг хэний тооцон дээр нэмэх, хасах талаарх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох нь зүйтэй гэж 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 113 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Гэтэл энэ нөхцөл байдалд 25.825.000 төгрөгийг н.Эрдэнэсүрэн миний дансаар их мөнгө орж гараагүй., би мэдэхгүй байна гэж тайлбар өгдөг. Энэ мөнгө хэнээс гараад, хэний дансанд орсон талаар тогтоогоогүй. Мөн хариуцлагын талаар нээлттэй үлдсэн. Хохирлын хэмжээ 180.000.000 төгрөг гэж маргадаг. 20.000.000 төгрөгийг авахгүйгээр хохирлыг төлөх боломжгүй байна. н.Сэргэлэнбаатар иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоод мөнгийг хариуцах хүн Б.Б гэж тогтоогдсон хавтаст хэргийн материалд байгаа. Гэтэл сүүлийн яллах дүгнэлтээр Сэргэлэнбаатар нь хохирогчоор тогтоогдсон. Шүүх энэ асуудлыг яаж шийдвэрлэх нь ойлгомжгүй. Өмгөөлөгчийн хувьд 3-4 жил энэ хэргийн араас явж байна. Шүүгдэгчийн амь насанд аюул учраад байдаг. Хохирлын тооцоог шинжээч нар тодорхой гаргасан байхад. Мөрдөгч 3 хүний дансны хуулга гаргаж ирээд тооцоолол хийж чадахгүй байгаа. Шүүгдэгчийг таслан сэргийлэх арга хэмжээ авч цагдан хорьсонгүй гэж ярьж байгааг ойлгохгүй байна. Хавтаст хэрэгт бүх баримт байгаа. Хэргийн зүйлчлэл буруу, хэргийн харьяалал буруу хэлэх үг олдохгүй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Үүнд :  

1. Анхан шатны шүүхээс “шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” үндэслэлд хамаарахгүй асуудлаар хэргийг прокурорт буцаасан, мөн  тус шийдвэрийн дүгнэлт хэсэг нь хэрэгт авагдсан нотлох баримтын холбогдох эх сурвалжид бодитой үндэслэгдээгүй байна. 

1.1. Яллагдагч Э.Эт яллах дүгнэлтийг гардуулаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Яллах дүгнэлтийг 2024.05.16-ны өдөр үйлдсэн, тус дүгнэлтийг гардуулсан баримтад ”...гардан авсан яллагдагч Э.Э гэж гарын үсэг зурсан /8хх-1-23/, прокуророос тухайн хэрэг 2024.05.28-ны өдөр шүүхэд шилжсэн /8хх-24/, 2024.07.02-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт “яллагдагч Э.Эээс “яг прокурор нь өөрөө биш өөр хүнээр дамжуулж явуулсныг авсан, авахдаа гарын үсэг зурсан, Баянхонгорын прокурорын хүнээр өгч явуулсан байсан” тухай мэдүүлсэн /8хх-56/, прокурорын эсэргүүцэл, тайлбарт Б.Байгаль прокурор гардуулсан өгсөн талаар дурдсан зэргээс үзэхэд “яллах дүгнэлт”-ийг яллагдагч Э.Э гардан авчээ.

Харин яллах дүгнэлтийг гардуулсан баримтад огноо, зарим мэдээлллийг тэмдэглээгүй нь алдаа байх боловч энэ нь яллах дүгнэлтийг огт гардуулаагүй гэж үзэх үндэслэл болохгүй тул “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу оролцогчийн эрхийг хязгаарласан, мөн шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэж үзэх үндэслэлд хамаарахгүй.         

1.2. Шүүгчийн захирамжаар тус хэргийг урьд 2 удаа буцаасан байхад дахин “нэг төрлийн зөрчил” гаргаж шүүхэд шилжүүлж байгааг тэмдэглэсэн нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй, харин ойлгомжгүй, тодорхойгүй байдлыг үүсгэжээ.

Учир нь, 2018, 2019 онд үйлдэгдсэн гэх тухайн эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээс 2022.07.07, 2023.05.31-ний өдрүүдэд нийт 2 удаа прокурорт буцаасан байх боловч энэ хүрээнд мөрдөн шалгах зохих ажиллагаанууд давтан хийгдэж /6, 7-р хавтас/ улмаар Улсын дээд шүүхээс харьяалал тогтоосны дагуу эрүүгийн нийт  8 хавтас бүхий хэргийг 2024.05.28-ны өдөр Налайх дүүргийн анхан шатны шүүхэд шилжжээ.     

Налайх дүүргийн анхан шатны шүүхээс тухайн хэрэгт “нотолбол зохих байдал”-уудаас ямар хэсгийг нотлоогүй буюу шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ямар ажиллагаануудыг нэмж хийлгэх талаар хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар огт дүгнээгүй байх тул зөвтгөх боломжгүй.

Нэгэнт Улсын дээд шүүхээс харьяалал тогтоосон байх тул шүүхийн харьяаллын маргаангүй болохыг тэмдэглэв.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар “урьдчилсан хэлэлцүүлэг”-ээр яллагдагч нарын гэм бурууг хэлэлцэхгүй, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах” тул хэргийн бодит байдал, яллагдагчийн гэм буруу, хохирол, хор уршиг зэрэгт хамаарах нотлох баримтын стандарт шаардлага хангагдсан эсэх зэрэг асуудлуудыг шүүх хуралдаанаар талуудыг мэтгэлцүүлэх, нотлох баримт харьцуулан шалгах, талуудын хүсэлтээр зарим оролцогч нарыг хуралдаанд оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах, улмаар оролцогч, талуудын судалсан баримт, дүгнэлтийг бүх талаас нь бодит байдлаар шалгаж, үнэлсний эцэст хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэх ёстой болно.  

3. Хэрэв шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхэд прокурорт даалгах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар оролцогч талуудын гомдол, өөрийн санаачилгаар зарим асуудлыг шийдвэрлэхийг прокурорт даалгах нь зөвхөн анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ юм.    

Тухайлбал, яллах дүгнэлт, түүний хавсралтад зохих алдаа гарсан бол залруулга хийлгэх эсхүл прокурорт даалгаж шийдвэрлүүлэх боломжтой.

4. Яллах дүгнэлтэд яллагдагчийн холбогдсон 3 хэргийг бичсэн байхад анхан  шүүгчийн захирамжид 5 гэмт хэргийг бичих зэргээр алдаатай бичсэн байгааг тэмдэглэв.  

5. Яллагдагч Э.Эт холбогдох эрүүгийн хэрэгт хийгдсэн мөрдөн шалгах болон прокурорын хяналтын ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийг прокурорт буцаах тухай анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 36.2 дугаар зүйлийн 3-т заасан ”шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэх” шаардлагад нийцээгүй гэж дүгнэв.

Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/268 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурор Ж.Энхбатын бичсэн эсэргүүцлийг хангаж шийдвэрлэлээ. 

Яллагдагч Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/268 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.   

2. Яллагдагч Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.     

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОЧМАНДАХ

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

 

                          ШҮҮГЧ                                                         Г.ГАНБААТАР