Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00526

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Г ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/00274 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Г ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Б д холбогдох, амины орон сууц, газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, олох байсан түрээсийн орлого 142,500,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, амины орон сууц болон газрын өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээний нэр шилжүүлэхийг даалгах, хэлцлийн үнэд илүү төлсөн 225,569,987 төгрөгийг буцаан гаргуулах тухай хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М , хариуцагч М.Б , түүний өмгөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Ч.Г нь М.Б гийн хүсэлт, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж өөрийн өмчлөлийн 0 тоот хаягт байршилтай 272 м.кв талбай бүхий амины орон сууцанд түр хугацаагаар суулгасан. Гэтэл М.Б болон түүний гэр бүл тус амины орон сууцанд 2016 оны 12 сараас одоог хүртэл амьдран сууж байгаа бөгөөд учир шалтгаангүйгээр түүнийг чөлөөлөхгүй, өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө захиран зарцуулах эрхийг зөрчсөөр байна.

Иймд амины орон сууцыг М.Б болон түүний гэр бүлийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргаж байна. Мөн амины орон сууц, авто гарааш ашигласан хугацааны төлбөрийг тухайн үеийн байр хөлслүүлэх ханш болох сарын 2,500,000 төгрөгөөр тооцон нийт 142,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2.   Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: М.Б нь өөрийн үеэл ах болох Ч.Г аас одоогийн амьдарч буй 0 тоот хаягт байршилтай амины орон сууцыг худалдаж авсан. М.Б гийн хувьд дээрх амины орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан аваагүй боловч түүний үнэд өөрийн эзэмшлийн 34 хувийн хувьцааг ямар нэгэн үнэ төлбөргүйгээр шилжүүлэх замаар төлсөн.

Иймд Ч.Г ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Сөрөг нэхэмжлэлийн агуулга: М.Б нь С ХХК-ийг үүсгэн байгуулж, 34 хувийг эзэмшдэг байсан. Өөрийн эзэмшлийн 34 хувийн хувьцааг үнэ төлбөргүйгээр шилжүүлж өгсөн. Ч.Г нь 2016 оны 09 сард хувьцаа шилжүүлж авахдаа өөрийн өмчлөлийн амины орон сууцаа зарна гэж ярьдаг байсан ба 2016 оны 12 сард Ч.Г ...амины орон сууц зарагдахгүй байна чи авах уу... гэдэг санал тавиад үнийг 350,000,000 төгрөг гэж тохиролцсон. Мөн хувьцаанаасаа тооцъё гэж хэлсэн. Ч.Г нь М.Б гийн шилжүүлсэн хувьцаанаас 14 хувийг 2020 оны 05 сарын 04-ний өдөр бусдад 250,000 ам.доллар буюу 575,569,987 төгрөгөөр зарсан болно.

Иймд М.Б г амины орон сууц болон газрын өмчлөгчөөр тогтоож, түүний нэр дээр гэрчилгээг шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, хэлцлийн үнэд илүү төлсөн 225,569,987 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.

 

4.   Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Компанийн хувьцаа эзэмшигчдийн асуудал өөр тусдаа зүйл бөгөөд дээрх амины орон сууцтай огт хамааралгүй юм. С ХХК нь 2016 оны 09 сарын байдлаар бусдад 800,000,000 орчим төгрөгийн өртэй, 50:50 хувийн 2 хувьцаа эзэмшигчидтэй байсан. М.Б нь таныг хувьцаа эзэмшигчээр үнэ төлбөргүй оролцуулъя, компанийн үйл ажиллагаа, төсөл, тендерт ороход минь хөрөнгийн баталгаа гаргаж санхүүжилтээр тусалж дэмжээч гэж хүссэн. М.Б гийн саналыг хүлээн зөвшөөрч миний бие 2016 оны 09 сарын 26-ны өдөр С ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч байсан Г.Х ын хувьцааны 20 хувийг, мөн 50 хувийн хувьцаа эзэмшигч байсан М.Б гийн хувьцааны 10 хувийг, нийт 30 хувийг шилжүүлж авах гэрээ байгуулж, хуулийн дагуу хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн. Түүнээс хойш компанийн үйл ажиллагааг дэмжин ажилласан. Өнөөдрийг хүртэл нийт 1,235,358,097.28 төгрөгийг зардалд зарцуулсан. М.Б нь 2018 оны 01 сарын 19-ний өдөр С ХХК-ийн шинэчилсэн дүрэм батлахдаа Ч.Г ийн гарын үсгийг хуурамчаар зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн баримтын хамт хавсаргаснаар М.Б нь шүүхэд хуурамч нотлох баримт гарган өгч хууль бусаар асуудалд хандаж байгаагаа батлан харуулж байна. М.Б нь 2018 онд байгуулагдсан С к ХХК-д өөрийн эзэмшиж байсан хувьцааны 10 хувийг Ч.Х , түүний эзэмшдэг М э т г ХХК-д тодорхой үнээр худалдсан болно. Энэ нь М.Б д огт хамааралгүй компанийн хувьцааны тухай асуудал юм. Харин дээрх хувьцаа арилжсанаас хойш С к ХХК-д миний эзэмшиж байсан 10 хувийн хувьцааг М.Б нь Т.Ч д 2020 оны 12 сарын 30-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээгээр худалдаж, хувьцааны бүх төлбөрийг М.Б өөрөө авсан бөгөөд миний 10 хувийн хувьцаанд ногдох нэг ч төгрөг өнөөдрийг хүртэл надад өгөөгүй байгаа нь шударга бус үйлдэл юм.

Иймд М.Б гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар ... тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй, амины орон сууцны зориулалттай 272м.кв талбай бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч М.Б гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлэээс 142,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй тул хариуцагч М.Б гийн нэхэмжлэлтэй ... нутаг дэвсгэрт байршилтай нэгж талбарын 0 дугаар бүхий 688 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эзэмших эрхтэй газар болон ... тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй, амины орон сууцны зориулалттай 272м.кв талбай бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, 225,569,987 төгрөг гаргуулах тухай Ч.Г т холбогдох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,123,600 төгрөгөөс 1,098,600 төгрөгийг улсын төсөвт үлдээж, улсын төсвөөс илүү төлсөн 25,000 төгрөг, хариуцагч М.Б гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Г т олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,355,980 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч М.Б гаас улсын тэмдэгтийн хураамжид 1,837,750 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн.

 

6.   Давж заалдах журмаар гаргасан хариуцагч талын гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

а. С ХХК нь өөрийн эзэмшлийн хувьцаанаас 2016 оны 09 сарын 23-ны өдөр 10 хувийг, дараа нь 24 хувийг, нийт 34 хувийг ямар нэгэн төлбөргүйгээр шилжүүлж, Ч.Г нь 350,000,000 төгрөгөөр тооцож өөрийн өмчлөлийн амины орон сууцыг М.Б д өгөхөөр тохиролцсон боловч нэхэмжлэгч Ч.Г нь харилцан тохиролцсоноосоо буцаж хувьцаа худалдсан мөнгө болон амины орон сууцтайгаа үлдэж байгаа нь шударга бус байна. Хувьцаа худалдсан мөнгө болох 575,569,987 төгрөгөөс Ч.Г тай тохиролцсон мөнгө болох 350,000,000 төгрөгийг хасч, зөрүү мөнгө болох 225,569,987 төгрөгийг М.Б нь Ч.Г аас нэхэмжлэх эрхтэй.

б. Анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийг М.Б гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэхдээ М.Б г тухайн орон сууцанд 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамт амьдарч байгаа болон нэхэмжлэгч шаардлагаа хэрхэн нотолсон, сөрөг шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг тухайн хэрэгт яагаад хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзсэн талаар огт дүгнээгүй.

в. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5, 492 дугаар зүйлд заасан асуудлаар дүгнэлт хийгээгүй, энэ талаар талууд хангалттай мэтгэлцээгүй, хариуцагч М.Б нь тухайн амины орон сууцанд нөхөр, хүүхдүүд, бэрийн хамт амьдарч байхад эдгээр хүмүүсийг энэ талаар мэдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй байхад оролцуулаагүй.

г. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтаар хариуцагч М.Б гаас улсын тэмдэгтийн хураамжид 1,837,750 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж дүгнэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Албадан чөлөөлүүлэхэд 70,200 төгрөг, түрээсийн төлбөр 142,500,000 төгрөг гаргуулахад 870,450 төгрөг, нийт 940,650 төгрөг, М.Б нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 140,400 төгрөг, 225,569,987 төгрөг гаргуулахад 1,285,799 төгрөг, нийт 1,426,199 төгрөг тушаасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

7.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Талуудын хооронд мөнгө өгсөн, авсан зүйл байхгүй. Шүүх талуудын гаргаж өгсөн болон шүүгчийн захирамжийн дагуу цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

2.   Нэхэмжлэгч Ч.Г нь өөрийн өмчлөл, эзэмшлийн амины орон сууц, газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, олох байсан түрээсийн орлого 142,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч М.Б бүхэлд нь эс зөвшөөрч, дээрх амины орон сууц, газрын өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлэхийг даалгах, хэлцлийн үнэд илүү төлсөн 225,569,987 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг шаардлага гаргаж, зохигчид харилцан маргажээ. /1хх 1-2, 25, 53-54, 82-84, 2хх 205, 241, 242/

 

3.   Хэрэгт авагдсан 000461393 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 6/, 000674872 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /1хх 7/ зэргээс үзэхэд маргаан бүхий... тоот хаягт байршилтай 272 м.кв талбайтай амины орон сууцны өмчлөгч, 688 м.кв газрын эзэмшигчээр Ч.Г улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна.

 

4.   Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй боловч уг эрхийн үндэслэл нь хариуцагч түүний хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ байлгах явдал болно.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ч.Г ийн дээрх шаардлагыг хангахад хариуцагч М.Б нь маргаан бүхий амины орон сууц, газрыг хууль бусаар эзэмшиж байгаа гэх нөхцөл байдал хэргийн баримтаар эргэлзээгүйгээр тогтоогдсон байх учиртай.

 

5.   Хэрэгт авагдсан 2016 оны 09 сарын 23-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Худалдах, худалдан авах гэрээ-гээр М.Б нь С ХХК-д өөрийн эзэмшдэг 100 ширхэг хувьцаа буюу 10 хувийн хувьцааг Ч.Г т шилжүүлэхээр харилцан тохиролцсон байдал /1хх 57-58, 59/, улмаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа-гаар 2016 оны 09 сарын 26-ны өдөр Ч.Г нь С ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байдал /2хх 65-66/, үүний дараа 2016 оны 12 сард Ч.Г аас маргаан бүхий амины орон сууцыг М.Б гийн эзэмшилд шилжүүлэн өгсөн үйл баримт, Голомт банк ХХК-ийн 2020 оны 06 сарын 04-ний өдрийн Төлбөрийн баримт-аар Б.Ч оос С ХХК-ийн 14 хувийн хувьцааны үнэ Ч.Х гэх гүйлгээний утгатайгаар Ч.Г ийн эзэмшдэг данс руу 205,005 ам.доллар шилжүүлсэн байдал /2хх 9, 10, 11/ зэргээс үзэхэд ...М.Б гийн ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзээд амины орон сууцандаа түр амьдруулсан... гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй байна.

 

6.   Иймд зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад нэр дурдагдсан этгээдүүд болох Г.Х , Т.Ч , Ч.Х нар маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болзошгүй нөхцөл байдлыг мэдэх эсэх талаар зохигчдоос тодруулж, М.Б , Ч.Г нарын хооронд хийгдсэн 2016 оны 09 сарын 23-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Худалдах, худалдан авах гэрээ хариу төлбөртэй байсан эсэхийг эргэлзээгүйгээр тогтоосны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх учиртай.

 

7.   Дээрх үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааныг нэг мөр шийдвэрлэх боломжгүй гэж үзэн, шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/00274 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 02 сарын 28-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.НЯМБАЗАР