| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 2202002490361 |
| Дугаар | 2024/ДШМ/1021 |
| Огноо | 2024-09-05 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Ууганбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2024/ДШМ/1021
2024 9 05 2024/ДШМ/1021
Ц.Д, Л.Ц, Г.М
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Ууганбаяр,
шүүгдэгч Ц.Дгийн өмгөөлөгч Д.Баттөмөр,
шүүгдэгч Л.Ц, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/725 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Цийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын гаргасан гомдлоор Ц.Д, Л.Ц, Г.М нарт холбогдох 2202002490361 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Долоон ноёд овгийн Л.Ц, 1981 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдийн хамт ................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................./,
Хэрэйд овгийн Ц.Д, 1988 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн удирдлага мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт ....................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....................../,
Ханхөхий овгийн Г.М, 1987 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймагт төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Улсын Их Хурлын тамгын газарт бие төлөөлөгч-туслах ажилтай, ам бүл 4, нөхөр охины хамт ................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ОК87040507/,
1. Шүүгдэгч Л.Ц нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга /Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах “...Нийтийн албан тушаалтан”/-аар томилогдон ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэгт заасан өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх...”; 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт заасан “...албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах...”,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасан “...албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх...”; 7.1.3 дахь хэсэгт заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах...” гэснийг тус тус зөрчиж Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1 дүгээр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2021-2022 оны хөтөлбөр”-ийг батлах тухай тогтоолоор батлагдсан “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-т заасан Иргэн, аж ахуйн нэгжид санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хэсгийг 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар байгуулж ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-ийн 4-т заасан “Аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 35 ба түүнээс дээш насны энэ хөтөлбөрийн 2.3, 2.4-т заасан хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэний боловсруулсан ажлын байр бий болгох, хадгалах, хамгаалах зорилготой төслийг хэрэгжих үндэслэлийг харгалзан шалгаруулж, 5.000.000 хүртэл сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатайгаар нэг удаа олгоно” гэсэн шаардлагыг хангахгүй иргэн Г.Мгийн “тус шаардлагыг хангаж буй иргэн Б.Үын нэр, бичиг баримтаар хөтөлбөрт хамрагдаж, санхүүжилт авах хүсэл зорилгыг хэрэгжүүлэх” үүднээс өөрийн шууд удирдлагад ажилладаг Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ц.Дд иргэн Б.Үын нэрээр ирүүлсэн оёдол, эсгүүр урлалын төслийг газар дээр нь шалгахгүй, хөтөлбөрт тэнцүүлэхээр “Б.Үын ажлын байрыг шалгаад хэрэггүй, шалгасан гээд энэ зургийг хавсаргачих, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 10-278 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг гээд биччих” гэж хууль бус үүрэг даалгавар өгч, улмаар хөтөлбөрт тэнцүүлж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн №37 дугаартай “Эргэн төлөгдөх” нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ”-г иргэн Б.Үын нэрээр Г.Мтай байгуулж 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 5.000.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг Г.Мд олгож давуу байдал бий болгосон,
2. Шүүгдэгч Ц.Д нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа: Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Цтэй бүлэглэн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т заасан “...өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх...”; 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт заасан “...албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах...”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасан “...албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх..."; 7.1.3 дахь хэсэгт заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах...” гэснийг тус тус зөрчиж Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2021-2022 оны хөтөлбөр”-ийг батлах тухай 1 дүгээр тогтоолоор батлагдсан “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-т заасан Иргэн, аж ахуй нэгжид санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хэсгийг 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар байгуулагдсан комиссын үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-ийн 4-т заасан “Аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 35 ба түүнээс дээш насны энэ хөтөлбөрийн 2.3, 2.4-т заасан хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэний боловсруулсан ажлын байр бий болгох, хадгалах, хамгаалах зорилготой төслийг хэрэгжих үндэслэлийг харгалзан шалгаруулж, 5 000 000 хүртэл төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатайгаар нэг удаа олгоно” гэсэн шаардлагыг хангахгүй иргэн Г.Мгийн тус шаардлагыг хангаж буй иргэн Б.Үын нэр, бичиг баримтаар хөтөлбөрт хамрагдаж, санхүүжилт авах хүсэл зорилгыг хэрэгжүүлэх үүднээс Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Цийн өгсөн “Б.Үын ажлын байрыг шалгаад хэрэггүй, шалгасан гээд энэ зургийг хавсаргачих Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 10-278 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг гээд биччих” гэх хууль бус үүрэг даалгаврын дагуу гэрэл зургийг төсөл хөтөлбөрийн танилцуулгад хавсарган өгч улмаар хөтөлбөрт тэнцүүлж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаартай “Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ”-г иргэн Б.Үын нэрээр Г.Мтай байгуулж 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг Г.Мд олгож давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,
3. Шүүгдэгч Г.М нь цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн 4-т зааснаар “”Аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 35 ба түүнээс дээш насны энэ хөтөлбөрийн 2.3, 2.4-т заасан хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэний боловсруулсан ажлын байр бий болгох, хадгалах, хамгаалах зорилготой төслөөс зээл авах зорилгоор дээрх төслийн шаардлагыг хангаж буй иргэн Б.Үын нэр, бичиг баримтаар төсөл хөтөлбөрт хамрагдаж, санхүүжилт авах хүсэл зорилготой мэтээр баримтуудыг бүрдүүлэн, Б.Үын нэрээр ирүүлсэн оёдол, эсгүүр урлалын төсөл нэрээр холбогдох баримтуудыг бүрдүүлэн Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс 2021 оны 7-р сарын 6-ны өдрийн 37 дугаартай “Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ”-г иргэн Б.Үын нэрээр тэрээр байгуулж 2021 оны 7-р дугаар сарын 9-ний өдөр 5 000 000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг авч өөртөө давуу байдал болгосон гэмт хэргийг үйлдсэн буюу Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн эрх мэдэл бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Л.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Ц.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Г.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн Прокурорын газраас Ц.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Ц.Дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, Шүүгдэгч Л.Цийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд, шүүгдэгч Г.Мг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Л.Цийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Л.Ц, Г.М нарт тус бүр оногдуулсан 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 03 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, Л.Ц нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг үндсэн ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Л.Ц, Г.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мгаас 5,000,000 /таван сая/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.Цийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Шүүгдэгч Л.Ц нь ... хууль зөрчиж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,...Хөтөлбөрийн шаардлага хангахгүй Г.Мгийн тус шаардлагыг хангаж буй иргэн Б.Үын нэр, бичиг баримтаар хөтөлбөрт хамрагдаж, санхүүжилт авах хүсэл зорилгыг хэрэгжүүлэх үүднээс өөрийн шууд удирдлагад ажилладаг БЗД-ын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ц.Дд иргэн Б.Үын нэрээр ирүүлсэн оёдол, эсгүүр урлалын төслийг газар дээр нь шалгахгүй, хөтөлбөрт тэнцүүлэхээр Б.Үын ажлын байрыг шалгаад хэрэггүй, шалгасан гээд энэ зургийг хавсаргачих, БЗД-ийн 14-р хороо, Консулын 10-278 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг гээд биччих” гэж хууль бус үүрэг даалгавар өгч, улмаар хөтөлбөрт тэнцүүлж, 2021.07.09-ний өдөр 5.000.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг Б.Мөнхтуяад олгож давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөвөөр үнэлэж, дүгнэж чадаагүй, хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна.
Шийтгэх тогтоолд миний үйлчлүүлэгч Л.Цийн үйлдлийн талаар дүгнэхдээ хавтаст хэрэгт авагдсан гэрч С.О, Э.У, Б.Ү, Ө.Д, Б.П, Б.С, Ц.Онарын мэдүүлгийг дурдсан байх боловч эдгээр гэрчүүдийн алинд нь ч миний үйлчлүүлэгч Л.Ц нь шүүгдэгч /цагаатгагдсан этгээд/ Ц.Дд хууль бус үүрэг өгсөн, Б.Ү гэх этгээдийн хөтөлбөрийн материалд тооцуулахаар зураг өгсөн гэх үйл баримт дурдагдаагүй, нотлогдон тогтоогдоогүй байна. Тухайлбал: Хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Сын мэдүүлэг /1хх 46- 47 “... хуралдаан дээр мэргэжилтэн Ц.Д Б.Үын төслийн ажлын байрны гэрэл зураг гээд танилцуулга гаргаж ирсэн” гэх талаар, гэрч Б.Пийн мэдүүлэг /1хх 41/: “... ажлын хэсгийн хурал дээр Б.Үын төслийг очиж шалгаж чадаагүй тул танилцуулга бэлдээгүй байсан. Тэгтэл хурлын дундуур Ц.Д мэргэжилтэн Б.Үын төсөл гээд танилцуулга өгсөн” гэх талаар тус тус дурдсан байх бөгөөд энэхүү зураг, танилцуулга гэх материалыг Л.Ц нь Ц.Дд өгсөн гэх үйл баримт бусад этгээдийн мэдүүлэгт дурдагдаагүй байна. Гэтэл шүүхээс тус хэрэгт холбогдон шалгагдаж буй шүүгдэгч, үнэн зөв мэдүүлэг тайлбар өгөх үүрэггүй этгээд болох Ц.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өөрийгөө хамгаалж өгсөн, эх сурвалжгүй, өөр бусад мэдүүлэг баримтуудтай зөрчилдөж байгаа мэдүүлгийг 100 хувь үнэн зөв мэтээр дүгнэж, Л.Ц нь хууль бус үүрэг чиглэл өгсөн, Л.Ц нь хуурамч баримтыг Ц.Дд өгч материалд хавсаргуулсан гэж үзэж байгаа нь илтэд үндэслэлгүй байна.
1. Яллагдагч /шүүгдэгч/ ял шийтгэл хүлээхээс эмээж, худал мэдүүлэг өгч болзошгүй ба ийнхүү худал мэдүүлэг өгснөөр хариуцлага хүлээдэггүй. 2. Бусдын нөлөөгөөр өөр хүний үйлдсэн гэмт хэргийг хүлээж, энэ талаар мэдүүлэг өгч байж болзошгүй, 3. Үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээдэггүй тул хэргийг ямар нэгэн аргаар өөрийн талд ашигтайгаар шийдвэрлүүлэх сонирхол давамгайлсан байдаг зэрэг хүчин зүйлийг харгалзан онцгой анхаарах шаардлагатай байдаг. Иймд шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх явцад ... мэдүүлгүүдийг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай харьцуулан авч үзэх ёстой. ... “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцож болох хэдий ч уг мэдүүлэг дангаараа түүнийг /бусдыг/ яллах үндэслэл болохгүй” гэдгийг дурдах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг буюу гэмт этгээд тухайн үйлдэл нь хууль бус гэдгийг мэдэж, хууль бус үйлдлийнхээ улмаас бусдад давуу байдал бий болох үр дагаврыг хүсэж үйлдсэнээр гэмт хэргийн шинж хангагддаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар миний үйлчлүүлэгч Л.Ц нь шүүгдэгч Г.М нь “хуурамч баримт бичиг бүрдүүлэн, хуурч, бусдын баримт бичгийг ашиглаж, өөртөө давуу байдал бий болгох зорилготой үйлдэл” хийж байгаа талаар огтхон ч мэдээгүй этгээд бөгөөд түүний хувьд Г.М нь “манай эгч Үүрцайх гэх хүний төсөл юм, анхаарчхаарай” гэж хэлсэн үгийг сонсоод энэ Үүрцайх гэдэг хүний материалыг Г.М ашиглаж, хууль бусаар өөртөө давуу байдал бий болгуулах, хууль бусаар зээлд хамрагдах гэж байна гээд сэтгэж, ургуулж, зохиож бодох, Г.Мгийн хэлсэн үгнээс цаана нь хийгдсэн үйл ажиллагааны талаар ойлголтод хүрэх ямар ч боломжгүй юм. Өөрөөр хэлбэл бусдыг буюу Б.Мөнхтуяа нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор дээрх үйлдлийг бие даан гүйцэтгэж байгаа гэх үйл баримтыг Л.Ц мэдсээр байж санаатайгаар дэмжсэн гэж үзэх үндэслэл хангалттай тогтоогдохгүй байна. “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь ойролцоо төрлийн Хайнга хандах /Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйл/ гэмт хэргээс гэмт хэргийн субъектив талын шинжээрээ буюу гэм буруугийн хэлбэр, сэдэл, зорилго зэргээрээ ялгагддаг бөгөөд энэхүү ойролцоо төрлийн 2 хэргийн зүйлчлэлийг ялгаж, зааглахын тулд хэрэгт авагдсан баримтуудаар гэмт этгээдийн тухайн гэмт үйлдэлдээ хандсан санаа зорилго, сэдэл, гэм буруугийн хэлбэрийг нарийвчлан тогтоох шаардлагатай ба миний үйлчлүүлэгч Л.Цийн үйлдэлд гэмт хэргийн субъектив талын шууд санаатай, бусдыг гэмт хэрэг үйлдэж байгааг лавтай мэдэж, дэмжлэг үзүүлсэн, хамтран оролцсон гэх шинж тогтоогдохгүй байна. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021.02.09-ний өдрийн 1 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн 4.1.2 дахь хэсэгт “Төслийг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн даргын тушаалаар байгуулсан ажлын хэсэг шалгаруулах ба сонгон шалгаруулалтын үе шат бүрийг ил тод, нээлттэй иргэдийн оролцоог хангасан байдлаар зохион байгуулна. Шаардлагатай тохиолдолд төслийн санал ирүүлсэн иргэн өөрийн төслийг ажлын хэсэг болон ажлын хэсгийн үйл ажиллагааг хянаж байгаа иргэдийн төлөөлөлд танилцуулж болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулах иргэдийн төслийг сонгон шалгаруулах эрх нь ажлын хэсэгт байдаг бөгөөд сонгон шалгарсан төсөл ирүүлсэн иргэнтэй гэрээ байгуулах үүрэгтэй. Миний үйлчлүүлэгч Л.Ц нь өөрийн ажил албан тушаалд хамаарах хяналт тавих чиг үүргээ дутуу хэрэгжүүлсний улмаас бусдад буюу Г.Мд давуу байдал үүссэн байхыг үгүйсгэхгүй боловч анхнаасаа тус хэрэгт Г.Мтай ашиг сонирхлын хувьд нэгдэж, түүнд давуу байдал бий болгох зорилго агуулаагүй гэдэг байр суурийг илэрхийлж байгаа юм. Түүний хувьд албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд субъектив санаа зорилгоор Г.Мтай нэгдсэн, бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үйл баримт нотлогдон тогтоогдоогүй байгаа юм. Түүний ажил үүрэгтээ хайнга хандсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн зарим шинжийг агуулж байх боловч тус зохицуулалтад албан тушаалтны хайнга хандсан /гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хандсан/ үйлдлийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэж гэмт хэрэгт тооцохоор зохицуулсан байх тул тус гэмт хэргийн шинжийг хангаагүй, харин Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалдаа хайнга хандсан, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд заасны дагуу хариуцлага тооцвол зохих асуудал гэж үзэхээр байна.
Иймд миний үйлчлүүлэгч Л.Ц нь Г.Мгийн өөртөө давуу байдал бий болгохоор бусдын бичиг баримт, хуурамч төслийн материал ашиглан, төсөл сонгон шалгаруулалтад оролцсон болохыг анхнаасаа мэдсэн гэж үзэх үндэслэлгүй, тус хэрэгт гэм буруугийн санаатай хэлбэрээр хамтран оролцоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалт, тус заалтын тайлбарласан улсын дээд шүүхийн 2023.05.08-ны өдрийн №24 дугаартай тогтоолд тусгагдсан “гэм буруутай эсэхэд” гэх ойлголтод ... шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд үүссэн эргэлзээг ойлгоно, “эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал” гэдэгт ... нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хуульд заасан гэмт хэргийн шинжтэй харьцуулан жишиж, зүйлчлэл хийх үед үүссэн эргэлзээг ойлгоно, “шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан шийдвэрийг гаргах, эсхүл хөнгөн ялтай болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхийг ойлгоно гэж тус тус заасны дагуу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.24-ний өдрийн №2024/ШЦТ/725 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгч Л.Цд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Л.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Баянгол дүүргийн “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс”-ийн даргаар ажиллаж байсан. 2022 онд энэ хэргийн улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн. Анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрт гомдолтой байна. 20 жил төрийн албанд ажилласан. Сүүлийн 7 жил даргын ажил хийсэн. Ажиллаж байх хугацаандаа доод шатны албан тушаалтад дарамт шахалт үзүүлж ийм төсөл дэмж, тийм төсөл дэмж гэсэн үйлдлийг гаргаж байгаагүй. Энэ талаар шүүх хуралдааны үед Ц.Д мэргэжилтэн удаа дараа хэлж байсан. Г.Мг гишүүний туслах гэдгээр мэднэ. Улсын Их Хурлын гишүүн дүүрэгтэй хамтарч ажилладаг. Энэ нөхцөл байдлаас үүдэж Г.Мг таньдаг болсон. Цар тахлын үед төсөл хөтөлбөрийг цахимаар авч байх үед Г.М өрөөнд орж ирээд “манай эгч төсөл өгсөн. Та энэ дээр анхаараад өгөөч” гэж өрөөнд орж ирж байсан. Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Г.М шүүх хурлын явцад “Л.Ц дарга энэ талаар мэдээгүй гэж удаа дараа мэдүүлсэн. Ц.Д мэргэжилтэн тэр зургийг хэнээс яаж авснаа тодорхой сайн мэдүүлэхгүй эргэлзээтэй байдлаар тайлбарлаж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Ц.Дгийн өмгөөлөгч Д.Баттөмөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цар тахлын үед хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн ажлын хэсэгт Ц.Д нарийн бичгийн даргаар оролцсон. Ц.Дгийн ажлын хэсэгт оролцсон чиг үүрэг нь цар тахалтай холбоотой цахимаар ирсэн төсөл хөтөлбөрт хамрагдах иргэдийн хүсэлтийг хүлээж авах үүрэгтэй. Тухайн үед Б.Ү гэх хүн “Хур” системээр хүсэлтээ ирүүлсэн учраас өөрийнх нь явуулсан хүсэлт гэж ойлгосон тул хүсэлтийг хүлээж авсан. Ц.Д төсөл хөтөлбөрт хамрагдаж байгаа иргэдийн материалыг хүлээн авч ажлын хэсэгт материалуудыг танилцуулсан. Ажлын хэсэгт шийдвэр гаргах 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн хурал болсон. Ц.Дгийн хувьд ажлын хэсгийн хуралд оролцохдоо дэмжих, санал өгөх эрхгүй этгээд байсан. Төсөл хөтөлбөрт хамрагдаж байгаа иргэдийн материалыг танилцуулахад н.С, н.Пнар ажлын байр үзэх үүрэгтэй байсан. Ажлын байр үзэж чадаагүй талаар асуудал үүсэхэд, Ц.Д “ажлын байрыг үзсэн зураг тодорхойлолт байна. Даргаас өгсөн баримт гэж хэлээд” ажлын хэсгийн бүрэлдэхүүнд гаргаж өгсөн. Шийдвэрийг ажлын хэсгийн бүрэлдэхүүн гаргасан. Ажлын хэсгийн ахлагчаар н.Нямаа гэх хүн оролцсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “даргаас өгсөн зураг байсан” гэж мэдүүлсэн. Ажлын хэсэг төсөл хөтөлбөрийг Б.Үад олгоё гэж шийдвэрлэсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр миний үйлчлүүлэгчийн хувьд үнэн зөв бодитой шийдвэр гаргасан гэж үзэж байна...” гэв.
Прокурор Б.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар шүүгдэгч Л.Ц, Г.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэр гаргасан. Дээрх шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй. Хуулийн шаардлагад нийцсэн гэж прокуророос дүгнэж байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй. Шүүхээс хэргийн нотлох баримтад үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Шүүгдэгч Л.Ц албан тушаал эрх мэдлийн байдлаа урвуулан ашигласан үйл баримт тогтоогдоогүй. Зураг нь баримтаар Ц.Дд чиглэл өгсөн үйл баримт тогтоогдоогүй гэх агуулгаар анхан шатны шүүх хуралдаанд маргаж оролцсон. Улсын яллагчаас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд няцаан үгүйсгэсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг хураангуйлан дурдахад “Хөдөлмөр Эрхлэлтийн Үндэсний Төв”-өөс цар тахалтай холбогдуулан ажил хөдөлмөр эрхэлдэггүй 35 хүртэлх насны залуучуудын бизнесийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг бүх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст эхний ээлжинд цахимаар хүлээж авсан. 2 дахь шалгаруулалтыг нь цахимаар авсан шалгаруулалтыг газар дээр нь очиж үзэж шалгах гэсэн 2 чиглэлээр шалгаруулахаар шийдвэрлэсэн байдаг. Л.Цийн тушаалаар тухайн төсөл хөтөлбөрийг шалгаруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг 3 хуваагдаж ажилласан. Б.Үын нэрээр ирүүлсэн төсөл хөтөлбөрийг газар дээр нь очиж шалгахаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн н.С, н.Пнар холбогдоход утсаа авахгүй байсан талаар ажлын хэсгийн хуралдаанд танилцуулагдаг. Ажлын хэсгийн хуралдаанд төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ц.Д нь “Л.Ц дарга төслийг газар дээр нь очоод шалгасан зураг нь энэ байна” гэх агуулга бүхий нотлох баримтуудыг гаргаж хуралд танилцуулсныг тогтоосон. Шүүгдэгч Л.Ц, Г.М нар дээрх төсөл хөтөлбөрийн талаар ажлын байр нь дээрээ уулзаж төсөл хөтөлбөрийг дэмжих талаар илэрхийлдэг. Улмаар Л.Цийн үйлдлийн тухай урьдчилан амлаад дараагаар нь ажлын хэсэгт Ц.Дгээр дамжуулж зураг болон төслийг газар дээр нь шалгасан мэтээр танилцуулдаг. Б.Үын нэрээр Г.М төсөл хөтөлбөрт хамрагдаж, 5.000.000 төгрөгийн зээл авахаар зээлийн гэрээ байгуулж, төлбөрийн даалгавар дээр гарын үсэг зурж баталгаажуулсан. Ийм үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогддог. Шүүгдэгч Л.Ц ажлын албанд орж ажиллаагүй. Ажлын хэсэг үүнийг шалгаруулах эрх хэмжээтэй гэж маргадаг боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгддэг. Хэргийн зүйлчлэлийн хүрээнд Ц.Дд холбогдох үйлдлийг анхан шатны шүүхээс эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй боловч түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан” гэх гэмт хэрэгт хамаарах үндэслэлтэй боловч хохирлын хэмжээ хүрэхгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсгэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ үйл баримтын тухайд шүүгдэгч Ц.Дгээс мөрдөн байцаалтын шатанд буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмнө нь Л.Цийн үүрэг даалгавар өгсөн талаар мэдүүлэг байсан. Ц.Д өмнөх шүүх хуралдаан дээр “Л.Ц даргын өгсөн үүрэг чиглэл байсан гэх агуулгаар мөн дахин мэдүүлдэг. Ажлын хэсэгт ажилласан нэр бүхий албан хаагчдын мэдүүлэг болон Г.Мгийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Дээрх шийдвэртэй холбогдуулна прокурорын эсэргүүцэл бичээгүй.” гэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх дараах үндэслэлтэй байна. Үүнд :
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.24-ны өдрийн 725 дугаар шийтгэх тогтоолоор “шүүгдэгч Ц.Дд холбогдох гэмт хэрэг”-ийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн алдааг давтан гаргасан байна.
1.1. Тус шүүхээс шүүгдэгч Ц.Д, Л.Ц, Г.М нарт холбогдох хэргийг 2024.06.24-ний өдөр дахин хянан шийдвэрлэхдээ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.09.14-ний өдрийн 2023/ДШМ/923 дугаартай магадлалаар “өмнөх шийтгэх тогтоол”-ыг хүчингүй болгох хүрээнд тодорхой дүгнэсэн “хууль хэрэглээний зохих алдаа зөрчлүүд”-ийг дахин гаргасныг зөвтгөх үндэслэлгүй.
Тодруулбал, шүүгдэгч Ц.Д, Л.Ц, Г.М нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг анхан шатны шүүх 2023.08.08-ний өдөр хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ц.Д, Л.Ц нарт холбогдох хэргийг цагаатгаж, шүүгдэгч Г.Мд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн шийдвэрлэж, тус шийдвэрт прокурор эсэргүүцэл бичсэнээр Давж заалдах шатны шүүх 2023.06.29-ний өдрийн 920 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон, ингэхдээ хүчингүй болгосон үндэслэлүүдийг тодорхой дүгнэсэн /3хх-108-114/ байна.
Гэтэл анхан шатны шүүхээс дахин шүүгдэгч Ц.Дд холбогдох хэргийг дахин хэрэгсэхгүй болгохдоо дээрх магадлалд заасан зөрчлүүдийг гаргасныг дараах байдлаар тодотгож байна. Тухайлбал:
- тухайн шүүгдэгч нарын үйлдсэн гэх “албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинж, тэд гэмт санаагаар харилцан нэгдэж хамтран болон тус бүр гүйцэтгэсэн үйлдэл, оролцоо, гэмт санааны агуулга, чиглэл, албан үүргээ санаатай зөрчсөн үйлдэл буюу хамтран оролцсон зэрэгт хамаарах бүхий л нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, бэхжигдсэн зэрэг нотолгооны стандарт шаардлагын дагуу харьцуулан шалгаж үнэлж чадаагүй буюу үгүйсгэн няцаасан үндэслэл, эх сурвалжийг огт заагаагүй,
- гэм буруугийн хуралдаанд улсын яллагчийн хийсэн “шүүгдэгч Ц.Д нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэм буруутай” талаарх дүгнэлт, яллах нотлох баримтыг хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар няцаагаагүй,
- шүүгдэгч нарын үйлдсэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг нотолж буй нотлох баримтуудыг ямар нотлох баримтаар үгүйсгэж няцаасан талаар дүгнээгүй, түүнчлэн ямар үндэслэлээр “албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэргийн шинж”-ийг “хайнга хандах” гэмт хэрэг гэж үзэх гэсэн нь илтэд ойлгомжгүй буюу таамагласан шинжтэй байх ба бусад алдаа зөрчлүүдийг дээрх магадлалд тодорхой тусгасан болно.
1.2. Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийг зүйлчлэлийг өөрчлөх асуудал нь төсөөлөл, үзэл бодлоор биш зөвхөн нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтуудад бодитой үндэслэгдэх байтал анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Дд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг “хайнга хандах гэмт хэрэг” гэж зөвхөн бичсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна.
Тодруулбал, Ц.Д нь дээд шатны буюу удирдах албан тушаалтны өгсөн хууль бус тушаал, заавар, даалгаврыг хүлээн зөвшөөрч буюу санаатайгаар түүнтэй нэгдэн үйлдэл хийж биелүүлсэн, хэрэгжилтийг ханган оролцсонд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдсан байх тул тэдгээрийг ямар нотлох баримтаар үгүйсгэж няцааснаар “хайнга хандах” гэмт хэргийн шинж хангагдахыг эргэлзээгүй бөгөөд хангалттай байдлаар нотлох чиг үүрэгтэй.
Эрүүгийн хуульд заасан “нийтийн албан тушаалтан”, “урвуулан ашиглах буюу хэтрүүлэх”, “албан тушаалын байдал”, “давуу байдал” зэрэг нэр томьёо, ухагдахууныг Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль, мөн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл дэх аутентик тайлбарт тус тус тодорхой хуульчилсан, мөн гэмт хэргийн ойлголт, шинж, гэм буруугийн санаатай ба болгоомжгүй хэлбэр, гэмт хэрэгт хамтран оролцох төрөл, хэлбэр зэрэг Эрүүгийн хуулийн ойлголт, ухагдахууныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1, 2.3, 3.1 дүгээр зүйл болон хамаарах бусад зүйл, хэсэг, заалтад тодорхой заасан байтал тухайн хууль зүйн ойлголт, ухагдахуун, гэмт хэргийн шинж, тэдгээрт хамаарах үндэслэлүүдийг хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд дүгнээгүй байна.
Гэмт хэргийг зүйлчлэх, өөрчлөхдөө хууль, эрх зүйн мэргэжлийн ухамсрыг удирдлага болгож, Эрүүгийн хуулийг тайлбарлах арга зүйг ашиглах замаар тухайн хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг зохих стандарт шаардлагын дагуу харьцуулан шалгаж, үнэлсний эцэст эргэлзээгүй бөгөөд хангалттай хууль зүйн дүгнэлт хийснээр шийдвэрлэх ёстойг анхаарвал зохино.
2. Прокурорын хувьд тус гэмт хэргийн улмаас үйлдэж олсон мөнгө “ төрийн зохих санд хэзээ буцаан төлөгдсөн” эсэхийг хууль ёсны баримтаар нотлох, мөн шүүгдэгч Г.М нь УИХ-ын гишүүний туслах, төлөөлөгчөөр ажиллаж байхдаа эсхүл иргэн байхдаа тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон асуудлыг ялгаа заагтайгаар зөв бичих, дүгнэх үүрэгтэй бөгөөд энэ талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.09.14-ний өдрийн магадлал, мөн “нэмэлт ажиллагаа хийхийг прокурорт даалгах” тухай анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид тусгаж, даалгасныг анхаарч, биелэлтийг нягталбал зохино.
Хэрэв шүүх хуралдааны явцад прокурорт зарим асуудлыг даалгах үндэслэл илэрсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар оролцогч талуудын гомдол, өөрийн санаачилгаар зарим асуудлыг шийдвэрлэхийг прокурорт даалгах нь зөвхөн анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болно.
3. Дээрх нотлох баримт бүхий үндэслэл нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах буюу анхан шатны шүүхийн шийдвэр нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 36.2 дугаар зүйлийн 3, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4, 2.5, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлд заасан үндэслэл, журамд нийцээгүй байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/725 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Л.Цийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Шүүгдэгч Л.Ц, Г.М, Ц.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/725 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Л.Ц, Г.М, Ц.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг дурдсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР