Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 516

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,

Улсын яллагч С.Эрдэнэбаяр,

Хохирогч Г.А-н,

Шүүгдэгч Г.Ш-н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Г-нын Ш-нт холбогдох эрүүгийн 1805025600559 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймагт төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтай 23 дугаар гудамж 83 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо  Баянзүрх дүүргийн 5-р хороо Тарвалан хотхон 48б-2-90 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигин овогт Г-нын Ш-н /РД:..................../.

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Г.Ш-н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сеа” баарны гадна Г.А-нийг ямар нэгэн шалтгаангүйгээр түүний нүүрэн тус газар өшиглөж зодон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ш-н мэдүүлэхдээ: “2018 оны 4 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сеа” бааранд архи ууж байгаад гадаа тамхи татах гэж гараад Түц-ний урд талд танихгүй залуутай маргаан үүсгээд шууд цохьсон. Тухайн үед хохирогчтой маргах шалтгаан огт байгаагүй бөгөөд би архиныхаа халуунд ийм юм хийчихлээ. Хохирогчид 1,800,000 төгрөгийн хохирол төлсөн” гэв.

 

Хохирогч Г.А-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 4 дүгээр сарын 27-ны орой 22 цагт өөрийн найз Амарбаясгалан, Мөнхцацрал нар шөнө 02 цагийн үед 3, 4-р хорооллын “Сеа” бааранд орж сууж байгаад би гараад Мөнхцацралыг таксинд суулгаж өгөөд буцаад баарны үүдэнд иртэл шүүгдэгч Ш-н намайг хавсарч унагаагаад зодсон. Миний эрүү хугарсан. Шүүгдэгчээс эмчилгээний төлбөрт 1.800.000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 5541 дугаар дүгнэлт: “Г.А-нын биед эрүү ясны зүүн талын хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг зүүн гарын алганы шарх, духны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 20/

Хохирлын баримтууд /хх 13-19/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 32/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 45/

Гомдол саналгүй гэх баримт /хх 48/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Ш-н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сеа” баарны гадна Г.А-нийг ямар нэгэн шалтгаангүйгээр түүний нүүрэн тус газар өшиглөж зодон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, хохирлын баримтууд /хх 13-19/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 32/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 45/ Гомдол саналгүй гэх баримт /хх 48/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 5541 дугаар дүгнэлт /хх 20/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Ш-н нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, мөрдөн байцаалтанд хохирогч Г.А-н шүүгдэгч Г.Ш-н нар сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 48/ байх зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүгдэгч Г.Ш-нт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Ш-нын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдлаа.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигин овогт Г-нын Ш-ныг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овогт Г-нын Ш-ныг 800 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 800,000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-н нь торгох ялыг 2018 оны 8 дугаар сарын 01-ний дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч Г.Ш-н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

 

            5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Ш-н урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ