Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар  2024/ДШМ/1022

 

 

 

 

 

 

 

    2024            9             05                                           2024/ДШМ/1022

 

 

А.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор В.Батдэлгэр,

шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч О.Анхбаяр, Х.Даваахүү, Г.Оюунболд,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/582 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор В.Батдэлгэрийн бичсэн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаартай эсэргүүцлээр А.Ат холбогдох 2203 00283 0527 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн А.А, 1999 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, Хаан банкны зээл төлөвлөлтийн газарт зээлийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, эх, дүү, нөхөр, охины хамт .............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.А нь согтуугаар 2022 оны 5 дугаар сарын 26-ны шөнө 23 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо “Эм Ай Юу” дээд сургуулийн замд Honda Insight /хонда инсайт/ маркийн 63-17 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 5.3, 3.7.а заалтуудыг зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан явган зорчигч хохирогч С.Бг дайрч Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Жанжины замын баруун зам хүртэл 1.9 км зайд чирсний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: А.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тээврийн прокурорын газраас шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч А.Аыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар А.Ат тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгч А.Ат оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шүүгдэгч А.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 30,050,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор В.Батдэлгэр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Ат холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, үүний улмаас зам тээврийн осол гаргаж, хүний амь нас хохирсон нөхцөл байдал хангалттай тогтоогдсон.

Мөрдөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.11 гэж, мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйл “Согтуурсан, мансуурсан байдлыг шалгах”-ын 32.1.3-т “зориулалтын тусгай хэрэгслээр шалгах.”, 32.2-т Энэ хуулийн 32.1-д заасны дагуу шалгуулахаас татгалзсан тохиолдолд шаардлагатай гэж үзвэл тухайн хүнээс шинжилгээнд зориулж дээж авч болно.” гэж заасныг, мөн Монгол Улсын Эрүүл мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дугаар тушаалаар баталсан "Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам”-ын 1 дэх хэсгийн 1.4-т “Тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахдаа Стандартчиллын төв байгууллагаас баталгаажуулсан, зориулалтын багаж ашиглана.”, 2.3-т заасан “Цагдаагийн алба хаагч жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг согтуурал шалгах багажаар тогтоохдоо хөндлөнгийн гэрчийг байлцуулна. Хэрэв боломжгүй бол дуу дүрс бичлэг, гэрэл зургаар баталгаажуулна.” гэсэн заалтуудыг тус тус баримтлан зам тээврийн осолд холбогдсон жолооч А.Ааас “...2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 01 цаг 51 минут...Алтанхуяг овогтой Анарыг драйгер багаж ашиглан шалгахад 1.04% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо..." гэж “Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл” үйлдэн, гэрэл зургийн үзүүлэлтээр хавтаст хэрэгт тусгаж, нотлох баримтыг хуульд заасан арга, хэрэгслээр бэхжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт "нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно" гэж заасан хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад жолооч авто тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн гэдэг ойлголтод жолооч өөрийгөө согтуурсан болон мансуурсан болохыг мэдсээр байж, эсхүл согтуурсан, мансуурсны улмаас ухамсарт ухаан нь алдагдсан аль аль нөхцөл байдлууд хамаарах бөгөөд үүнийг нотолсон байхыг шаарддаг.

2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн "Согтуурсан" гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолд энэ агуулгыг үндэслэл болгосон атлаа, хэргийн бодит байдалтай нийцээгүй, зөрүүтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй" гэж зааснаар мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байхгүй, шүүгдэгч А.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гарган хүний амь нас хохироосон болох нь нотлох баримтаар болон бусад байдлаар тогтоогдсон байхад хэргийн бодит байдалтай нийцээгүй, зөрүүтэй дүгнэлт хийж, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч А.Ат хөнгөн ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/582 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг зөвшөөрөхгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тээврийн хэрэгслийн жолоочийг согтуурсан эсэхийг хэрхэн ямар дэс дараалалтайгаар тогтоох талаар нарийвчилсан журам энэ хуульд байхгүй байна. Энэ 2 хуулийн хийдлийг Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2016 онд хамтран гаргасан тушаалаар зохицуулсан. Энэ тушаалын хавсралтаар батлагдсан журмаар зохицуулагдаад явж байсан. 2024 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл заалтын тайлбар дээр тодорхой тусгасан байдаг. Гэтэл шүүгдэгч А.Аын хэрэг 2022 оны 05 дугаар сарын 2.-ны өдөр үйлдэгдсэн. Энэ хэрэг шалгагдаж байх үед Хууль зүйн сайдын тушаалаар зохицуулж байсан. Хоёр сайдын хамтарсан тушаалын 1.6 дэх заалтад гэмт хэргийн шинжтэй асуудал үүсэх юм бол жолоочийн согтуурлын зэргийг драйгерын багажаар биш, зөвхөн цусанд дахь спиртийн агууламжаар тогтооно гэж тушаалд заасан. Шүүгдэгч А.Аын үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн шинжтэй гэдэг нь шууд мэдэгдэж байсан. Амь хохирогчийг машин доор хавчуулаад 1.9 км чирсэн байсан. Тухайн үед амь хохирогч амьд байсан. Ийм ноцтой нөхцөл байдлыг хэн хүн харахад тодорхой байсан. Тиймээс замын цагдаагийн албан хаагчид тэр даруй шүүгдэгч А.Ааас цус авах байсан. Мөрдөгчийн тэмдэглэл дээр сайдын тушаалыг үндэслэл болгон журамласан. “Тэр сайдын тушаалыг журамлаж драйгер үлээлгэв” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл байгаа. Сайдын тушаалын 1.6 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжтэй асуудал дээр зөвхөн цусаар тогтооно гэдгээ баримтлаагүй. Эрүүгийн хуулийн нэр томьёо, ухагдахууныг захиргааны хэм хэмжээний актаар тайлбарлаж болно гэж заасан. Хууль зүйн сайдын тушаал Эрүүгийн процесс ажиллагаа, эрүүгийн мөрдөн шалгах ажиллагааны хийдлийг орлуулсан, нөхсөн шинжтэй маш нарийвчилсан тушаал байгаа. Анхан шатны шүүх шүүгдэгчээс цусаар согтуурлын зэрэг тогтоогүй нь согтуурсан гэдэг агуулгыг бүрэн дүүрэн тогтоогоогүй гэх дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэн. Иймд анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй шүүхийн тогтоол гаргасан. Анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү...” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. О.Анхбаяр өмгөөлөгч хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж зүйлчилсэн талаарх үндэслэлийг маш тодорхой тайлбарласан. Энэ талаар нэмж хэлэх зүйл байхгүй. Өмгөөлөгч бид нар нэг байр суурьтай шүүх хуралдаанд оролцож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзээд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Анх удаагаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлж барагдуулсан, тухайн осол гарах үед хохирогчийн буруутай үйлдэл нөлөөсөн. Мөн Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” гэж заасан нөхцөл байдал тогтоогдоогүй. Бага насны хүүхэдтэй, залуу эмэгтэй байгаа учраас анхан шатны шүүхээс оногдуулсан ял үндэслэлтэй байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүх процессын хувьд миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруу дээр маргаагүй. Хэргийн процесс ажиллагаа дутуу явагдсан. Прокурор хэргийг 60 хоногоор буцаасан. Гэтэл мөрдөгчийн ажиллагаа дээр олон ажиллагаа хийх байтал зөвхөн мөрдөгчийн тэмдэглэлийг үйлдсэн байдаг. Тэмдэглэлд тодорхой заасан байдаг. Зам тээврийн ослын үед А.Ааас согтууруулах, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгахдаа цусан дахь агууламжаас дээж аваагүй гэж цагдаагийн ахмад н.Мандах хавтаст хэрэгт ирүүлсэн баримтад байдаг. Согтуурал, мансуурлын зэрэглэлийг шалгахдаа гэмт хэргийн шинжтэй бол цусан дахь агууламжаас дээж авна гэж журамд тодорхой зохицуулсан. Үүнийг мөрдөгч нь цусаар шинжилгээ аваагүй гэдгээ нотлоод хэрэгт өгсөн байдаг. Тухайн гэмт хэрэг гарах үед гэмт хэрэг үйлдэгдсэн гэдэг нь илэрхий байсан. Энэ үед журмаа барихгүйгээр шууд драйгер үлээлгэсэн нь хууль зөрчсөн үйлдэл байгаа. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдэж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч А.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруутай гэдгээ ойлгож байгаа. Ийм харамсалтай үйл явдал болсонд маш их гэмшиж байна” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь :  

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх дараах үндэслэлтэй байна. Үүнд :       

1. Шүүгдэгч А.А нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зам тээврийн осол гаргаж, хүний амь насыг хохироосныг нотолж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, бэхжигдсэн бүхий л нотлох баримтуудыг бүхэлд нь үгүйсгэж, няцаах үндэслэл тогтоогдоогүй байна. 

Тухайлбал, А.А нь хэрэг үйлдэгдэх тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь 2022.05.27-ны өдрийн “жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл” /1хх-22/, согтуурал шалгуулсан болон согтууруулах ундаа хэрэглэсэн талаарх А.Аын  өгсөн мэдүүлэг /1хх-36-37, 174/, мөрдөгчийн магадалгаа /1хх-163-164/ зэрэг нотлох баримттай, тэдгээрийг бүрэн үгүйсгэхэд хамаарах нотлох баримт тус хэрэгт байгаагүй байна. 

2. Криминалистикийн шинжээч Э.Нгийн “2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 01 цаг 51 минутад А.Аыг драйгер багаж ашиглан шалгахад 1.04% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн” талаарх тэмдэглэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 16.14 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг болон хамаарах бусад журам, мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйл буюу согтуурал, мансуурлыг шалгах нийтлэг үндэслэл, журам, Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан тушаалаар баталсан "Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам”-ыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, агуулгад нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар хууль ёсны нотлох баримтын шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлтэй.  

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэргийн газарт үзлэг хийхэд оролцсон криминалистикийн шинжээч Э.Н нь хэргийн газрын нөхцөл байдлыг гэрэл зургийн болон тэмдэглэл үйлдэх аргаар бэхжүүлж, улмаар А.Аын согтуурсан эсэхийг драйгер багаж ашиглан шалгаж, гэрэл зургаар болон тэмдэглэлээр бэхжүүлсэн /1хх-13-22/ байх тул нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн гэж үзэхгүй.

3. Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан тушаалаар баталсан "Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам”-ын нийтлэг үндэслэлийн 1.6 дахь хэсэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалт, мөн Монгол Улсын Их хурлаас 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл дэх хуульчилсан тайлбараас давж үйлчлэх хүчин чадалгүй байх тул механикаар ойлгох, буруу тайлбарлан хэрэглэх боломжгүй юм.

3.1. Улсын Их хурлаас 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл дэх хуульчилсан тайлбар буюу : "Согтуурсан" гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэх зохицуулалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын шинжийг агуулсан буюу согтуурал, мансуурлыг амьсгал дахь эсхүл цусан дахь спиртийн агууламжийн аль хэлбэрээр тогтоож болохыг хуульчилсан тул Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан тушаалаар баталсан "Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам”-ын нийтлэг үндэслэлийн 1.6 дахь хэсэг нь дээрх хуульчлагдсан зохицуулалтаас давж үйлчлэх хүчин чадалгүй гэж ойлгоно.

Мөн тухайн хуульчилсан тайлбар нь цоо шинэ зохицуулалт биш, харин өмнө мөрдөгдөж байсан Цагдаагийн албаны тухай хууль болон холбогдох журмын “согтуурал, мансуурлыг амьсгал дахь эсхүл цусан дахь спиртийн агууламжаар тогтоож болох зохицуулалтыг илүү тодотгон нарийвчилжээ.

3.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, Цагдаагийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан согтуурсан, мансуурсан байдал”-ыг зориулалтын тусгай хэрэгслээр шалгах, хэрэв  шалгуулахаас татгалзсан тохиолдолд шаардлагатай гэж үзвэл тухайн хүнээс шинжилгээнд зориулж дээж авч болно” гэсэн үндэслэл, журмаас үзэхэд  мөн Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан тушаалаар баталсан "Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам”-ын нийтлэг үндэслэлийн 1.6 дахь хэсэг нь дээрх хууль тогтоомжийн  зохицуулалтаас давж үйлчлэх хүчин чадалгүй.

3.3. Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан тушаалаар баталсан "Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам”-ын нийтлэг үндэслэлийн 1.6 дахь хэсгийг шууд механикаар буруу тайлбарлан хэрэглэхгүй, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчим, агуулгад нийцүүлэн тайлбарлаж, хэрэглэх шаардлагатай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 16.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас үзэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргах журам нь энэ хуулийн зарчим, агуулгад нийцсэн байх ёстой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2, 4, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журам буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчмууд, тэдгээрийн агуулгаар мөрдөгч, прокурор, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч баримт байж болохгүй, хэргийн бодит байдлыг мөрдөгч, прокурор эргэлзээгүй бөгөөд хангалттай тогтоосон байх ёстой, шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэхгүй учраас криминалистикийн шинжээч Э.Н “2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 01 цаг 51 минутад А.Аыг драйгер багаж ашиглан шалгасан тэмдэглэл” үйлдсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дээрх зарчим, түүний утга агуулгад нийцсэн гэж үзнэ.

Криминалистикийн шинжээч Э.Нгийн хувьд гэмт хэрэг үйлдэгдэх үед байгаагүй байх бөгөөд харин хэрэг зөрчлөөс хойш буюу 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 01 цаг 51 минутад А.Аыг драйгер багаж ашиглан шалгаж, 1.04% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн байгааг тэмдэглэсэн байна. 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг “согтуугаар” үйлдсэн тохиолдолд “шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж”-аар тогтоож, тус  нотлох баримтыг хамаарах бусад баримтуудтай харьцуулан шалгаж, үнэлэн дүгнэх байдлаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж ирсэн нь хууль хэрэглээний практикт тогтсон нийтлэг ойлголт, жишиг болохыг тодотгох нь зүйтэй.  

Тус 3 дахь хэсэг дэх үндэслэлүүдээс үзэхэд, "Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам”-ын нийтлэг үндэслэлийн 1.6 дахь хэсгийн “гэмт хэргийн шинжтэй...” гэдгийг ”гэмт хэрэг үйлдсэн тэр даруйд буюу гэмт хэргийн газарт нь шууд саатуулсан бөгөөд хэрэгт холбогдсон тухайн этгээд өөрийгөө хянах чадвар, ухамсарт ухаанаа илтэд алдаж согтуурсан буюу мансуурсан байдалтай тохиолдолд” гэж тодотгон ойлгох үндэслэл бүхий болохыг үгүйсгэхгүй болно.

4. Анхан шатны шүүхээс  шүүгдэгч А.Ат холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заасан хэргийн зүйлчлэлийг мөн  хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлж шийдвэрлэхдээ хэргийн бодит байдлыг нотолж буй нотолгооны эх сурвалжуудыг тус хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, хууль ёсны байх шалгуур, шаардлагын хүрээнд бүрэн шалгаагүй буюу яллах ба цагаатгах талын нотлох баримтын эх сурвалжийн агуулга, нотолгооны стандарт шаардлага, энэ талаарх мэтгэлцээний талуудын дүгнэлт зэргийг хэрхэн яаж үгүйсгэн няцаасан эсхүл баталсан эсэхийг хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар зөв, оновчтой дүгнэж чадаагүй байна.

“Эргэлзээ” гэдгийг хангалттай үндэслэл, эх сурвалжгүйгээр, хийсвэр байдлаар шийдвэрлэхгүй бөгөөд Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтын эх сурвалжийг бүхэлд нь нотолгооны стандарт шаардлагын хүрээнд тал бүрээс нь шалгаж, үнэлж дүгнэсний эцэст няцаан үгүйсгэх боломжгүй буюу хангалттай эх сурвалжтай, үндэслэл бүхий эргэлзээ үүссэн тухайн тохиолдолд л Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шүүгдэгчид ашигтай шийдвэрлэж болохыг үгүйсгэх боломжгүй юм.

5. Дээрх үндэслэлүүд нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах буюу анхан шатны шүүхийн шийдвэр нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 заалтуудад нийцээгүй байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/582 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор В.Батдэлгэрийн бичсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах” тухай эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.      

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчин болгож буй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү буцаахгүй” тул анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэх утга агуулгыг илэрхийлнэ.            

Шүүгдэгч А.Ат хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг дурдах нь зүйтэй.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :

        

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/582 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор В.Батдэлгэрийн бичсэн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах” тухай эсэргүүцлийг хангасугай.      

2. Шүүгдэгч А.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ОЧМАНДАХ

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ЗОРИГ

 

                           ШҮҮГЧ                                                          Г.ГАНБААТАР