Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 507

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

Улсын яллагч Б.Батнасан,

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Гын Г холбогдох 1805009920408 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч  ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Төв аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа ....................... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Тайж овогт Гын Г /РД:

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хар хорин” худалдааны төвийн гадна талд иргэн П.Оийг зодож эрүүл мэндэд “зүүн хоншоор ясны их бие буюу гайморовын хөндийн урд болон ар ханын зөрүүгүй хугарал, зүүн хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж өгөх мэдүүлэг байхгүй” гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч П.О мэдүүлэхдээ: “...Би Сонгинхайрхан дүүргийн 32 дугаар автобусны буудал өнгөрөөд хотын төв рүү явдаг зам дагуу замын дэргэд гар дээрээс бараа зарах гээд бараагаа дэлгэж байтал нэг эмэгтэй ирээд энэ миний газар би бараагаа дэлгэж зарна гээд би тэр эмэгтэйтэй маргалдсан. Тэгтэл уг эмэгтэйн нөхөр нь гэх эрэгтэй хүрч ирээд намайг түлхээд зайл гэхээр нь би эргүүлээд өөдөөс нь түлхсэн тэгтэл гараа зангидаж байгаад миний нүүр лүү тэр хүн нэг удаа цохисон. Тухайн үед нүүрнээс гал бутараад би уйлаад нүүрний зүүн тал тэр чигээрээ хавдсан. Тэр хавьд байсан хүмүүс эмэгтэй хүн зодлоо цагдаа дууд гэхээр нь би өөрөө Баянгол дүүргийн цагдаа дээр ирж өргөдлөө өгсөн....” гэжээ. /хх 9-12, 13-15, 54-56 хуу/

 

Гэрч Д.Баяржаргал мэдүүлэхдээ: “...2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр би Хар хорин зах дээр П.О эгчид зээлсэн мөнгөө авах гээд иртэл П.О эгч надад хажуудаа зогсож бараа зардаг Г надтай газраас болж маргалдаад тэгсэн чинь миний зүүн шанаа руу цохиод шанаа хавдаад би эмнэлэг явж үзүүлж байгаад ирлээ мөнгө өгч чадахгүй нь гэж хэлээд би явсан. О эгч хүний бараа зарж өгдөг ажил хийдэг. Г гэх залуу эхнэртэйгээ өөр газар зогсдог байж байгаад О эгчийн дэргэд ирж зогсдог болсон. Г эхнэртэйгээ байнга л хүмүүстэй маргалдаж байдаг. Би уг хүмүүсээс арай л зайтай зогсдог гэхдээ тэр хүмүүсийн байдал бол өдөр тутам харагддаг...” гэжээ. /хх 20- 21 хуу/,

 

Гэрч Б.Саранцэцэг мэдүүлэхдээ: “...2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Хар хорин захын гадна талбай дээр би бараагаа зарах гээд дэлгэж байтал 11 цагийн орчим Г О нар бараа тавьж зарах газраас болж хоорондоо маргалдаж хэрэлдээд байсан. Тэр үед би 5-6 метрийн зайд байж байтал хоорондоо хэрэлдээд чанга чанга дуугараад байсан. Гэтэл Г О эгчийг хөндлөнгөөс харахад мөр, эгэм хүзүү хэсэг рүү нь 1 удаа түлхсэн. Тэгээд Гтай бие биеээ түлхээд зодлоо цохилоо гээд л байсан. О Гыг чи намайг цохилоо гэхэд Г миний нүүрийг урлаа гээд тэр өдөржин маргалдсан...” гэжээ. /хх 23 хуу/,

 

Гэрч М.Мөнхчимэг мэдүүлэхдээ: “...2018 оны 2 дугаар сарын үеэр ...би нөхөртэйгөө хамт Хархорин худалдааны төвийн гадаа өглөө 09 цагийн үед наймаа хийх иртэл миний хажууд зогсдог О гэгч наймаа хийдэг хүн миний зогсдог талбай дээр зогсоно гэж дайраад миний барааны доор тавьдаг хайрцагыг цохиод өшиглөөд байсан. Тэгээд түүнтэй маргалдсан. Оюунаа эгч манай нөхрийн хүзүүний хэсэг рүү гараараа түлхэхтэй хүзүүний хэсгийг нь маажиж гэмтээхээр нь манай нөхөр уурлаад О эгчийн хүзүү шанаа орчимд нь гараараа түлхэхэд О эгч эрүүгээ бариад өвдөөд байна цохьчихлоо гээд байсан...” гэжээ. /хх 17- 19 хуу/

 

Гэрч Т.Мөнхтунгалаг мэдүүлэхдээ: “...О эгч гэнэт нүүрээ дараад орилоод явчихсан. Тэгээд нүүрээ дараад чи хүн цохьчихлоо нүүр лүү зодчихлоо гээд орилоод уйлаад байсан. Би тэр хоёр бие биенээ түлхэж байгааг бол харсан Гыг яг гар далааж цохих үеийг бол хараагүй....” гэжээ. /хх 58-60/

 

Шинжээч эмч Ш.Цэцэгмаа мэдүүлэхдээ: “...нэг удаа мохоо зүйлээр цохиход үүсэх боломжтой. Мохоо хатуу зүйлд хүний гар ордог...” гэжээ. /хх 57/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2371 дугаартай дүгнэлтэнд: 1. П.Оийн биед зүүн хоншоор ясны их бие буюу гайморовын хөндийн урд болон ар ханын зөрүүгүй хугарал, зүүн хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 26 хуу/,

Толгойн компьютерт томографийн оношлогоо /хх 27/

Хохирлын баримт /хх 28/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 42/

Хохирогч П.Оийн гомдол саналгүй хохиролд 200,000 төгрөг авсан гэх баримт /хх 49/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 77/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хар хорин” худалдааны төвийн гадна талд иргэн П.Оийг зодож эрүүл мэндэд “зүүн хоншоор ясны их бие буюу гайморовын хөндийн урд болон ар ханын зөрүүгүй хугарал, зүүн хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд хохирогч П.О /хх 9-12, 13-15, 54-56/, гэрч Д.Баяржаргал /хх 20- 21/, Б.Саранцэцэг /хх 23/, М.Мөнхчимэг /хх 17-19/, Т.Мөнхтунгалаг /хх 58-60/, шинжээч эмч Ш.Цэцэгмаа /хх 57/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2371 дугаартай дүгнэлт /хх 26 хуу/, Толгойн компьютерт томографийн оношлогоо /хх 27/, хохирлын баримт /хх 28/, хохирогч П.Оийн гомдол саналгүй хохиролд 200,000 төгрөг авсан гэх баримт /хх 49/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 77/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Г нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, мөрдөн байцаалтанд хохирогч П.О шүүгдэгч Г.Г нар сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 49, 82/ байх зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүгдэгч Г.Гад холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулах, ар гэр хувийн байдлыг харгалзан 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацааг тогтоов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдлаа.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Тайж овогт Гын Гыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тайж овогт Гын Гыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 200.000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

 

  5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Гад урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ