Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/1041

 

           

 

 

 

 

 

 

 

   2024           09             10                                      2024/ДШМ/1041

 

 

Д.Бхолбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Бат-Эрдэнэ,

хохирогч Б.Х,

яллагдагч Д.Бөмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан, 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/1698 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Бат-Эрдэнийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 58 дугаар эсэргүүцлийг үндэслэн  Д.Бхолбогдох 2408016250906 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Д.Б, 2002 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эцэг, эх, эмэг эх, дүүгийн хамт .................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................../,   

Д.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 4 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө, Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, 48 дугаар байрны 58 тоотод гэртээ, хамтран амьдрагч болох хохирогч Б.Хыг өөрийн найзтайгаа хардаж нүүр, толгойн тус газар гараараа цохиж, баруун шанаа, хацрын гадна хэсэг, зүүн нүдний зовхи, хацар, шанаа хэсэг, баруун сарвуу, зүүн бугуй, сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн чихний дэлбэн, эрүүний баруун дор, хүзүүний баруун урд хэсэг, зүүн бугалгын гадна доод хэсэг, шууны гадна тал, хоёр далны хооронд, бүсэлхийн баруун хэсэг, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Бүйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нэг. шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр эрүүгийн хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг шүүхээс хянаад яллагдагч Д.Бхолбогдох эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв.

Тодруулбал, Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах болон шүүхээр хянан шийдвэрлэх явцад гарах шийдвэрүүд, түүний дотор хохирогч тухайн гэмт хэрэгт хэрхэн хохирсон эсэхийг эцэслэн тогтоох ажиллагаа нь зөвхөн нотлох баримтад үндэслэсэн байх ёстой.

Нөгөө талаар хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж тус тус заасан байна.

Гэр бүлийн хучирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл тус зүйлийн 3.1.1 дэх заалтад зааснаар “...гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;” нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд хамаарахаар заажээ.

Эрүүгийн 2408 0162 50906 дугаар хэргийн оролцогч болох шүүгдэгч Д.Б, хохирогч Б.Х нар нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүддээ “хамтран амьдраад хоёр жил болж байгаа дундаасаа нэг хүүхэдтэй гэж хамтран амьдарч байгаа талаараа мэдүүлсэн байгаа нь дээрх хуульд заасан этгээдэд хамаарч байна.

Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;”, мен хэсгийн 5.1.2 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч”...гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас...бие махбод... байдлаараа хохирсон хүнийг,” хэлнэ гэж тодорхойлжээ. Тодруулбал Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэрлэн заасан хүчирхийллийг хүчирхийлэл үйлдэгч хэдэн удаа, хэрхэн яаж, ямар сэдэлт, шалтгаан нөхцөлийн улмаас үйлдсэн байхыг шаардахгүй бөгөөд хүчирхийллийг нэг аль эсхүл хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хийсэн бол хариуцлага хүлээхээр хуульчилжээ. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаар яллагдагч Д.Бнь хамтран амьдрагч, хохирогч Б.Хын эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэхдээ гэрч, өөрийн найз Б.Бэлгүтэйтэй хардан хохирогчийн эрүүл мэндэд халдаж биед нь баруун шанаа, хацрын гадна хэсэг, зүүн нүдний зовхи, хацар, шанаа хэсэг, баруун сарвуу, зүүн бугуй, сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зуун чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн чихний дэлбэн, эрүүний баруун дор, хүзүүний баруун урд хэсэг, зүүн бугалгын гадна доод хэсэг, шууны гадна тал, хоёр далны хооронд, бүсэлхийн баруун хэсэг, зүүн өвдөгт зулгаралт буюу нийт 7 тооны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 9 тооны зулгаралт бүхий гэмтэл учруулсан байхад яллагдагч Д.Быг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй буюу хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Тодруулбал, яллагдагч Д.Бүйлдэлд өөр гэмт хэргийн шинж байгаа эсэх, эсхүл тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх хэд хэдэн шинж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөлгүй зөвхөн анх удаа хамтран амьдрагчийнхаа эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцэхгүй байна.

Иймд яллагдагчийн үйлдэлд өөр гэмт хэргийн шинж байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох нь тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байх тул Сонгинохайрхан дүүргийн хяналтын прокуророос шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” үндэслэлээр хэргийг прокурорт буцаажшийдвэрлэжээ.

Прокурор Ж.Бат-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх заалтад “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн  хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж тодорхой заасан. Гэтэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хэний, ямар үндэслэлээр зарласан болохыг талуудад танилцуулалгүй, яллагдагч түүний өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан 17 заалтыг зөрчсөн талаар гомдол, санал байна уу гэж асуугаад прокуророос шүүх хуралдаантай холбоотой санал, хүсэлт байна уу гэхэд хохирогчийг оролцуулах саналтай гэснийг сонсоод шүүх хуралдааныг завсарлуулаад, хэргийг прокурорт буцаасан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... санал, дүгнэлтээ хэлэх” эрхийг ноцтой зөрчсөн.

Шүүгчийн захирамжид “яллагдагч Д.Бүйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” шинжтэй байна гэж үзэж прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх заалтад заасан “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй”-ыг ноцтой зөрчиж байна.

Иймээс Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1698 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв. 

Хохирогч Б.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллагдагч Д.Бгомдолтой байна. Прокурор утсаар холбогдож та хоёр залуу хүмүүс байна. Ирээдүйгээ бодоод яллагдагч Д.Бхөнгөн шийтгэл өгөх талаар шүүх дээр очиж хэлнэ шүү гэж хэлсэн...” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хэргийг буцаасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасны дагуу энэ зүйл заалт хэргийн бодит байдалд нийцсэн. Яагаад гэвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж хүндрүүлэх гэхээр яг хохирогч, шүүгдэгч хоёрын дундаас үүссэн маргаанаас болж энэ гэмт хэрэг үйлдэгдээгүй. 3 дахь ч итгээд гарч ирсэн. Гэр бүлийн гишүүдийн хооронд үүссэн маргаанаас бус хохирогчийн биед халдах нөхцөл байдал үүссэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой гэж байгаад тайлбар хэлэхэд шүүгдэгчийн мэдүүлэг дээр тодорхой байгаа. “Нөгөө өрөөнд сонин дуу гараад, юм унаад байсан, тэгээд өрөөнд ороход Бэлгүүдэй, Б.Х 2 бэлгийн харьцаанд орж байсан. Бэлгүүдэй өмдөө татаад гараад гүйсэн, хохирогч Б.Хыг хэд хэдэн удаа алгадсан” гэж мэдүүлдэг. Хохирогч Б.Хын хувьд “Бэлгүүдэй миний хөх бие эрхтэн рүү дайрсан би түлхсэн” гэж мэдүүлдэг. Зүй бус үйлдэл хийгдсэн гэдэг нь тогтоогддог. 3 дахь ч этгээдээс үүдэж үүссэн тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх байдлаар гэмт хэргийг хүндрүүлэх нь хууль зүйн үндэслэлгүй юм. Д.Б, Б.Х хоёрын хооронд таарамжгүй харилцаа үүсээд уг харилцаанаас хальж хохирогчийн бие махбодод гэмтэл учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь үндэслэлтэй. Тус гэмт хэрэг удаан хугацаанд үргэлжлээгүй тухайн үед үүссэн нөхцөл байдлын улмаас хохирогчийн биед шүүгдэгч халдах болсон. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдаг. Дээд шүүхийн тайлбар дээр онц харгис хэрцгий аргаар үйлдэхийг ухамсарлаж үйлдсэн гэж заасан. Ухамсарлаж гэмт хэрэг үйлсэн гэдгийг хүсэж, өөрөө мэдэж, тухайн хүнийг зовоох байдлыг бий болгож, удаа дараа халдаж ухамсарласны үндсэн дээр хохирогчийн биед халдсаныг ойлгодог. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хүрэлцээтэй хангалттай нотлох баримт цугларсан учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах журмаар гаргасан эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд: 

1. Яллагдагчид холбогдох тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний зарим шинжид хамаарах нотолбол зохих байдлуудыг бүрэн бус шалгасан, прокурор хянавал зохих асуудлыг бүрэн шалгаагүй талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.

1.1. Яллагдагч Д.Б, хохирогч Б.Х нар 2 жил орчим хамтран амьдарч байсан, нэг хүүхэдтэй болох нь хохирогч, яллагдагч нарын мэдүүлэгт /хх-11, 13, 15-16, 71/ тусгагдсан байх тул хамтран амьдрагчаа зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан яллагдагч Д.Бхолбогдох тухайн хэрэгт ”гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн шалгаснаар дүгнэх нь зүйтэй. 

Тэдний хоорондын харилцаанд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчил, маргааны асуудлыг зөвхөн АСАП сангийн мэдээллээр бус хамаарах бусад нотлох баримтыг цуглуулан шалгаснаар тэдний мэдүүлгийн эх сурвалж нь үнэн эсэхийг шийдвэрлэх боломж бүрдэнэ.  

Мөн хохирогч, гэрч нарын мэдүүлгээс үзэхэд тус хэрэгт хохирогч өөрөө бус харин хохирогчийн бие эрхтэнд халдсан гэх “Б.Бэлгүтэй”-н хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлснийг үгүйсгэх боломжгүй нөхцөл байдал байх ба яллагдагч Д.Бмэдүүлгийн зарим эх сурвалж нотлогдоогүй байгааг тэмдэглэх нь зүйтэй. 

1.2. Шинжээчийн дүгнэлтийн хувьд зарим асуудлууд тодорхойгүй байх тул тусгай мэдлэгтэй мэт таамаглан дүгнэх боломжгүй нөхцөл байдал үүсчээ.

Тухайлбал, шүүгчийн захирамж дахь дүгнэлт, шинжээчийн дүгнэлт /хх-25-26/-ээс үзэхэд хохирогчийн биед :  

 - баруун шанаа, хацар,

- зүүн нүдний зовхи, хацар, шанаа,

- баруун сарвуу,

- зүүн бугуй, сарвуунууд, 

-  зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, дэлбэн,

- эрүүний баруун дор,

- хүзүүний баруун урд хэсэг,

- зүүн бугалганы гадна хэсэг,

- зүүн шууны гадна тал,

- 2 далны хооронд,

- бүсэлхийн баруун хэсэг,

- зүүн өвдөг,

- баруун шууны гадна дээд зэрэгт шарх, цус хуралт, няцрал, зулгаралт зэрэг олон удаагийн үйлдэл бүхий шинэ гэмтэл шарх үүссэн байна. Гэвч шинжээчийн дүгнэлтэд: Гэмтлийн хөнгөн зэрэгт юуг хэрхэн хамааруулсан нь тодорхойгүй буюу орхигдуулжээ. 

Өөрөөр хэлбэл, дээр дурдсан гэмтэл, шархууд бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах, эсхүл тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах, эсхүл зарим нь гэмтэл, шарх нь тус бүр хөнгөн, зарим нь нийлээд хөнгөн эсэх зэрэг нь тодорхойгүй орхигдсон.

Мөн дээрх олон тооны гэмтэл, шархууд тус бүртээ мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн эсэх, эсхүл аль гэмтэл, шархууд нэг удаагийн үйлчлэлээр нийлмэл байдлаар үүсэх, аль гэмтэл шархууд нь тус бүр тусдаа үйлдлээр үүсэх эсэхийг тодорхой үндэслэл, шалгуурын хүрээнд ялгаа заагтайгаар тодруулах шаардлага үүссэн байна.

Тусгай мэдлэгийн хүрээнд хамаарах нотолбол зохих дээрх асуудлуудыг нэг мөр, зөв тогтоохгүйгээр гэмт үйлдлийн аргууд буюу түүний догшин хэрцгий болон бусад шинж байдлыг зөв дүгнэх боломжгүй гэж үзнэ.  

2. Бусад асуудлын хувьд, Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах үндсэн шалгуур, шаардлагад хамаарах нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлээгүй байгааг дурдаж байна.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуурыг тодорхой заасан ба яллагдагчийн холбогдсон эрүүгийн хэрэг нь сонгох ялын санкцитай тухайн тохиолдолд хамаарах бүхий л баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхгүйгээр эрүүгийн хариуцлагын зорилт болон ял шийтгэлийн төрлүүд, тэдгээрийн хэмжээг хэрхэн тохируулан оногдуулах асуудлыг зөв шийдвэрлэх боломжгүйд хүргэхийг анхаарвал зохино.     

3. Дээр дурдсанаар тус хэрэгт шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааны бүрэн бус, дутуу байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.2 дугаар зүйлийн 1.1, 32.3 дугаар зүйлийн 1.2, 1.4, 1.5, 32.10 дугаар зүйлийн 4.1 зэрэгт зааснаар мөрдөгчийн мөрдөн шалгах, прокурорын хянах чиг үүргийн хүрээнд зайлшгүй хянагдаж, засагдах ёстой.       

Иймд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд ноцтой зөрчил үүсгэхгүйн тулд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/1698 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ж.Бат-Эрдэнийн бичсэн 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 58 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/1698 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ж.Бат-Эрдэнийн давж заалдах журмаар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Б.БАТЗОРИГ

 

                             ШҮҮГЧ                                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                             ШҮҮГЧ                                                          Г.ГАНБААТАР