| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнджавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 159/2016/0023/З |
| Дугаар | 159/ШШ2016/0025 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 159/ШШ2016/0025
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ф.******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Сонгуулийн хороонд холбогдох “Шаамар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг сонгох 2016 оны ээлжит сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшсэн О.*******, С.******* нарыг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Ф.*******,
Хариуцагч: М.*******,
Гуравдагч этгээд: О.*******, С.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Ф.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шаамар сумын ИТХ-ын төлөөлөгчийг сонгох 2016 оны ээлжит сонгуульд *******-аас нэр дэвшсэн О.*******, С.******* нар нь сумын ардчилсан намын хороонд гишүүнээс татгалзах өргөдлөө өгөлгүй *******-аас дэвшсэн нь Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь заалтанд “нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байгаа тухай сумын сонгуулийн салбар хороонд гомдол гаргасан. Гэтэл түүнийг хүлээн авалгүй татгалзсан хариу өгсөн. Иймд дээрх нэр дэвшигчдийг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасч өгнө үү гэжээ.
Мөн 2016 оны Шаамар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд манай намын 2 гишүүн байсан хүмүүс Монгол ардын намаас шинээр дэвшсэн. Энэ 2 хүн манай Ардчилсан намын журамд заасны дагуу намаас гарахдаа өргөдлөө өгөөгүй байсан. Ингээд Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар сонгуулийн хороонд гомдол гаргасан. Намын журамд зааснаар бол гишүүн нь намаас гарахдаа өргөдлөө батлахтайгаа хамт өгдөг. Бид намынхаа гишүүдийг анкет бөглүүлсний үндсэн дээр намын гишүүнээр элсүүлж авдаг. О.******* бол манай намд байхдаа намын үүрийн дарга байсан. Мөн 2004 оноос хойш бүх шатны сонгуульд ухуулагч, ажиглагчаар болон намын дэд даргаар ажиллаж байсан. Харин С.******* нь манай намын энгийн гишүүн байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын сонгуулийн хорооны дарга М.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэн Ф.*******оос сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд *******-аас нэр дэвшигч О.*******, С.******* нар нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь заалтыг зөрчиж нэр дэвшсэнийг сумын сонгуулийн хороо нэр дэвшигчээр бүртгэсэн нь Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн тул О.*******, С.******* нарыг нэр дэвшигчдийн жагсаалтаас хасуулах тухай гаргасан нэхэмжлэлд доорх тайлбарыг өгч байна.
1. Шаамар сумын Ардчилсан намын дарга Ф.*******оос 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ирүүлсэн А-086 тоотод дурдсан *******-аас нэр дэвшигч О.*******, С.******* нарыг нэр дэвшигчийг жагсаалтаас хасуулах тухай гомдлыг сумын сонгуулийн хороо судалж үзээд уг нэр дэвшигчдээс тодруулга тайлбар /холбогдох нотлох баримт/-ыг гаргуулан судлан үзэхэд нэр дэвшигч О.*******ийг Шаамар сумын ардчилсан намын хорооноос хасах тухай сумын намын хорооны 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А-033 тоот албан бичиг, мөн нэр дэвшигч С.*******ын Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан тосгоны ардчилсан намын хороонд намын гишүүнчлэлээс татгалзах тухай 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гаргасан өргөдөл, түүнийг 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан тухай Дулаанхан тосгоны ардчилсан намын хорооны нарийн бичиг Ч.Батбаярын цохолт, С.*******ын гаргасан тайлбар /ардчилсан намын дүрмийн 3.4.3, 3.4.5 дахь заалтыг тусгасан/ зэрэг нотлох баримтууд байсан тул тэдгээрийг үндэслэн нэр дэвшигч О.*******, С.******* нарыг нэр дэвшигчдийн жагсаалтаас хасах үндэслэлгүй гэж үзэж хариу албан тоотыг 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 04 тоот хурлын шийдвэрийг үндэслэн хариу албан тоот /2016.09.22-ний 08 тоот/-ыг гарган хүргүүлсэн.
2.Сумын сонгуулийн хорооноос сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх тухай тогтоолыг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан байхад иргэн Ф.******* /Сонгуулийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.4, 111.4.1 дэх заалтуудыг үндэслэл болгон/ Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан нь мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.3 дахь заалтад заасан хугацаа хэтэрсэн байна гэж үзэж байна гэв.
Гуравдагч этгээд О.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Намайг Ф.******* ардчилсан намаас татгалзсан өргөдлөө өгөөгүй гэсэн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Би Ардчилсан намын гишүүн биш учраас өргөдөл гаргах шаардлагагүй гэж бодож байна. Мөн Ф.******* дарга өөрөө намайг Ардчилсан намын гишүүнээс хассан албан бичиг өгсөн атлаа яагаад намайг шүүхэд өгсөнийг ойлгохгүй байна. Би тухайн үед намын гишүүн биш учраас юм ярихгүй өнгөрсөн. Харин ардын намд өөрийн хүсэлтээр 2010 оны 03 дугаар сарын 01-нд элссэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Гуравдагч этгээд С.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан өгсөн тайлбартаа: 2013 оны намар ардчилсан намын хяналтын хорооны гишүүдийн асуулга, лавлагаанд хариу өгөхөд хяналтын хорооны гишүүдийн зүгээс Дулаанхан тосгоны ардчилсан намын шинэ зөвлөл хуралдаж шийдвэр гарсаныг надад үзүүлж байсан. Уг албан бичигт намаас хөөх шийдвэр байсан тул миний бие 2015 оны 05 дугаар сарын 22-нд тухайн намын гишүүнээс гарах өргөдлийг ардчилсан намын нарийн бичгийн дарга Ч.Батбаярт намаас гарах өргөдлийг өгсөн. Тухайн үед тэмдэглэл хийх зүйлгүй байсан учир өргөдлийг хүлээн авлаа гэж цохолтыг хийлгэсэн тул өргөдлийн хуулбарыг Шаамар сумын сонгуулийн хороонд өгсөн. Өргөдлийг мөн цохолтыг үгүйсгэж байгаа нөхцөлд миний бие иргэн хүний хувьд сонгох, сонгогдох эрхэд бүдүүлгээр нөлөөлсөн гэж үзэж гомдлоо зохих байгууллагад мэдэгдэх болно. Мөн ардчилсан намын дүрмийн хувьд 3.4.3, 3.4.5 дахь заалтын дагуу намаас гарсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Үндэслэх нь:
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор Шаамар сумын орон нутгийн сонгуульд нам эвслээс нэр дэвшиж буй нэр дэвшигчдийг тойрогт ногдох мандатын тооны дагуу Монгол ардын намаас Шаамар сумын Охиндий 2 дугаар багт *******ын *******, Дулаанхаан 3 дугаар багт *******ын *******, Ардчилсан намаас Охиндий 2 дугаар багт *******ын ******* нарын бусад нэр бүхий иргэдийг нэр дэвшигчээр бүртгэн баталжээ.
Нэхэмжлэгч Ф.******* нь Шаамар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг сонгох 2016 оны ээлжит сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшсэн О.*******, С.******* нарыг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгч Ф.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолоор Шаамар сумын орон нутгийн сонгуульд нам эвслээс нэр дэвшиж буй нэр дэвшигчдийг тойрогт ногдох мандатын тооны дагуу шаардлага хангасан нэр бүхий иргэдийг бүртгэж мөн өдрийн 02 дугаар тогтоолоор сумын сонгуулийн хороонд нэр дэвшигчдийн материалыг хүргүүлэх жагсаалт гарган нэр дэвшигчдийн бүртгэлийг аймгийн сонгуулийн хороонд хүргүүлэх, хуульд заасан хугацаанд нэрийн жагсаалтыг сумын хэмжээнд нэгтгэн нийтэд мэдээлж ажиллахыг даалгасан тогтоолуудыг тус тус гаргажээ.
Шүүхээс маргааны гол үйл баримт болох Монгол ардын намаас нэр дэвшсэн О.*******, С.******* нарыг срдчилсан намын хорооны гишүүнээс татгалзах өргөдлөө өгөлгүй Монгол ардын намаас нэр дэвшсэн нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн байхад Сэлэнгэ аймгийн Шаамар сумын сонгуулийн хороо хүлээн авалгүй татгалзсан хариу өгсөн үйлдлийг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар Монгол ардын намаас нэр дэвшсэн О.*******, С.******* нарыг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасуулах тухай сумын Ардчилсан намаас 2016 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр ирүүлсэн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/086 тоот албан бичгийн талаар хэлэлцэж нэр дэвшигчдээс тодруулга хийж өргөдөл, бусад баримт бичгийн хуулбарыг авч хэлэлцээд нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2 дахь хэсэгт зааснаар нэр дэвшигч бүртгүүлсэний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ гэж зааснаар Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дах хэсэгт заасан нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийг хориглоно гэсэн заалт нь нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах гэсэн заалтад хамаарахгүй байгаа нь мөн хуулийг зөрчөөгүй байна.
Гуравдагч этгээд О.*******, С.******* нарын Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйл “Нэр дэвшүүлэх нийтлэг журам” 154.6 дахь хэсэгт зааснаар нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдохгүй байна.
Учир нь: О.******* нь ардчилсан намын гишүүн биш өөрийн хүсэлтээр ардын намд 2016 оны 03 дугаар сарын 01-нд элссэн, намын батлахаа авсан, намайг Шаамар сумын ардчилсан намын дарга Ф.******* өөрийн эрх хэмжээний хүрээнд 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/033 тоот “Намаас хасах тухай” албан бичиг гаргасан, гуравдагч этгээд С.*******ын Сэлэнгэ аймгийн Шаамар сум Дулаанхан тосгоны ардчилсан намын хороонд намын гишүүнчлэлээс татгалзах тухай өргөдлөө 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ардчилсан намын нарийн бичиг Ч.Батбаярт 2015 оны 05 дугаар сарын 24-нд хүлээлгэн өгсөн болох нь бичгийн нотлох баримтаар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ф.******* нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ф.******* нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын сонгуулийн хороонд холбогдох “Шаамар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг сонгох 2016 оны ээлжит сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшсэн О.*******, С.******* нарыг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ф.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70’200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурьдусгай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.БАЙГАЛМАА