Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/1042

 

 

           

 

 

 

 

 

 

  2024           09             10                                       2024/ДШМ/1042

 

 

П.Ат холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Нямжав,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан, 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/818 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Аийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2406000001136 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Дорж овгийн П.А, 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ..................... тоотод оршин суух, /РД:...................../,   

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1678 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн.

Шүүгдэгч П.А нь 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар байрны 16 тоотод хохирогч М.Тийг эхнэртэйгээ хардсаны улмаас түүний биед халдан, тархи доргилт, баруун чих, дух, баруун, зүүн мөр, нуруу, зүүн гуя, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр сарвуунд өнгөц шарх, дух, хамар, зүүн дээд зовхи, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “шүүгдэгч Дорж овогт П.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч М.Т нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.А давж заалдах гомдолдоо: “...би хохирогч М.Тийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн асуудал дээр маргахгүй, энэ үйлдэлдээ туйлаас гэмшиж байгаа. Хохирогч М.Тээс уучлал гуйсан, одоо бид энгийн сайхан харилцаатай байгаа. Хэрэг болохоос өмнө М.Тийг миний хуурай дуу гэсэн харилцаатай байж байгаад уг гэмт хэрэг болсон. Гомдож байгаа үндэслэл нь Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтанд ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Ат 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй... гэсэн заалтанд гомдол гаргаж байгаа юм. Учир нь : Би 2024 оны 4 сард дээшээ цус алдсаны улмаас дотор эрхтэнүүдийг шинжлүүлсэн бөгөөд одоогийн оношоор ходоод болон элгэнд хавдрын шинж илэрсэн ба одоо хавдар судлалын эмнэлгийн очер бичүүлээд хүлээж байгаа болно. Эд эсийн шинжилгээгээ өгсөн байгаа. Одоогийн биеийн байдлын хувьд биеийн жин 22 кг турсан, хүнд зүйл өргөж болохгүй, ядарч болохгүй гэсэн эмчийн заалттайгаар байж байна.

Би эхнэр хүүхдийн хамтаар 6-уулаа амьдардаг. Цаашид гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна хэмээн гэр бүлийнхэндээ тангараг тависан. Өвчний улмаас архийг хориглосон байгаа. Одоо цаашид өвчнөө эмчлүүлээд хүүхдүүдийнхээ төлөө ажиллаж, амьдрах  хүсэлтэй байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хүсэхэд надад оноосон 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх гэсэн заалтыг өөрчилж, анхан шатны шүүхэд улсын яллагчаас гаргасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулахаар шийтгэх тоггоолд өөрчлөлт оруулж өгнө үү хэмээн гомдол гаргаж байгаа болно.” гэжээ. 

Прокурор М.Нямжав тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд: “шүүгдэгч П.А бусдад төлөх төлбөргүй, хохирогч талаас гомдол саналгүй. Шүүхээс хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг” шүүхэд гаргасан. Шүүх эрх хэмжээний хүрээнд 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн гаргасан 818 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч П.Ааас гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж прокурорын зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхийн 818 дугаартай шийтгэх тогтоолд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж заасны дагуу өөрчлөлт оруулах санал гаргаж байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  хянаж, дүгнэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх дараах үндэслэл тогтоогдов. Үүнд : 

1. Шүүгдэгч П.Аийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялын тооцоог хууль ёсны нотлох баримтын хүрээнд шийдвэрлэхгүй орхигдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах үндэслэл, журмыг зөрчсөн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах тохиолдолд тухайн ялуудыг зөвхөн нэмж нэгтгэх нь тус зохицуулалтын үндсэн утга агуулга, үзэл санаа болно.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар 2 дахь хэсгийн зохицуулалтын хувьд хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан тухайн ялуудыг нэмж нэгтгэхдээ хөнгөн ялыг хүндэд дүйцүүлэн нэмэх үндэслэл, журмыг тодорхой заасан ба хэрэв нэмж нэгтгэх тухайн ялуудыг өөр хооронд нь дүйцүүлэн нэмж тооцох боломжгүй онцгой тохиолдол  үүсвэл тусад нь эдлүүлж болно гэж ойлгоно.       

Гэтэл шүүгдэгч П.А өмнө нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлснээс үлдсэн ял нь 2024.05.13-ны өдрийн байдлаар  444 цагийн үлдэгдэлтэй /хх-74/, харин үүнээс хойш шүүх хуралдаан болсон 2024.07.19-ний өдөр хүртэл үлдэгдэл ялын тооцоо хэрхэн өөрчлөгдсөнд хамаарах баримтыг прокурор нөхөн гүйцэтгээгүй буюу энэ талаар хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй, мөн анхан шатны шүүхээс “П.А нь дээрх ялыг бүрэн биелүүлсэн эсэх талаар тодруулах ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй, яллах дүгнэлтийн хүрээнд хязгаарлагдана” гэх зэргээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн /хх-145/ байх тул дээрх алдааг зөвтгөх боломжгүй.

2. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд хамаарах бүхий л нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, хянан шалгах нь мөрдөгч, прокурорын чиг үүрэгт хамааралтай бөгөөд тус үндэслэл, журам зөрчигдсөн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар оролцогч талуудын гомдол, өөрийн санаачилгаар зарим асуудлыг шийдвэрлэхийг прокурорт даалгах нь анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ байх ба “нотлох баримт цуглуулах журам зөрчигдсөн”-ийг мэдсэн атлаа хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалт, зарчимд нийцээгүй гэж үзнэ.   

3. Дээрх нотлох баримт бүхий үндэслэл нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах буюу анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 36.2 дугаар зүйлийн 3, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан үндэслэл, журам зэрэгт нийцээгүй байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/818 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.    

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул оногдуулсан ялыг  хөнгөрүүлэх тухай шүүгдэгч П.Аийн гомдолд дүгнэлт хийгээгүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэх нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :   

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/818 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч П.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                       Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                        ШҮҮГЧ                                                                Г.ГАНБААТАР