Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 108

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:      

 

      Улсын яллагч                                                     Д.Нямдэлэг

      Нарийн бичгийн даргаар                       нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Доржсүрэнгийн Бямбадоржид холбогдох 1831000710090 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Дархан-Уул амйагт 1968 оны 07 дугаар сарын 20-ний өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, дулааны техникч мэргэжилтэй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 2-р хэсэг 02 тоотод оршин суух, “Сэлэнгэ энерго” ОНӨАТҮГ-т буулгагч ажилтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шйитгэлгүй хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Шарнууд овогт Доржсүрэнгийн Бямбадорж, /РД: ТА68072016/,

          

Шүүгдэгч Д.Бямбадорж нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр согтуугаар  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хөх чулуут” хүнсний дэлгүүрийн гадаа А.Цэнд-Аюушийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Тодорхойлох нь

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Д.Бямбадоржийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 04 дүгээр сарын  25-нд  яллагдагчаар  өгсөн:  ... ...Би 2018 оны 03-р сарын 18-ны өдөр ажлын газрын дүү Мөнхжаргалын гэрт очиж 2 литрийн савалгаатай 2 том пиво уусан.  Мөнхжаргал автобусаар хот явах гэж байсан болохоор 16 цагийн үед гараад хвтобусны билет авчихаад “Хөх чулуут” дэлгүүрээс  2 лааз пиво, нэг тамхи аваад  дэлгүүрийн үүдэнд пиво уугаад тамхиа татаад зогсож байхад  жижиг саарал машинааас 4 залуу бууж ирээд  хоёр нь хоорондоо маргалдаж байсан.  Тэгээд зогсож байхад зах дээр архи уугаад явж байдаг нэг залуу надаас тамхи гуйхаар нь өгсөн. Тэгсэн  4 залуугийн нэг залуу нь ирээд надаас тамхи гуйсан залууг дээрэлхээд байсан.  Тэгэхээр нь би “болиочээ” гэж хэлсэн чинь Цэнд-Аюуш ирээд Мөнхжаргалыг цохих шиг болохоор нь би “болил доо” гэсэн чинь миний нүүр лүү цохисон.  Тэгээд би өөрийгөө хамгаалах, нөгөө хоёр залууг айлгах зорилгоор  газарт басан армуторын төмөр аваад нөгөө хоёр залуу руу чичлэхэд  нэг нь доошоо тонгойхоор нөгөө залуугийн хзүү рүү хатгачихсан. Өөрийн үйлдсэн гэмт хэргийн буруугаа ойлгон гэмшиж байна. Тиймээс Цэнд-Аюушид учруулсан хохиролоо нөхөн төлсөн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 37-38-р ху/,

2.Шүүгдэгч Д.Бямбадоржийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...гэх мэдүүлэг,

3.Хохирогч А.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн:  ... Тэр өдөр би найз Хүлэгүүн, Баяртулга, Зулаа нарын хамт Алтанбулаг суманд архи уугаад таксигаар Сүхбаатар суманд хүргүүлсэн. Тэгээд “Хөх чулуут” дэлгүүрийн гадаа бууснаа санаж байна. Архи уугаад тасарсан байсан болохоор цааш юу болсныг санахгүй байна. Тэгээд цагдаагийн машин ирчихсэн Хүлэгүүн бид хоёрыг суулгаж байсан.  Цагдаа дээр ирээд Хүлэгүүн бид хоёрыг эмнэлэгт үзүүл гэхээр нь эмнэлэгт үзүүлсэн. Миний гарын булчинд 4 удаа толгойн оройн хэсэгт  нарийн хатуу зүйлээр хатгасан байсан. Тэгээд эмч тос түрхээд явуулсан. ...Бямбадоржтой сайн дураар эвлэрсэн тул надад ямар нэг санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг /хх-ийн 6, 46-р ху/,

4. Гэрч О.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: ...Тэр хоёр согтуу залуу машинаас бууж ирээд архиуугаад явж байдаг ядарсан хүнийг дээрэлхээд цохиж харагдсан. Тэгэхэд Бямбадорж ах  “та нар яах гээд байгаа юм бэ” гэж хэлэхэд тэд нар ирээд Бямбадорж ахыг “чи хэн юм бэ” гээд хэрүүл маргаан үүсгээд цохисон. ... Цэнд-Аюуш, Хүлэгүүн хоёрын нэг нь Бямбадорж ахыг хавсарч унагасан. Тэгээд Бямбадорж ахыг тар хоёр өшиглөөд байхаар нь би “боль” гэсэн чинь болоихгүй байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд эргээд харахад Бямбадорж ах босчихсон нөгөө хоёр залуугийн нэгийг нь цохиж харагдсан.  Тэгээд хот явах автобусны цаг болоод би автобусандаа суугаад харахад Бямбадорж ах нөгөө хоёр залуутай юм яриад зогсож байсан.   ...гэх мэдүүлэг. /хх-ийн 7,8-р ху/,

          5.Гэрч Хүлэгүүний 2018 оны 03 дугаарр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд  өгсөн: ...Тэр өдөр найз Цэнд-Аюуш, Баяртулга, Гантулга, Зулаа нарын хамт Алтанбулаг суманд “Чандмань” ресторанд архи ууцгаасан юм. Тэгээд би уусан архиндаа нэлээн согтсон. Тэндээсээ гараад такси бариад Сүхбаатар сум руу явж байсан. Тэгээд нэг мэдэхэд би ухаан алдсан /тасарсан/ байсан. Нэг сэрсэн чинь эмнэлэгт хүзүүндээ боолт хийлгээд байж байсан юм. Тэгээд эмнэлэг дээр хамт байсан Баяртулгаас болсон явдлын талаар асуухад “Алтанбулагаас Сүхбаатар суманд ирээд “Хөх чулуут” дэлгүүрийн үүдэнд машинаас буугаад Цэнд-Аюуш бид 2 нэг хүнтэй маргалдаад, тэр хүн нь бид хоёрыг шөвгөөр хатгасан” гэсэн. Өөр зүйлийн талаар сайн мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/

6. Гэрч П.Энхбаярын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ... Би Сэлэнгэ аймагт амьдраад 44 жил болж байна. Тэгэхдээ надад өөрийн гэсэн гэр орон байхгүй болохоор гадуур, дулаан гэсэн газар хаана ч хамаагүй хоног төөрүүлдэг юм. 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед “Хөх чулуут” дэлгүүрийн гадаа явж байгаад нэг залуугаас тамхи гуйж авчихаад явж байхад нэг согтуу залуу “надад тамхиа өгчих” гэхээр нь би “өгөхгүй” гэж хэлээд зогсож байхад надад тамхи өгдөг залуу “чи наад хүнэээ яах гээд байгаа юм, ядарсан хүн зүгээр явуулаач” гэж хэлсэн. Тэгээд надад тамхи өгсөн залуу, надаас тамхи авах гээд байсан залуу 2 хоорондоо хэрүүл хийгээд байсан. Тэр хооронд нь би явчихсан юм. Тэгээд юу болсон талаар би хэлж мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх 13-р ху/,

7.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн № 123 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

  1.  Д.Бямбадоржийн биед хамрын хянга нуруунд зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй.... гэх дүгнэлт /хх-ийн 18-р ху/, 

8.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн № 124 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

  1.    Х.Хүлэгүүний биед чамархай, зовхи, шанаа, эрүүнд зулгаралт, шилний хонхорт хатгагдсан шархтай зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй.... гэх дүгнэлт /хх-ийн 23-р ху/, 

       9.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн № 125 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

  1.    А.Цэнд-Аюушийн биед зулай, бугалганд хатгагдсан шарх, хүзүүнд зулгаралт, эрхий хурууны хумс хөндийрч цус хурсан зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй.  .... гэх дүгнэлт /хх-ийн 28-р ху/, 
  1.  

 

     Шүүгдэгч Д.Бямбадоржийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 40-р ху/, согтуурсан хүнийг саатуулах тухай тогтоол, /хх 4-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 44-р ху/, яллагдагчаар татах тогтоол, /хх 35-36-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх 37-38-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх 19, 26, 31-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх 20, 30-р ху/,  Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж үзүүлсэн байдал, /хх 29-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

        Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  Д.Бямбадоржийг 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр согтуугаар  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хөх чулуут” хүнсний дэлгүүрийн гадаа А.Цэнд-Аюушийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорыг гаргасан шүүгдэгчийг 500 нэгжээр торгох  ялаар шийтгэх саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.

       

         Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас  үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон 500 нэгжээр торгох  ялыг  болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч  хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.

         Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй зэргийг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5-р зүйлийн1,  36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Шарнууд овогт Доржсүрэнгийн Бямбадоржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шарнууд овогт Доржсүрэнгийн Бямбадоржийг  500 /таван зуу/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Бямбадоржийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 500 нэгжээр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Бямбадоржид мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Д.Бямбадорж нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг тус тус  дурьдсугай. 

6.. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бямбадоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН